Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2018/00542

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1964 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *********** дугаар регистртэй, Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, Т овогт М-ийн Б-ийн ,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн **************** байрлах, ХАГХ-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4.221.142 /дөрвөн сая хоёр зуун хорин нэгэн мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 155/2018/00272/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.М нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ХАГХ2006 оны 10 дугаар сард галчаар ажилд орж байсан бөгөөд 2009 оны 10 дугаар сараас эхлэн жолоочоор 2016 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Гэтэл намайг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас халсан тул шүүхэд гомдол гаргасны дагуу жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цалин хөлс 3.458.591 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гаалийн хороо шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах, хяналтын шатны шүүхүүдэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Би тус байгууллагадаа 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн галчийн албан тушаалд томилогдон ажиллаж байна. Өмнөх оны цалингийн зээлээ төлж дуусгаагүй хүнд байдалд байгаа учир ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл буюу 7 сар 5 хоногийн цалин 4.221.142 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Би байгууллагаас өмнөх шүүхийн шийдвэрээр гаргасан цалин хөлс болох 3.458.591 төгрөгөөс 2017 оны 1 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн, мөн ГХ-оос  надад олгосон тэтгэмж 1.105.000 төгрөгийг буцааж суутгуулж өгсөн. Миний үндсэн цалин 452.155 төгрөг бөгөөд үүн дээр ур чадварын нэмэгдэл цалин авдаг. Гэвч хариуцагч байгууллагаас үндсэн цалин 452.155 төгрөгөөр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцох ёстой гэсэн тайлбарыг зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн тул суутгуулахгүйгээр ажилгүй байсан хугацаа 7 сар 5 хоногийн цалин 3.180.916 төгрөгийг Хөвсгөл аймаг дахь ГХ-оос  гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь ГХ-ны дарга Ч.Саранхүү шүүхэд гаргасан тайлбартаа: 1. М.Б нь тус Гаалийн хороонд 2009 онд галчаар орж, 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тушаалаар жолоочоор түр томилогдон ажиллаж байсан. 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ГХ-ны даргын 16 тоот тушаалаар сахилгын шийтгэлтэй байсан. 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/91 тоот орон тоо батлах тухай ГТЕГ-ын даргын тушаалаар тус ГХ-ны орон тоог 17 болгож цөөлсөн. /2015 оны тушаалд жолооч 2 байсан үүнийг цөөлж 1 болгосон/ тухайн үед ажиллаж байсан ТЗУГ-ын дарга н.Сайнбуян нь танай хорооны жолоочийн орон тоог нэгээр цөөрүүлнэ гэж мэдэгдээд бүтцийн тушаалын ноорог дээр гарын үсэг зурж байсан ба орон тоо баталсан тушаал ирсний дараа утсаар холбогдож асуухад танай хорооны жолоочийн орон тоог цөөрүүлсэн, ажлаас чөлөөлөх ажилтнаа хамт олны хурлаар оруулан шийдвэрлэж мэдэгдэл өгч байхыг зөвлөсний дагуу ГХ-ны хамт олны хурал, даргын зөвлөлийн хуралдааны шийдвэрээр М.Бат-Эрдэнийг чөлөөлөх үндэслэл байгааг баримтаар нотолгоожуулж /Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн шатахуун дутаасан зэрэг Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй шалтгаанаар сахилгын шийтгэлтэй, ур чадвар муутай гэх үндэслэл/ М.Бд 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох цаашид галчаар үргэлжлүүлэн ажиллаж болно гэсэн мэдэгдэл өгсөн. Иймд ямар нэг зөрчилгүй ажил үүргээ гүйцэтгэж байсан үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

2. ГТЕГ-ын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/195 тоот зохион байгуулалтын бүтэц орон тоог батлах тухай тушаалыг үндэслэн ГХ-ны даргын А/32 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал гаргаж менежер П.Б гардуулж өгсөн. Тухайн үед М.Б нь ГХ-ны даргатай галчаар ажиллахаар харилцан ярилцаж тохирсон байсан. Тэтгэмж олгох тушаалыг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гаргаж, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тэтгэмжийн мөнгө 1.105.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа М.Б 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны мөнгийг нэхэмжилсэн. ГХ-ны 2017 оны төсөвт зөвхөн 1 жолоочийн цалин суугдсан жолооч ажлаа гүйцэтгэж байгаа учраас 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Гаалийн хороо нь давж заалдах болон Дээд шүүхэд гомдол гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн Дээд шүүхийн тогтоол 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гарсан боловч тус Гаалийн хороо нь 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч М.Бат-Эрдэнийг 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн жолоочийн ажилд нь буцаан томилсон. Жолоочийн орон тоо, цалин нь төсөвт байхгүй тул галчаар ажиллуулахаар өөртэй нь харилцан тохирч хүсэлтийг бичгээр авч ГХ-ны даргын Б/12 тоот тушаалаар галчаар ажиллуулахаар томилсон. 2017 оны шүүхийн шийдвэрээр 3.458.591 төгрөг олго гэж тогтоосны дагуу тэтгэмж олгосон 1.105.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 7 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт 224.256 төгрөгийг төлсөн /хасаад 2.128.599 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр М.Б-ийн  2011200018807 тоот дансанд шилжүүлж 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 1-7 дугаар сар хүртэл хугацаанд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн. Иймд нэхэмжлэлд дурьдсан ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

3. Ажилгүй байсан хугацааны 7 сар 5 хоног буюу 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цалин хөлс болох 4.221.142 төгрөгийг ГХ-оос  нэхэмжилсэн байна. Тухайн үед М.Б ТҮ-3-5 ангилалаар /452.155 төгрөг/ үндсэн цалин авч ур чадварын нэмэгдлийг Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт, Төрийн үйлчилгээний албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмын 5-д заасны дагуу ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд, жинхэнэ ажилласан цагт ноогдох албан тушаалын цалингаас тооцож сар тутам олгоно гэх шалгуур үзүүлэлтээр сар бүр үнэлж хорооны даргын зөвлөлийн хуралдааны шийдвэр, ГХ-ны даргын тушаалаар олгодог тул М.Б-ийн  нэхэмжилсэн цалин ур, чадварын нийлбэр болох 4.211.142 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн М.Бат-Эрдэнийг жолоочоор томилсон 2009 оны 54 тоот тушаалд ур чадварын нэмэгдэл олгоно гэж заагаагүй болно. М.Б-ийн  үндсэн цалин болох 452.155 төгрөгийн цалин ажилгүй байсан 7 сар 5 хоногоор бодож олгоход 3.180.916 төгрөг олгохоор байна. Үүнд: 1 дүгээр сард 20.552*18 хоног=369.936,

2 дугаар сард 23.795*19 хоног=452.115,

3 дугаар сард 20.552*22 хоног=452.115,

4 дүгээр сард 22.607*20 хоног=452.115,

5 дугаар сард 19.658*23 хоног=452.115,

6 дугаар сард 21.531*21 хоног=452.115,

7 дугаар сард 26.597*17 хоног=452.115,

5 хоног 19.658*5=98.290, нийт дүн 3.180.916 төгрөг. Тус ГХ-ны 2016 онд цалин хөлс ба нэмэгдэл урамшуулал 171.924.3 сая төгрөг байсан бол 160.110.3 сая төгрөг болж 11.814 сая төгрөгөөр буурсан нь жолоочийн орон тоо цөөрүүлж 1 болгосонтой холбоотой. ГТЕГ-ын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/195 тоот, ГЕГ-ын даргын 2016 оны А/39 тоот, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/249 тоот тушаалуудад Ханх дахь ГХ-ны жолооч-1 гэж баталсан хорооны төсөвт 2 дахь жолоочийн орон тоо болон цалин байхгүй, ажлаас чөлөөлөгдсөн М.Б-ийн  оронд хүн ажилд аваагүй, шүүхийн шийдвэрээр М.Бат-Эрдэнийг буцааж ажилд нь авч ГХ-ны 2 галч ажиллахаар баталсан тушаалыг зөрчин галчаар ажиллуулж, цалинг бууруулаагүй. 2018 оны ГХ-ны төсөвт шүүхийн шийдвэрээр гүйцэтгэлд зарцуулах хөрөнгө тусгагдаагүй тул нэхэмжилсэн мөнгийг Гаалийн хороо барагдуулах боломжгүй байна гэжээ.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч ХАГХхолбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4.221.142 /дөрвөн сая хоёр зуун хорин нэгэн мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд 3.180.916 /гурван сая нэг зуун наян мянга есөн зуун арван зургаа/ төгрөг гаргуулахаар 1.040.226 /нэг сая дөчин мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

М.Б өөрийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд нь хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нь М.Б-ийн  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг түүний үндсэн цалин 452.155 төгрөгөөр тооцоход бүгд 3.180.916 /гурван сая нэг зуун наян мянга есөн зуун арван зургаа/ төгрөг болно. Гэвч төсөв мөнгө байхгүй тул төлөхгүй гэж маргаж байна.

М.Б Хөвсгөл аймаг дахь ГХ-ны даргын 201оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А-32 тоот тушаалаар ажлаас халагдаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 41 дугаартай шийдвэрээр Хөвсгөл аймаг дахь ГХ-ны жолоочийн ажилд эгүүлэн тогтоогдсон бөгөөд хариуцагч тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхэд тус тус гомдол гаргаж хянагдаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 41 дугаартай шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 201оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 201оны дугаар сарын 15-ны өдрийн 810 дугаартай тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

Хөвсгөл аймаг дахь ГХ-ны даргын 201оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/37 тоот тушаалаар харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулан М.Бат-Эрдэнийг 201оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Хөвсгөл аймаг дахь ГХ-ны галчийн ажилд томилжээ. Иймд нэхэмжлэгчид 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.180.916 /гурван сая нэг зуун наян мянга есөн зуун арван зургаа/ төгрөг гаргуулж олгох үндэслэлтэй байна.

Учир нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу  халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан ба нэхэмжлэгч нь 2016 оны дүгээр сард 586.154 төгрөг, дугаар сард 587.194 төгрөг, 6 дугаар сард 595.786 төгрөг авч байсан нь түүний Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр олгосон 249828 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдлоо.

Гэвч нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын үндсэн цалин 452.155 төгрөгөөр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож гаргасан тооцоог хүлээн зөвшөөрч тус тооцоогоор гаргуулна гэсэн тул түүний ажилгүй байсан хугацааны сүүлийн 3 сарын дундаж цалинг үндсэн цалин 452.155 төгрөгөөр тооцоход 1.356.465 төгрөг : нэг сард 452.155 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 21.030 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл буюу ажлын нийт 151.5 хоногийн цалин 3.186.045 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин 3.180.916 /гурван сая нэг зуун наян мянга есөн зуун арван зургаа/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэж, хариуцагч байгууллага Хөвсгөл аймаг дахь ГХ-оос  3.180.916 /гурван сая нэг зуун наян мянга есөн зуун арван зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3.180.916 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 65.845 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П-д  шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч

Хөвсгөл аймаг дахь ГХ-оос  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.180.916 /гурван сая нэг зуун наян мянга есөн зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 65.845 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА