Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,                     

              Улсын яллагч Э.Уламбаяр,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

              Шүүгдэгч Ж.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Жийн Ит холбогдох эрүүгийн 2238000790101 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,

 

              Шүүгдэгч Ж.И нь 2022 оны 01 дүгээр сарын 10-11-ний шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 23-07 тоотод хамт архи ууж байсан Б.Бтой маргалдан улмаар түүний нуруун тус газар заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000790101 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Ж.И нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 10-11-ний шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 23-07 тоотод хамт архи ууж байсан Б.Бтой маргалдан түүний нуруун тус газар заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Иын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,  

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Бийн өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 10-ны орой 23 цагийн орчим намайг гэртээ байж байхад И залгаад би Ш  ахынд байна. Чи хүрээд ирээч гэсэн. Тэгээд яваад очиход Ш  ах, И хоёр нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи уугаад сууж байсан. ..намайг ороход Ш  нэлээн суучихсан байсан ба удалгүй унтаад өгсөн. И бид хоёр үлдсэн архийг уугаад юм яриад сууж байтал гэнэт л миний нуруу руу халуун оргиод явчихсан. Тэгэхээр нь харсан чинь И гартаа ногоон өнгийн иштэй заазуур барьчихсан сууж байсан. Тэгээд би өөрөөс нь яаж байгаа юм гэхэд нэг их тоосон шинжгүй байхаар нь би хурдан гараад явчихсан. Гэртээ харьтал манай эхнэр эмнэлэг рүү залгасан ...Одоо биеийн байдал бүгд зүгээр байгаа. Миний хувьд байнга л ус түлээний ажил хийж байгаа. .. Ямар ч өвдөх, зовиурлах зүйл байхгүй байгаа. Нурууны ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Итай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-11, 14-15, 18 тал),

              Гэрч А.Өын өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнийн 1 цагийн орчим Б нэлээн согтуу ганцаараа ирсэн. Ирэхдээ хүнд хутгалуулчихлаа гээд нурууны хойд хэсгээс нь цус гарсан байсан. Тэгээд цус нь тогтохгүй байхаар нь түргэн дуудсан. Тухайн үед надад хэнд хутгалуулсан талаараа хэлээгүй. Миний хувьд юу болсон талаар хэд хэдэн асуусан боловч зүгээр зүгээр гээд юу ч хэлээгүй. Ингээд эмнэлэгт хэвтэх болоход Идэрээ хутгалчихсан гэж хэлсэн. ..Надад юу ч яриагүй... Ямар ч байсан сүүлд хутгалуулсан үйлдэлтэй нь холбоогүй байх. Өмнө нь нуруу өвдлөө гээд байдаг байсан. Юмнаас унасан байж магадгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22 тал),

              Гэрч Ө.Ш ын өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цагийн орчим И манайд орж ирээд нэг шил 0,75 литрийн Ерөөл нэртэй архи уусан. Архи уугаад сууж байтал Б ирчихсэн харагдаж байсан. Миний хувьд өмнө нь уучихсан нэлээн муудсан байсан учир унтсан байсан. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Сүүлд сонсоход И нь Бийг хутгалсан сурагтай байсан. Юунаас болж хоорондоо маргалдсан талаар мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34 тал),

              Гэрч Г.Чийн өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 07-08 цагийн орчим нуруундаа хутгалуулсан байдалтай хүн хүргэгдэж ирсэн. Ирэхдээ биеийн байдал хэвийн нэлээн согтуу байдалтай нурууны ахар сүүлний дээхэн талд шархтай, шархнаас цус гарсан байдалтай байсан. Тухайн хүний шархыг гараар шалгаж оёдол тавьсан. Мөн КТГ шинжилгээ хийлгэж гэмтлийн эмчид үзүүлэхийг зөвлөөд явуулсан. Одоо сайн санахгүй байна. Илэрхий цус гарсан шалбарсан зүйл ажиглагдаагүй. Өөр гэмтэл байгаагүй...Мэс заслын шархнаас өөр гэмтэл байгаагүй. Өөрөө согтуу байсан учраас зовууриа сайн хэлж өгөхгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 37 тал),

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 83 дугаартай: “...Б.Бийн биед нуруунд шарх, бүсэлхий L2-р нугалмын сэртэнгийн хугарал, дух, баруун тохойд зулгаралт, нуруу, зүүн шилбэнд цус хуралт баруун хацар хүзүүнд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Б.Бийн биед үүссэн нугалмын сэртэнгийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, харин нурууны шарх нь тусдаа бусад цус хуралт зулгаралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 41 тал),

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаартай: “...Б.Бийн биед үүссэн нуруунд шарх, бүсэлхий L2-р нугалмын сэртэнгийн хугарал, дух, баруун тохойд зулгаралт, нуруу, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд нь шинэ гэмтэл ба нэг цаг хугацаанд үүссэн байх боломтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн гэх 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой байна. Б.Бийн биед үүссэн бүсэлхий L2-р нугалмын сэртэнгийн хугарал гэмтэл нь унах, цохих, цохигдох аль алинд нь үүсэх боломжтой. Бүсэлхий L2-р нугалмын сэртэнгийн хугарал гэмтэлтэй хүнд ууц нуруугаар өвдөх зовуур илрэх ба алхаж гишгэж явах боломжтой. Эмчилгээ хийлгэлгүй бороолж эдгэрэх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 49 тал),

              Шүүгдэгч Ж.Иын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Боос өөрийг нь заазуураар гэмтээсэн гэдгийг мэдсэн...Би Бид эмчилгээ зардал гэж 250.000 төгрөг өгсөн. Одоо гомдол санал байхгүй гээд эвлэрлийн гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 59 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Бийн мэдүүлэг,  гэрч А.Ө, Ө.Ш , Г.Ч нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 83 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ж.Иын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Ж.И нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 10-11-ний шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 23-07 тоотод хамт архи ууж байсан Б.Бтой маргалдан улмаар түүний нуруун тус газар заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Бийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ж.Иын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч Ж.Иын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Ж.Иын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Иыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.Иын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Ж.И, хохирогч Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр эвлэрсэн (хх-ийн 65) тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх эвлэрлийн гэрээ хавтаст хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Иыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Иыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Иын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Ит Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 63, 66 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ж.И нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 22-16 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Ж.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 89 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ж.Иын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Ж.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.И нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ж.Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Б овогт Жийн Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б овогт Жийн Иыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ит оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай. 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.И нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.           

              5. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.И нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              6. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ит урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН