Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2018/00535

 

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2018/00535

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Ч-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Я.О,  

 Хариуцагч: Г.Т нарт холбогдох

5 тооны адууны үнэ 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Я.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 07 сарын эхээр Мөрөн сумын иргэн Я.О, Дын иргэн Г.Т нарт 6 адууны мөнгө 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн бөгөөд энэхүү 6 адууг Г.Т, Я.О нар Б сумын иргэн Гээс надад авч өгөхөөр тохиролцсон. Гэтэл Г нь 6 адуугаа өгөхгүй өдийг хүрсэн бөгөөд энэ асуудлаар тус шүүхэд Гйг холбогдуулан татаж нэхэмжлэл гаргасан. Харин Г нь надад нэг адууны мөнгө болох 500.000 төгрөгийг нь л өгнө, харин үлдсэн мөнгө болох 2.500.000 төгрөгт Г нь Г.Т болон Я.О нарт ямаа, адуу өгсөн гэсэн. Гэтэл Я.О, Г.Т нар нь харин Гэс 2 адуу авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул би Гтэй 500.000 төгрөг дээр тохиролцож, шүүхийн шийдвэр гаргуулсан. Одоо харин миний анх 6 адуу авна гэж тохиролцож бэлэн 3.000.000 төгрөгөө тоолж өгсөн Г.Т, Я.О нар нь адуу өгөх үүргээ биелүүлээгүй, харин надад өгнө гэж тохирсон адуу малаа өөрсдөө Гэс авсан байх тул би 2.500.000 төгрөгөөр хохироод байна. Иймд Г.Т, Я.О нараас 5 адууны үнэ болох 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 06 сард Я.О, Д аймгийн иргэн Г.Т нар нь англи цустай, хурдан удмын 1 тооны даагыг Хөвсгөл аймгийн Б сумын иргэн Гд 3 сая төгрөг буюу 6 тооны нас гүйцсэн адуугаар зарсан юм билээ. Уг дааганы үнэнд ирсэн 6 тооны адуугаа манай гэр бүлийн хүн болох Б.Чад  3.000.000 төгрөгөөр тохиролцож зарсан. Дээрх 6 тооны адуугаа Б сумын иргэн Гйн адуунд очиж зүсэлсэн ба бүгд нас гүйцсэн адуу байна, наймаа тохиръё гээд манай нөхөр Б.Ч 3 сая төгрөгийг Я.Оэд хүлээлгэж өгсөн. Ингээд 2017 оны 08 сард адуугаа авахаар Гйд очиход 2 тооны адууг Я.О авсан, үлдэх 4 тооны адууг худалдаж авсан даага үхчихсэн учир өгөхгүй гэх болсон. Иймд Гд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаан дээр манай нөхөр Б.Ч, Г нар тохиролцож 500.000 төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Үлдсэн 5 тооны адууг Я.О, Г.Т нар мэднэ гэсэн учраас энэ хүмүүст холбогдуулан 5 адууны үнэ 2.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Я.Оийг өмнө нь таньдаг, харин Г.Тыг огт танихгүй, Я.Оээр дамжуулж мэдэх болсон. Ийм учир бэлэн 3 сая төгрөгөө энэ хоёр хүнд анх хүлээлгэж өгсөн учир хариуцагч Я.О, Г.Т нараас нэхэмжилсэн 5 адууны үнэ 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

Хариуцагч Я.О шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 06 сарын 25-ны үед миний найз Г.Т 6 тооны адуу ачиж энд авчирч зарсан юм. Уг адуун дунд саарал халзан зүстэй, англи цустай эрлийз даага ачигдаж ирсэн ба уг даагыг Б сумын иргэн Х.Гд 3.500.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож үнэнд нь 6 тооны нас бие гүйцсэн адуу, 2 тооны хонь, нэг тооны ямаа авахаар тохирч наймаа хийсэн. Найз Г.Т маань Д аймаг руугаа буцах болж уг 6 тооны адуугаа ачаад явалтай биш, энэ адуунуудаа зарж мөнгө болгож аваад явъя гэсэн. Ингээд Б.Чтай уулзаж 6 тооны адуугаа түүнд зарахаар болсон. Уг 6 тооны адууны нэг нь надад байсан ба бид Гйн адуун дээр очих замдаа буюу Б сумын Туяа бригадын иргэн Хуншагайгийн адуунд байсныг зүсэлж өгсөн. Ингээд үлдэх 5 тооны адуугаа Гйн адуун дотроос зүсэлж Б.Чад өгсөн. Соёолон наснаас дээш настай адуунууд байна наймаа хийж болох юм байна гээд 3 сая төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Үүнээс хойш би адуугаа алдаад эрэлд явах зардал хэрэгтэй болж Б.Чад худалдсан миний эзэмшилд байсан 1 тооны адууг, Х.Гйн адуунаас Б.Чад зүсэлж өгсөн 1 тооны адуу, нийт 2 тооны адууг зарж мөнгө болгож зардал хийсэн.  Үүнийгээ би тухайн үед Б.Чад хэлсэн. Ийм учраас өөрийн үрэгдүүлсэн 2 тооны адууны үнэ болох 1.000.000 төгрөгийг би Б.Чад төлж барагдуулна. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Г.Т, Б.Ч нарын наймаанд би зуучлагч л хийж өгснөөс миний хөрөнгө биш, мөнгө хүлээж авсан гэдгээрээ би Б.Чад хохирлыг барагдуулъя гэхээр анх наймаа хийсэн саарал халзан даага үхчихсэн учраас надад хохиролтой. Иймд би нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу 1.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Г.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Анх би 2017 оны 06 сарын дундуур Д аймгаас Хөвсгөл аймаг руу 7 тооны хурдан удмын адуу худалдахаар авч явсан юм. Урьд нь 1 удаа мөн л Хөвсгөл аймаг руу адуу худалдахаар явж байсан юм. Тэдний уяачидтай танил. Дээрх авч явсан адууныхаа саарал халзан даагаа Я.Оээр зуучлуулж /Гйг танихгүй учир/ Х.Гд 6 үрээ, 1 хонь, 1 ямаагаар зарсан. Үүний дараагаар би замын явуулын хүн учир Я.Оэд найз нь тэр холоос адуу ачиж ирж зарчихаад буцаагаад олон адуу ачиж явна гэж юу байхав. Х.Гэс авсан 6 адууг минь газраар нь махны чиглэлээр бүгдийг нь 3 сая төгрөгөөр л худалдаад өгчих гэсний дагуу Я.О нь Б.Ч гэх хүнтэй уулзаж тохирсон гээд хамт уулзсан юм. Ингээд Я.О Б.Ч бид гурав цуг байж байгаад Мөрөнгийн баруун тийш онгоцны буудлын урд талд байрлах Сүхээ гэдэг уяач ахын баруун талын эзэнгүй хашаанд байсан хонгор зүсмийн соёолон морь Б.Чад харуулж 1 адуу нь энэ, үлдсэн 5 адууг нь Х.Гэс авч өгнө гээд Б.Чыг Х.Гтэй утсаар яриулж 5 адууг тэндээс авах нь үнэн гэдгийг баталж надад 3 сая төгрөгийг бэлнээр тоолж өгсөн юм. Нутгийн бие биенээ таних хүмүүс л байсан. Үүний дараа би Хөвсгөл далай явж амрах зорилгоор эхнэр хүүхэдтэйгээ, найз нарын хамт очсон байсан тул хонь, ямаагаа бол Х.Гэс авч хүнсэндээ хэрэглэсэн юм. Үүнээс хойш 1 сар гаруйн дараа наадмын дараа Я.О надад нутгийн нэг ах хэллээ. Х.Г чамаас авсан халзан саарал даагаа аргамжаанд нь боогдоод үхсэн гэдгийг хэлж байна гээд тэр даруй Б.Ч руу ярьж чи Х.Гэс 5 адуугаа авсан уу, нөгөө Доос авсан саарал халзан даага нь үхсэн сурагтай байна гэдгийг миний дэргэд хэлсэн. Ингээд тэдний хооронд юу болсон тухай бол би мэдэхгүй. Намраар Б.Ч надад чи тэр Х.Гэсээ 5 адуугаа авч өгөө, авсан адуу минь үхчихсэн гээд надад өгөхгүй байна гэхэд нь би бас Х.Г рүү ярьж, хэлж өгч л байсан. Би Хөвсгөлд бол бараг 3 сар шахуу л болсон. Миний тухайд Гд хурдан удмын саарал даагаа зарсан. Дааганы үнэнд авсан 6 адуугаа дээрх 3 хүмүүсийн хүсэл зориг, сонирхлын дагуу газраар нь 3 сая төгрөгөөр бол зарсан. Яг тухайн үед Я.О Б.Чыг адуунуудыг шууд аваа гэж байсан. Б.Ч нь би аваад яах вэ? Хаана аваачих билээ. Тэгж байгаад авна л гэж байсан. Иймд дээрх 2.500.000 төгрөгийг би Б.Чад өгөх ёсгүй. Надад бол огт хамаагүй. Миний тухайд үнэн зөв тайлбар гаргаж байна. Дээрх асуудлаа Х.Г, Я.О нартайгаа л уулзаж шийдвэрлэх асуудал гэжээ.

 Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Я.О, Г.Т нарт холбогдуулж 5 тооны адууны үнэ 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Ч нь 2017 оны 07 сард хариуцагч Г.Т, Я.О нараас 6 тооны адууг нь 3.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болж үнийг төлсөн. Уг 6 тооны адууг Б сумын иргэн Х.Гэс надад авч өгөхөөр тохиролцсон боловч хэн аль нь энэ үүргээ биелүүлээгүй, Х.Г надад 1 тооны адууны үнэ 500.000 төгрөгийг нь өгнө гэсэн тул хариуцагч Г.Т, Я.О нараас үлдэх 5 адууны үнэ 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж,     

Хариуцагч Я.О нь Г.Тын Б.Чад зарсан 6 тооны адуунаас би 2 тооны адууг зарж үрсэн нь үнэн учир 2 тооны адууны үнэ болох 1.000.000 төгрөгийг Б.Чад өгөхийг зөвшөөрч байна. Үлдэх 1.500.000 төгрөгийг би төлөхгүй. Х.Г 4 тооны адууг Б.Чад өгөх ёстой,  

Хариуцагч Г.Т нь би Д аймгаас хурдан удмын 1 тооны даагыг Б сумын иргэн Х.Гд 6 тооны адуу, хонь, ямаа оролцуулж зарсан. Дааганы үнэнд ирсэн 6 тооны адуугаа Я.Оээр зуучлуулж 3.000.000 төгрөгөөр Б.Чад зарж борлуулсан. Б.Ч, Я.О, Х.Гйн хооронд юу болсон тухай би сайн мэдэхгүй, нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Я.Оээс 1.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Чад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг, мөн хариуцагч  Г.Тд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Учир нь: 2017 оны 07 дугаар сард хариуцагч Г.Таас 3.000.000 төгрөгөөр нэхэмжлэгч Б.Ч нь 6 тооны адуу худалдан авсан байна. Энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д “хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцлийг хийсэн гэж үзнэ” гэж заасан ба талууд бичгээр гэрээ байгуулаагүй боловч худалдагч Г.Т нь өөрийн 6 тооны адууг худалдах, худалдан авагч Б.Ч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон тул Б.Ч, Г.Т нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч Г.Т нь 6 тооны адууг нэхэмжлэгч Б.Чад зүсэлж хүлээлгэж өгсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнийн ...2017 оны 06 сарын сүүлээр адуугаа зүсэлж авахаар Х.Гйн адуун дээр очсон. Авах адуугаа зүсэлж, нас шүдээр нь тохирсон байсан ба тухайн үед адуу туранхай байсан учраас дараа авахаар болж Х.Гйн адуунд үлдээгээд явсан... гэх тайлбар, нэхэмжлэгч Б.Чын хариуцагч Х.Гд холбогдуулан адууны үнэ 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Чын ...Д аймгийн Б сумын 2 дугаар багийн иргэн Г.Таас Х.Г хурдан удмын даагыг 3.000.000 төгрөгөөр худалдаж аваад төлбөрт нь 6 тооны адуу өгөхөөр тохирч, тухайн үед би агт авч байсан болохоор Г.Тд өгөх 6 тооны адууг Х.Гэс авч 3.000.000 төгрөгийг Г.Тд өгөхөөр ярилцаж тохироод адуугаа зүсэлж аваад дараа авахаар болж мөнгийг Я.О, Г.Т нарт өгсөн. ...гэх тайлбар /хх-ийн 3,4-р тал/ зэргээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр, 247.2-т зааснаар худалдагч худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн хүсэлтээр гэрээнд зааснаас өөр газар хүргүүлэхээр илгээсэн бол тухайн эд хөрөнгийг ... эрх бүхий этгээдэд шилжүүлсэн үеэс худалдан авагчид үр шим, эрсдэл шилжих тул хариуцагч Г.Т нь нэхэмжлэгч Б.Чад 6 тооны адууг зүсэлж хүлээлгэн өгснөөр тухайн эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид буюу нэхэмжлэгч Б.Чад шилжжээ.  

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Ч нь хүлээж авсан 6 тооны адуугаа Х.Гйн адуунд үлдээж байгаа үйлдэл болоод Х.Г нь Г.Таас худалдаж авсан даага үхсэн гэх шалтгаанаар Б.Чын худалдаж авсан 4 тооны адууг өгөхгүй байгаа үйлдэлд хариуцагч Г.Т, Я.О нарын буруутай үйлдлээс болсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч Б.Чын хариуцагч нараас 5 тооны адууны үнэ 2.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй, хариуцагч Я.О нь дээрх Б.Ч, Г.Т нарын хооронд байгуулагдсан 6 тооны адуу худалдах, худалдан авах гэрээний оролцогч биш, дээрх гэрээгээр нэхэмжлэгч Б.Чын өмнө үүрэг хүлээсэн болох нь нотлогдохгүй байгаа боловч хариуцагч Я.О нь  нэхэмжлэлийн шаардлагаас 2 тооны адууны үнэ буюу 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн учраас түүний зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 55.000 төгрөгийг улсын орлогод хэвээр, хариуцагч Я.Оээс  1.000.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

Хариуцагч Г.Тд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Я.О нарын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагч Г.Тын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Я.Оээс 2 тооны адууны үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Чад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг, мөн хариуцагч  Г.Тд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.000 /тавин таван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Оээс 28.550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Чад олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БЯМБАСҮРЭН