| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2019/0039/Э |
| Дугаар | 010 |
| Огноо | 2019-05-15 |
| Зүйл хэсэг | 173.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 010
Б.Ж-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/00049 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Ж-т холбогдох эрүүгийн 1813002630196 дугаартай, 2 хавтастай хэргийг хохирогч, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, орлогч прокурор А.Турдыбек, шүүгдэгч Б.Ж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, С.Алтай, хохирогч Д.А, хохирогчийн өмгөөлөгч С.Нургайып, А.Серикжан, орчуулагч, хэлмэрчээр Б.Раушан нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, дээд боловсролтой, зураг технологийн багш мэргэжилтэй, “Аэро Монголиа” ХХК-ны Баян-Өлгий салбарт ачигч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Ж нь Б.Г-д өгөх ёстой гурилын үнэ 17,670,000 төгрөгийн өр зээлээ төлөх зорилгоор Д.А-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, гурил нийлүүлнэ гэж итгүүлэн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Д.А-ын 18,000,000 төгрөгийг иргэн Ш.Б-гийн ХААН банкны 5100000000 тоот данс руу шилжүүлүүлж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ж нь Д.А-г хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-т 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-т оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж-аас 18,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.А-д олгож, хохирогч Д.А нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн давж заалдах гомдолд: “Миний бие 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 18,000,000 төгрөгийг шүүгдэгч Ж-ын хэлсний дагуу Хаан банкны 5100000000 тоот дансанд шилжүүлсэн. Дараа нь уг данс Ж-нх биш Г-ийн эхнэр Б-ийн данс болохыг олж мэдээд Б-тэй уулзаж мөнгийг буцаахыг хүссэн. Миний бие Г болон Б нарын аль алинтай нь өглөг авлагагүй. Харин Г, Б болон Ж нар хоорондоо авлагатай ба тэд энэ талаар маргаагүй. Г, Б нар Ж-аас авах ёстой төлбөрийн оронд миний мөнгийг аваад өгөхгүй байгаа явдалд гомдолтой. Өөрөөр хэлбэл Г, Б нар субьектив санаагаар мөнгийг өгөхгүй байгаа учраас гэм буруутай. Шүүгдэгч Ж нь миний эргэлтийн хөрөнгө болох 18 сая төгрөгийг худлаа хэлж хууран мэхэлж авсан. Би өөрөө уг мөнгийг бизнесийн зээл болгож өндөр хүүтэйгээр банкнаас зээлдэж авч амьдралын эх үүсвэр болгож, бараа бөөндөж авч худалддаг байсан. Нөгөө талаас энэ хэрэг хууль хяналтын байгууллагаар шалгагдаад 8 гаруй сар болсон байхад Ж надад нэг ч зоос өгөөгүй, өгөх тухай идэвх чармайлт гаргаагүй, надаас уучлалт гуйгаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй байхад шүүх түүнд бага ял буюу 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан явдалд сэтгэл дундуур байна. Анхан шатны шүүхэд удаа дараа Б.Г, Ш.Б нарыг иргэний хариуцагчаар татуулахаар иргэний нэхэмжлэл гаргаж байсан боловч шүүх уг хүсэлтийг авч хэлэлцээгүй нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5-ыг ноцтой зөрчсөн. Б.Г, Ш.Б нар нь миний 18,000,000 төгрөгийг Б.Ж-ын надаас залилан мэхэлж авсан мөнгө гэдгийг мэдсээр байж буцааж өгөхгүй байгаа нь бие даасан гэмт хэргийн шинжтэй байснаас гадна энэхүү мөнгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэж үзээд хураан авч хохирлыг нөхөн төлүүлэх ёстой байсан. Тэдний энэхүү бусдын өмч хөрөнгийг завшсан дээрээс нь гэмт хэргийн улмаас олсон орлогыг буцааж өгөхгүй байгаа үйлдлийг хуулийн байгууллагууд шалгахгүй орхисон явдал нь бусдад ял завшуулсан, хариуцлагаас мулталсан явдал юм. Аймгийн прокурорын байгууллага нь хэргийг дутуу шалгасан болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байгаа хэдий ч зөвхөн Б.Ж-ыг шийтгэж байгаагаас нь шүүхийн шийдвэр шударга байж чадаагүй. Энэ хэрэгт анх хяналт тавьсан прокурор М.Отгонжаргал нь гэмт хэргийн улмаас олсон орлогыг хураан авах зорилгоор Б.Г, Ш.Б нарын өмч хөрөнгийг битүүмжилж байсан боловч тухайн үед Б.Г хөндлөнгөөс нөлөөлж хяналт тавьж буй прокурорыг өөрчлүүлсэн. Өөрчилсөн прокурор болох А.Турдыбек нь Б.Г, Ш.Б нартай нэг орцонд хамт амьдардаг хөршүүд болохыг дараа нь мэдлээ. Гэмт хэргийн улмаас олж авсан эд хөрөнгийг хураан авах, хохирлыг уг хөрөнгөөр нөхөн төлүүлэх зэрэг хуульд заасан арга хэмжээг аваагүйгээс болж өнөөдрийг хүртэл хохирч явж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/49 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Г, Ш.Б, Б.Ж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын эхэнд шүүгдэгч Б.Ж-ын холбогдсон хэргийг яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар хуулбарлаж “залилсан гэмт хэрэгт холбогджээ” гэж шууд буруутган бичсэн. Улсын яллагч нь яллаж буруутган бичих эрхтэй бөгөөд яллах дүгнэлтийг шүүх нь шууд зөвшөөрч ялласан гэж үзэж байна. Ялтан Б.Ж нь гурилын ченж болох Б.Г, Д.А нараас бөөндөж гурил авч худалдаад ашгаа авч гурилын үнийг хэд хоноод байнга төлж байсан ба жишээ нь өнөөдөр 15.000.000-17.000.000 төгрөг аваад хэд хоноод борлуулаад үнэ төлдөг байдлаар харьцаж байсан тул тэр өр гэх 17.650.000 төгрөгийг залилж өр хаалгах зорилго ялтан Б.Ж-т байгаагүй байна. Харин Б.Г нь Б.Ж-ын бөөндөж авсан гурилыг өндөр үнээр Д.А зах дээр худалдаж байсныг мөрдөж илрүүлээд хардаж байсан тухайгаа хурал дээр хэлсэн. Б.Г нь өрсөлдөгч Д.А-ыг чадах гэж Б.Ж-ыг төөрөгдүүлэн гурил ирэхэд чи гурил аваад Д.А-д өгчих гэж хэлж Д.А-ын 18.000.000 төгрөгийг замаас нь бусдын төлөх өрөнд авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Б.Г нь хэрэг цагдаад шалгагдаж байхад Б.Ж-ыг ятгаж, төөрөгдүүлж байгаад Д.А-ын 18.000.000 төгрөгийг өрөнд авсан болгож нотариатаар баталгаажуулж хууль зөрчсөн нь завших гэмт хэргийг үйлдсэнийг баталж байна. Д.А-ын нэртэй дансаар Ш.Б-гийн нэртэй дансанд гурилын үнэ гэж 18.000.000 төгрөг орж байхад энэ мөнгийг бусдын өр зээлд авч болохгүй гэдгийг бага хүүхдүүд ч хүртэл мэддэг. Б.Г нь Б.Ж-аас авах өр, зээлтэй бол түүнийгээ шүүхээр зохих журмаар нь нэхэмжлэх эрхтэй байсан. Б.Г нь өөрсдийнхөө дансанд түүний шүүх хуралд хэлснээр Д.А-ын гэх мэддэг байсан данснаас гурилын үнэ гэж орж ирсэн мөнгийг бусдын өр зээлд авах ямар ч эрхгүй гэдгийг тухайн үед хяналтын прокурор М.Отгонжаргал мэдэж Б.Г-ийн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн шалгаж хөрөнгийг нь битүүмжилж байсан. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгээгүй үедээ хөрөнгө битүүмжилж хууль зөрчсөн гэж М.Отгонжаргалын хөрөнгө битүүмжлэх тогтоолд Б.Г болон түүний өмгөөлөгч гомдол гаргаж хэл ам болсноор хэрэг хийгч Б.Г биш Б.Ж болж хувирсан. Анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.Ж-ын гэм буруутай байдал бүх талаар хангалттай тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.1 болон 1.5.1.1-т заасан гэмт хэрэг хийсэн гэх Б.Ж-ын үйлдэл нь нотлогдоогүй, Б.Ж-ын үйлдэлд гэмт хэргийн шинжгүй байхад иргэн Б.Ж-ыг гэм буруутайд тооцож ял халдаасан. Мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 1.15.2-т заасан шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтуудыг тус тус мөрдөлгүй шүүгдэгчийн буюу иргэний Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон халдашгүй эрхэнд халдаж шүүгдэгчийг үндэслэлгүйгээр ялласан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Ж-ыг цагаатгаж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүхээс Б.Ж намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ялаар шийтгэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Б.Ж миний бие 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Б.Г-ээс 17.670.000 төгрөгийн гурилыг зээлж авсан болох нь хавтаст хэрэгт байгаа гэрч Б.Г, Ш. Б нарын мэдүүлгээр батлагдаж байна. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Б.Г-д миний бие утсаар холбогдож, түүнээс 18 сая төгрөгт дүйцүүлэн гурил зээлж авах, түүний дансанд тухайн өдөр хүнээс 18 сая төгрөг шилжүүлэхээр утсаар ярьж тохиролцсоныг Г зөвшөөрч, өөрөө хөдөөгөөс орж ирж байгааг илтгэж, очсоны дараа гурил өгөхөөр амласныг хүлээн мэдүүлсэн гэрчийн мэдүүлгээр, мөн тэр өдрийн орой Г-ийн гэрт очиж гурил зээлж авахаар очиход ОХУ-аас зочид ирсэн тул маргааш өглөө өөрийн агуулахад очиж, гурил өгөхөөр тохирч намайг явуулсан байдал, маргааш өглөө агуулахад очиход цөөхөн тооны гурил ирсэн тул Улаанбаатар хотоос ачиж гарсан гурил ирэхээр өгөхөөр амласан байдал, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Г, хохирогч А нарыг Ж миний бие нүүр тулан уулзуулж, Г нь хохирогч А-д хандаж “замд ачигдаж ирж буй гурил ирэхээр Б.Ж надад гурил өгөх болж тохирсон, тэр хүртэл түр хүлээж байхыг хэлснийг гэрч Б.Г-ийн өгсөн мэдүүлэг болон хохирогч А нь хохирогчоор өгсөн мэдүүлгээр тус тус батлагдаж байна. Мөн тухайн үед А нь Улаанбаатар хотоос ирэх гурилыг хүлээлгүй, Г-д шилжүүлсэн 18 сая төгрөгийг буцаан шаардсан байдал, Г нь мөнгийг өгөхгүй, Б.Ж-ын зээлийн барьцаанд авна, харин гурил ирэхээр Ж-т зээлдүүлэхээр тохирсон гурилыг А-д өгч болохоор амласныг гэрч Г, хохирогч А нарын мэдүүлэг баталж байгаа байдал, Ж миний бие тухайн үед Г-д “Та А-ын мөнгийг буцааж өгөөд, миний “Ланд -200” маркийн жийп машиныг барьцаанд одоо авч үлдээд, төлбөрийг дуусгах санал гаргасныг, хохирогч А-ын мэдүүлэг болон шүүгдэгч Ж миний өчиг мэдүүлгээр гэмт хэрэг биш гэдэг нь батлагдсаар байгаа атал анхан шатны шүүхээс эдгээр нотолгооны хэрэгслүүдийг хэрэгт хамааралтай талаас үнэлээгүйгээс болж, Ж намайг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь илт хууль бус шийдвэр болсон. Г, хохирогч А нарын удаа дараа өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ж миний мэдүүлгүүд хоорондоо утга агуулга ижил, ямар нэгэн зөрүүгүй, хэргийн бодит нөхцөл байдал ч ийм байхад “залилах” гэмт хэрэг гэж үзэж байгаа нь хэргийн бодит байдалд буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Зах зээлийн жам ёсоор бөөний худалдаа эрхэлдэг Г, лангууны худалдаа (шууд борлуулдаг) эрхэлдэг А, гурилын ченж Б.Ж бидний дунд болсон эдгээр тохиролцоо, зээлийн харилцааны асуудлыг Эрүүгийн хэрэг хэмээн үзэж байгаад харамсаж байна. Одоо ч гэсэн тухайн үйлдлийн улмаас учирсан хор уршиг болох 18 сая төгрөгийг Ж миний бие сайн дурын үндсэн дээр төлж барагдуулах болохыг илэрхийлж байна. Б.Ж надад Б.Г, А нарыг залилан мэхлэх, тэдэнтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэсэн санаа, бодол, зорилго байгаагүй. Ж би Г болон А нарын хооронд “гурилын наймаа” зуучилж, дундаас нь “бага хэмжээний ашиг олох” гэсэн зуучлагчийн үүрэг бүхий “ченжийн” үүрэг гүйцэтсэн явдал юм. Хохирогч А-ын “гурилын үнэнд” шилжүүлсэн 18 сая төгрөг тухайн хугацаанд биелэгдээгүй явдал нь бөөний худалдаа эрхэлдэг Г-д тухайн үед гурилын хангамж хүрэлцээгүй байсан, хотоос ачигдаж ирж буй гурилыг А хүлээхийг хүсээгүй зэрэг тухайн үеийн гаднын нөхцөл байдлаас шалтгаалсан юм. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хохирлыг иргэний журмаар төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогч Д.А, шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч С.Алтай нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.Ж-т холбогдох эрүүгийн 1813002630196 дугаартай, 2 хавтас хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Ж-ыг цагаатгах үндэслэлтэй байна.
Нэг. Хэргийн талаар тогтоогдсон байдал:
Цагдаагийн байгууллагад Д.А-аас 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр бусдад 18.000.000 төгрөг өгч залилуулсан гэмт хэргийн талаар гомдол гаргаж, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1813002630196 дугаартай прокурорын тогтоолоор “хохирогч Д.А, гэрч Б.Г, гэрч Б.Ж нарын мэдүүлэг, Д.А-ын дансны хуулга, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Б.Ж нь иргэн Б.Г-д өгөх ёстой гурилын үнэ 17.670.000 төгрөгийн өр зээлээ төлөх зорилгоор Д.А-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гурил нийлүүлнэ гэж итгүүлэн 18.000.000 төгрөгийг иргэн Ш.Б-гийн ХААН банкны 5100000000 тоот данс руу шилжүүлэн хохирогч Д.А-д 18.000.000 төгрөгийн үнэ бүхий гурил нийлүүлээгүй” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, Б.Ж-ыг яллагдагчаар татжээ.
Энэхүү үйл баримт нь хохирогч Д.А-ын “2018 оны 6 дугаар сараас хойш Өлгий сумын иргэн Б.Ж гэгчээс гурил авч нийлүүлдэг байсан. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ж-аас гурил авахаар болж 18.000.000 төгрөгийг интернэт банкаар өөрийн данснаас шилжүүлсэн юм. Иргэн Ж надаас мөнгө авсан өдөр “одоо ачиж хүргэж өгөх болно” гэсэн ч тэр өдөр гурил авч ирээгүй, тэгээд маргааш нь утсаар холбогдоход “машин байхгүй байна” гэсэн, дараа нь дахин залгахад “би гурил авч байгаа хүнд гурил бага байна, би гурил ирэх үед хүргэж өгөх болно” гэсэн тул одоо надад мөнгийг буцааж өг, би гурил авахгүй гэж хэлсэн.” гэх,
гэрч Б.Г-ийн “...2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр би Цэнгэл суманд явж байгаад иргэн Ж руу залгаж мөнгө юу болж байна вэ гэхэд одоо шилжүүлэх болно гэж хэлсэн. Дараа нь Улаанхус сум орж дахин залгахад таны дансанд 18.000.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгээд би тэр орой аймгийн төвд орж ирэх үед иргэн Ж гэрт ирж надтай уулзаж дахин гурил авах болно гэж хэлсэн. Маргааш нь дахин ирж надаас зээлээр их хэмжээгээр гурил авах болно гэж хэлсэн тул би складанд гурил байгаа эсэхийг үзэхэд бага хэмжээний гурил үлдсэн байсан тул иргэн Ж-т би зээлээр гурил өгч чадахгүй бэлэн мөнгөөр гурил өгөх болно гэж хэлээд зээлээр гурил өгөөгүй явуулсан юм” гэх,
хохирогч Д.А-ын эзэмшиж байсан Samsung J7 маркийн хар өнгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, иргэн Б.Ж-ын Д.А-д явуулсан мессежний хуулбар,
иргэн Б.Г-ээс Б.Ж-т мөнгө шилжүүлсэн гэх Ш.Б, Б.Г нарын нэр дээрх ХААН банкны 5180000000 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Ж-тай тооцоо хийсэн гэх тэмдэглэл, тодорхойлолт, хохирогч Д.А-аас гаргаж өгсөн 99920000 дугаартай утасны ярианы жагсаалт, Ш.Б, Б.Г нарын нэр дээр нээгдсэн ХААН банкны 5100000000 дугаартай дансанд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 5180000000 дугаартай данснаас 18.000.000 төгрөг шилжүүлсэн тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэн Б.Г-ээс гаргаж өгсөн Б.Ж-тай холбоотой тооцооны бүртгэлийн хуулбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Хоёр. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ж-ыг иргэн Б.Г-д өгөх ёстой гурилын үнэ 17.670.000 төгрөгийн өр зээлээ төлөх зорилгоор Д.А-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гурил нийлүүлнэ гэж итгүүлэн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Д.А-ын 18.000.000 төгрөгийг иргэн Ш.Б-гийн ХААН банкны 5100000000 тоот данс руу шилжүүлэн залилсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Ж нь Д.А-аас дээрх мөнгийг залилан мэхэлж авсан болох нь тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө “бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ” гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийг хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг.
Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ж нь Д.А-аас 18.000.000 төгрөгийг бусдын дансаар дамжуулж буюу гэрч Б.Г-ий эхнэр болох Ш.Б-гийн ХААН банкны 5100000000 дугаартай депозит дансанд мөн банкны 5180000000 дугаартай данснаас шилжүүлэх замаар авсан үйл баримт тогтоогдсон боловч шүүгдэгч Б.Ж нь уг мөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд Д.А-ыг дээрх сэдэлт, зорилгоор, үгээр буюу үйлдлээр хуурч, эсхүл нэр төр, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж авсан, залилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудын нэг болгон хуульчилжээ.
Гэрч Б.Г-ий мэдүүлгүүдээс үзвэл, тэрээр шүүгдэгч Б.Ж-тай 2018 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 6 удаагийн давтамжаар гурил зээлээр болон бэлэн мөнгөөр авч нийлүүлдэг байсан нь тооцоо хийсэн хуудсаар батлагдсан. Хохирогч Д.А-д шүүгдэгч Б.Ж нь 2018 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 7 удаагийн давтамжаар гурил нийлүүлсэн бөгөөд гурилыг дэлгүүрт буулгасны дараа тооцоогоо дуусгаж, мөнгийг нь авдаг байжээ. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Б.Ж нь Д.А-д Ш.Б-гийн дансыг өгч 18.000.000 төгрөгийг шилжүүл гэж хэлж гурил нийлүүлэхээс өмнө мөнгийг анх удаа урьдчилан авч, бусдын данс руу хийсэн нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдож байна.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн дээрх баримтуудыг гэрч Б.Г-ий мэдүүлгүүдтэй харьцуулан дүгнэвэл, шүүгдэгч Б.Ж нь хохирогч Д.А-аас 18.000.000 төгрөг шилжүүлж авахдаа хохирогч Д.А-ыг хуурсан, эсхүл нэр төр, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж дээрх мөнгийг буцааж өгөхгүй гэсэн сэдэлт зорилгоор өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь нотлогдоогүй болно.
Б.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.А-д 18.000.000 төгрөгийн гурил нийлүүлж өгөхөөр болж тохиролцсон юм. Тэгээд би Улаанбаатар хотоос тус аймагт гурил нийлүүлж бөөний үнээр худалддаг танил болох Б.Г гэдэг хүнтэй утсаар холбогдож танаас урьд зээлж авсан гурилын үнийг барагдуулж, дахиж гурил зээлж авч болох уу гэж асуухад Б.Г надад тэгж болно, би хөдөөгөөс орж ирж байна тэгвэл чи миний эхнэр Ш.Б-гийн ХААН банкны дансанд өмнө нь зээлээр авсан гурилын мөнгийг шилжүүлж байгаарай, би өөрөө хөдөөгөөс очиж байгаад гурилыг гаргаж өгөх болно гэж хэлсэн.” гэж мэдүүлэг өгчээ. Энэ мэдүүлэг нь гэрч Б.Г-ий өгсөн “...Б.Ж дээрх байдлаар надаас 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 5-6 удаа гурил зээлж авч байсан юм. Б.Ж нь хамгийн сүүлд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 50 килограммын гурилаас 1 ширхгийг 46500 төгрөгөөр тооцож нийт 380 шуудай буюу 17.670.000 төгрөгийн гурил авсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Б.Ж нь надтай өөрөө утсаар холбогдож урд зээлж авсан гурилын үнэ 18.000.000 төгрөгийг таны эхнэр Ш.Б-гийн дансанд хийлээ, би танаас дахиж гурил нэмж авъя гэсэн санал тавьсан. Тухайн үед эхнэр Ш.Б бид хоёр Цэнгэл сумаас Улаанхус сум руу орж ирж байхад эхнэр Ш.Б-гийн 5100000000 тоот дансанд “гурилын үнэ” гэх утгатай 18.000.000 төгрөг орж ирж мессеж ирснийг харсан. Уг 18.000.000 төгрөгийг Б.Ж хэлсний дагуу түүний шилжүүлсэн мөнгө гэж ойлгосон.” гэсэн мэдүүлгээр буюу шүүгдэгч Б.Ж нь өмнөх тооцоогоо дуусгаж, дахин гурил зээлээр авч хохирогч Д.А-д өгөх зорилготой байсан нь батлагдаж байна.
Иймд шүүгдэгч Б.Ж нь бусдын эд хөрөнгийг олж авах санаа зорилгыг агуулж, хохирогч Д.А-ын мөнгийг авсны дараа мөнгө буюу эд зүйлийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн сэдэлт агуулаагүй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь хуурч, итгэлийг урвуулан ашиглах аргаар олж авсан эд хөрөнгийн хэмжээгээр тодорхойлогдоно. Гэтэл шүүгдэгчийн хохирогч Д.А-аас залилан мэхэлж авсан гэх 18.000.000 төгрөгийг прокуророос гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзсэн атлаа Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмыг хэрэгжүүлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ж-ын хувьд хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйлдлээрээ иргэн Д.А-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, эсхүл бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан зүйл тогтоогдоогүй бөгөөд гагцхүү гэрч Б.Г-ээс гурил авч хохирогч Д.А-д өгөх идэвхтэй үйлдэл хийсэн, гэрч Б.Г-ээс гурил зээлээр дахин авахын тулд өмнөх төлбөрөө тооцоогүй болгох талаар тохиролцож, дахин зээлээр гурил авах тухай урьдчилан тохиролцож ярилцсан, Б.Г нь Б.Ж-т гурил зээлээр өгөөгүйн улмаас түүний Д.А-тай хийсэн хэлцэл нь хэрэгжих боломжгүй болж, түүнд гурил нийлүүлж чадаагүйгээс гадна Б.Г нь Д.А-аас шилжүүлсэн мөнгийг Б.Ж-ын өмнөх өр төлбөрт тооцсон учир шүүгдэгч нь хохирогчид мөнгийг нь буцаах боломжгүй байдалд хүрсэн зэрэг шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэсэн үйл баримтууд тогтоогджээ.
Гурав. Шийтгэх тогтоол болон давж заалдах гомдлуудын талаар
Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн нотлох баримт, түүнийг үнэлэх журмыг зохицуулсан 16 дугаар бүлгийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн байх тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2.-т зааснаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Тухайлбал, анхан шатны шүүхийн “шүүгдэгч Б.Ж нь шунахайн сэдэлтээр иргэн Б.Г-д өгөх ёстой гурилын үнэ 17.670.000 төгрөгийг өр зээлээ төлөх зорилгоор хохирогч Д.А-ыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 18.000.000 төгрөг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.” гэх дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Ж-ын гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилгыг тогтоосон нотлох баримт байхгүй байхад “...шунахайн сэдэлтээр иргэн Г-д өгөх ёстой гурилын үнэ 17.670.000 төгрөгийн өр зээлээ төлөх зорилгоор хохирогч Д.А-ыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гурил нийлнэ гэж итгүүлсэн” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг зөрчжээ. Шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Ж, гэрч Б.Г, түүний эхнэр Ш.Б, хохирогч Д.А нарын мэдүүлгүүд, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, зээлээр худалдах-худалдан авах үйл ажиллагаа явуулж байсан байдал зэргийг харгалзан үзээгүй, бодит байдалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй байна.
Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ шүүгдэгч Б.Ж нь гэрч Б.Г-тэй зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр гурил авч бусдад нийлүүлдэг байсан, хамгийн сүүлд гурилын тооцоог хийчихвэл зээлээр гурил нийлүүлэхээр 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө тохиролцож, өмнөх гурилын тооцоог дуусгаж дараагийн зээлээр гурил авах үед Б.Г нь хөдөө явж байсан, хөдөөгөөс ирээд тухайн цаг хугацаанд ажилтай байсан, гурил нийлүүлэх гэхэд гурилын агуулахад нь цөөхөн гурил үлдсэн учраас, эсхүл хувийн шалтгаанаар Б.Ж-т зээлээр гурил нийлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ үед шүүгдэгч Б.Ж, хохирогч Д.А нарын хооронд байгуулсан гурил худалдах-худалдан авах тухай аман хэлцэл хэрэгжих боломжгүй болсон байдлыг “зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гурил нийлүүлнэ гэж итгүүлсэн” гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг бүрэн хангаж, шүүгдэгч Б.Ж-ын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнийг цагаатгаж, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хохирогч Д.А давж заалдах гомдолдоо “Б.Г, Ш.Б нар нь Б.Ж-аас авах ёстой төлбөрийн оронд миний мөнгийг барьж аваад өгөхгүй байгаа, иргэний хариуцагчаар татаж өгнө үү, гэмт хэргийн улмаас олж авсан эд хөрөнгийг хураан авах, хохирлыг уг хөрөнгөөр нөхөн төлүүлэх зэрэг хуульд заасан арга хэмжээг аваагүй” гэж дурдсан нь хууль зүйн үндэслэлтэй боловч дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн тул түүний гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Д.А-ын гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар уг нэхэмжлэлээ холбогдох этгээдээс гаргуулахаар шүүхэд гаргаж, хохирол төлбөрөө барагдуулж авах эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна .
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/00049 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Б.Ж-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813002630196 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Ж-г цагаатгаж, Б.Ж болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хохирогч Д.А-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан Б.Ж-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, мөн хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж, Б.Ж нь энэ хэргийн улмаас 50 хоног цагдан хоригдсоныг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний нэхэмжлэгч Д.А-ын 18000000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тэрээр уг нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5.-т зааснаар энэ хэргийн улмаас хураагдсан, битүүмжилсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД
Д.КӨБЕШ
Д.МӨНХӨӨ