Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 182/2017/01398/И |
Дугаар | 1997 |
Огноо | 2017-09-06 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 1997
Ц.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/01466 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаагийн, хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 729 524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Дэлгэрмааг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар Онон голын сав газрын захиргааны даргын албан тушаалаас үндэслэлгүйгээр халагдсаныг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 432 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 442 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 332 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрхтэй баримтлан ээр ба э албан тушаалд өдрийн 43 877 төгрөгийн цалинтай ажиллаж байсан учраас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс ажилд томилогдсон өдрийг хүртэл буюу 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт ажилгүй байсан 99 хоногийн цалин 4 343 823 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Гэвч цалингаа бодохдоо буруу тооцоолсон учраас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3 702 020 төгрөгийг нэхэмжилж байгааг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзаяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь тухайн үед сайд Н.Батцэрэгтэй уулзан 6 сарын тэтгэмжээ авья, дахин мөнгө нэхэмжлэхгүй гэж харилцан тохиролцож, тус яамны сайдын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/144 тоот тушаалаар Онон голын сав газрын даргын албан тушаалд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс ажиллахаар томилогдож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3 729 524 төгрөгийг, мөн 6 сарын тэтгэмжийн хамт авсан.
Харин 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны нэг сарын цалин олгогдоогүй боловч нэхэмжлэгч нь энэ асуудлаар шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргаагүй.
2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа ажлаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдлөө гаргасны дагуу хариуцагчийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлж, 25 сарын тэтгэмж болох 19 117 400 төгрөгийг олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас урьд эрхэлж байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 3 702 020 төгрөг гаргуулахыг хүссэн Ц.Дэлгэрмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 461 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс ажилд томилсон 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 94 хоног ажилгүй байсан хугацааны олговорт 3 702 020 төгрөгийг нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хөдөлмөрийн маргаан гэж үзэж, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа нь ажлаас чөлөөлөгдмөгц дараа сараас нь эхлэн ахмад настныхаа эрхийг эдэлж, тэтгэврээ авч эхлэх ёстой байсан боловч хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж, бага тэтгэвэр тогтоолгон, үхэн үхтэлээ гомдолтой, үргэлж сэтгэл дундуур шархтай явах болж байна.
Нөгөө талаар энэ нь хөдөлмөрийн маргаан биш, шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжилж буй хүнд учирсан хохирол учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа нь хариуцагч Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 702 020 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ц.Дэлгэрмаагийн, ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг хүлээн авч, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 432 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, үр дагаврыг шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 442 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн танхимын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 332 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна.
Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч тал 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б/114 тоот тушаалаар нэхэмжлэгчийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харъяа Онон голын сав газрын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн томилж, 3 729 524 төгрөгийн олговор олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлжээ. Энэ талаар талууд маргаагүй.
Хариуцагч тал, нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаагийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 он 7 дугаар сарын 02-ны өдрөөс ажилд томилсон өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөр эрхлээгүй, эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр уг хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагаас татгалзаж, “шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, ажилтан 6 сарын тэтгэмжээ авсан учир зөвшөөрөхгүй” гэж маргасан байна. Хэрэгт цугларсан баримтаас харахад хариуцагч байгууллага, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 432 дугаар шийдвэрийг мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдөр биелүүлсэн байх тул энэ хугацаанд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд хуулиар тогтоосон уг хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн үеэс, эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолно.
Хариуцагч тал Ц.Дэлгэрмааг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тушаалаар ажилд эгүүлэн томилсон учир нэхэмжлэгчийг энэ өдрөөс эрх зөрчигдсөн тухайгаа мэдсэн гэж үзэн шаардах эрх үүссэн үеийг энэ хугацаанаас тоолох ба нэхэмжлэгч нь уг хугацаанаас хойш гурван сарын дотор холбогдох байгууллагад гомдлоо гаргах ёстой байна.
Гэтэл нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа дээрх хугацаанаас хойш 1 жил 6 сарын дараа буюу 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны улмаас Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан үр дагавар бий болсон байна. Өөрөөр хэлбэл хариуцагчид, нэхэмжлэгчийн шаардаж буй ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүргээ биелүүлэхээс татгалзах эрх үүсчээ. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг оновчтой хэрэглээгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/01466 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1” гэсний дараа “129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ч.ЦЭНД