| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2022/0141/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/138 |
| Огноо | 2022-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/138
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бын Шид холбогдох эрүүгийн 2238000000135 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Б.Ш нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нэмэн бильярд дотор Э.Б нь Э.Птэй “манай дүү нартай хамт пиво уулаа” гэх шалтгаанаар маргалдаж байхад Б.Ш нь гаднаас орж ирж хохирогч Э.Пгийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь уруулд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000135 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нэмэн бильярд дотор Э.Б нь Э.Птэй “манай дүү нартай хамт пиво уулаа” гэх шалтгаанаар маргалдаж байхад шүүгдэгч Б.Ш нь гаднаас орж ирж хохирогч Э.Пгийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь уруулд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Шийн өгсөн: “..мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Пгийн өгсөн: “...Би өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр найзууд болох О, Б нарын хамт Нэмэн төвийн подвалд байдаг бильярд тоглож байсан юм. О, Б бид гурав бильярд тоглонгоо 2 ширхэг 2.5 литрийн пиво уусан. Тэгсэн чинь гаднаас хоёр танихгүй охин орж ирсэн. Тэр хоёр охин манай хоёр найзын танилууд байсан. Тэр хоёр охин мөн тэр пивоноос бид нартай хамт уусан. Тэгээд байж байсан чинь гаднаас зүс таних Б гэдэг залуу орж ирээд яагаад дүү нар уруу татаж архи уугаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би уруу татаж уусан юм байхгүй, дүү нар чинь юм бол аваад яв гэж хэлсэн. Үүнээс болж бид нар Бтай маргалдах болсон. Бид нар Бтай маргалдаад байж байтал Б эхлээд миний нүүр, хамар руу мөргөсөн бас гараараа цохисон. Б бас Оыг хүзүүг боогоод, элэг, нүүр рүү нь цохисон. Дараа нь Бгийн хүзүүг боогоод элэг рүү нь цохисон. Бид нар бол Бг цохиогүй хэл амаараа л маргалдаж байсан. Бид нарыг маргалдаад байж байтал гаднаас Ш гэдэг ах орж ирсэн. Тэр ах орж ирээд та нар яагаад байна. Дүү яагаад дээрэлхээд байна гээд Бг өмөөрөөд миний уруулын дээд хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд миний уруул сэтрээд цус гарсан. Би тэгээд та нар байж бай миний уруулаас цус гараад байна гэж хэлсэн чинь Ш гэдэг ах чи тэгвэл цагдаагаа дууд чам шиг юм надад жижигдэнэ гээд байсан. ...Тэгээд байж байтал цагдаа ирээд бид нарыг цагдаагийн газарт авч ирсэн... Надад гомдол санал байхгүй... Би 2.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9, 11 тал/,
Гэрч Д.Дийн өгсөн: “...Тухайн өдөр би найз Б, О, П, Х нарын хамт бильярд тоглохоор тохиролцоод орой 16 цагт Нэмэн төвийн бильярд дээр уулзахаар тохиролцсон. Манай найз Х бид хоёр 16 цагаас арай хоцорч очсон юм. Х бид хоёрыг ороход манай найз Пгийн уруул, ам нь сэтэрсэч, цус гарсан байхаар нь юу болсныг асуухад надад Ш гэдэг залуу уруул руу цохичихлоо гэж хэлсэн. ... Би тэгээд цагдаа дуудъя гэсэн чинь Б гэх залуу цагдаагаа дуудчих цагдаа ирээд яахыг нь харъя гээд байсан. Би тэгээд бильярдаас гараад цагдаа руу залгаад зогсож байтал араас Б, Ш нар гарч ирээд дахин маргалдсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
Гэрч Э.Оын өгсөн: “...Тухайн өдөр би П, Б гэх найзуудын хамт Нэмэн төвийн подволд байдаг бильярд дотор тоглож байсан юм. Бид нар тоглож байхдаа би өөрийн танил Б, М /бүтэн нэрийг мэдэхгүй/ гэх хоёр охиныг дуудсан. Тэр хоёр охин ирээд бид нар бильярд тоглонгоо пиво ууж байсан. Тэгтэл гаднаас Б гэх залуу үүдээр шагайгаад нөгөө Б, М гэх хоёр охиныг та хоёр юу хийж байгаа юм гараад ир гэж хэлэнгүүт нөгөө хоёр охин гараад явсан. Тэгснээ хэсэг байж байгаад Б гэдэг залуу бид нарын тоглож байсан өрөөнд орж ирээд та нар манай дүү нартай юу хийж байгаа юм. Яагаад дүү нар уруу татаад байна гээд П рүү томроод Пгийн нүүр рүү цохисон. Мөн Б бид хоёрыг ч гэсэн элэгдэж цохисон. Тэгээд байж байтал гаднаас Ш гэдэг ах орж ирээд бид нарын маргаан оролцсон. Ш гэдэг ах Пгийн уруул руу гараараа цохичихсон чинь Пгийн уруул нь язраад цус гарсан... Тэгээд Д цагдаа дуудна гээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Гэрч Б.Бийн өгсөн: “...Тухайн өдөр би П, О гэх найзуудын хамт Нэмэн төвийн подволд байдаг бильярд дотор тоглож байсан. Бид нар бильярд тоглож байхдаа танил Булганзаяа, М нарыг дуудаж хамт тоглосон. Бид нар бильярд тоглонгоо пиво уусан. Тэгтэл гаднаас Б гэдэг залуу үүдээр шагайгаад Булганзаяа, М нарыг дуудаад аваад гарсан. Тэрнээс хойш Булганзаяа, М нар дахиж орж ирээгүй. Харин Б буцаж орж ирээд бид нар руу томроод дайраад байсан. Яагаад дүү нар уруу татаад байна гээд П рүү дайраад Пг цохиж авсан. Тэгсэн чинь О ивээр ярьж болохгүй юм уу болиоч гэсэн чинь Оыг мөн Б цохисон. Тэгтэл гаднаас Ш гэх залуу орж ирээд Пгийн уруул руу цохиход Пгийн уруул язраад цус гарсан. Тэгээд байж байгаад Б, Ш хоёр гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
Гэрч Д.Б өгсөн: “...Би тухайн өдөр Нэмэн бильярд дээр Ш гэх нутгийн ахтай бильярд тоглож байсан. Тэгтэл нөгөө талын өрөөнд манай дүү охин Булганзаяа, найз охинтойгоо, мөн 3 залуутай пиво уугаад бильярд тоглож байсан. Би тэгэхээр нь дүү охин Булганзаяаг дуудаад юугаа хийж яваа юм бэ, гэртээ харь гээд явуулсан. Тэрний дараа би хамт байсан залуучуудтай нь уулзаж яагаад дүү нар уруу татаж пиво уугаад байнаа гэж хэлээд маргаан үүсгэсэн. Тэгээд би тэр гурван залуугийн биед халдаж цохисон. Гэхдээ би тэр гурван залуугийн биед гэмтэл учрахаар хүчтэй цохиогүй. Тэгээд бид нар юм ярилцаад учир зүйгээ олж байтал Ш ах гаднаас орж ирээд учрыг нь олоогүй байж П гэх залуугийн ам руу гараараа цохичихсон. Тэгсэн чинь Пгийн уруулаас цус гарсан. Тэгээд би Ш ахыг салгаад тэр өрөөнөөс гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 171 дугаартай: “...Э.Пгийн биед уруулд шарх, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уруулын шарх, зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Э.Пгийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
Шүүгдэгч Б.Шийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нутгийн дүү Бтэй тааралдаад Нэмэн бильярд дотор тоглож байсан. Тэгсэн чинь нөгөө талын өрөөнд 3 залуу 2 охинтой мөн бильярд тоглож байсан. Тэгтэл тэр хоёр охиныг Б таньдаг байсан юм байна лээ. Тэгээд Б нөгөө хоёр охиноос болж хамт тоглож байсан гурван залуутай маргалдсан. Би тэр үед дундуур нь орж П гэх залуугийн уруул руу цохичихсон юм. Ер нь ийм л зүйл болсон...Надад ямар нэгэн шалтгаан байгаагүй. Би гурван залуу нийлээд Бг дээрэлхээд байна гэж буруу ойлгоод тэр залууг нэг цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Э.Пгийн мэдүүлэг, гэрч Д.Д, Э.О, Б.Б, Д.Б нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 171 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Шийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Ш нь хохирогч Э.Пгийн эрүүл мэндэд нь уруулд шарх, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Э.Пгийн биед мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих, цохигдох үед учирсан уруулд шарх, зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Б.Шийн цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Шийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Шийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Шийг 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нэмэн бильярд дотор хохирогч Э.Пгийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь уруулд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Шийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Пгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба цаашид гарах эмчилгээний зардал 2.000.000 төгрөгийг нэхэмжлэл гаргасан байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан боловч хохирогч Э.П нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол төлбөрийн баримтыг гаргаж өгөөгүй байна.
Хохирогч Э.П цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй тул хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Шийг хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Шийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Хавтаст хэргийн 57-64 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Сангийн далай багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Ш нь ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Сангийн далай багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Шийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Бын Шийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шид оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Э.П нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН