Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/208

 

 

 

 

 

 

 

 

 2022           03           16                                       2022/ШЦТ/208

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч О.Ж-, З.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Т овогт З-ын Б-, Н овогт О-ын Ж- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205000000051 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ... -ны өдөр ... аймаг ... суманд төсрөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, .... -д түгээлтийн жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүрэг ...  дугаар хороо ... дугаар байр ... тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Намирт Оюунцэцэгийн Ж-.

Монгол Улсын иргэн, ... оны .. дүгээр сарын ...-ны өдөр .... аймаг .... суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, амлчин, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хороо .... дугаар гудамж ... тоотод оршин суух,

урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нийт 60 хоногийн ялыг нэмж нэгтгэн 1 жил 2сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн Т овогт З-ын Б-.

 

Шүүгдэгч О.Ж-, З.Б- нар нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Овоотел зочид буудлын 407 тоот өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж, харилцан зодолдсоны улмаас бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ж- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ж- хохирогчоор мэдүүлэхдээ: “Миний зүүн нүдний дээд зовхи сэтэрсэн өөр гэмтэлгүй. Б- миний биед гэмтэл учруулсан, надад нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б- хохирогчоор мэдүүлэхдээ: “Бид хоёр хоорондоо ярилцаад үл ойлголцох зүйлээс болж муудалцсан нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогч О.Ж-ын “... Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн орчимд М-тэй утсаар яриад буудалд ууж байна, намайг ирээд авчих гэж яриад би очсон юм. Намайг очиход М- найз охинтойгоо, О- найз охинтойгоо бас нэг танихгүй охин, Б- нар байсан юм.

Намайг ороод удаагүй байхад М- нь найз охинтойгоо хамт ахтайгаа уулзчихаад ирье гэж хэлээд гарсан юм. Бид нар дотор пиво уугаад юм ярьж сууж байгаад нэг мэдэхэд маргаан болсон. Тэгээд Б- нь миний нүд рүү цохисон. Тэгэхээр нь би орон дээр унаад нөгөө хэд салгаж байсан. Би доошоо бууж ресепшин рүү очоод цагдаа дуудаад өгөөч гэж хэлээд шатан дээр зогсоод өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгөөд зогсож байхад буудалд байсан хоёр охин явлаа гээд гараад явсан. Тэгсэн араас нь Б- явлаа гэхээр нь цагдаа дуудсан гээд бид хоёр заамдалцаад зогсож байсан. ... Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дэх тал/

 

Хохирогч З.Б-гийн “ ... Намайг очоод удаагүй байхад гаднаас Ж- орж ирсэн юм. Тэгээд М- нь найз охинтойгоо хамт ахтайгаа уулзчихаад ирье гээд гарсан юм. Бид 4 дотор пиво уугаад юм ярьж суугаад нэг мэдэхэд маргаан болсон. Тэгээд Ж- нь миний толгой руу шилээр цохиод шил нь хагараад миний духны хэсэгт шалбарсан. Тэгээд би уурлаад хоорондоо маргалдаад салчихсан байж байгаад би за за хоёулаа их муухай юм болчихлоо гээд ярьж байсан. Тэгсэн чинь Ж- гараад гүйсэн бөгөөд араас нь гарахад М- найз охинтойгоо гадаа байж таарсан. Тэгэхэд Ж- нь гадаа байхдаа одоо үзье, пиздануудаа гээд орилоод О- бид хоёрыг цохиод байсан. Цаана зогсож байсан цагдаад намайг зодчихлоо гэж хэлээд цагдаагийн хэлтэст ирсэн. Буудал дотор л маргалдаж муудалцсанаас болж зодолдсон. Түүнээс гадаа бол огт зодолдоогүй.

... өрөөнд байхдаа Ж- нь шилээр 1 удаа цохиж /архи, пиво аль нь эсэхийг мэдэхгүй байна/ учруулсан. Хүзүүг дотор маргалдаж байхдаа гараараа боосон юм шиг байна лээ. Мөн бид хоёр хоорондоо бие биенийгээ цохиж байсан. Тэр үед миний хамар руу цохиж гэмтээсэн байна.

... Надад гомдол санал байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №513 дугаартай:

“...1. О.Ж-агийн биед зүүн нүдний няцарсан шарх, цус хуралт, духны шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 33-34 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №530 дугаартай:

“...1. З.Б-гийн биед хамар ясны хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 38-39 дэх тал/

 

Гэрч Т.М-ийн “ ...Тэгээд хэсэг байж байтал манай  ах над руу залгаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз охиноо дагуулаад тэндээс гарч яваад хэсэг хугацааны дараа буцаад буудлын гадаа ирэхэд Ж-, Б- нар муудалцаад зодолдчихсон байдалтай байцгааж байсан. Би юу болсон талаар Уянгаас асуухад энэ хоёр нутаг, ус, бөх ярьж байгаад нэг нь танай нутаг бөхгүй гэсэн чинь нөгөөдөх нь бөхгүй аймаг ямар байдагийг үзэх үү гэж хэлээд муудалцаад зодолдоод эхэлсэн гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 69-70 дахь тал/

 

Цахим хаягт үзлэг хийсэн “...шатаар цагаан өнгийн үслэг захтай бараан өнгийн куртиктэй эмэгтэй хүн байж болохуйц 1 хүн бууж байх ба араас нь зүүн гараараа ам , хамраа дарсан улаан өнгийн фудволктой, цайван өнгийн өмдтэй, бараан өнгийн гуталтай эрэгтэй хүн бууж байв. Дөнгөж буумагц уг эрэгтэй нь бараан өнгийн цамцтай эрэгтэй хүнтэй муудалцаж цохилцож байгаа дүр зураг харагдаж байгаад бичлэг төгсөхийн өмнөхөн камерын хяналтын өнцгөөс уг хоёр эрэгтэй зууралдан гарч байв. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 79 дэх тал/

 

Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Banana digital- гэсэн бичиглэлтэй CD-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 81 дэх тал/

 

О.Ж-ын яллагдагчаар өгсөн “...Тэгсэн нэг мэдсэн маргаан юунаас болсон юм бүү мэд Б- бид хоёр маргалдаад зодолдсон. Тэгсэн тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Ингээд миний уур хүрээд өрөөс гарч яваад буудлын угтах ажилтан дээр очоод цагдаа дуудаад өг гэж хэлтэл за тэгье гэж хэлсэн. Тэгээд үүдний хэсэгт шатан дээр өөрийнхөө утсаар цагдаа дуудах санаатай зогсож байтал өрөөнд байсан танихгүй охин, О-ын найз охин тэр хоёр бид хоёр явлаа гэж хэлээд яваад өгсөн. Тэгсэн араас нь удалгүй Б-, О- нар гарч ирээд явлаа гэхээр нь би цагдаа дуудчихсан байгаа явуулахгүй гэж Б-тай маргалдаад байж байтал цагдаа ирсэн.

... Нутаг ус ярьж байгаад тэрнээсээ болоод л маргалдсан байх. Яг нарийн мэдэхгүй байна. Учир нь нилээд согтуу байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 54-55 дахь тал/

 

З.Б-гийн яллагдагчаар өгсөн “... Би яг юунаас болоод яагаад намайг цохисон талаар мэдэхгүй байна. Тэгээд би уурлаж босож ирээд бид хоёр зодолдож эхэлсэн. Энэ хооронд О- бие засах өрөөнөөс гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгсэн Ж- гадагшаа гүйгээд гарчихсан. Би хаашаа яах гэж явсар талаар мэдээгүй. Араас нь нүүрээ угаачхаад О-ын хамт гадагш гарахад буудлын гадаа М- найз охинтойгоо бас эрэгтэй найзтайгаа ирчихсэн байсан.

... Тухайн үед Ж- ч тэр, би ч тэр хэн хэн нь нилээд согтуу байсан учраас яг юунаас болж маргалдсан талаараа үнэхээр санахгүй байна. Нэг мэдэхэд л  намайг шилээр цохисон. Тэгээд би буцаагаад цохисон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 63-64 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

          Шүүгдэгч О.Ж-, З.Б- нар нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Овоотел зочид буудлын 407 тоот өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж, харилцан зодолдсоны улмаас бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч О.Ж-, З.Б- нар нь харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч О.Ж-, З.Б- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №513, №520 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ж-, З.Б- нар хохирогчоор мэдүүлэхдээ гэм хор учруулсантай холбогдон гарсан зардалд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-д 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч З.Б-д 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Ж-, З.Б- нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагын талаар өөрсдийнх нь гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг  компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Ж-, З.Б- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт З-ын Б-, Н овогт О-ын Ж- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ж-аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

З.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Ж-, З.Б- нар торгох ялыг тус бүр 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Ж-, З.Б- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг  компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, О.Ж-, З.Б- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ж-, З.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ