| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 106/2022/0221/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/241 |
| Огноо | 2022-03-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/241
2022 03 30 2022/ШЦТ/241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Алтансувд,
улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч О.З-, Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Б овогт О-ын З-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Ч овогт Б-ын Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205000000551 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ... -ний өдөр ... аймаг ... суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүрэг ... дугаар хороо ... тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт О-ын З-.
Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ... аймаг ... суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3,эцэг, эхийн хамт Баянзүрх дүүрэг ... дугаар хороо ... тоотод оршин суух, ... аймаг ... сум ... дугаар баг ... дүгээр хэсэг ... тоотод оршин суух бүртгэлтэй,
урьд Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Ч овогт Б-ын Т-.
Яллагдагч О.З- нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Sea нэртэй баарны гадна Д.Л-ынг гараараа тохиолдож цохилоо гэх шалтгаанаар хөлөн тус газар нь өшиглөж унагаан түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 7 дугаар хороо 76г байрны 18 тоотод хамтран амьдрагч Г.З-тай утсаа унтраагаад алга боллоо гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний үснээс зулгааж, хана мөргүүлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Б.Т- нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Sea нэртэй бааранд Д.Л-ынг “өөдөөс дунд хуруугаа гаргаж доромжиллоо” гэх шалтгаанаар бие болон нүүрэн тус газар нь гараараа цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.З- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Д.Л-ынгийн “2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орой 20 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Sea нэртэй бааранд ороод нэг шилэ Essa нэртэй пиво авч уугаад тэгээд хоёр ах байхаар нь танилцсан. Тэгээд уг хоёр ахын ширээн дээр хамт суусан. Тэгээд уг хоёр ах нэг шил архи авсан. Би архинаас нь нэг стакан уугаад юм яриад тайз руу гараад бүжиглэж байхад нэг залуу ирээд яагаад байгаа юм бэ андаа гээд намайг дагуулаад нойл руу авч орсон. Тэгээд намайг плитан шалан дээр унагаагаад мөргүүлсэн. Тэгээд дахин нэг мөргүүлээд би ухаан алдсан. Тэгээд тэрнээс хойш яг юу болсоныг санахгүй байна. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт сэргэсэн. Тэгэхэд миний хөл хугарсан толгой битүү хавдартай хагарсан байсан. Нүд хөхөрч улайсан байсан.
... Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 35 дахь тал/
Хохирогч Г.З-ын “... Би 2021 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэн. Тухайн өдөр манай ажлын 5 жилийн ой болоод би ажлынхантайгаа сууж байтал З- хойноос хэд хэдэн удаа залгаад хэрүүл хийгээд байсан. Тэгээд би 00 цаг өнгөрөөд гэртээ ороход гэрт З- байхгүй байсан бөгөөд 5,10 орчим минутын дараа согтуу орж ирсэн.
Тэгээд орж ирээд чи 5, 6 цаг утсаа унтраагаад алга боллоо, хаагуур хэнтэйгээ юу хийж явсныг чинь мэдэхгүй гэхээр нь би чи яах гэж ингэж байдаг юм гээд бид хоёр хэсэг маргалдсан. Тэгээд маргалдаж байтал З- миний 2 мөрнөөс барьж байгаад орон дээр дарж унагаагаад янхан минь, гичий минь чи 5,6 цаг алга болсон, хаагуур хэнтэйгээ юу хийж яваад ирсэн гээд над руу дайраад үснээс зулгаагаад 5,6 удаа хана мөргүүлээд, зүүн шанаа, эрүү хэсэгт гараараа нэг нэг удаа цохиод зүүн гарыг эргүүлж өчөөд хойно гаргаж дарсан. Тэгэж байгаад гал тогооны шүүгээнээс жижиг хутга гаргаж ирээд хүзүүнд тулгаад би чамайг алчхаж чадна шүү гээд байсан.
Тэгж байх зуураа өмнөх асуултаа асуугаад над руу дайраад өглөөний 04 цаг хүртэл надтай ноцолдож байгаад унтсан. Тэгээд өглөө 09 цагийн үед би сэрээд З-ыг сэрэхээс өмнө дүү У- руу залгаад намайг ирээд аваадхаач гээд дүүг ирэхээр нь гэрт нь очиж хэдэн цаг унтаж байгаад үдээс хойш нь цагдаад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 107-109 дэх тал/
Гэрч Г.У-гийн “...Тэгээд эгчийг гэртээ авч ирээд юу болсон талаар асуухад өчигдөр ажил дээр арга хэмжээ болоод тэрийг зохион байгуулж байгаад шөнө гэртээ ирээд байж байтал найз залуу нь араас нь орж ирээд шөнөжингөө хоолой боож зодоод хонолоо гэсэн.
...Эгч З-ын толгойн орой хэсэг нь хавдаад үсийг нь холдуулаад харахаар хэсэг хэсэг газарт хавдаад хүрэнтэж хөхөрсөн байдалтай, зүүн гар нь шуу хэсгээрээ хавдаад хөхөрчихсөн, хацар шанаа хэсэг нь хөхөрч хавдсан байдалтай, хүзүү нь хөхөрсөн, уруул нь язарсан, биеийнх нь энд тэнд нэлээн их хөхөрсөн байдалтай байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 115-116 дахь тал/
Гэрч Б.Г-ий “ 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Sea бааранд зөөгчийн ажлаа хийж байхад орой 20 цагийн орчим хар саравчтай малгайтай, урт хар куртиктэй, хар өмдтэй, хар малгайтай цамцтай, цагаан пүүзтэй залуу ганцаараа орж ирсэн.
...Т- бид хоёр шатны хажууд юм яриад зогсож байхад хар саравчтай малгайтай, урт хар куртиктэй, хар өмдтэй, хар малгайтай цамцтай, цагаан пүүзтэй залуу бүжгийн талбай дээр охидууд өдөөд хүнтэй маргах гээд байсан. Тэгээд болиулаад байсан. Тэгэхэд Т- шатны хажууд зогсож байхад хар саравчтай малгайтай, урт хар куртиктэй, хар өмдтэй, хар малгайтай цамцтай, цагаан пүүзтэй залуу Т- рүү дунд хуруу, салаавч гаргаад байсан. Тэгээд маргалдаад нойлын өрөө рүү орсон. Тэгээд нэг нэгнийгээ зуураад Т- түлхсэн. Тэгэхэд хар саравчтай малгайтай, урт хар куртиктэй, хар өмдтэй, хар малгайтай цамцтай, цагаан пүүзтэй залуу Т-гийн нүүр хэсэгт цохисон. Оноогүй бөгөөд дахин цохиход Т-гийн нүүр хэсгийг шүргэх шиг болсон. Т- уг залуугийн бие гар руу цохисон. Тэгээд зууралдаад газар унацгаасан. Тэгээд салгаад нойлын өрөөнөөс гаргасан. Тэгээд Т-г болио гээд болиулсан. Тэгээд Т- уг залуу хоёр гараад маргасан. Т- ширээнийхээ хажууд байхад нь уг залуу дахин очоод хараагаад хэл амаар доромжлоод түлхэлцсэн. Тэгэхэд нь Т- уг залуугийн нүүр хэсэгт гараараа цохисон. Тэгээд хамгаалагч салгаад З- уг хар саравчтай малгайтай, урт хар куртиктэй, хар өмдтэй, хар малгайтай цамцтай, цагаан пүүзтэй залуу залууг гаргасан. Би ажид дотор үлдсэн юу болсныг нь мэдэхгүй. Тэгээд удаагүй З- куртикээ аваад Т-гийн куртикийг би олж өгөөд тэгээд гараад явсан.
... хар саравчтай малгайтай, урт хар куртиктэй, хар өмдтэй, хар малгайтай цамцтай, цагаан пүүзтэй залуу Т-тэй бүжгийн талбай дээр юм яриад байх шиг байсан. Мөн шатны хажууд юм яриад байх шиг байсан. Тэгээд Т- рүү авирлаад салаавч гаргаад байсан гээд маргалдсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41 дэх тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2025 дугаартай:
“...1. Д.Л-ынгийн баруун шагайн хашлага ясны хугарал, баруун нүдний зовхи, хэвлийд цус хуралт, хоёр нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
5.6.7 Баруун шагайн хашлага ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний зовхины цус хуралт, хоёр нүдний алимны цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 48-49 дэх тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1128 дугаартай:
“...1.Г.З-ын биед зүүн тохой, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүү, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Эдгээр гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 125-126 дахь тал/
Шинжээч Ц.Бадралын “ ...Хана мөргүүлэх, өндрөөс шидэх, гараар цохих зэрэгт дээрх гэмтлүүд нь үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг. /хэргийн 128 дахь тал/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... хар хувцастай эрэгтэй /Л-ын/ араас нь хар фудволктой эрэгтэй /З-/ алхаж явах бөгөөд Bozolla дэлгүүрийн үүдний шат хэсэгт хамт зогсож байгаад З- Л-ынг өргөж шидэж газар унагаагаад цаанаас цээж нүцгэн /Т-/ ирэх бөгөөд З-ыг түлхэхэд З- Л-ынг өшиглөж унагаагаад дээрээс нь хэд хэд дэвсэж байгаа харагдана. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 90 дэх тал/
Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “... CD 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 91 дэх тал/
О.З-ын яллагдагчаар өгсөн “2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орой найз Т-гийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Sea бааранд ороод хүний хоёр хоёр шил пиво аваад нэг нэг пиво уусан.
... баарны нойлын өрөө рүү ороход Т-г уг саравчтай малгайтай залуу араас нь боочихсон Т- дээр нь дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэгээд Т-г татаж салгаж аваад уг залууг салгаад нойлоос гараад тамхи татах өрөөнд нь орж тамхи татчихаад суу байсан ширээн дээрээ очоод пиво уугаад сууж байхад саравчтай малгайтай залуу Т-гийн нүүр рүү нь нүүрээ тулгаад доороос нь хараад байсан. Тэгэхээр нь би уг залууг боль гээд баарнаас авч гараад чамайг таксинд суулгаад өгье суугаад явчих тэгэх үү гэхэд зүгээр бай гээд миний элэг рүү тохойлдсон. Тэгээд би чи зүгээр бай хөөе гээд хоёр гарыг нь барьсан. Тэгээд таксинд суулгаж өгөх гээд автобусны буудал руу хүзүүдээд явж байхад намайг хавирга руу тохойлдсон. Тэгэхээр нь би өргөөд тонгорох маягтай шидээд гараас нь татахад нуруу бөгс орчмоороо газар унасан. Тэгээд босож ирээд юу гэсэн юм мэдэхгүй амандаа юм яриад байсан. Тэгээд би хоёр гараараа өргөөд хавсраад шатны догол хэсэг дээр шидсэн. Тэгэхэд уг залуу газар унаад хөлөөс зуураад боль гэхэд зуураад байсан. Тэгэхэд Т- ирээд хүмүүс боль гээд салаад Т- бид хоёр баар руу буцаж ороод гадуур хувцсаа аваад явсан.
... Намайг дахин тохойлдоод орилохоор нь би өргөөд хавсраад аваад шидээд шатны хэсэгт саваад унасан. Тэгээд уг гэмтэл учирсан байх.
... Гэм буруугаа ухаарч байна. Хохирлыг барагдуулсан.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 66 дахь тал/
“Би 2021 оны 12 дугаар сарын 24-ний өглөө З-ыг ажилд хүргэж өгчхөөд гадуур найзуудтайгаа уулзаж явж байгаад өдрийн 15 цаийн үед чатаар холбогдоод хоол, ундаа идсэн үү гэтэл уурлаад байхаар нь орой ажил тарах үеэр нь дахиад залгатал караокед байна гэхээр нь би чи ажилтай байна, завгүй байна гэчхээд юун караоке вэ гээд бид хоёр нилээн хэсэг маргалдсан.
... Тэгээд 00 цаг өнгөрч байхад З- над руу би гэртээ ирчихсэн байна, гэхдээ чамд хамаа байхгүй эгсэн мессэж бичсэн байсан. Тэгээд би шөнийн 03 цагийн үед грэтээ ирээд хаалгаа тогштол З- босож ирээд хаалгаа онгойлгосон бөгөөд би гэр рүүгээ ороод юу болсныг тодорхой сайн санахгүй байна, ямар ч байсан З-аас яав юу боловс гээд асуутал чамтай ярилцмааргүй байна гээд буцаад орондоо ороод хэвтсэн. Тэгээд би З-ын гараас нь татаад чи яагаад ингээд байгаа юм, хоёулаа ярилцъя, яагаад юунаас болоод чи ингээд намайг шүүмжлээд надад уурлаад байгаа юм гээд гараас нь татаад орны хажуугийн хана мөргөөд хамтдаа орон дээрээс газарт унасан. Тэгээд буцаж босож ирээд З- би чамтай ярихыг хүсэхгүй байна гээд байхаар нь за тэгвэл хамт тамхилъя гээд хамтдаа бие засах өрөө орж тамхилсан. Тэгээд миний санаж байгаагаар нойлоос гарч ирээд бид хоёр орондоо ороод унтацгаасан. Тэгээд өглөө сэрэхэд З- байхгүй байхаар нь утас руу нь залгаад яав юу болов гэтэл би дүүгийндээ ирчихсэн байна, би чамаас айж байна, чи согтуу орж ирээд намайг зодсон, ийшээ тийшээ шидсэн, хана мөргүүлсэн гэхээр нь би уучлалт гуйгаад ярилцъя гэсэн боловч надтай ярилцахгүй гэсэн. Дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 136-137 дахь тал/
Б.Т-гийн яллагдагчаар өгсөн “... Шатан дээр найзтайгаа юм яриад зогсож байхад танихгүй саравчтай малгайтай намхандуу туранхай залуу над руу дунд хуруугаа гаргаад айхгүй шүү гэх зэрэг юм яриад байсан. Тэгээд би уг залуутай маргалдаад баарны нойлын өрөө рүү ороод заамдалцаад би газар унаад уг залууг доороос нь заамдаад уг залуу бас намайг заамдаад зууралдаад нэг нэгнийхээ нүүр хэсэгт хальт хальт цохисон. Тэгэхэд баарны зөөгч ирж салгасан. Тэгээд нойлоос гарсан. Тэгээд салаад байж байтал манай найз З- саравчтай малгайтай залууг дагуулаад маргалдаад баарнаас гарсан. Тэгээд би араас нь гарахад саравчтай малгайтай залуу газар уначихсан байсан. Уг залуу согтолттой байсан.
... Гэм буруугаа ухаарч байна. Хохирлыг барагдуулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 79 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.З- нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 7 дугаар хороо 76г байрны 18 тоотод хамтран амьдрагч Г.З-тай утсаа унтраагаад алга боллоо гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний үснээс зулгааж, хана мөргүүлж, биед нь зүүн тохой, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүү, баруун мөрөнд цус хуралт эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Мөн шүүгдэгч Б.Т- нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Sea нэртэй бааранд согтууруулах ундаагаар үйлчлүүлэх үедээ шүүгдэгч Б.Т- нь өөрийн үйлдлээ хянах чадваргүй болтлоо согтсон Д.Л-ынг зүй бус харьцлаа гэсэн шалтгаанаар түүнтэй харилцан зодолдож баруун нүдний зовхи, хэвлийд цус хуралт, хоёр нүдний алиманд цус харвалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах явцад уг үйл явдлыг харсан шүүгдэгч О.З- нь шүүгдэгч Б.Т-, хохирогч Д.Л-ын нарын харилцан зодооныг салгаж, Sea нэртэй баарны гадна Д.Л-ынг авч гараад түүнийг гараараа тохойлдож цохилоо гэсэн шалтгаанаар түүний хөлөн тус газар нь өшиглөж унагаасны улмаас түүний эрүүл мэндэд баруун шагайн хашлага ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Т- нь хохирогч Д.Л-ынгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч О.З- нь хохирогч Г.З-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Д.Л-ынгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Т-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч О.З-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Хохирогч Г.З-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1128 дугаартай дүгнэлтээр, хохирогч Д.Л-ынгийн эрүүл мэндэд баруун шагайн хашлага ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол, баруун нүдний зовхины цус хуралт, хоёр нүдний алимны цус харвалт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2025 дугаартай дүгнэлтээр тус тус
тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.
Хэрэгт хохирогч Г.З-ын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлын баримт байхгүй тул шүүгдэгч О.З-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.
Гэхдээ хохирогч Г.З- нь эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Харин хохирогч Д.Л-ынгийн “... Миний хохирол бүрэн барагдуулсан, бид нар сайн дурын үндсэн дээр эвлэрсэн” /хэргийн 86 дугаар тал/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч О.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах дүгнэлт гаргажээ.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч О.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан ялуудыг нэмж нэгтгэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.З-, Б.Т- нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус бүрийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.З-, Б.Т- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О-ын З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ч овогт Б-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. О.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар О.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 1,100,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.З-, Б.Т- нарыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.З-, Б.Т- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, О.З-, Б.Т- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.З- нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.З-, Б.Т- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ