Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 115

 

 

    2018 оны 03 сарын 09 өдөр

        Дугаар 153/ШШ2018/00115

                    Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 1-80 айлын орон сууц, 54 тоотод оршин суух, ПЮ68051405 дугаарын регистртэй, Балигиа овогт Зодовын Долгорын хүсэлттэй хүү Н.Нарандалайгийн асран хамгаалагчаар тогтоолгох, Н.Нарандалайг 2004 онд үрчилсэнийг нөхөж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч З.Долгор, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч З.Долгор нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зэвгээ овгийн Нямдорж нь Гончиг овогтой Нансалмаатай 1992 онд гэр бүл болж 1993 оны 05 сард охин Наранцэцэг, 2002 оны 07 сарын 15-нд хүү Нарандалай нар төрсөн. Эхнэр Т.Нансалмаа 2003 оны 09 сарын 30-нд өвчний улмаас нас барсан. 2004 оны 05 сард З.Нямдоржтой гэр бүл болж түүний охин Н.Наранцэцэг 7 настай, хүү Н.Нарандалай 1 нас 2 сартай эхээсээ өнчирч үлдсэн хүүхдүүд бүгд миний асрамжинд ирсэн. Мөн бидний дундаас 2008 оны 05 сард охин Н.Номинжин төрсөн. Миний бие нь 2004 оноос өнчирч үлдсэн охин Наранцэцэг, Хүү Нарандалай нарыг өөрийн хүүхдүүдийн хамтаар өсгөн хүмүүжүүлж эрүүл саруул амьдарч байна. Охин Наранцэцэг нь 2016 онд хуримаа хийж тусдаа гарсан. Н.Нарандалай дунд сургуулийн 10-р ангид суралцаж байгаа. Хүү Нарандалайг 2 настайгаас нь асарч, өсгөж хүмүүжүүлсэнийг хоёр талын ах, дүү, аав, нутгийн ард түмэн мэдэж байгаа. Иймд З.Долгор намайг хүү Н.Нарандалайгийн асран хамгаалагчаар тогтоолгох, Н.Нарандалайг 2004 онд үрчилсэнийг нөхөж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч З.Долгорын хүү Н.Нарандалайгийн асран хамгаалагчаар тогтоолгох, Н.Нарандалайг 2004 онд үрчилсэнийг нөхөж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч З.Долгор нь хүү Н.Нарандалайгийн асран хамгаалагч мөн бөгөөд хүү Н.Нарандалайг 2004 онд үрчилсэн болох нь

- Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дугаар албан бичиг,

- Ховд аймгийн Буянт өрхийн эрүүл мэндийн төвийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичиг,

- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газар улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 05/000489 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа,

-Хүсэлт гаргагч З.Долгор, З.Нямдорж нарын 0077052 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-Хүсэлт гаргагчид ерөнхийлөгчийн 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаар зарилгаар алдарт эхийн 2 дугаар одон олгосон үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газар улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 05/000492 дугаар нас барсны бүртгэлийн лавлагаа,

-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 212 дугаар албан бичиг,

-Хүсэлт гаргагчийн хүү Н.Нарандалай болон өөрийн гэр бүлийн хамт авахуулсан гэрэл зургууд,

- Хүү Н.Нарандалайгийн “...Манай ээжийг З.Долгор, аавыг Нямдорж гэдэг. Би бараг төрсөн цагаасаа хойш ээж З.Долгорын асрамжид, хамтдаа амьдарч байна...” гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан хүсэлт гаргагч З.Долгорыг 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Н.Нарандалайгийн асран хамгаалагч мөн болохыг тогтоож, хүү Н.Нарандалайг 2004 онд үрчилснийг улсын бүртгэлд нөхөж бүртгэхийг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Балигиа овогт Зодовын Долгор нь 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Н.Нарандалайгийн асран хамгаалагч мөн болохыг тогтоосугай.

2. Хүсэлт гаргагч З.Долгор нь 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Н.Нарандалайг 2004 онд үрчилснийг улсын бүртгэлд нөхөж бүртгэхийг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар З.Долгорын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ