Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/151

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дгийн Лод холбогдох эрүүгийн 2238000000059 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Түнэл сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний уруулын дээд хэсгээр уяагаар боож хүч хэрэглэн эсэргүүцсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000059 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Түнэл сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бгийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, өөрийгөө “бусдын амгалан тайван байдал алдагдуулаагүй” хэмээн эсэргүүцэхдээ хүч хэрэглэж  Г.Бг уяагаар боож эсэргүүцсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Лын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...Хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Бгийн өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 23 минутад Түнэл сумын иргэн Ө нь 97189228 дугаарын утсаар “Тус сумын 6-р баг “Цагаан байранд” манай дүү Д.Л нь согтуу ирж хэрүүл маргаан үүсгэж, амгалан тайван байдал алдагдуулаад байна” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч тухайн газарт очиход зөрчил гаргагч Д.Л нь хэрүүл маргаан үүсгэж бусдын амгалан тайван байдал алдагдуулсан хэвээр байсан тул түүнд хууль ёсны шаардлагыг тавьж, биед нь үзлэг хийж өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс зөрчил гаргагч Д.Лын хоёр гарыг биеийн урд талд гавлаж хувийн Тоёота Приус маркийн 08-10 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудалд суулгаж Мөрөн сум руу хөдөлсөн. Мөрөн сум руу хөдлөхийн өмнө тус Цагдаагийн газрын жижүүрийн 94560102 дугаарын утас руу зөрчил гаргасан хүн аваад Мөрөн сум руу гарч байгаа талаараа мэдэгдэн, тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлсөн байна. Улмаар Түнэл сумаас хөдөлж 2 орчим км газар явж байхад Д.Л миний толгой дээгүүр уяа давуулж араас боомилох үйлдэл хийсэн бөгөөд уяа нүүрний хамар хэсэгт таарч чангарах үед би хоёр гарын эрхийн хурууг уяаны завсраар оруулж толгойноос уяаг мулталж тээврийн хэрэгслийг зогсоосон. Ингээд Д.Лын хоёр гарыг биеийн ар хэсэгт шилжүүлэн гавлаж боомилсон уяаг үзэхэд Д.Л нь өмсөж явсан куртикны юүдэнгийн нарийн уяаг сугалж гаргасан байсан. Улмаар Д.Лыг Цагдаагийн газарт авчран Эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн. .. Би сумын төвд ганцаараа байсан учир ганцаараа дуудлагад очсон. Ингээд өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс зөрчил гаргагч Лын хоёр гарын биеийн урьд хэсэгт гавласан... Хувцас эд хөрөнгөд хохирол учраагүй. Харин уяа толгойноосоо мултлах үед баруун хацар болон хамрын хажуу хэсэгт бага зэрэг зулгарсан. Мөн баруун, зүүн эрхий хуруу бага зэрэг зулгарсан байгаа. Өөр гэмтэл байхгүй. Одоо биед маань ямар нэгэн зовуурь байхгүй... Тухайн үед Лыг машиныхаа арын суудалд урд нь гавлаад ганцааранг нь суулгаад Мөрөн сум руу авч явсан. Цагдаагийн хэсгийн байрны урд талаас дөнгөж хөдлөөд явж байхад Л: “чи манай 5 тооны үхрийг олж өгөөгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “танай ээж чинь надад албан ёсоор гомдол гаргаагүй, ээж чинь надтай уулзахдаа мал харж байгаа айлын хүмүүс үхрийн маань араас ерөөсөө явахгүй байна. Үхэр маань олдохгүй байна” л гэж хэлсэн гэж хэлсэн. Тэгэхэд Л “за за, тэр ч яахав, намайг гэрт хүргээд өгчих, би одоо дахиж асуудал гаргахгүй” гэж хэлэхээр нь үгүй ээ таныг эрүүлжүүлэх байранд аваачиж түр саатуулна. Тийм асуудал байхгүй” гэж хэлсэн. Намайг ингэж хэлэхэд Л дуугаа хураагаад чимээгүй болчихсон. Ингээд хэсэг явж байхад буюу Түнэл сумын төвөөс дөнгөж гарч явахад Л надаас “чи амьдралтай юу” гэж асуусан. Тэгэхээр нь би “миний амьдралтай, амьдралгүй байх чамд хамаагүй, дуугүй шаардлага биелүүлээд явчих” гэж хэлсэн. Энэ яриа гараад удаагүй байхад Л миний араас уяагаар хамар, дээд уруул хоёрын дунд хэсэгт оруулаад хойш нь татсан. Би ингэж татагдах хоёр гарныхаа эрхий хурууг уяа руу оруулаад уяаг дээш нь шувтарч гаргасан. Ингэж гаргаж байх үедээ тоормос гишгэж машинаа зогсоох арга хэмжээ авч зогсоосон. Зогссоныхоо дараа Лын гарыг ард нь гавлаад буцаж машинд суулгаад Мөрөн сум руу авч орсон. .. Би Лыг Мөрөн сум руу явж байх замдаа түүнээс яагаад намайг үдээсээр боох гэж оролдсон талаар асуухад чи миний үхрийн хулгайчийг олж өгөөгүй. Тийм учраас би чамайг боох болсон гэж хэлж байсан бөгөөд намайг боох гэж оролдсон уяа нь куртикнийх нь уяа гэж хэлж байсан. Би энэ яриаг гар утсаараа хурааж авсан байгаа. Шаардлагатай бол танд гаргаж өгч болно... 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 23 минутад Ө гэх хүн 97189228 дугаарын утсаар залгаад: “Цагаан байранд манай дүү согтуу ирээд хэрүүл маргаан хийгээд байна" гэсэн дуудлагыг өгсөн. Би дуудлагыг хүлээн аваад 3-4 минутын дотор Цагаан байран дээр өөрийн машинтайгаа явж очсон. Намайг очиход Л гэрийнхээ үүдээр гарч ирээд надтай шатан дээр таарсан. Би Лоос амрыг эрье ямар асуудал болсон бэ гэж асуухад Л миний өөдөөс “чи пизда миний үхэрнүүдийг олж өгөөгүй биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би за үхэрний асуудал яахав би иргэнээс гаргасан дуудлага мэдээллийн дагуу явж байна гэж хэлээд Лын баруун талын ханцуй хэсгээс бариад гэр рүү нь орох үед Л над руу чи боль май гэж хэлээд салаавч гаргасан. Тэгэхээр нь үйлдлийг нь таслан зогсоох зорилгоор салаавч өгсөн гарыг дээш нь түлхээд мушгих маягтайгаар хажуу тал руу унагаагаад дарсан. Ингэж л Лын над руу дайрч байсан үйлдлийг таслан зогсоосон. Үүнээс хойш Л миний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж өөрөө машинд очиж суусан. Би дуудлагаар очоод барагцаагаар 10 гаран минут болсон байх...Лыг машинд суулгахдаа гавлахгүйгээр өөрөө барьж аваачаад машинд суулгасан. Л цагдаагийн байр орох хүртэл гавгүй машинд сууж явсан. Цагдаагийн байрнаас хөдлөхдөө Лын гарыг урд нь гавласан. Гарыг хойд талд нь огт гавлаагүй...” гэх мэдүүлэг /хх 32-34, 36-37, 39-р тал/,

Гэрч Д.Бын өгсөн: “...Би 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 08 цаг 30 минутаас 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 08 цаг 30 минутын хооронд тус Цагдаагийн газарт ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 01 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цаг 00 минутад Түнэл сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Б нь өөрийн биеэр ирж мэдэгдэхдээ иргэнээс ирүүлсэн согтуу хэрүүл маргаан үүсгэж, амгалан тайван байдал алдагдуулаад байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очиж зөрчил гаргагч Д.Лод хууль ёсны шаардлагыг тавьж, биед нь үзлэг хийж, хувийн Тоёота Приус маркийн 08-10 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудалд суулгаж Мөрөн сум руу хөдөлсөн. Түнэл сумаас хөдөлж 2 орчим км газар явж байхад Д.Л миний толгой дээгүүр уяа давуулж, араас нь боомилох үйлдэл хийсэн гэж мэдэгдсэн. Улмаар миний бие дээрх мэдээллийг Цагдаагийн газрын удирдлагуудад танилцуулж, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төв, Цагдаагийн Ерөнхий газрын шуурхай удирдлагын штаб, Эрүүгийн цагдаагийн албаны жижүүрт мэдэгдсэн...Хамрынх нь баруун хажуу хэсэгт бага зэрэг шалбарсан байсан. Тухайн үед би өөрөөс нь бие гайгүй юу гэж асуухад зүгээр гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

Гэрч Э.Мгийн өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 08 цаг 30 минутаас 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 08 цаг 30 минутын хооронд тус Цагдаагийн газарт мэдээлэл хүлээн авагчаар үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 1 дүгээр сарын 25-ны өдрийн 15-16 цагийн орчим Түнэл сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Б Цагдаагийн газрын 94560102 дугаарын утас руу залгаж зөрчил гаргасан хүн аваад Мөрөн сум руу гарах гэж байна гэж мэдэгдсэн. Улмаар оройн 19 цагийн орчим хэсгийн төлөөлөгч Б Цагдаагийн газарт ирчихсэн, ерөнхий жижүүр Бтай уулзаж байсан. Миний хувьд урд талын өрөөнд утсаар дуудлага мэдээлэл аваад сууж байсан болохоор юун талаар ярилцаж байсныг нь мэдээгүй. Тэгээд сууж байтал оутлүүкээр над руу “Түнэл сумын хэсгийн төлөөлөгч Бг зөрчил гаргасан хүнийг аваад Мөрөн руү явж байхад тухайн хүн араас нь боомилсон гэсэн утга бүхий гэмт хэргийг дуудлага мэдээлэл ирсэн. Миний мэдэх зүйл энэ л байна...Анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,

Гэрч Д.Бын өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 09 цагийн үед ажил дээрээ байж байх үедээ ээж рүүгээ утсаар ярьж сар шинийн бэлтгэл хэр хийж байгаа талаар ярьж асуусан. Тэгээд мөн дүү Ө руу утсаар ярьж Л юу хийж байна гэсэн чинь Ө архи хааяа уугаад байгаа гэж надад хэлсэн тэгэхээр нь би наад сумынхаа цагдаа дуудаад өгөөч битгий толгойг нь илээд бай гэсэн чинь Ө би лав цагдаад дуудлага өгч чадахгүй гэхээр нь Түнэл сумын хэсгийн төлөөлөгч Бтэй холбоо барьж манай дүү Л архи уугаад байна чи наад хүнтэйгээ нэг уулзаад хууль танилцуулаад анхааруулаад өгөөч гэж хэлсэн юм тэгээд тэр өдрийн орой 18 цаг өнгөрч байхад манай ээж над руу утсаар залгаад чи дүүгээ шоронд өглөө гэж надад хэлэхээр нь би юу яриад байгаа юм бэ? гэсэн чинь ээж Лыг сумын хэсгийн төлөөлөгч Б гэртээ байж байхад нь гарыг нь ард нь гавлаад аваад явлаа гэж хэлсэн. Тэгээд манай дүү цагдан хоригдсон байсан. Өөрийг нь зодож нүдээд аваад явсан байсан. Мөн сошиал орчинд цагдаагийн алба хаагчийн хоолойг боомилсон хэрэг гарлаа гэсэн мэдээ цацагдсан...Би Б гэж хэсгийн төлөөлөгчийг танихгүй...Манай дүү архи дарс уугаад байна хууль дүрэм танилцуулаач хэсэг байлгаж хашрааж байгаад явуулж өгөөч гэж хэлсэн. Тэрнээс биш баривчлах талаар хэлж яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/,

Гэрч Д.Өын өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад урд байшингынхаа тогийг татуулах зорилгоор сумынхаа цахилгаанчин Бг дагуулж очоод тогоо татуулж байхад миний төрсөн ах Б над руу залгаад: “та нар юу хийцгээж байна, дүү чинь юу хийж байна” гэж асуусан. Тэгэхээр нь би “дүү гэртээ жоохон халамцуу сууж байна” гэж хэлэхэд Б ах: “цагаан сар болж байхад юун архи дарсны асуудал вэ, наадахаа цагдаа дуудаж өгөөд эрүүлжүүл” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надад тийм зав байхгүй байна” гэж хэлэхэд Б ах: “тэгвэл чи цагдаагийнхаа дугаарыг өгчих” гэж хэлэхээр нь хэсгийн төлөөлөгч Бгийн утасны дугаарыг хэлж өгсөн. Би байшиндаа тогоо татуулж байгаад үдийн алдад /яг цагийг нь сайн санахгүй байна/ ээж Аынхаа гэрт очсон. Ээжийн гэрт очоод байж байхад миний дүү Л гаднаас халамцуу байдалтай орж ирсэн. Орж ирээд гал тогооны өрөөнд суугаад байсан. Харин би том өрөөнд ойр зуурын зүйл хийгээд байж байсан. Харин ээж маань жижиг өрөөндөө байсан. Тухайн үед дүү Л маань түлээндээ гарлаа гээд гарсан. Дүүг маань үүдээр гарах гэж байх үед хэсгийн төлөөлөгч Б гаднаас орж ирж таарсан. Тэр үед Л дүү маань Бд хандаж “пизда минь чи манай хэдэн үхрийг олоод өгчих нь яасан юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд Б “чи төрийн цагдааг пизда гэдэг яасан овоо хулгайч вэ” гэж хэлээд үүдний тэндээс том өрөө рүү заамдсаар орж ирсэн. Том өрөө рүү орж ирэх үед Б Л дүүг маань мушгиж тонгорч унагаасан. Энэ үед Бгийн малгай хойморын тийшээгээ газарт унасан. Б дүүг маань газарт унагаачхаад дээр нь мордож суугаад толгой болон мөр хэсэг рүү нь гараараа цохисон. Би тухайн үед “чи одоо болиоч, юу болоод байна” гэж хэлэхэд Б “битгий солиороод хуцаад бай пизда минь, би ажлаа хийж байна” гэж хэлсэн. Энэ үед миний ээж А жижиг өрөөнөөс гарч ирсэн. Ээжийг гарч ирэх үед Б манай дүүгийн хоолойг багалзуурдаж толгойгоор нь шал мөргүүлсэн. Тэгэхэд ээж маань Б дээр явж очоод “цагдаа хүн, хүн зодож болдог юм уу, чи барих юм бол зүгээр л барина биз дээ” гэж хэлээд мөрнөөс нь очоод татсан, татсаныхаа дараа ёоё гэж орилсон. Би тухайн үед ээжийг орилохоор нь юу болов гээд харахад ээж маань хойшоогоо ухарч байсан. Ээж маань тухайн үед “чи цагдаа болохоороо хүн зодож болдог юм уу, чи яагаад хүүг маань гэрт нь орж ирж зодож дээрэлхэж байгаа юм бэ, миний хүү ямар гэм буруу хийсэн юм бэ, чи надад тайлбарлаад өгөөч” гэж асуухад Б “битгий солиороод бай чавганцаа, би ажлаа хийж байна пизда минь” гэж хэлсэн. Б тухайн үед дүүгийн маань баруун гарыг мушгиж доош нь харуулахад Л дүү маань нэг гараараа ор түшээд өвдгөн дээрээ өвдөглөөд босох гэхэд Б дүүг маань толгойгоор нь хана мөргүүлж унагаасан. Унагаасныхаа дараа ард талд нь хөлөөрөө дарж сууж байгаад 2 гарыг нь ард талд гавласан. Гавласныхаа дараа гэрээс чирээд аваад гарсан. Б дүүг маань чирээд авч гарах үед ээж маань түүнээс “миний хүүгийн амь насыг чи хариуцах юм уу, миний хүү ямар хэрэг тарьсан юм бэ, чи энийгээ надад тайлбарлаад хэлээд өгчих” гэж асуухад Б “та битгий хуцаад бай” гэж хэлсэн. Тэгэхэд ээж маань “чи миний хүүг зодоод авч гарлаа, хэрвээ хүү маань үхчих юм бол чи миний хүүгийн амь насыг хариуцах юм уу” гэж асуухад Б "чадахгүй, би яасан гэж хариуцах юм, би яасандаа чиний хүүгийн амь насыг хариуцдаг юм бэ” гэж хэлж байсан. Б дүүг маань чирээд гадагшаа авч гарсан, ээж маань араас нь дагаад гарсан. Харин би гэртээ үлдсэн. ... Би Бг явах үед Бд хандаж: “би дүүгээ 2 цагийн дараа очиж авъя” гэж хэлсэн. Б дүүг маань авч явснаас хойш 20 минутын дараа би түүн рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Бгийн утас руу нийт 6 удаа залгасан, 6 дахь удаагаа залгахад Бгийн утас нь холбогдсон. Би тухайн үед Бгээс “чи хаана байна” гэж асуухад Б “Мөрөн суманд ороод ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та хоёр дажгүй яваад оров уу” гэж асуухад Б “дажгүй яваад ороод ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи одоо юун Мөрөн бэ” гэж асуухад Б утсаа тасалчихсан. Хэсэг хугацааны дараа Б над руу өөрөө залгаад “та өөрийн овог, нэр, регистрийн дугаараа” хэл гэж хэлсэн. ... Тэгэхээр нь би “чи тэр дуудлага өгсөн хүнийхээ овог, нэр, регистрийн дугаарыг ав” гэж хэлэхэд Б “чамаас гуйдаггүй юмаа” гэж хэлээд утсаа тасалсан. Б дүүг маань анх гэрээс авч гарах үедээ миний овог, нэр, регистрийн дугаарыг утсан дээрээ бичиж авчихаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 96 дугаартай: “...Г.Бгийн биед хамар, хоёр гарын эрхий хуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Г.Бгийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 65 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаартай: “...Д.Лын биенээс авсан гэх цусанд 1.7 промилли спирт илрэв...” гэх дүгнэлт /хх-ийн 76 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай дүгнэлт /хх-ийн 81 тал/,

Шинжээч Г.Алтайгийн өгсөн: “...Надад гаргасан дүгнэлттэйгээ холбоотойгоор ярих зүйл алга байна... Би Д.Л гэх хүнтэй уулзаад: “таны биед өвдөж, зовиурлаж байгаа зүйл байна уу, танд гэмтэл байгаа юу” гэж асуухад “миний юу ч өвдөөгүй, надад ямар ч гэмтэл байхгүй” гэж хэлээд чимээгүй суугаад байсан. Тухайн хүний царай төрхийг харахад ил харагдахаар гэмтэл шарх байгаагүй. Би тухайн хүний хүзүүг харсан, хүзүүг харахад гэмтэл шарх ажиглагдаагүй. Харин гаранд үүссэн гэмтлийг хараагүй. Хараагүй учраас шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй. Уг зурагнаас харахад Д.Лын гаранд үүссэн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө буюу 3-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Баруун гарын шархнаас харахад шарханд тав тогтсон, захаараа эдгэрч буй шинжтэй харагдаж байна...Хамар дээд уруулын хооронд хэсгээр бооход амь насанд шууд аюул учруулахгүй...Г.Бгийн хамранд үүссэн гэмтэл нь уяагаар үрэгдэх үед үүссэн байх боломжгүй. Харин гарт үүссэн гэмтэл нь уяагаар үрэгдэх үед үүссэн байх боломжтой байна. Г.Бгийн биед үзлэг хийсэн ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлтэд баруун гарын эрхий хурууны зулгаралтаас хумс руу чиглэсэн зурагдалт үүссэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 86 тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай: “...Д.Л нь сэтгэцийн ямар нэг өвчингүй болно. Д.Л нь сэтгэцийн ямар нэг өвчингүй болно. Д.Л нь сэтгэцийн өвчингүй тул цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Д.Л нь сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Д.Л нь сэтгэцийн өвчнөөр өвдөж, эмчлүүлж байгаагүй болно. Д.Л нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Д.Л нь оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвартай болно...” дүгнэлт /хх-ийн 94-95 тал/,

Хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан: “...Хохирогч Г.Бгийн өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 23 минутад иргэн Ө гэх хүн 97189228 дугаарын утаснаас миний өөрийн эзэмшлийн 88662344 дугаарын утас руу залгаж мэдэгдэхдээ “Цагаан байранд манай дүү согтуу ирээд хэрүүл маргаан хийгээд байна” гэсэн дуудлагыг өгсөн. Үүнээс өмнө буюу тухайн өдрийн өглөө 10 цагийн орчимд 88123414 дугаарын утаснаас миний 88662344 дугаарын утас руу залгаад Улаанбаатар хотоос ярьж байна, Б гэх хүн байна, манай дүү байнга архи уугаад байх юм, арга хэмжээ авахуулмаар байна гэж хэлэхээр нь “21 насанд хүрсэн хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь өөрийнх нь асуудал, архи уусан үедээ гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл гаргаагүй бол арга хэмжээ тооцох үндэслэл байхгүй” гэж хэлсэн. ... Анх дуудлага мэдээллээр очиход Л гэрийн үүдээр гарч ирж байсан, би шатны урд талд очоод за ямар асуудал болсон бэ гэж хэлэхэд миний өдөөс шууд “чи пизда минь миний үхрүүдийг олж өгөөгүй биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би за үхэрний асуудал яахав би иргэнээс гаргасан дуудлага мэдээллийн дагуу ирж байгаа талаараа хэлсэн. Тэгж хэлээд Лын баруун гар талын ханцуй хэсгээс бариад гэр лүү нь орох үед Л над руу чи боль май гэж хэлээд салаавч өгсөн. Тэгэхээр нь салаавч өгсөн гарыг дээш нь түлхээд мушгих маягтайгаар хажуу тал руу унагаагаад дарсан. Би Л унагаачхаад гаваа гаргаж ирээд байж байхад өрөөнөөс Лын ээж А гарч ирсэн. Гарч ирэнгүүтээ юу болоод байгаа юм бэ гэж надаас асуусан. Лын ээж нь гарч ирэхээр нь босгож ирээд “иргэнээс гаргасан дуудлагын дагуу ирж байна” гэж хэлэхэд А гуай би дуудлага гаргаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Ө дуудлага өгсөн талаар хэлсэн. Тэгэхэд Ө: “ээж наадахыг чинь байнга өмөөрөөд байдаг юм, явуулдаг газарт нь явуулмаар байна” гэж хэлсэн. Тухайн үед Ө дуудлага өгсөн учир овог нэр регистрийн дугаарыг нь бичиж авсан. Би Лыг гарнаас нь бариад гэрээс нь дагуулж гарч ирсэн. Тэгэхэд бид хоёрын араас Лын ээж А гарч ирсэн. Гарч ирээд заавал авч явах шаардлагатай юм уу, суманд нь эрүүлжүүлж болдоггүй юм уу гэж асуухаар нь “суманд эрүүлжүүлнэ гэсэн ойлголт байхгүй, суманд эрүүлжүүлэх байр ч байхгүй, аймаг руу авч явна” гээд машиныхаа ард тал руу суулгаад, суулгахдаа хаалгыг дотроос нь онгойдоггүй маягаар түгжсэн. Тэгээд би буцаж А гуай гэрт орж Лыг авч явлаа гэдгээ Өод хэлээд авч явсан. Анх машинд суулгах үедээ гарыг нь гавлаагүй суулгасан. Тэндээс цагдаагийн байранд очоод гарыг нь урд гавлаад буцаагаад машины хойд талд ганцааранг нь суулгасан. Цагдаагийн байранд нэг их удаагүй. Цагдаагийн байрнаас гараад 2 км орчим явч байх үед гэнэт араас уяагаар татсан. Татсан уяа нь хамар, дээд уруул хоёрын дунд хэсэгт ирээд татагдсан. Би тухайн үед хэрхэн яаж тайлснаа өмнө мэдүүлэгтээ дурьдсан байгаа. Асуудал гарсны дараа гарыг нь ард гавлаад суулгасан. Наашаа Мөрөн сум руу орж ирж явах үедээ гар нь чангараад байна гэхээр нь гарыг нь урд нь гавласан...”, яллагдагч Д.Лын өгсөн: “...Б гэрээс анх гаргахдаа л миний гарыг ард талд гавалсан. Гэрээс гаргахдаа үедээ намайг нохой шиг чирээд авч гарсан. Би болсон асуудлын талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ дурьдсан. Хэрвээ би Бг боосон бол сорви үлдэх байсан байх. Бг боосон зүйл огт байхгүй. Машин дотор сууж явж байхдаа байнгын гавтай явсан. Гавгүй авч явсан асуудал байхгүй. Замд тамхи татах үедээ л гавыг маань авсан. Тамхи татсаны дараа буцааж гавлаад л машинд буцаагаад суулгасан...”, хохирогч Г.Бгийн өгсөн: “... Надад энэ хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэх шалтаг шалтгаан байхгүй. Энэ хүн надтай хамт явж байх замдаа одоо гэртээ хариад амарчихая, сар шинэ болох гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дуудлага мэдээлэл ирсэн шалгана. Цагдаа дээр очоод драгер үлээгээд согтолтын зэрэг 0,20%-иас дээш гарах юм бол эрүүлжүүлнэ, гарахгүй бол буцаад надтай сум руугаа явна гэж хэлсэн. Ингээд надтай ярилцаж байхдаа чи миний үхрийг олж өгөөгүй, машинд хулгай орж эд зүйл алдагдсан байхад олж өгөөгүй гэж ярьсан. Мөн өгсүүр рүү өгсөх гэж явж байх үед чи амьдралтай юу” гэж асуухаар нь “миний амьдралтай, амьдралгүй байх нь чамд хамаагүй” гэж хэлсэн...Лын гаргасан үйлдэл нь намайг алах зорилготой байсан болов уу гэж бодож байна...”, яллагдагч Д.Лын өгсөн: “...Надад бол Бг боох ямар нэгэн шалтаг шалтгаан байгаагүй. Би угаасаа уяагаар боох үйлдэл гаргаагүй. Б намайг замд явж байхдаа нохой пиздагаар дуудаж, хэл амаар доромжилж байсан. Мөн сошиалаар хүн боож алахыг завдлаа гэсэн яриа өгүүлэл гаргасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 150-151 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 тал/,

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 18 тал/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-21 тал/,

Эд зүйл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24 тал/,

Мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай тухай санал,  Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 25, 27 тал/,

Прокурорын Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 28-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Лын яллагдагчаар өгсөн: “...үүдэнд сумын хэсгийн төлөөлөгч Б амрыг эрье гэж уулзаж дуудлагын дагуу ирлээ гэхээр нь би юун дуудлага гэсэн чинь чам дээр хүн амьтны амгалан тайван байдал алдагдуулаад байна гэсэн дуудлагын дагуу явж байна гээд намайг авч явах гэхээр нь би амгалан тайван байдал алдагдуулсан зүйл байхгүй гээд явахгүй гэж эсэргүүцсэн чинь чамайг гуйхгүй гээд гаваа гаргаж ирээд намайг гавлаад цагдаагийн байранд аваачаад тэндээсээ өрөөнөөсөө юм авч гарч ирээд шууд аймгийн төв рүү аваад явсан. Тэгсэн замд явж байхад гав нь чангараад байхаар нь гав чинь чангараад байна цус боогоод байна гэсэн чинь гаваа суллаж, гав тайлаад бид хоёр гарч тамхи татах зуураа би Бд цагаан сар болох гэж байна хэн хэнийхээ мууг үзээд яах вэ би наад талынхаа гэрт очоод амарчихья гэсэн чинь Б нэгэнт дуудлага мэдээлэл цагдаагийн газарт орсон учир аймагт очиж шалгуулах ёстой очоод драгер үлээгээд гайгүй гарах юм бол буцаад гараад ирнэ биз гээд бид хоёр аймаг руу явсан. Тэгэхдээ миний гарыг хойно гавалсан байж байгаад урд маань гавлаад явсан. Тухайн үед би машины хойд талын суудалд сууж явахдаа би гэртээ буцаж харих зорилгоор Бг машин барьж явахад нь түүний ар талаас нь куртикний доод талын уяа сугараад тал нь унжсан явж байхаар нь тэр уяаг сугалж аваад гартаа барьж байгаад Бгийн араас гавтай, уяатай гараараа хамар хэсгээр нь хойш нь татаж чангаасан тэгсэн Б гэнэт машинаа тоормослож зогсоогоод өө муу пизда чинь хүнийг боож алах гэж байна ш дээ гэж хэлэхээр нь би гэртээ харьмаар байна. Аймаг явмааргүй байна гэж хэлсэн. Би Бгийн бие махбодид халдаж хүч хэрэглэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрнө миний буруу, би үүндээ харамсаж байна. Бгээс уучлалт гуйсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 238-239 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Бгийн мэдүүлэг, гэрч Д.Б, Э.М, Д.Б, Г.Ө нарын өгсөн мэдүүлэг, шинжээч Г.Алтайгийн өгсөн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 96 дугаартай гэх дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаартай гэх дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай дүгнэлт зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Д.Л нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Түнэл сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бгийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, өөрийгөө “бусдын амгалан тайван байдал алдагдуулаагүй” гэх шалтгаанаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хэл амаар доромжилсон,  уяагаар боож хүч хэрэглэн эсэргүүцсэн нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “...Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан байх тул Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Түнэл сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Б нь хууль сахиулагч гэх ойлголтод хамаарна.

Шүүгдэгч Д.Л гэм буруугийн талаар маргаагүй, түүний хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, идэвхтэй үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Шүүгдэгч Д.Лын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, хохирогч Г.Б нь шүүхэд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Д.Лыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Лыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Лод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Д.Лын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Лод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 156-159 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Булаг багийн Засаг даргын тодорхойлолт, Түнэл сумын эрүүл мэндийн төвийн их эмч И.Өлзийбадрахын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Л нь ам бүл 2, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Түнэл сумын Булаг багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Д.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 122 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Лын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Д.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Лын цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцож /59*15000=885000/, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгийн торгох ялаас хасаж тооцож, торгох ялыг 3.115.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Лод авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Д.Лын Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын Төрийн сан дахь 100170005350 тоот дансанд байршуулсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний 5.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 144 см нэг үзүүр нь түлэгдэж нарийссан, нөгөө үзүүрийн хэсэгт зангидсан хэсэгт хуванцар тогтоогчтой цайвар өнгийн уяа 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Дгийн Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж овогт Дгийн Лыг 4.000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Лын цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 885 /найман зуун наян тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 885000 / найман зуун наян таван мянга/  төгрөгийг эдлэх ялаас нь хасаж түүний эдлэх ялыг нийт 3115 / гурван мянга нэг зуун арван тав/ нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 3.115.000 / гурван сая нэг зуун арван таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лод оногдуулсан 3115 / гурван мянга нэг зуун арван тав/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.115.000 / гурван сая нэг зуун арван таван мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Лод авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шүүгдэгч Д.Лын Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын Төрийн сан дахь 100170005350 тоот дансанд байршуулсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний 5.000.000 /таван сая/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Лод буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 144 см нэг үзүүр нь түлэгдэж нарийссан, нөгөө үзүүрийн хэсэгт зангидсан хэсэгт хуванцар тогтоогчтой цайвар өнгийн уяа 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Ханбүргэдэд даалгаж,  хэрэгт хавсарган ирүүлсэн 2 /хоёр/ ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9  Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Л нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН