Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Хохирогч М.Д,

Шүүгдэгч Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гийн Өд холбогдох эрүүгийн 2238000000122 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ө нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Дыг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний гадна булан, зүүн дээд зовхи, дух, зүүн чих, зүүн хацар, эрүү, баруун, зүүн бугалга, зүүн мөр, зүүн, баруун шилбэнд цус хуралт, зүүн дал, нуруу, зүүн, баруун тохой, зүүн шуу, хүзүүний ард зулгаралт, зүүн талын 5 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000122 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.Ө нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Дыг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний гадна булан, зүүн дээд зовхи, дух, зүүн чих, зүүн хацар, эрүү, баруун, зүүн бугалга, зүүн мөр, зүүн, баруун шилбэнд цус хуралт, зүүн дал, нуруу, зүүн, баруун тохой, зүүн шуу, хүзүүний ард зулгаралт, зүүн талын 5 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Өы өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн... гэм буруу дээр маргаан байхгүй” гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Дын өгсөн: “Би 5 дахь өдөр энд ирж үзүүлээд хагас сайн өдөр сумын унаанд суугаад очсон. Г.Ө гэдэг хүн энэ хүн тэгж байна, тэр хүн ингэж байна гэх жишээний хүний үгээр үг хийдэг. Миний аав, ээж дээр дараа нь орсон гээд сонин юм ярьж байна. Би эмэгтэй хүн, эх хүн ямар ч бяртай эмэгтэй хүн байсан эрэгтэй хүнийг дийлэхгүй шүү дээ. Би чам руу огт дайраагүй. Намайг зодоод эхлэхээр нь “чи болиоч би чиний хүүхдийг төрүүлж өгсөн эх хүн” гэсэн чинь “эмэгтэй хүн болгон хүүхэд төрүүлдэг юм шүү дээ” гэж хэлсэн. Эмэгтэй хүнийг тэгж хэлж болохгүй, чи ч гэсэн эх хүнээс төрсөн. Би чамд огт гар хүрдэггүй. Надад тийм зориг ч байхгүй. Г.Ө чи ядаж гэмшээч, чи надаас уучлалт гуйгаагүй. Би одоо үнэхээр айдас түгшүүртэй байдаг, ичиж санаа зовж байна. Би үнэхээр тайван байж чаддаггүй. Хэрвээ чи өнөөдөр намайг ингээгүй байсан бол би өнөөдөр ажлаа хийгээд найз нөхөдтэйгөө олны дунд зүгээр явж байх байсан. 4 мөчийг чинь салгаад би явах газартаа явна, чиний хоолойг хэрчинэ гэж хэлсэн. Энэ бүхнийг мартахад надад үнэхээр хэцүү байна. Би ойр орчимд байгаа хүмүүстээ төвөг удахгүйн тулд албаар инээдэг. Тийм л байдалтай байна. ..Надад үнэхээр гомдолтой байна. Би оюутан, 8 сартай жирэмсэн байхад энэ хүн намайг байрны гадаа тогтоол усанд хийгээд миний дээрээс төмөр шидэж би дутуу төрж байсан. Тэгээд намайг төрөн төртөл наадах чинь миний хүүхэд биш гэж дарамталж байсан. Би үр хүүхдээ өнчрүүлээд яах вэ, эцэггүй хүүхэд өсгөөд яах вэ гэж маш их тэвчсэн. Би маш их зүйлийг тэвчиж өдийг хүрсэн. Энэ намайг огт ойлгоогүй. Энэ хүнд нинжин сэтгэл гэж байхгүй. Одоо би 2 сар ажилгүй, сэтгэл санааны дарамттай үнэхээр хэцүү байна. Би цаашдаа охиноо өсгөөд явах ёстой. Би ээждээ энэ талаар бие нь муудчих байх гээд хэлдэггүй байсан. Би өөрөө сэргэлэн тулдаа завсар зайгаараа ажил хийж оюутны дөрвөн жилийг өнгөрөөж байсан. Миний нүүр хавдсан. Анги дээр очихоор манай ангийн хүүхдүүд багш нар яачихсан юм бэ гэж асуудаг байсан. Хүүхэд маань 4 сартай байхад миний хурууг минь тулгаад би тэнхимийн эрхлэгчдээ өргөдөл бичиж өгөөд шалгалтаа түрүүлж өгөөд гэртээ ирж байсан. .. Би одоо гадуур явахдаа маш их айдаг. Саяхан нэг өдөр дөрвөн зам дээр явж байхад ард нэг өндөр хүн явж байхад хажуугаар хар цаас салхинд хийсээд өнгөрөхөд би орилоод гүйгээд явчихсан. Тэгтэл хажууд байсан хүмүүс гайхаад өнгөрсөн. Тийм айдастай л байна даа” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Дын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед гэртээ байж байхад гаднаас Ө тортой зүйл барьж орж ирсэн. Тэр тортой зүйлээ газарт тавиад гэрийн хаалга түгжээд өнөө шөнө чамайг дуусгана, 4 мөчлөөд би явах газар руугаа явна гээд намайг зодож эхэлсэн. Зодохдоо хоолойд хутга тулгаад 4 мөчөөр нь салгана гээд дайраад байсан. Мөн түлээний сүхээр миний хөлийн ул руу хоёр удаа цохисон. Намайг шөнөжингөө дарамталж хоносон. Өглөө нь 07 цаг өнгөрөөд 08 цагийн үед Өыг унтахаар нь би зөрж босоод гэрээсээ гарч зугтаж гүйж ажлын менежер ************гийнд очсон. Шөнө миний дээр гарч суугаад пиво ам руу цутгасан. Тухайн үед хэсэг зуур ухаан алдсан байсан. Тэгсэн цээж хэсэгт нойтон оргиод ирсэн. Сэртэл Ө шанагаар ус хутгаж ирээд миний дээрээс усаа асгаад зогсож байсан. Мөн зүүн талын дал гар хэсэгт түлээний модоор цохисон...Ямар нэгэн шалтгаан байхгүй, хий хоосон байдлаас болж хардаж зоддог байсан. Тухайн үед хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Нүүр хэсэг бүхэлдээ хавдсан байсан. Хоёр чих хоёулаа хөхөрч хавдсан, гарын хоёр талын булчин хэсэг хавдсан зүүн талын хэсэг нь бүүр илүү хавдсан, цээж хэсэг их өвчинтэй байсан. Одоо ч амьсгалахад их төвөгтэй байна. Хоёр хөлийн хянга хөхөрсөн, мөн толгой хэсэг хавдсан байсан. Өаас бага зэргийн пиво л үнэртэж байсан би бол эрүүл архи дарс уугаагүй байсан...Бид хоёр Ховд аймагт оюутан болж очоод Өтай танилцаж байсан. Тэр хугацаанд 5-6 удаа зодож байсан. Нэг удаад нь цагдаагийн газарт очиж байсан. Удаа дараа ийм үйлдэл гаргаж байна...Албан ёсны гэр бүл биш бид хоёр дундаасаа нэг охинтой. Тэр охин маань манай ээжтэй хамт амьдардаг юм...Бид хоёр хамтран амьдраад 6 жил болж байна. Энэ хугацаанд байнга түгшүүртэй байдаг...Би гомдолтой байна. Биеэ сайн эмчүүлж, эрүүл болж авмаар байна. Эмчилгээний хохирлоо барагдуулж авмаар байна. ..Сэтгэл санааны хувьд тогтворгүй заримдаа шөнө нойргүй хонож байна...Би хамтран амьдрагч Г.Өд зодуулснаас болж Мөрөнд эмнэлгээр үзүүлж өөрөө одоогоор 500,000 төгрөг гаргасан. Мөн цаашид дахин эмчилгээ хийлгэх хэрэгтэй байгаа. Мөн сэтгэл санааны хувьд тогтворгүй байх тул сэтгэл зүйчид бас хандана гэсэн бодолтой байгаа. .. ************гэх хүнтэй хуурай ах дүү бөгөөд түүнтэй чатаар л харилцдаг байсан. Тухайн үед намайг Мөрөн сум руу явах гэж байхад Ө хуурай ахтай чаталсан чатыг надад утсан дээрээсээ харуулсан. Ө надаас энэ хүн чинь юу юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь “хуурай ах маань байгаа юм л гэж хэлсэн. Тэгэхэд Ө “чиний хуурай ах чинь байна уу, юу чинь байна уу надад хамаагүй” гэж хэлсэн. Угаасаа Ө бид хоёр нэг гэрт амьдардаг нь үнэн, тэрнээс биш бие биетэйгээ хамааралтайгаар амьдарч байгаагүй. Ө надад би чамтай хамт амьдарч чадахгүй “хоёулаа Америк хэв маягаар амьдрая” гэж надад хэлж байсан. Мөн Ө чиний асуудал надад хамаагүй, миний асуудал чамд хамаагүй гэж хэлдэг байсан...Ө бид хоёроос өөр хүн байгаагүй...Би Өд зодуулсандаа маш их гомдолтой байгаа. Сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх 13-14, 17-18, 20, 22 тал/,

Гэрч Б.************гийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Д манайд ганцаараа ирсэн. Нөхөр Г.Ө зодлоо гэсээр ирсэн. Нүүрний баруун хэсгээрээ хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Би юунаас болж маргалдаж зодсон юм гэж Даас асуусан чинь нөхөр Ө нь намайг Мөрөн явлаа гэж зодсон гэж хэлж байсан. Тэгээд манайд хоол цай идэж уугаад хоноод маргааш өглөө нь надтай цуг сургууль дээр ирээд би өрөөндөө орсон Д захиралтай уулзана гэж хэлээд явсан. Өдөр цайны цагийн дараа Мөрөн явлаа гэхээр нь би Мөрөнгийн машинд суулгаж өгсөн...Би хувцасыг нь үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Нүүр хэсэг нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаартай: “М.Дын биед баруун нүдний гадна булан, зүүн дээд зовхи, дух, зүүн чих, зүүн хацар, эрүү, баруун, зүүн бугалга, зүүн мөр, зүүн, баруун шилбэнд цус хуралт, зүүн дал, нуруу, зүүн, баруун тохой, зүүн шуу, хүзүүний ард зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. М.Дын биед үүссэн нүдний цус хуралт нь тусдаа бусад цус хуралт, зулгаралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 38 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 217 дугаартай: “Нэмэлтээр ирсэн эмнэлгийн баримтуудыг үндэслэн М.Дын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоох боломжтой. М.Дын биед нэмэлтээр зүүн талын 5 дугаар хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоогдолоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 45 тал/,

Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн: “...Сэтгэл зүйн уулзалт, ярилцлага болон тестийн үр дүнд дараах дүгнэлтэд хүрсэн. Хохирогч М.Д нь сэтгэн бодох, хэл яриа, оюуны чадамжийн хувьд хэвийн.

Сэтгэл санааны хүчтэй цочрол, стресс, айдас, түгшүүрийн түвшин өндөр, сэтгэл гутралын байдлаас болж депресс үүссэн.

Мөн нойргүйдэл үүсэж, хар дарж зүүдлэх болсон. Эрүүл мэндээр хохирсон, өөрийн үнэлэмж унасан. Энэ байдал удаан үргэлжилбэл үйлчлүүлэгчийн зан үйл, нийгэмшихүй, улмаар танин мэдэхүйд өөрчлөлт гарч болзошгүй. Гэсэн хэдий ч энэ нь эмчлэгдэх боломжтой.

Иймээс сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын мэргэжлийн үйлчилгээнд хамрагдаж, ирээдүйд үүсэж болох эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй...” гэх сэтгэл зүйн дүгнэлт /хх-ийн 52-55 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Өы гэм буруугаа хүлээж өгсөн: “...Надад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг нэг бүрчлэн уншиж танилцлаа. Прокуророос сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би урьд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийг бүгдийг нь үнэн зөвөөр ярьсан байгаа. Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл алга байна. Би шинжээчийн дүгнэлттэй нэг бүрчлэн уншиж танилцсан, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг тухайн түүнтэй маргалдаж, түүнийг цохих явцдаа учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд гэм буруугийн асуудалтай холбоотойгоор маргах зүйл алга байна. Дын эмчилгээнд гарсан зардлыг бүрэн төлж барагдуулна. Би түүнээс уучлалт гуйсан....Д миний гар утсаар өөрийнхөө фейсбүүк рүү ордог байсан. Д 3 дугаар сарын 04-ний өдөр аймаг руу семинарт явлаа гэж надад хэлээд явсан. Би цайныхаа цагаар хоол идэх гээд цайны газар руу явж байхад миний гар утсанд мессеж ирсэн. Тэгэхээр нь ороод харахад Дын мессенжер чат байсан. Д чатаараа нэг залуутай хайраа уулзая, 2 өдөр гоё баймаар байна, чамайг санаад байна гэсэн утга агуулгатайгаар харилцсан байсан. Би тухайн үед Дын залуутай харилцсан чатыг өөр рүү нь явуулахад “ойлгосонд баярлалаа” гэж над руу мессеж явуулсан байсан. 3 дугаар сарын 05-ны өдөр би ажил дээрээ өөрийнхөө хариуцсан бичиг баримтуудаа янзалсан. Ажлаа хийж дуугаад ганцаараа 2 том савтай пиво авч уусан. Уг пивоныхоо нэгийг ажил дээрээ ууж дуусгачхаад нэгийг нь аваад гэр рүүгээ харьсан. Гэртээ харихад Д ирчихсэн байсан. Тухайн үед Д “чи банкандаа очиж амьдар” гээд над руу хувцсыг маань шидээд хөөсөн. Тухайн үед байшин маань их хүйтэн байхаар нь “чи гэртээ гал хийчихгүй яасан юм бэ” гэж хэлэхэд “хуцалгүй зайл” гэж хэлсэн. Би тухайн үед гал хийх зорилгоор түлээний авдарт байсан 1 ширхэг түлээг гаргаж ирээд хутгаар цуулж гал хийсэн. Хэсэг байж байгаад гарч түлээ авчирая гэж бодоод сууж байхад Д над руу ирээд “заамдаж, үснээс маань үстээд” зайл гэж хөөсөн. Би Дд уурлаж чадахгүй байсан болохоороо мод цуулж байсан хутгаа шал руугаа зоож байгаад дээрээс нь дэвссээр байгаад шал руу оруулсан. Би тухайн үед гэр рүүгээ авч орсон пивоо ганцаараа уугаад байж байхад Д миний эцэг, эхийг доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би чам шиг янхан миний эцэг, эхийг доромжлох болоогүй шүү гэж хэлсэн. Тэгэхэд л Д намайг бариад авсан. Үүнээс болоод би түүнийг зодсон. Дыг зодохдоо хутга шөвөг, сүх барьсан зүйл огт байхгүй. Түлээ хагалж оруулж ирэх зорилгоор сүх бариад гарах гэхээр Дтай ноцолдоод гаргахгүй байсан...Би Дыг урьд өмнө цохиж зодож байсан удаа байхгүй. Харин хэрэлдэж маргалдаж байсан удаа байгаа...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг маань түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65, 67 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.Д, гэрч Б.************ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 217 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн сэтгэл зүйн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Өы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Г.Ө нь хамтран амьдрагч М.Дыг удаа дараа сэтгэл санааны болон бие махбодийн хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд нь баруун нүдний гадна булан, зүүн дээд зовхи, дух, зүүн чих, зүүн хацар, эрүү, баруун, зүүн бугалга, зүүн мөр, зүүн, баруун шилбэнд цус хуралт, зүүн дал, нуруу, зүүн, баруун тохой, зүүн шуу, хүзүүний ард зулгаралт, зүүн талын 5 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Дын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Өы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.Өы үйлдэл идэвхтэй, хохирогч М.Дын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Г.Ө гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Дын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч Г.Өы гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч М.Д нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээ болон бусад зардалд 499.200 төгрөг,  сэтгэл  санааны хохиролд 30.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотолгооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад сэтгэл санааны хохирлыг Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн сэтгэл зүйн дүгнэлтийг үндэслэн хохирогч М.Дд 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Өаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх зардлаас эмчилгээтэй холбоотой зардалд хохирогч М.Д нь  499.200 төгрөгийг нэхэмжилж байх боловч шүүх нэхэмжлэлээс энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл эмчилгээтэй холбоотой 499.200 төгрөгийн зардал нь нотлох баримтын шаардлага хангаагүй  байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч М.Д нь цаашид гарах сэтгэл санааны эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Өыг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Өы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 72-74 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн мэдээлэл, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Бэлтэс 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Ө нь ам бүл 1, ганцаараа Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Г.Өы үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар нэг мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************ овогт Гийн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ овогт Гийн Өыг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өд оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Өаас гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Дд олгож, хохирогч М.Дын нэхэмжилсэн эмчилгээний зардал болон бусад зардал 499.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гаргах сэтгэл санааны эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.  

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН