Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Ч.Отгонсүрэн,

шүүгдэгч Б.Сарантуяа, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ундрам овогт Баасанжавын Сарантуяад холбогдох эрүүгийн 201601000132 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, гутлын технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 17б-22 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ундрам овогт Баасанжавын Сарантуяа /РД:УХ66122823/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурсанаар/

 

Шүүгдэгч Б.Сарантуяа нь өөрийн төрсөн эгч Санжжавын Одонсүрэнгийн иргэний үнэмлэхийг ашиглан Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газраас 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн зураг бүхий Санжжавын Одонсүрэнгийн нэр дээр Е1557374 дугаартай энгийн гадаад паспорт гаргуулан авч, уг хуурамч баримт бичгийг ашиглан 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа боомтоор хууль бусаар Монгол улсын хил нэвтрэн гарч, Бүгд Найрамдах Турк улсад ажиллаж амьдарч байгаад уг хуурамч бичиг баримтыг ашиглан давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Буянт-Ухаа боомтоор хууль бусаар Монгол улсын хил нэвтэрсэн гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Гэрч Д.Цэрэн-Одонгийн: ...Би 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн ээлжинд үүрэг гүйцэтгэсэн, үүрэг гүйцэтгэх үед Станбул-Улаанбаатар чиглэлийн ТК-342 дугаарын аялалын онгоцоор зорчин ирсэн зорчигчдын гадаад паспортыг шалгах үед Монгол улсын иргэн Баасанжавын Сарантуяа нь өөрийнхөө зурагтай, мэдээлэл нь Санжжавын Одонсүрэн гэх хүний нэртэй гадаад паспорт ашиглан улсын хилээр нэвтрэх гэж байсан үйлдлийг илрүүлэн хилийн зөрчлийн материал бүрдүүлэн Буянт-Ухаа дахь Хилийн тагнуулын тасагт хүлээлгэн өгсөн. Сарантуяа гэж хүнийг паспортоо шалгуулах гэж байгаа хүмүүсийн дараалал дунд нь зогсож байхад нь л анзаарсан. Нэг л сонин, дараалал дундаас ухраад урдуураа хүн оруулаад зогсоод байсан.  Тэгээд дараалал нь болоод шалгуулахаар ирэх үедээ маш их сандарсан харагдаж байсан. Тэгээд зургийг нь тулгаж үзэхэд зураг нь таарч байсан. Тэгээд гадаад паспортыг нь уншигч төхөөрөмжинд уншуулж үзсэн чинь Бичиг баримт өөр гэсэн мэдээлэл гарч ирсэн. Тэгэхээр нь би Б.Сарантуяагийн гадаад паспортыг нь авч үлдээд та цаанаа сууж бай гэж хэлсэн. Би бүх зорчигчийг шалгаж дуусаад Б.Сарантуяаг дуудаад иргэний бүртгэлийн сангаас Е1557374 дугаарын гадаад паспортан дээр байсан регистрийн дугаарыг шалгаж үзэхэд ойролцоо насны С.Одонсүрэн гэх хүний мэдээлэл гарч ирсэн, зураг нь өөр байсан. Тэгэхээр нь би Б.Сарантуяагаас регистрийн дугаарыг нь асуусан өөр нэг регистрийн дугаар хэлээд байсан. Е15577374 дугаартай гадаад паспортан дээрхи регистрийн дугаарыг мэдэхгүй байсан. Регистрийн дугаараа мэдэхгүй зогсож байх үедээ, чимээгүй буруу харж зогсоод л байсан. Тэгж байгаад би өөрийнхөө төрсөн эгч С.Одонсүрэнгийн иргэний үнэмлэхийг иргэний бүртгэл дээр барьж очоод өөрийнхөө зургийг авхуулаад гадаад паспорт гаргуулаад авчихсан юм. Тэгээд тэр гадаад паспортаараа 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр улсын хилээр гарсан гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг / хх-ийн 19 дугаар хуудас/,

Гэрч Б.Мөнх-Дөлгөөний: ...Би 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тухайн үеийн нэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газар-ын Гадаад зорчих эрхийн бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчийн албан тушаал дээр ажиллаж байсан. ...2016 оны 7 дугаар сарын сүүлээр манай байгууллага дээр Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас сургалт зохион байгуулсан. Уг сургалтанд би өөрөө суугаагүй гэхдээ манай ажлын суусан хүмүүс нь надад дараа нь хэлсэн Сарантуяа гэх хүн Одонсүрэн гэх хүний иргэний үнэмлэхээр гадаад паспорт гаргуулан аваад улсын хилээр гарсан байсан. Түүнийг буцаж Монгол улс руу орох үед нь Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлсэн гэж ярьсан байсан. Тэгээд манай ажилчид дараа нь хэн гадаад паспорт гаргаж өгсөн Улсын бүртэгчийг нь шүүж үзсэн чинь чи байсан байна гэж манай ажлын хүмүүс надад хэлсэн. Тэгэхээр нь би шүүгээд үзсэн чинь үнэхээр тийм байсан. ...Хэрэв уншигч машинд Б.Сарантуяагийн хурууны хээг уншуулсан байсан бол тэр хүнийг Одонсүрэн гэдэг хүн биш гэдгийг мэдэх боломж байсан боловч хурууны хээ уншдаг машин хааяа гацаад тухайн хүний мэдээлэл гарч ирэхгүй байдаг юм. Тэгээд би тэр өдөр Б.Сарантуяа гэх хүний хурууны хээг уншуулаагүй юм. Тухайн үед Сарантуяа гэж хүний зураг болон гадаад төрх нь Одонсүрэн гэж хүний иргэний үнэмлэхэн дээрхи зурагтай маш их адилхан байсан. Мөн царайны ерөнхий төрх байдал нь их адилхан байсан. Энэ Сарантуяа Одонсүрэн гэх хүмүүс эгч дүү юм уу хамаатнууд л байх гэж бодож байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч С.Одонсүрэнгийн:   Сарантуяа бол миний төрсөн дүү юм. ...Сарантуяаг миний иргэний үнэмлэхээр гадаад паспорт гаргуулан авч Монгол улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн талаар мэдэхгүй. Миний иргэний үнэмлэхийг нэг зүйлд хэрэглэх гэсэн юм гэж хэлсэн. Түүнээс биш гадаад паспорт гаргуулан авна гэж надад хэлээгүй. Надад гадаад паспорт гаргуулан авах талаар хэлсэн бол өөрийн иргэний үнэмлэхийг өгөхгүй байх байсан юм. Надад Е1421074 дугаартай гадаад паспорт байгаа. Би 2015 оны 11 дүгээр сард нэг удаа, 12 дугаар сард нэг удаа тус тус Замын-Үүд боомтоор гарч орж байсан. Өөр гадаад улс руу явж байгаагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Бэлгүнүтэйгийн Би 2014 оны 1 дүгээр сараас Буянт-Ухаа дахь газрын бичиг баримтын шалгагчаар ажиллаж байна. Буянт-Ухаа дахь шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга Я.Билгээ надад 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баасанжав овогтой Сарантуяа гэх хүн Санжжавын Одонсүрэнгийн иргэний үнэмлэхээр гадаад паспорт гаргуулан аваад улсын хилээр нэвтэрсэн байна, гадаад паспортыг нь шалгасан хүн нь Буянт-Ухаа 53 буюу чи байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сарантуяа гэх хүний регистрийн дугаараар нь хайж үзсэн чинь үнэхээр Одонсүрэн гэх хүн биш байсан. Одонсүрэн гэсэн нэртэй гадаад паспортан дээрхи зураг нь Сарантуяа гэх хүний зураг байсан. Тухайн өдөр 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Сарантуяа гэх хүнийг шалгах үед гадаад паспортны зураг өөрийн нүүр царайны төрхтэй таарч байсан. Түүний дараа паспортыг нь уншигч машинд уншуулж үзэхэд мэдээлэл гарч ирсэн. Тэгээд бүх мэдээлэл гадаад паспортан дээрх мэдээлэлтэй таарч байсан. Би зураг нь их адилхан байсан болохоор би зөрчилгүй юм байна гэж бодоод штампаа дараад Монгол улсын хилээр нэвтрүүлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 5168, 5275 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Е1557374 сери дугаартай Санжжав дугаартай Одонсүрэн эзэмшигчтэй Монгол улсын энгийн гадаад паспорт нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Уг паспорт нь ямар нэгэн засваргүй байна.

3. Санжжав овогтой Одонсүрэн эзэмшигчтэй Монгол улсын энгийн гадаад паспорт дахь зураг болон хавсралтаар ирүүлсэн Б.Сарантуяагийн гэх гэрэл зурагтай тохирч байна. Харин С.Одонсүрэнгийн гэх гэрэл зурагтай тохирохгүй байна. гэсэн дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

-2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн Хилийн зөрчлийн материал /хх-ийн 3-11 дүгээр хуудас/

-2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /Б.Сарантуяагийн Е1557374 дугаартай гадаад паспорт, төрсний гэрчилгээ, үрчлэгдэгчийн гэрчилгээ/ /хх-ийн 14-15, 16-17 дугаар хуудас/

-2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /Б.Сарантуяагийн зурагтай С.Одонсүрэнгийн Е1557374 дугаартай гадаад паспорт/ /хх-ийн 18 дугаар хуудас/

-2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төв сэтгэл зүйн оношилгоо 2 дугаартай дүгнэлт /С.Одонсүрэнгийн/ /хх-ийн 36-39 дүгээр хуудас/

-2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Б.Сарантуяа нь С.Одонсүрэнгийн иргэний үнэмлэхээр гадаад паспорт авахдаа бүрдүүлсэн материал /хх-ийн 52-53 дугаар хуудас/

-2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б.Сарантуяа, С.Одонсүрэн нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50, 51 дүгээр хуудас/

-2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын лавлагаа /С.Одонсүрэн, Б.Сарантуяа нарын/ /хх-ийн 56 дугаар хуудас/

-С.Одонсүрэнгийн гадаад паспортны хуулбар /хх-ийн 63-65 дугаар хуудас/

 

 Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

 

Шүүгдэгч Б.Сарантуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Монголд миний насны хүнд ажил олдохгүй хэцүү байсан учраас би 2014 оны 09 дүгээр сард ажил хийж ахуй амьдралаа дээшлүүлэх зорилгоор Турк улс руу явсан. Тэгээд Турк улсад хууль бусаар ажиллаж амьдарч байгаад 2015 оны 07 дугаар сард хар тамга даруулаад ирсэн. Тэгээд 3 сар гаруй хугацаанд ажилгүй гэртээ байсан. Миний том охин оюутан, бага нь сурагч учраас надад гэр бүлээ авч явах мөнгө хэрэгтэй байсан юм. Тэгээд би буцаад Турк улс руу явахаар шийдсэн. Хар тамга даруулсан учраас өөрийн төрсөн эгч Санжжавын Одонсүрэнгээс иргэний үнэмлэхийг нь гуйсан. Дүүдээ өгч байгаач, нэг зүйлд хэрэглээд буцаагаад өгье гэж хэлээд авсан. Тэгээд паспортын хэлтэс дээр очоод өөрийнхөө зургийг өгөөд эгчийнхээ иргэний үнэмлэхийг үзүүлээд эгчийнхээ бичиг баримтаар өөрийнхөө зурагтай гадаад паспорт гаргуулан авсан. Тэр гадаад паспортаар 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Буянт-Ухаа боомтоор улсын хилээр Турк улс руу гарсан. Тэгээд Турк улсад очоод ажиллаж амьдарч байгаад миний бие өвдөөд Монгол руу ирэхээр шийдээд 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Буянт-Ухаа боомтоор Монголд буугаад өөрийн зурагтай эгчийнхээ гадаад паспортаа үзүүлсэн чинь гаалийн шалгагч нь намайг паспортан дээрх зурагнаас өөр байна гээд регистрийн дугаараа хэл гэхээр нь би эгчийнхээ регистрийн дугаарыг мэдэхгүй андуурч хэлээд баригдсан. Тэгээд Хилийн тагнуулынхан намайг саатуулсан. Паспорт гаргаж өгсөн хүнийг би танихгүй, паспортын хэлтсийн л нэг эрэгтэй байсан, Манай эгчийн иргэний үнэмлэхэн дээрх зураг нь надтай маш адилхан харагддаг юм тэгээд тэр залуу анзаараагүй байх. Манай ээж Х.Цэвэгсүрэн намайг 2 настай байхад Баасанжав гэдэг хүнд өргүүлсэн юм. Тэгээд л би Баасанжав гэж овоглодог, эгч маань төрсөн ааваараа овоглодог юм. ...Би бусдын бичиг баримтыг хууль бусаар ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Монгол улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэдгээ ч хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ давтан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би С.Одонсүрэнгийн гадаад паспортаар улсын хилээр гарсан учраас тэр гадаад паспортаар л буцаж эх орондоо ирнэ. Өөр арга байхгүй байсан. Тэгэхээр би Монгол Улсын хилээр нэг л удаа хууль бусаар нэвтэрсэн гэж бодож байна. Намайг Одонсүрэнгийн иргэний үнэмлэхээр гадаад паспорт гаргуулан авахуулах гэж байгааг Одонсүрэн болон хүүхдүүд нь мэдсэн бол зөвшөөрөхгүй байх байсан... /хх-ийн 44, 46 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Сарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би одоо 50 нас хүрч байгаа. Надад ажил олдохгүйн улмаас 2014 оны 10 дугаар сарын эхээр Турк улс руу явсан. Тэгээд 7 дугаар сарын 13-ны өдөр буцаж Монголд ирсэн. Би Турк руу гарахдаа 30 хоногийн визний хугацаатай гарсан. Тухайн үед визний хугацаа хэтэрсэн байсан, буцаж орж ирэхдээ дахин гарахгүй гэсэн бодолтой ирсэн. Тэгээд Монголд байхдаа 3 сар гаруй хугацаанд ажил хайсан боловч ажил одохгүй, ямар ч орлогогүй байсан. Охин оюутан, хүү сургуульд байсан болохоор орлоготой хүн байгаагүй. Тэгээд би эгчээсээ иргэний үнэмлэхийг нь гуйж авсан. Эгч тухайн үед ямар нэгэн юм бодолгүйгээр надад зөвшөөрөөд өгсөн. Тэгээд би Улсын бүртгэлийн газарт очиж эгчийнхээ иргэний үнэмлэхээр гадаад паспорт гаргуулж авсан. Би тухайн үед хурууны хээ авах болов уу гэж айж байсан боловч хурууны хээ аваагүй. Тэгээд уг гадаад паспортоор 2015 оны 10 дугаар сарын 14-нд  Турк руу гарч ажиллаж амьдарч байгаад биеийн эрүүл мэндийн байдал муудаад буцаж 2015 оны 7 дугаар сард буцаж орж ирсэн. Би ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Хууль мэдэхгүйгээс болсон. Би одоо ч гэсэн ажилгүй байгаа... гэв.

 

Шүүгдэгч Б.Сарантуяагийн хувийн байдалтай холбоотой баримтууд

 

-Б.Сарантуяагийн улсын бүртгэлийн газрын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 50 дугаар хуудас/,

            -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 57 дугаар хуудас/,

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Сарантуяа нь өөрийн төрсөн эгч Санжжавын Одонсүрэнгийн иргэний үнэмлэхийг ашиглан Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газраас 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн зураг бүхий Санжжавын Одонсүрэнгийн нэр дээр Е1557374 дугаартай энгийн гадаад паспорт гаргуулан авч, уг хуурамч баримт бичгийг ашиглан 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа боомтоор хууль бусаар Монгол улсын хил нэвтрэн гарч, Бүгд Найрамдах Турк улсад ажиллаж амьдарч байгаад уг хуурамч бичиг баримтыг ашиглан давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Буянт-Ухаа боомтоор хууль бусаар Монгол улсын хил нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн Хилийн зөрчлийн материал /хх-ийн 3-11 дүгээр хуудас/, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /Б.Сарантуяагийн Е1557374 дугаартай гадаад паспорт, төрсний гэрчилгээ, үрчлэгдэгчийн гэрчилгээ/ /хх-ийн 14-15, 16-17 дугаар хуудас/,2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /Б.Сарантуяагийн зурагтай С.Одонсүрэнгийн Е1557374 дугаартай гадаад паспорт/ /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Д.Цэрэн-Одонгийн мэдүүлэг / хх-ийн 19 дүгаар хуудас/, гэрч С.Одонсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Ц.Бэлгүнүтэйгийн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 5168, 5275 дугаартай дүгнэлт / хх-ийн 28-29 дүгээр хуудас/ болон болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Сарантуяагийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Сарантуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашиглан, давтан үйлдлээр хууль бусаар Монгол улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Сарантуяад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Е1557374 дугаартай Санжжав овогтой Одонсүрэнгийн нэр дээрх гадаад паспортыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Иргэний бүртгэлийн газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Сарантуяа нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон