Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгч Ц.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цийн Лид холбогдох эрүүгийн 2238000000133 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Л нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгойн багийн 1-19 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ээж Л.Сг “яасан их цагдаа дууддаг юм” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун шанаанд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000133 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.Л нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгойн багийн 1-19 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ээж Л.Сг “яасан их цагдаа дууддаг юм” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун шанаанд шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Лийн өгсөн: Би тэр өдөр хүнээс мөнгө авах гэж гараад цэрэгт хамт байсан хоёр найзтайгаа таарч эзэнгүй айлын хашаанд 2 шил архи уусан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Нэг мэдэхэд би баруун талынхаа орон дээр хэвтэж байсан. Зүүн талын ор нурсан байсан. Тэгээд хашааны хаалга нүдэхээр нь гарсан чинь 2 билүү, 3 цагдаа намайг аваад явсан... гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Сгийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Учир нь манай хүүхэд намайг зодсон юм. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бас намайг манай хүү Л бас намайг зодсон. Харин өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр би 13 цагийн үед гэртээ найз Б гээд найзтайгаа бас үл таних нэг хүнтэй гурвуулаа бууз идээд байж байсан чинь гаднаас манай хүү Л намайг яасан их цагдаа дууддаг юм гээд миний нүүр, нүд рүү хэдэн удаа цохисон. Бас миний гар, хөл, цээж гээд л бүх газар руу олон цохиж өшиглөсөн. Мөн цайны шанагаар миний толгой руу маш олон удаа цохисон.  Би эмнэлэг дээр очиж 4 оёдол тавиулсан. Миний бүх бие хөх няц болсон байна.... Сүүлийн 2-3 жил жилдээ 1-2 удаа би байнга Лид зодуулдаг... Би ерөөсөө өмнө нь зодож байхад нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. ... Намайг зодох үед Б байгаагүй. Б болон түүнтэй хамт ирсэн үл таних хүн бид гурвыг байж байтал Л гаднаас орж ирээд юун пизданууд бэ гэсэн чинь Б болон түүнтэй хамт ирсэн үл таних хүн хоёр айгаад гараад явсан. Тэр хоёрыг гарсны дараа намайг зодсон... Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 12-13, 16 тал/,

Гэрч Л.Тий өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 11-ний орой 19 цагаас үүрэг, чиглэл авч эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад жижүүрийн 7038102 тоод утаснаас 20 цагийн орчим мэдэгдэхдээ Мөрөн сумын Хөх толгойн 1-19 тоотод манай хүү согтуу намайг зодоод байна гэх дуудлага мэдээллийг хүлээн авч эргүүлийн цагдаа дэд ахлагч А.Баасанбаярын хамт зөрчил үйлдэгдсэн газарт очиход зөрчил гаргагч Ц.Л нь согтуу байсан бөгөөд дуудлага мэдээлэл өгсөн гэх эмэгтэй хамт байсан. Ер нь энэ хаяг дээр архи уугаад агсам тавиад байна гэх дуудлага мэдээлэл ирдэг...Дуудлага мэдээллийн дагуу очоод гэрт нь ороход дуудлага өгсөн эмэгтэй, зөрчил гаргагч нар хамт байсан бөгөөд зөрчил гаргагч согтуу, зодуулсан гэх хүний хоёр нүд нь хөхөрч хавдсан, мөн баруун гарын бугуй өвдөж байна гэсэн тайлбарыг тухайн үед гаргаж байсан. Тэгээд зөрчил гаргагч Л гэгчийг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгч, гомдол гаргагч иргэнийг тухайн өдрийн зөрчил шалгагч байцаагчтай уулзуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 179 дугаартай: “Л.Сгийн биед хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун шанаанд шарх, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Л.Сгийн биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл ба шарх, цус хуралт нь тус тусдаа зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 27 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 3-5 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ц.Лийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Зөвшөөрч байна...Би 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байсан санагдана. Би хүнээс мөнгө авах ёстой байж байгаад түүнийгээ авахаар гэрээс гараад Мөрөн сумын 10 дугаар хороонд цэрэгт хамт явж байсан ******, ****** хоёртой таарсан. Тэр хоёрын бүтэн нэрийг нь мэдэхгүй. Ингээд бид гурав удаан таараагүй гээд ****** надад 0,75 литрийн Хараа нэртэй шил архи авч өгөөд тэр архийг гурвуулаа эзэнгүй айлын хашаа руу орж уусан. Тэгээд ууж байсан архи дуусаад ****** дахин нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи авсан. Тэр авсан архийг нь ууж байгаад би тасарчихсан. Миний хувьд тэр хоёроос хэзээ салсан, яаж гэртээ харьсан, ээж хэзээ ажлаасаа ирсэн, хэзээ яаж цохиж, зодсон гэдгээ санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн би гэртээ баруун талынхаа орон дээр ганцаараа сууж байсан. Тэгээд хашааны хаалга хүн тогших шиг болохоор нь гараад хашааны хаалгаа онгойлгосон чинь 2-3 цагдаа зогсож байсан. Тэгээд намайг цагдаагийн газарт авчирч эрүүлжүүлсэн. Тэгээд би өглөө нь эрүүлжүүлэхийн цагдаагаас ээжийгээ зодсон гэсэн дуудлагаар ирж эрүүлжүүлэгдсэн гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Л.С, гэрч Л.Тэ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 179 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ц.Лийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Ц.Л нь ээж Л.Сг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ удаа дараа зодож, сэтгэл санааны болон бие махбодийн хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд буюу биед хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун шанаанд шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Сгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.Лийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Лийн үйлдэл идэвхтэй, хохирогч Л.Сгийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Ц.Л гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ээж Л.Сгийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч Ц.Лийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Л.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, шүүгдэгч Ц.Л нь хохирогч Л.Стай 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Би цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 44/ авагдсан, шүүхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Лийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Лийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Лийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 42-43, 46 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.Л нь ам бүл 2, эхийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Ц.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 69 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Лийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Ц.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Л нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Цийн Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овогт Цийн Лийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лид оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН