Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/153

 

 

 

 

 

 

 

                             

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,                     

              Улсын яллагч Л.Отгончимэг,

              Иргэний нэхэмжлэгч Б.Т,

              Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сын Ад холбогдох эрүүгийн 2238000000176 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны орой Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн нутаг дэвсгэр Зүлэгтийн гүүрний орчим 12-15 ХӨА улсын дугаартай автобус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” энэ дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсний улмаас тухайн асфальтан зам дээр мотоцикль жолоодон явсан Б.Т, зорчин явсан Б.М, Р.Б нарыг араас нь мөргөж, Б.М, Р.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, эрүүгийн 2238000000176 дугаартай хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

2022 оны 03 дугаар сарын 30-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 12-15 ХӨА улсын дугаартай автобус YUTONG.ZK6120 загварын тээврийн хэрэгслийн жолооч С.А нь Хөвсгөл аймаг, Улаанбаатар хот хоорондын замын Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн Зүлэгтийн гүүр гэх газарт  байрлах асфальтан замын хэсэгт өмнөө явсан улсын дугааргүй Даюун загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.М, Р.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол тус тус учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Аийн өгсөн: “..мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Тын өгсөн: “...Зүлэгтийн гүүрний тэнд мотоцикльтой явж байгаад автобусанд мөргүүлсэн. С.А хохирлоо барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газрын үзлэг хийсэн: “...Хэрэг болсон гэх газар нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг Сэлэнгэ багийн Зүлэгтийн гүүр гэх газарт ертөнцийн зүгээр зүүн зүгт явж байх том оврын автобус, мотоцикль хоёр мөргөлдсөн байдалтай байв. .. хэргийн газарт очиход гадаа хүйтэн салхитай засмал зам дагуу ертөнцийн зүгээр зүүн зүгт том оврын цагаан өнгийн автобус зогсож байх ба түүний урд талд улбар шар өнгийн Даюун маркийн мотоцикль зогсож байв. Үзлэгийг анх мөргөлдсөн цэгээс хийхээр тогтож, мөргөлдсөн гэх газар очиж хэмжилт хийж В цэгээр тэмдэглэж, замын хоорондын болон мөргөөд явсан хэмжээ зэргийг тогтоохоор хэмжиж гүүрний хажууд байх дүмбэнээс анх мөргөлдсөн цэг хүртэл 90 м, анх мөргөлдсөн цэгээс засмал зам хүртэл 3 м зайг зааж байлаа. ... Үзлэгээр анх мөргөлдсөн гэх цэгээс хагарч бутарсан гэрлийн үүрмэг байсан ба уг хагархайг цуглуулж авав. Өөрөөр ямар нэгэн тооромзолсон мөр болон  эд мөрийн баримт олдоогүй ба мотоциклийн хажууд цус мэт зүйл байсанг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. .. Үзлэгийн явцад шинжээч Д.Өнөбат нийт 16 кадр зургийг бэхжүүлэн авч хэргийн материалд хавсаргахаар тогтож үзлэгийг дуусгав...” гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-12 тал/,  

Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай: “...замын хэсэг: бусад, замын ангилал: ердийн, замын хучилт: асфальт, зорчих хэсгийн гадаргуу: хуурай, замын онцлог: тэгш, зорчих хэсгийн өргөн: 7 м, үзэгдэх орчин: чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, цаг агаар: цэлмэг, замын харъяалал: суурингийн гадна, эгнээний тоо: 2, хөдөлгөөний чиглэл: эсрэг, сөрөг, замын байгууламж: хашлагагүй, хайсгүй...” гэх тэмдэглэл /хх-ийн 13 тал/,

Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14 тал/,

Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай санал, тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15, 17-19 тал/,

Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 16 тал/,

Хохирогч Б.Мын өгсөн: “...Тариалан сумаас найз Тынх руу хоёр найзын хамт гараад Сэлэнгэ багт найзындаа бид гурав очсон. .. Т эхнэртэйгээ малаа хотлуулчихаад орж ирээд Тын эхнэр Б 0,5 граммтай нэг шил архи задалсан. Тэр архинаас нь Б бид хоёр хундага архи уусан. Тэгээд би сумын төв орох хэрэгтэй байна ээж гэртээ ганцаараа байгаа гээд нөгөө архинаас нь уугаагүй хөдлөхөөр болсон. Тухайн үед Т архи уугаагүй байсан. Т эхнэрийн хамт сумын төв рүү намайг хүргэж өгөхөөр болоод мотоцикль дээр нь гурвуулаа суугаад хөдөлсөн. Тэр мотоцикль дээр би хамгийн араар нь суугаад дундуур Б суусан. Тэгээд засмал руу явж байхад хойноос машины гэрэл тусахаар нь эргэж хартал том автобус ирж яваа харагдсан. Тэгэхээр нь би Тад араас автобус ирж байна шүү гэж хэлснээ санаж байгаа юм. Тэгээд юу болсонг мэдэхгүй байгаа. Нэг мэдсэн аймгийн 103 дээр ирсэн байж байсан. Тэгж ухаан орсон байсан. Осолд орсон талаараа мэдэхгүй байгаа. Тэгээд ухаан орж сэрэхэд эмнэлэгт биеийг минь савх шиг модоор битүү ороосон байсан... Нурууны гурван сэртэн хугарсан, зүүн талын 8 дахь хавирга цууралттай, хамар хугаралтай, 103 дээр байхад ам ангайхгүй байсан уруулаа зуугаад Бын толгой руу мөргөсөн байсан. Тэгээд уруул язарсан байсан. Одоо дээд талын хоёр шүд ямар ч мэдээгүй байгаа унаж магадгүй байна... Бид хоёр нээх айхтар согтсон зүйл байхгүй хоёр хундага архи уусан байсан болохоор архи үнэртэж байсан байх... Тэр хурдыг мэдэхгүй байна нээх аймар эрчтэй хурдтай давхиж яваагүй дундаж хурдтай явж байсан. Хамгаалах малгай өмсөөгүй байсан... Засмал дээр гарах гэж байхад нэг машин ирж яваа харагдаж байсан бид гурав тэр машинаас өмнө зам дээр гараад явж байхад нөгөө гэрэл машины гэрэл бид нарын ард ирэхээр нь эргэж хартал их олон гэрэлтэй том автобус байсан. Тэгээд Тад хэлж байсан тэр автобус нэлээн хурдтай явж байсан байх гэж бодож байна... С.А нь надад эмчилгээний зардал гэж 3.000.000 төгрөг бэлнээр дансанд хийж хохиролгүй болгож бид хоёр харилцан тохиролцож эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 29 тал/,

Хохирогч Р.Бын өгсөн: “...сумын төвөөс найз Б манайд ямаа самнахаар ирсэн. Тэгээд манайх ямаа самнах арай болоогүй байсан учир найз Мын хамт өөрийнхөө гэрт нэг шил архи задлаад бид хоёр дээрээс нь хоёр хундага уусан. Тэгээд М сумын төв орно ээж ганцаараа байгаа, орохгүй бол болохгүй байна гэхээр нь нөхөр бид хоёр хүргэж өгөхөөр өөрийнхөө мотоцикльтой бид гурав гэрээс хөдөлсөн. Тухайн үед би дундуур сууж явсан, миний араар М сууж явсан. Тэгээд гэрээс гараад засмал дээр гараад явж байхад араас машин ирж байгаа бололтой гэрэл тусаж байсан. Тэгсэн манай нөхөр мотоциклио баруун гар тийш нь жолоодож зам чөлөөлөх гэж байхад араас машин ирж мөргөх шиг болсон араас тас гээд л явсан. Тэгээд би хэсэг зуур ухаан алдсан байсан. Тэгсэн нэг мэдсэн Зүлэгтийн цайны газар дотор ухаан орсон сумын эмч ирсэн байсан. Тэгээд намайг болон Мын хамт сумын эмнэлгийн машинтай хамт аймгийн эмнэлэгт ирсэн...Зүүн талын 5 хавирга хугаралтай, зөрсөн 4 хувирга байна гэж эмч хэлсэн, хавирга хугарсан болохоор цээжээ дийлэхгүй баруун гар даагдахгүй байна толгой хүзүү хэсэгт өвчинтэй байна уул нь миний толгой их өвддөг юм.....Бид гурав аажуухан явж байсан. Манай нөхөр араас машины гэрэл тусахаар нь зам чөлөөлж урдаа оруулах гэж замаас баруун тийш гарах үед араас том автобус ирж мөргөсөн юм. Хамгаалах малгай хэрэглээгүй байсан...Тэр машиныг ямар хэр зэргийн хурдтай явж байсанг мэдэхгүй байна... С.А нь надад эмчилгээний зардал гэж 4.000.000 төгрөг бэлнээр дансанд хийсэн. Бид хоёр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 37 тал/,

Гэрч Б.Тын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 30-ны орой манай эхнэрийн ангийн хүүхэд болох Цг Тариалан сумын Зүлэгтийн гүүрний урд талаас гэрээсээ сумын төв рүү оруулж өгөхөөр эхнэр Бын хамт бид гурав миний эзэмшлийн мотоциклиор хөдөлж гүүрний хажуу талын гарцаар засмал зам дээр гараад Тариалан сумын чиглэлд гүүр өнгөрөөд явж байхад араас автобус ирж бид гуравыг мөргөсөн. Тухайн мотоцикль араасаа мөргүүлээд урагшаа ухас хийгээд салганаад унах гээд хурд авсан. Би арай гэж мотоциклио унагаалгүй тэнцвэрээ олоод цааш явж байгаад замын хажууд зогсоосон. Тэгэхэд миний араар сууж явсан манай эхнэр болон найз нь миний ар нуруунд наалдаад ухаан алдсан байсан. Тэгээд би тэр хоёрын нэрээр дуудсан чинь эхлээд хамгийн араар сууж явсан Ц сэрсэн дараа нь дундуур сууж явсан эхнэр сэрсэн. Тэгсэн Цгийн нүүр ам нь цус болсон байсан. Тухайн үед хаанаас гараад байгаа нь мэдээгүй. Тэгээд Ц мотоциклиос буусан, эхнэр бууж чадахгүй байсан. Тэгэхээр нь би түрүүлж буугаад эхнэрийг мотоциклиос түшиж буулгасан. Тэгж байхад бид нарыг мөргөсөн автобусны жолооч нь бууж ирэхээр нь чи яаж байгаа юм бэ? зүгээр явж байхад араас ирээд мөргөчих юм наад хүнийхээ цусыг угааж цэвэрлэж өг гэж хэлчихээд эхнэрээ үүрээд Зүлэгтийн гүүрний зоогийн газарт оруулж хэвтүүлсэн. Тэгсэн зоогийн газрын эзэн А эгч сумын эмнэлэг дуудсан. Тэгээд удалгүй сумын эмч болон цагдаа нар ирсэн. Сумын эмч Ц болон манай эхнэрийн биеийг үзээд аймаг явах шаардлагатай гээд сумын түргэний машинтай тэр хоёрыг аваад явсан...Би хэрэглээгүй эрүүл байсан Б, Ц хоёр манай гэрт нэг шил архи хувааж уусан байсан...Би засмал дээр гараад 40 км цагийн хурдтай явж байсан байх. Бид гурав хамгаалах малгай хэрэглээгүй байсан... Намайг засмал дээр гарахад нэг жижиг тэрэг урдуур өнгөрсөн. Тэгээд би дахин замаа шалгаж харахад нэг машины гэрэл хол зайтай яваа харагдаж байсан. Тэгээд би засмал дээр гараад явж байхад араас ирж мөргөсөн, нилээд хурдтай явсан байх гэж бодож байгаа. Хэрвээ ойрхон гэрэл харагдсан бол би өнгөрөөж байж орно шүү дээ. Араас машины гэрэл орж ирэхээр нь зам чөлөөлж шороон хэсэгт гарсан байхад араас орж ирж мөргөсөн. Би уул нь тэр машиныг намайг гүйцэж түрүүлэх байх гэж бодоод зам чөлөөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,

Иргэний хариуцагч Д.Бы өгсөн: “...12-15 ХӨА улсын дугаартай том оврын автобус байгаа. Одоогоос 5 жилийн өмнө жолооч С.Атэй гэрээ байгуулж орж байсан. Тэр үед манайх хоршоогоор явдаг байсан. 2021 онд компани болсон. С.А жолооч нь компанийн хувьцаа эзэмшигч үндсэн жолооч байгаа юм...Манай компани зорчигч тээвэрлээд гарах үед нь хөдөлгөөний аюулгүй байдлыг тухайд нь шалгагч механикч үзэж шалгаад гаргана. Хэрэв эвдрэл гэмтэл байх юм бол тээвэрт гаргахгүй мөн жолоочийг хөдөлгөөн үйлдэх үед нь тухай бүр эмчийн үзлэг хамруулж байж гаргадаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 208 дугаартай: “...Мын биед бүсэлхийн L1,  L2, L3 нугалмайн хажуугийн сэртэн болон хамар яс, зүүн талын 8 дугаар хавирганд хугарал бүхий гэмтэлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Б.Мын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна хамаарна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 51 тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 207 дугаартай: “...Р.Бын биед баруун талын 5 дугаар-хавирга, зүүн талын 3, 5, 6 дугаар хавиргануудын хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Р.Бын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 58 тал/,

Ихэрмөрөн Аудит ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №22456172003009 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн Б.Тын Даюун маркийн мотоциклийн ачаа, хойд гэрэл, дохионы гэрлийн нийт үнэлгээг 185.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 66-67 тал/,

Мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн: “...YUTONG.ZK6120 маркийн 1215 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” энэ дүрмийн “12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. “3.5 а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна. Мөн мотоциклийн жолооч Б.Т нь механикжсан тээврийн хэрэгсэл нь тухайн бүртгэсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна жолооч нь дараах бичиг баримттай байна: а/ замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байх, 3.4 в/ в/ мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, хохирогч Б.М, Р.Б нар нь тус дүрмийн 6.1 б/ мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, 23.9 а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэх журам зөрчсөн гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-ийн 70-72 тал/,

 Шүүгдэгч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж “...Би тогтоолыг уншиж танилцсан. Хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна...Би хохирогч нартай сайн дураараа эвлэрч эвлэрлийн гэрээг хйисэн байгаа. Хохирогч Р.Б, Б.М нарт эмчилгээний зардал болох Р.Бд 4.000.000 төгрөг, Б.Мд 3.000.000 төгрөгийг дансаар хийж хохиролгүй болгосон байгаа. Б.Тын унаж явсан мотоциклийн эвдрэл болох ачааг гагнаж хуучин хэвэнд оруулж өгсөн. Хойд гэрэл, дохиог нь Т өөрөө янзалхаар болж тохиролцсон байгаа...Миний анхаарал болгоожгүй байдлаас болж ийм осол гаргасан. Урьд өмнө осол аваар гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч болон  гэрч нарын  мэдүүлэг нь шүүгдэгч С.Аийн гэм буруугаа  хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, тээврийн хэрэгсэл жолоодож явсан С.А нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний  улмаас уг зам тээврийн осол гарсан болохыг шууд болон шууд бусаар гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзлээ.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Р.Б, Б.М, иргэний нэхэмжлэгч Б.Т нарын хохирол, хор уршиг болон гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилж өгсөн мэдүүлгүүд, С.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэх мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн магадлагаа, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 208 дугаартай:  Мын биед бүсэлхийн L1,  L2, L3 нугалмайн хажуугийн сэртэн болон хамар яс, зүүн талын 8 дугаар хавирганд хугарал бүхий гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 207 дугаартай:  Р.Бын биед баруун талын 5 дугаар-хавирга, зүүн талын 3, 5, 6 дугаар хавиргануудын хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тус тус тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар жолооч С.А нь 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар, Хөвсгөл чиглэлийн Хөвсгөл аймгийн Тариалан  сумын Сэлэнгэ  багийн нутаг Зүлэгтийн гүүр гэх газраар дамжин өнгөрөх асфалтан зам дээр 12-15 ХӨА улсын дугаартай YUTONG.ZK6120 автобус загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” энэ дүрмийн “12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж урдаа яваа улсын дугааргүй Даюун загварын мотоциклийг мөргөсний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Р.Б, Б.М нарын биед хүндэвтэр, гэмтэл учруулсан шүүгдэгч С.Аийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

              Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Р.Б, Б.М нарын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд бөгөөд хатуу мохоо зүйлд цохигдох байдлаар гэмтэл авсан нь эргэлзээгүй нотлогдсон, энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч С.Аийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

              Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч С.А жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

              Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч С.А нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

               Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Аийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч С.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Б, Б.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Тад 185000 төгрөгийн эд хөрөнгийн тус тус учирсан болох нь Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 207 дугаартай, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 208 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон байна. Мөн зам тээврийн ослын улмаас иргэний нэхэмжлэгч Б.Тын  эзэмшлийн улсын дугааргүй Даюун загварын тээврийн хэрэгсэл /мотоцикль/-д 185.000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан нь Ихэрмөрөн Аудит ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №22456172003009 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон байна.

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд хохирогч Р.Б, Б.М нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан /хх-ийн 89-92 тал/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд иргэний нэхэмжлэгч Б.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

              Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч С.Аийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч С.Аийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

              Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж, эвлэрлийн гэрээ байгуулсан”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

              Хавтаст хэргийн 84-88, 95, 96-98  дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үнэгүй газар өмчилсөн эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Монгол Улсын хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар, Монгол Улсын мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл 12 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.А нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл  аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 10-08 тоотод оршин суудаг,  Нөхөрлөл зам ХХК-ийн жолооч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлсөнөөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 78 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч С.Аийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч С.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн 2238000000176 дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор Нөхөрлөл зам ХХК-ийн эзэмшлийн YUTONG.ZK6120 автобус загварын  12-15 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид нь олгох нь зүйтэй байна.

Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, иргэний бичиг баримтгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Сын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө овогт Сын Аийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Эрүүгийн 2238000000176 дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор Нөхөрлөл зам ХХК-ийн эзэмшлийн YUTONG.ZK6120  автобус загварын 12-15 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц “Нөхөрлөл зам” ХХК-нд олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ДӨЛГӨӨН