Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2016/0640

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2016/0640

Улаанбаатар хот

 

 

“Э т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцуулан Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч “Э т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э, Х.Х нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 505 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А гаргасан давж заалдах гомдлоор “Э т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Э т” ХХК-ийн захирал гүйцэтгэх захирал Б.Энгүүн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/270 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 505 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “Э т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/270 дугаар захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/270 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 409 дүгээр захирамж, мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 387 дугаар захирамжийн “Э т” ХХК-д холбогдох хэсгийг хууль тогтоомжид нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр гэж үзэн нийслэлийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгосон.

1.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 409 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-т заасныг зөрчин хотын төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлсэн талаар:

Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.3-т “Инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөсөн газар” гэдэгт аймаг, нийслэлийн төвийн нутаг дэвсгэрт барьж байгуулагдсан, түүнчлэн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөгөөнд барьж байгуулагдахаар төлөвлөсөн, дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эх үүсвэрээс Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “Барилгын техникийн нөхцөл”-ийг авч болох газар хамаарна” гэж заасан.

2.Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга “Э т” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан газар эзэмшүүлэх журмыг зөрчиж дуудлага худалдаа, төсөл шалгаруулах ажиллагаа явуулалгүйгээр шийдвэр гаргасан талаар:

Уг газрыг эзэмшүүлэхдээ дүүргийн Засаг дарга дуудлага худалдаа явуулалгүй эзэмшүүлснийг нэхэмжлэгч маргаагүй. Харин уг газрыг шинээр эзэмшүүлээгүй “Э” ХХК-иас эзэмших эрхийг шилжүүлэн авсан тул дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар эзэмшүүлэх ёсгүй гэж маргасан.

Нийслэлийн Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжаар “Ашигт малтмал, уурхайн эдэлбэр газрын хайгуулын лицензийн зөвшөөрөл хүссэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд” гэсэн жагсаалт баталж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4-т заасан тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн саналаа хүргүүлсний дотор “Э” ХХК багтсан бөгөөд энэ нь “Э” ХХК-д газар эзэмших эрх олгосон шийдвэр биш харин Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах ашигт малтмал эрэх хайх харилцааг үүсгэхэд санал өгсөн баримт бичиг болно.

Гэтэл анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 409 дүгээр захирамжаар “Э” ХХК-иас “Э т” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх нийслэлийн Засаг даргын 2013 оны А/270 дугаар захирамжийн нэг үндэслэл болох Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд эзэмшүүлсэн гэх үндэслэлийг шалгаагүй, нотлох баримтаар цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 505 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

“Э т” ХХК-ийн эзэмшил газрын түүхээс үзэхэд “Э” ХХК нь анх түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх зориулалтаар уг газрыг оролцуулан нийт 165 га талбайг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 180 дугаар захирамжаар, Туул голын сав газарт элс, хайрганы олборлолтыг хориглосны дагуу 2003 оны 395 дугаар захирамжийн дагуу ашиглалт хийх зориулалтаар 48 га талбайг тус тус эзэмшиж байгаад улмаар дүүргийн Засаг даргын 2008 оны 409 дүгээр захирамжаар одоогийн нэхэмжлэгчид 7 га газрыг шилжүүлэн эзэмшүүлжээ. 

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 387 дугаар захирамжаар “Э т” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгах болсон үндэслэл нь хариуцагч нийслэлийн Засаг даргаас тухайн үед өгсөн үүргийн дагуу хийгдсэн байх бөгөөд өөрөөр хэлбэл уг газартай давхцуулан нийслэлийн Засаг даргаас 2009 оны 244 дүгээр захирамжаар 22 га-г хүлэмжийн хийн зориулалтаар бусдад эзэмшүүлснийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр анхны эзэмшигч “Эко групп” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээр шүүхэд захиргааны хэрэг үүсгэн шалгах явцад “Э т” ХХК-тай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох чиглэл өгөгдсөн байна.

Ийнхүү хариуцагчаас чиглэл өгч байх үед дүүргийн Засаг даргыг буруутгаж одоогийн “...хотын буй суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр, түүнчлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлсэн...” гэх зөрчил байж л байсан, энэ тохиолдолд чиглэл өгөх бус харин ч газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байх эрх хэмжээ хариуцагчид байсан.

“Э” ХХК-иас 2008 онд өөрийн эзэмшлээс 8 га газрыг нэхэмжлэгчид шилжүүлэх үед 7 га газрыг “Шидэт үйлс” ХХК-д мөн шилжүүлсэн байх бөгөөд одоогийн маргаан бүхий актыг гаргасан өдрөөр огноолсон А/238 дугаар захирамжаар тус компанид газар эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон байсныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангажээ.

Дээрх маргааныг хянан шийдвэрлэх явцад хийсэн шүүхийн үзлэгээр тухайн газар нь захирамжид дурдсан инженерийн шугам сүлжээ бүхий болон холбогдохоор төлөвлөгдсөн газарт хамаарахгүй болохыг тогтоож, энэ нь шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон төдийгүй уг шийдвэрт “...бодитой судалгаа хийж дүгнэлт гаргалгүй, газар дээр нь очиж үзэлгүйгээр тухайн газрыг “хотын буй суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар” гэсэн нь хууль бус байсныг эцэслэн дүгнэжээ.

“Э т” ХХК, “Ш ү” ХХК-ийн эзэмшил газар нь байршлын хувьд нэг дор, хариуцагчаас эдгээр компаниудад газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон үндэслэл нь ижил, түүнчлэн нэг цаг хугацаанд гаргасан захирамжуудыг шүүхээс хянахдаа өмнө нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн үйл баримтыг шийдвэр гаргахдаа харгалзаж үзсэнийг буруутгах боломжгүй. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын “...инженерийн шугам сүлжээ болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлсэн...” гэх үндэслэл ч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэгдсэн үйл баримттай холбоотой байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дахин дүгнэх шаардлагагүй болно.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 409 дүгээр захирамжаар “Э г” ХХК-иас нэхэмжлэгч “Э т” ХХК, “Ш ү” ХХК, “Г т” ХХК-д нийт 25 га газрыг шилжүүлснийг баталсан байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий бөгөөд харин давж заалдах гомдлын үүнтэй холбоотой хэсэг ойлгомжгүй байна.

“Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлсэн” гэх маргаан бүхий актын үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг анхан шатны шүүхээс цуглуулаагүй гэх гомдлын тухайд хэрэг хянан шалгах явцад энэ талаар баримтыг хариуцагчаас гаргаж өгөх бүрэн боломжтой байсан, өөрөөр хэлбэл энэ нь нийслэлийн Засаг даргын захирамж гаргах үндэслэлийн нэг байсан, нөгөөтэйгүүр 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдөж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт “...хариуцагч хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба ийнхүү гаргаж өгөх боломжгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, мөн зүйлийн 32.8 дахь хэсэгт “хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болгохгүй” гэж зааснаас үзэхэд энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин тухайн маргаанд хамааралгүй хуулийн заалтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байх тул хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулав.

Тухайлбал хариуцагчаас газар эзэмших эрхийг гэрчилгээгүй, нэгж талбарын дугааргүй газар эзэмшсэн гэж нэхэмжлэгч компанийг, эсхүл ийм байдлаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн гэж дүүргийн Засаг даргыг тус тус буруутгаагүй,  маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй тул энэ талаарх Газрын тухай хуулийн холбогдох заалтыг баримтлах шаардлагагүй болно.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 505 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, ...” гэснийг “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4, ...” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН