| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2018/00336/И |
| Дугаар | 155/ШШ2018/00546 |
| Огноо | 2018-04-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2018/00546
| 2018 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 155/ШШ2018/00546 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н.Н-д холбогдох
Сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 11.152.500 /арван нэгэн сая нэг зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2018/00336/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын засаг даргын Тамгын газар нь Н.Этай зээлийн гэрээ байгуулан 2014 онд 10.0 сая төгрөгийн зээл олгосон ч хугацаандаа зээлээ төлөхгүй байна. Иймд үндсэн зээл, зээлийн хүү, 10552500 төгрөг, алданги 600.0 мянган төгрөг нийт 11.152.500 төгрөгийг сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн 100170655406 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Ж сумын 3 дугаар багийн иргэн Н.Э нь тус сумын сум хөгжүүлэх сангаас 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөг нийт 1.000.000 төгрөгийн зээл авсан. Энэ сум хөгжүүлэх сангийн зээл нь жилийн 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай зээл байдаг юм. Зээлийн эргэн төлөлтийн хуваарь нь эхний жил болох 2015 онд 1.500.000 төгрөг, хоёр дахь эргэн төлөлт болох 2016 онд 4.000.000 төгрөг, гурав дахь эргэн төлөлт 4.500.000 төгрөг төлөөд зээл хаагдах ёстой байсан. 3 жилийн зээлийн хүү нь 552.500 төгрөг, алданги нь 600.000 төгрөг болж байгаа юм. Нийт нэхэмжилж байгаа мөнгөн дүн 11.152.500 төгрөгийг Н.Эаас нэхэмжилж байна. Энэ өнгөрсөн 3 жилийн хугацаанд нэг ч удаа төлөлт хийгдээгүй байна. Зээлээ төлөхийг шаардаж мэдэгдэх хуудас хүртэл хүргүүлэхэд зээлээ төлөхгүй гэсэн хариу хэлдэг болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Э нь сум хөгжүүлэх сангийн зээл авсан нь үнэн. Үүнд миний буруу байхгүй. Төр засагт зөв хүн гараад улс орны эдийн засаг сэргэхээр өгч болох юм. Одоо бол чадахгүй гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг дарга нь хариуцагч Н.Эд холбогдулан сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 11.152.500 /арван нэгэн сая нэг зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Н.Э нь Хөвсгөл аймгийн Ж сумын Сум хөгжүүлэх сангаас 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 /таван сая төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөгийг тус тус газар тариалан, хөдөө аж ахуй /хүнсний ногоо, гүүний айраг, саам бэлтгэх, сүү цагаан идээ боловсруулах/ зориулалтаар, зээлийн болон барьцааны гэрээ байгуулж зээл авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна. /хавтаст хэргийн 3-9 дүгээр хуудас/,
Хариуцагч Н.Этай 2014 оны 08 дугаар сарын 19, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.3-т зээлдэгч зээлийн үндсэн хүүг сарын 0.25 хувиар тооцож, сар бүрийн эхний 7 хоногийн ажлын өдөрт багтаан сангийн 170655406 тоот дансанд хуваарийн дагуу төлөх, 2.4-т зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөөгүй, эсвэл зээл төлөх хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна сарын 2 хувийн торгууль төлөхөөр талууд харилцан тохирч зээлийн гэрээг байгуулжээ.
Хариуцагч нь Хөвсгөл аймгийн Ж сумын Сум хөгжүүлэх сангаас зээл авсан эсэх, зээлийн төлбөрт маргаагүй ба харин зээлийг эргүүлэн төлөх хугацааны талаар ..төр засагт зөв хүн гараад, улс орны эдийн засаг сэргэхээр өгч болох юм гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх боловч хариуцагч Н.Этай байгуулсан зээлийн гэрээний 2.6-д үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй, зориулалтын бусаар зарцуулсан бол зээлийн гэрээг цуцалж, сарын 2 хувиар алданги тооцож буцаан төлөх буюу мөнгөөр төлж чадахгүй бол барьцаанд тавьсан хөрөнгийг хураахаар талууд тохиролцож гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Иймд хариуцагч Н.Эаас сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 11.152.500 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н.Эаас 11.152.500 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 193.390 төгрөгийг гаргуулж улсын орлогод орууллаа.
Хариуцагч Н.Эд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бат-Эрдэнийн хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авч хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргасан тайлбар зэргийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н.Эаас сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 11.152.500 /арван нэгэн сая нэг зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н.Эаас 193.390 /нэг зуун ерэн гурван мянга гурван зуун ер/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН