Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/222

 

 

 

 

 

 

 

 

 2022           03           21                                       2022/ШЦТ/222

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч А. Д- түүний өмгөөлөгч Г.Балжмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас И овогт А-ын Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205000000690 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ... -ны өдөр .... аймаг .... суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт .... дүүрэг .... сум ... дүгээр баг ... оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүрэг ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, И овогт А-ын Д-.

 

Шүүгдэгч А. Д- нь 2022 оны 02 дугаар сарын 15-наас 16-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүрэг 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Irish зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч  Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж, мөн түүнийг газарт унасан байхад нь хөлөөрөө нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А. Д- мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж. Б- мэдүүлэхдээ: “Караокед ороод найзтайгаа өрөөндөө орох гээд явж байтал А. Д- хүмүүстэй маргалдаж байсан. Манай найз маргалдаж байхад нь салгасан. Дараа нь өрөөндөө ороод унтах гээд байж байтал дахиад орилолдоод байсан. Тэгээд боль гэж хэлсний төлөө зодоон болсон.  Д-гийн найзтай эхлээд маргалдсан. Найзыг нь чирээд өрөө рүү оруулсан. Тэгтэл миний нүд рүү цохисон. Нүдээ дараад тонгойтол намайг өшиглөсөн. Миний хоёр шүд унасан. Би имплант шүд хийлгэхээр судалж үзсэн. 3-6 сарын хугацаанд 2,000,000-5,000,000 төгрөгийн үнэтэй хийгддэг. Гаднын нөлөөгүй бол 10-15 жилийн баталгаа өгнө гэж байсан. Хамгийн бага дүнгээр бодож 4,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 6-7 дахь тал/

 

Хохирогч Ж. Б-ын “2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр найз  Д-ийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Irish зочид буудал 102 тоот өрөөг түрээслэн орсон ба доод давхарт нь байрлах караокед сууж байгаад 16-ны өдөр 03 цагийн орчим өрөөндөө орж хэвтсэн. Гэтэл эсрэг талын өрөөний 3 залуу шуугилдаад коридорт гарч ирж орилолдоод байсан. Тэгэхээр нь би босож очоод унтаж амармаар байна, дуу чимээ гаргахаа больчих, та нар ч гэсэн амарцгаа гэдэг шаардлага тавьсан. Гэтэл тэнд байсан шар залуу / Д-/ бас нэг саравчтай малгайтай залуу хоёр над руу дайраад байсан ба чамд хамаагүй гэх мэтээр над руу давшилж байгаад шар залуу нь намайг түрүүлээд гараараа зүүн нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд цохилт нь ороод манараад нүдээ бариад доошоо суухад үргэлжлүүлээд шүд ам хэсэг рүү тэр залуу хөлөөрөө нэг уудаа өшиглөсөн.

Тэгээд нөгөө залуу нь намайг өрөө рүү чирж оруулаад тэгээд гараад явчихсан. Тэгэхээр нь би найз  Д-ийг унтаж байхаар нь сэрээгээд цагдаа дуудуулсан. Нөгөө залуучууд гарч зугтах гэж байхад нь би барьж авч цагдаа нарт хүлээлгэж өгсөн.

...  Д- гэх залуу намайг зодож миний биед учирсан гэмтлийг надад учруулсан. Өөр ямар нэгэн хүний биед халдаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дахь тал/

 

Гэрч Б. С-ын “ ... Тэгээд байж байхад манай эсрэг талын өрөөний залуу өрөөндөө бархираад та нар намайг барахгүй шүү гэх мэт зүйл яриад байсан. Тэр хооронд  Д- ахтай маргалдсан байсан.  Г- ах бид хоёр тамхиа авчихаад мөнгөө шилжүүлээд буцаад өрөөрүүгээ очиход зодоон болоод дуусчихсан нөгөө залуугийн хамар амнаас нь цус гоожчихсон байдалтай байсан ба юу болсон талаар  Д- ахаас асуухад энэ залуу өөрөө томроод байсан юм гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дахь тал/

 

Гэрч Э. Г-ын “ ... Тэгээд буудлын үүднээс тамхи авчхаад өрөөрүүгээ орох гээд  Д-тэй юм яриад үүдэнд зогсож байхад манай эсрэг талын өрөөний залуу юу гэнээ гээд бид хоёр луу орилоод гараад ирсэн. Тэгээд манай найз  Д-тай маргалдаж эхэлсэн ба  Д- түрүүлээд нэг удаа гараараа шанаа хэсэг рүү нь цохиход тэр залуу ойчоод өгсөн. Тэгээд дээрээс нь нэг, хоёр удаа өшиглөхөөр нь би салгаад өрөөндөө аваад орсон. Удаагүй цагдаа нар ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3109 дугаартай:

“...1. Ж. Б-ын биед зүүн 1, 2-р шүдний булгарал, буйланд шарх, доод уруулын салстад шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна.

7. Үзүүлэгчийн цусны бүлгийн харьяаллыг тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний лабораторид шинжээч томилсон тогтоол дээжийн хамт хүргүүлж тодорхойлуулах боломжтой. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 19-20 дахь тал/

 

А. Д-гийн яллагдагчаар өгсөн “... Тэгээд би коридорт хэсэг гараад ороод давхарт караокег ажиллаж байгаа эсэхийг асуух гээд гарч асуучхаад буцаад өрөөрүү орох гээд явж байхад Сайнаа коридорт миний өөдөөс алхаад ирж байсан.

Тэгээд өөрийнхөө үүд хэсэгт Сайнаатай юм яриад зогсож байсан чинь эсрэг талын өрөөний хаалга нь онгорхой хоёр залуу байсан ба нэг залуу нь бид хоёрыг битгий шуугилдаад бай, дуугүй байцгаа гэснээ надад зодуулдаг залуу нь шууд ирээд намайг чамайг ална шүү гэж хэлэхээр нь би баруун гараараа нүүр толгой хэсэг рүү нь хоёр удаа цохиход тэр залуу газарт унаад өгсөн. Тэгээд нэг удаа толгой хэсэг рүү нь өшиглөсөн ба манай найз Сайнаа,  Г- хоёр намайг салгаад өрөө рүү аваад орсон. Тэр залуу удаагүй өөрөө цагдаад дуудсан байсан.

Миний биед халдсан зүйл байхгүй. Надаа өөр хүн биед нь гар хүрээгүй. Манай найз Сайнаа салгасан.  Г- сүүлд нь мэдээд өрөөнөөс гарч ирж намайг авч орсон ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 37-38 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

          Шүүгдэгч А. Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 15-наас 16-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүрэг 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Irish зочид буудлын 103 тоот өрөөний үүдэнд тус буудлын 102 тоот өрөөнд үйлчлүүлж байсан хохирогч Ж. Б-ыг “чимээгүй бай, ална шүү” гэж хэллээ гэсэн шалтгааны улмаас түүнийг зодож биед нь зүүн 1, 2-р шүдний булгарал, буйланд шарх, доод уруулын салстад шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч А. Д- нь хохирогч Ж. Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Ж. Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3109 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хэрэгт хохирогч Ж. Б-ын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлын баримт хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг тооцох боломжгүй байна.

Гэхдээ хохирогч Ж. Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Балжмаа шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэжээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А. Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт А-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А. Д-г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А. Д-г нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар хийхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А. Д- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А. Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч  Б- нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А. Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ