Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/251

 

 

 

 

 

 

 

  2022           04           05                                      2022/ШЦТ/251

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Ю.Э- түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Б овогт Ю-ын Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2202000220046 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1964 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, физик, математикийн багш мэргэжилтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн ... дүгээр сургуулийн захирал ажилтай, ам бүл 1, Баянгол дүүрэг ... дугаар хороо ... дүгээр байр ... тоотод оршин суух,

урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 243 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 172 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192,000 төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнуулсан, Б овогт Ю-ын Э-.

 

Шүүгдэгч Ю.Э- нь Нийслэлийн Баянгол дүүргийн ... дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “Багш ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх” гэж хуулиар олгогдсон ерөнхий боловсролын сургуулийн захирлын бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан “холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх” гэсэн, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн 4.3 дугаар зүйлийн 4.3.6-д заасан “Удирдах ажилтан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлын үед шийдвэр гаргах, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгохтой холбоотой үйлдэл үл гаргах” гэснийг тус тус зөрчиж 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар дуу хөгжмийн багш ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй, өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Ю.Х-гийн хүү Б.Т-г дуу хөгжмийн багшийн ажилд томилж, дуу хөгжмийн багшийн хийх ёстой ажил үүргийг хийж гүйцэтгээгүй байхад 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 749,728 төгрөгийн цалин олгож түүнд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Э- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ю.Э- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Гэрч Ө.Түвшинтөгсийн “... Манай сургуулийн 2-3 дугаар ангийн дуу хөгжмийн багш Б- нь 2021 оны 01 дүгээр сард төрөхийн өмнөх амралтаа авсан.

Тухайн үед 2 болон 3 дугаар ангид дуу хөгжмийн багш байхгүйн улмаас орох боломжгүй болсон. Тэр үед манай сургуулийн 1 болон 4 дүгээр ангийн хүүхдэд дуу хөгжмийн хичээл ордог Ж- багшид 2 болон 3 дугаар ангийн дуу хөгжмийн хичээлийг давхар хариуцуулан ажиллуулсан. Ж- багш өөрийнхөө хариуцсан 10 ангийн хичээл дээр нэмж 2 болон 3 дугаар ангийн 10 ангийг нэмж нийт 20 ангид дуу хөгжмийн хичээлийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл зааж дүнг гаргасан.

Би 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Ж- багштай холбогдож 3-4 дүгээр ангийн дуу хөгжмийн хичээлийн дүнг гаргах талаар ярьж дүнг гаргасан. Гэтэл би сая сургуулийн шилэн дансны мэдээллийг харж байхад 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр дуу хөгжмийн багш Б-ын орон тоонд Т- гэгчийг түр томилсон тушаал гарсан байсан. 1 сарын буюу 5 дугаар сарын цалин олгосон байхыг харсан. Энэ хүнийг 2021 оны 8 дугаар сард ажлаас чөлөөлсөн байсан. Багш нар 6-8 сар хүртэл цалингүй байдаг. Хэрэв энэ хүн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр томилогдсон бол 3 дугаар ангийн дуу хөгжмийн хичээлийг 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл зааж, энэ хичээлийн дүнг гаргах ёстой.

Цахим бүртгэлд хичээлийн сэдэв, дүн, сурагчийн ирц бүртгэгдэх ёстой боловч энэ багшийн талаар мэдээлэл огт ирээгүй. Тийм болохоор энэ багшийг үндсэн ажлаа хийгээгүй байж 1 сарын цалин авсан гэж үзэж байгаа. Би өөрөө 1-5 дугаар ангийн хичээлийн хуваарь хийх, цахим журнал бичих, сурагчийн дүн гаргаж байгаа байдалд хяналт тавих зэрэг ажлыг хариуцан ажиллаж байсан болохоор Т- багшийг огт харж байгаагүй. Хичээлийн хуваарьт энэ багшийн нэр огт бичигдэж байгаагүй. Цахим журнал энэ багшийн нэрээр хөтлөгдөөгүй талаар сайн мэдэж байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 10-13 дахь тал/

 

Гэрч Д.Т-ийн “... Манай сургуульд Б.Т- нь дуу хөгжмийн багшаар 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар тус сургуулийн дуу хөгжмийн багшаар томилогдсон байдаг. Үүний дагуу багш Б.Т-гийн цалин 2021 оны 5 дугаар сард бодогдоход төрийн албанд ажилласан жил 1 жилээр тооцогдож ажлын 20 хоног ажилласан.

Сарын үндсэн цалин болон унааны зардалд нийт 749,728.00 төгрөгийн цалин бодогдсон. Үүнийг түүний цалингийн дансанд шилжүүлсэн. Яг одоо түүний цалингийн дансыг сайн мэдэхгүй байна. Дуу хөгжмийн багшаар ажилд орсон. Б.Т-д 2021 оны 5 дугаар сарын буюу 1 сарын цалин олгогдсон бөгөөд захирлын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/40 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтас хэргийн 52-54 дэх тал/

 

Гэрч Д.Э-ын “... Яг дуу хөгжмийн багшаар Б.Т- гэх хүн ажиллаж байгаагүй. Б.Т-г 2021 оны 5 дугаар сарын эхээр захирал Ю.Э- тушаал гаргаж дуу хөгжмийн багшаар томилсон боловч дуу хөгжмийн багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг огт хийгээгүй.

Б.Т- нь манай мэдээлэл зүйн 3 багштай нийлж office 365 системийн Teams программыг суулгах ажлыг хийлгэсэн. Энэ ажлыг хийлгэхийн тулд Б.Т-г дуу хөгжмийн багшаар томилсон. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 71-73 дахь тал/

 

Гэрч М.Ж-ийн “... Манай сургуульд Б.Т- гэж багш дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаагүй. 2021 оны 5 дугаар сард ажил дээрээ ирэхэд Б- багшийн оронд Т- гэж багш томилогдсон гэж сонссон. Сургалтын менежер Э-тай уулзаж Б- багшийн оронд дуу хөгжмийн багш ирсэн юмуу гэж асуухад тийм багш томилогдоогүй гэж хэлсэн. Би Б- багшийн хийх ёстой ажлыг хийж гүйцэтгэсэн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 76-78 дахь тал/,

 

Гэрч Б.Ү-ын “... Б.Т- гэх хүнийг авсан. Хийлгэх ажил байвал хийлгээрэй гэж сургалтын менежер Э- хэлсэн. Багш Ү-, Ариунболд бид нарыг Teams программын эрхийг нээлгэж сурагч, багш нарыг бүртгэх, бүлэг үүсгэх зэрэг ажлаа хийж байх дундуур Т- нэмэгдэж орж ирсэн.

Сургуулийн нийт 1000 гаран хүүхэд, 90 орчим багшийг бүртгэж оруулах, бүлэг үүсгэх гээд нэлээн сууж хийх ажил ихтэй байсан үед Т- ирж ажилласан.

Т-гийн гол хийсэн ажил гэвэл teams программ дээр баг үүсгэж, сурагч нэмэх, сурагчдыг бүлэгт хуваах, teams программ ажиллах талаар багш нарт 2 удаа онлайн сургалт хийсэн. Би яг хэдэн өдөр ажилласан талаар сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 81-82 дахь тал/

 

Гэрч О.Ү-ийн “... Миний ажилд багш, сурагчид нууц үгээ мартсан тохиолдолд олж өгөх, зарим багш нарыг холбож өгөх зэрэг жижиг ажилд Т- тусалсан. З.Ариунболд болон Б.Ү- нар мөн ийм ажлаа хийлгэсэн байх. Т- нь 2021 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын дунд үе хүртэл ажилласан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтас хэргийн 86-88 дахь тал/,

 

Гэрч Б.Т-гийн “... Би энэ сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаагүй. Харин компьютер программын чиглэлээр буюу office 365 программыг суулгаж өгсөн. Би 2021 оны 4 дүгээр сарын сүүлээс 5 дугаар сарын сүүл хүртэл 1 сар орчим ажилласан. Би 1 сар ажиллахдаа 750,000 төгрөгийн цалин авсан.

... Цалин авсан мөнгөө сургуулийнхаа төлбөрт хийхээр ээж Ю.Х-гийн данс руу шилжүүлсэн санагдаж байна. Тодорхой хэсгийг нь өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулаад дууссан.

... Би энэ хугацаанд дуу хөгжмийн багшаар ажиллаагүй болохоор ямар ч ангид хичээл заагаагүй. Дээр хэлснээр энэ сургуулийн компьютерын программ суулгах ажлыг хийж гүйцэтгэсэн. Би компьютер, It чиглэлээр ямар нэг сургууль төгсөөгүй, мэргэжлийн үнэмлэх байхгүй. Би багш мэргэжлээр их дээд сургууль төгсөөгүй.

Одоогоор багшлах эрхийн сургалтад хамрагдаж багшлах эрх аваагүй. Нийслэлийн ... дүгээр сургуулийн захирал Ю.Э- бол миний ээж Юрагийн Х-гийн төрсөн эгч нь байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 92-93 дахь тал/

 

Б.Т-гийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /1 дэх хавтаст хэргийн 93 дахь тал/

 

Гэрч С.Х-ын “... Ажлын байрны шаардлагад их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, мэргэжлийн хүнийг сонгон шалгаруулж томилно. Тухайн сургуулийн захирал хэрхэн сонгон шалгаруулах талаар журамласан зүйл одоогоор байхгүй. Бага дунд боловсролын тухай хуулийн хүрээнд сонсон шалгаруулах ёстой. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 110 дахь тал/,

 

Гэрч С.С-гийн “... Манай үйлдвэрчний эвлэлийн хорооны санхүүжилтийн 20 хувь нь сургалтад зарцуулах журамтай байдаг. Манай сургуулийн мэдээлэл зүйн багш нараас цахим сургалт явуулах teams болон office 365 программын сайн мэргэжлийн хүнээр заалгах, нэвтрүүлэх, шаардлагатай байгаа талаар үйлдвэрчний эвлэлийн хороо хүсэлт гаргасан. Үүний дагуу цахим сургалтын үйл ажиллагааг чанартай сайн явуулах зорилгоор дээрх программыг ашиглах ажиллагааг заах хүнд мөнгө өгсөн. Яг хэн гэх хүнд өгсөн талаар мэдэхгүй байна. Мэдээлэл зүйн багш Ү- мөнгийг өгсөн ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтас хэргийн 178-179 дэх тал/

 

Нийслэлийн Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирлын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/31 дугаартай “... 1.Батгэрэл овогтой Т- /РД:УЗ99061539/-г 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дуу хөгжмийн багшаар ажиллуулсугай. ...” гэсэн тушаал. /1 дэх хавтаст хэргийн 230 дахь тал/,

 

Нийслэлийн Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/40 дугаартай “... 1. Дуу хөгжмийн багш Батгэрэл овогтой Т- /РД:УЗ99061539/ нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай. ...” гэсэн тушаал. /1 дэх хавтас хэргийн 231 дэх тал/,

 

Нийслэлийн Ерөнхий боловсролын ... дүгээр сургууль болон Б.Т- нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ. /2 дахь хавтаст хэргийн 102-103 дахь тал/

 

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл. /2 дахь хавтаст хэргийн 115-117 дахь тал/,

 

Гэрч З.О-гийн “... Мөн сургуулийн мэдээлэл зүйн багш Ү-д багш сурагч бүртгэх, анги бүлэг үүсгэх, хичээл эхлүүлэх, даалгавар өгөх, teams ашиглах заавар зэргийг зааж өгсөн. ... Би энэ ажлыг анх 500,000 төгрөгөөр хийнэ гэж тохирсон боловч үнээ буулгах талаар ярилцаж 200,000 төгрөгөөр хийсэн санагдаж байна. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 193-194 дэх тал/

 

Гэрч Б.Б-ы “... Одоо яригдаж байгаа асуудал бол цаашид сургуулиудад It инженерийн орон тоонд хүн авч ажиллуулах талын шаардлага тавигдаж байгаа. Гэхдээ яг орон тоо батлагдаж гараагүй байгаа. Тухайн сургуулиудаас сургалт явуулах программ болон teams, office 365 программыг ашиглахдаа гаднаас мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах, цалин хөлс олгох талаарх хүсэлт манай хэлтэст ирүүлж байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 204-205 дахь тал/,

 

Гэрч Б.П-ын “... Нийслэлийн Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн дунд анги хариуцсан менежер ажилтай.

... Энэ программ нь хэрэглэхэд илүү ач холбогдолтой байсан. Энэ программын лиценз авах болон бусад зардал нь 60,000 төгрөг болж байсан. Манай сургуулийн сургалтын 4 менежер ярилцаж байгаад энэ зардлыг хувиасаа гаргасан. Teams болон хэрэглээний программыг нэвтрүүлэх багш сурагч нарыг бүртгэх, домайн нэр оруулах зэрэг ажлыг манай сургуулийн мэдээлэл зүйн 3 багш бид 4 бүх ажлыг хариуцаж хийсэн. Энэ ажлыг хийхэд 3 хоног шаардагдсан. Багш сурагчдыг бүртгэх ажил хийснийхээ хариуд ямар нэг нэмэлт цалин аваагүй ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 207-208 дахь тал/,

 

Б.Т- болон Ю.Х- нарын иргэний үнэмлэхийн лавлагаа. /2 дахь хавтаст хэргийн 214-215, 218 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Ю.Э- нь Нийслэлийн Баянгол дүүргийн ... дүгээр сургуулийн захирлаар ажиллах хугацаандаа өөрийн төрсөн дүү Ю.Х-гийн хүү Б.Т-г багш бэлтгэдэг их сургууль, дээд сургууль, коллеж болон заах арга зүйн сургалтад хамрагдаагүй, багшлах эрхгүй гэдгийг мэдсээр байж 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар тус сургуулийн дуу хөгжмийн багшаар томилж, дуу хөгжмийн багшийн хийх ёстой ажил үүргийг хийж гүйцэтгээгүй байхад 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 749,728 төгрөгийн цалин олгосон үйлдэл нь “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Б.Т- нь 750,000 төгрөгийг Авилгатай тэмцэх газрын төрийн сангийн 100900033401 тоот дансанд байршуулсан Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор /2 дахь хавтаст хэргийн 212 дахь тал/ тогтоогдож байх тул шүүгдэгч Ю.Э-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ю.Э- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ю.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ю-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ю.Э-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ю.Э-ыг торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ю.Э- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ю.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Авилгатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 тоот дансанд байгаа 749,728 төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ю.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ