Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2018/00142

 

 

     2018 оны 03 сарын 23 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00142

                       Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багт оршин суух, ПД61030975 дугаарын регистртэй, Дөрвөд овогт Шаравын Батсуурийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.Батсуурь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Батсуурь нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ховд аймгийн Дуут суманд 1981 онд төрсөн. Одоо 57 настай. Миний бие 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1979 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний нэгдэлд малчнаар ажилд орсон гарсан тушаал архиваас олдохгүй хохироход хүрээд байна.

Иймд Ш.Батсуурь намайг 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ш.Батсуурь нь 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ш.Батсуурь нь 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 175 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын 2 дугаар бригадын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс,

-Хүсэлт гаргагчийн 2014 о ны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0701162 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-1977 онд Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн гишүүн болж ажиллаж байхдаа авахуулав гэсэн тайлбар бүхий гэрэл зураг,

- 1978 онд Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байхдаа авахуулав гэсэн тайлбар бүхий гэрэл зураг,

-Хүсэлт гаргагчийн цэргийн үүрэгтний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цэргийн батлахын эх хувь,

-Гэрч З.Бямбадоржийн “.... Би 1962 онд төрсөн. 1970 онд Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1978 онд 8 дугаар ангиа төгссөн. Улмаар Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр 1978 оны 06 дугаар сараас эхлээд Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багт малчнаар 1992 оныг хүртэл ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сум, багтаа малчнаар ажиллаж байна. Ш.Батсуурь нь 1961 онд төрсөн. 1969 онд Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1977 онд 8 дугаар ангиа төгссөн. Улмаар Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр 1977 оны 06 дугаар сараас эхлээд Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багт малчнаар 1992 оныг хүртэл ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сум, багтаа малчнаар ажиллаж байна.1979 оноос 1982 оныг хүртэл цэргийн алба хаасан. Ш.Батсуурийн аавыг Шарав, ээжийг нь Хорхой гэдэг байсан. Бид хамдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд Ш.Батсуурийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна...” гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Ч.Цогтоогийн “... Би 1970 оноос 1973 оны хооронд цэргийн алба хаасан. 1973 оноос 1975 оны хооронд Ховд аймгийн Дуут сумын Хүн эмнэлэгт аж ахуйн эрхлэгч, 1975 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд тооцооны нярав, туслах нярав, ерөнхий няраваар, 1990 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Таван-Эрдэнэ компанид нягтланаар тус тус ажиллаж байсан. Ш.Батсуурь нь 1961 онд төрсөн. 1977 оноос эхлэн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Ш.Батсуурийн аавыг А.Шарав, ээжийг нь Б.Хорхой гэдэг байсан. Бид хамтдаа олон жил айл хөрш нэг бригадад ажиллаж явсан. Нэгнээ сайн танина. Аав ээж хоёр нь насаараа нэгдэлд малчин хийж байсан...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш.Батсуурийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Дөрвөд овогт Шаравын Батсуурийг 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ш.Батсуурийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ