Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/262

 

 

 

 

 

 

 

 

 2022           4           08                                         2022/ШЦТ/262

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Ш.Анужин,

шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

Ш овогт М-ын Б-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805035511118 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...  настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн зохиолч мэргэжилтэй, Yum yum зоогийн газрыг ажиллуулдаг, Баянгол дүүрэг ... дугаар хороо ... дугаар хороолол ...  дугаар байр ... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүрэг ... дугаар хороо Шинэ яармаг цогцолбор хорооллын ...  дугаар байр ... тоотод оршин суух, Ш овогт М-ын Б-.

 

Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах WM tower төвд хохирогч Н.С-ын Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б- нь: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч М.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Н.С-ын “... Манай компани 2018 онд өргөтгөл хийж дууны инженер ажилд авахаар зар тавьсан. Зарын дагуу М овогтой Б- гэдэг залуу ирж надтай уулзан хамтран ажиллахаар болсон. Ингээд 2-3 удаа ирж уулзаад би туршиж ганц, нэг ажил даалгаж хийлгэж үзтэл ажлын чадвартай санагдахаар нь ажилуулах болоод дөнгөж ажилд ороод гурав хонож байхдаа миний итгэлийг олж ажилчдын хоол хүнсэнд хэрэглэгддэг виза картыг ашиглах нууц дугаарыг надаас асууж мэдсэн.

Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр би хүлээн авалтад очсон. Тэр өдөр Б- намайг дагаж яваад би хүлээн авалт дээр очиж архи уусан учраас нэлээд согтсон байсан ба намайг согтсон үед миний виза картыг Б- хулгайлан авч картаас 900,000 төгрөг авсан.

Одоогоор М.Б- нь хаана байгааг мэдэхгүй байна. Иймд М.Б-ийг олж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна. М овогтой Б- нь холбогдох утас байхгүй, надад өгсөн утасны дугаар нь 89787774 гэсэн дугаар өгсөн боловч энэ дугаар нь холбогдох боломжгүй байдаг. Гэрийнхээ хаягийг тодорхой хэлээгүй. Хороололд найзындаа байдаг гэж хэлж байсан. ... Би хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29-31 дэх тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 39-40 дэх тал/

 

М.Б-ийн яллагдагчаар өгсөн “... Манай ажлынхан 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хамт олноороо хүлээн авалтад оролцоод тэндээсээ тараад баар орж ууж байгаад би тасарсан байсан. Тэгээд нэг сэрэхэд ажлынхаа хажууд гудамжинд явж байсан бөгөөд бэлэн 900,000 төгрөг болон С-ын картыг халаасандаа хийчихсэн явж байсан. Тэгээд гэнэт бэлэн мөнгөтэй болчихсон байсан болохоор тэр мөнгөөр шараа тайлах гээд архи авч уугаад үрээд дуусгасан. Тэгээд хэд хоног ажилдаа очихгүй байж байгаад ажлаа тэр чигээр нь орхиод Хөх хот руу явж ажиллаж байгаад 2021 оны 02 дугаар сарын эхээр Монгол улсад буцаж ирээд Yum Yum chicken нэртэй хоолын газар нээсэн. Тухайн үед би цагдаагийн байгууллагаас холбогдоогүй тул С- ахыг намайг цагдаад өгсөн гэж огт мэдээгүй байсан.

... Би 2018 оны 5 дугаар сард С- ахын компанид ажилд орсон бөгөөд 1 сар ажиллах хугацаанд С- ах удаа дараа картаа өгч юм авахуулж байсан болохоор картынх нь нууц кодыг мэддэг болчихсон байсан. Би яг аль АТМ-ээс мөнгө авснаа санахгүй байгаа. Тэр үед тасарчихсан явсан болохоор юу ч санахгүй байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-49 дэх тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч М.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          Хавтаст хэрэгт шүүгдэгч М.Б-ээс хохирогч Н.С-ад “2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 900,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн” тухай эд зүйл хүлээлгэн өгсөн баримт үйлджээ. /хэргийн 42 дахь тал/

Иймд шүүгдэгч М.Б- нь бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Ийнхүү шийдвэрлэхэд шүүгдэгч М.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд үйлдэгдсэн гэмт хэргийн хугацаа хамаарахаар байна.

Гэвч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4. 5. 6. 7. 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэх оногдуулсан тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдсон байна” гэж заасан тул түүнийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн энэ шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь дээрх хуулийн заалтад хамаарахгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт М-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-эд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар М.Б-эд тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Б- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохыг сануулсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ