Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/268

 

 

 

 

 

 

 

 

2022           4           11                                          2022/ШЦТ/268

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт Б-ын Б-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205003480894 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын .... -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг 20 дугаар хороо Өнөр хороолол ... дугаар байр ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б-ын Б-

 

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнөр хорооллын ... дугаар байрны ... тоотод Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер Н.М-, цагдаа, жолооч ажилтай, ахлах ахлагч С.Д- нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, эсэргүүцэх явцдаа цагдаа жолооч ажилтай, ахлах ахлагч С.Д-ын биед халдаж түүний биед баруун завжид цус шарх, цус хуралт, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч С.Д-ын “... Би 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цагаас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цагийн хооронд цагдаагийн дэслэгч М-ын хамт Бугат 115 дугаар чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр шилжих шөнө буюу 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 цаг 46 минутад Бугат 10 дугаар чиглэлээс Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хороолол  ... дугаар байр  ... тоотод эхнэрээ хүн зодоод, хүүхэд нь уйлаад байна гэсэн дуудлага мэдээлэл ирж тухайн дуудлагад цаг тухайд нь явж очсон бөгөөд ар гэртээ агсан тавьсан гэх Бямбажигжид овогтой Б- нь гэртээ согтуугаар агсам тавьж байсан бөгөөд 2-4 настай хоёр хүүхэд уйлсан байдалтай, зөрчил гаргагч болон эхнэр нь гэх хүн гараад явсан байсан.

Гэрт нь 17-18 насны эмэгтэй хүүхэд гэрийг нь цэвэрлээд байж байсан. Бид ороод хаашаа явсныг нь тодруулаад зогсож байхад эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирсэн. Тухайн хоёр хүнд дуудлага мэдээллээр ирсэн байгааг тайлбарлаад эрэгтэйг нь аваад гарсан бөгөөд эхнэр нь гэх хүнийг гэртээ үлдээд байж байгаарай гэж хэлээд гарсан. Бид гадаа гараад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл материалжуулдаг болсон тул автомашинд эрэгтэйг нь суулгаад цагдаагийн дэслэгч М- гэрт нь мэдүүлэг авахаар орсон. Б.Б- нь албаны автомашин дотор сууж байхдаа наад цагдаагаа дууд би тамхи татмаар байна, манай эхнэртэй юу хийгээд байна наадах чинь гээд араас хашхираад орилоод байсан.

Тухайн хүн нь амны хаалт байхгүй шүлс нь үсрээд байсан тул би та хойшоо сууна уу гэж шаардлага тавих үед миний толгойн үснээс татаад дух самардаж баруун шанаа хэсэгт 2 удаа гараараа цохисон. Энэ үед би хамтран үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч М-ыг дуудаад хурдан гарч ирээрэй миний биед халдаад байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй дэслэгч М- гарч ирээд бид хоёр тухайн хүний хөдөлгөөний хязгаарлахын тулд гарт нь гав зүүж Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэх байх буюу Дуулгат 120-д эрүүлжүүлсэн.

Тухайн үед иргэн Б- нь шаардлага биелүүлэхгүй хэл амаар доромжилж, гараад үзье, би чамайг ална гээд байсан бөгөөд гавлах үед дэслэгч М-ын зузаан гуянаас хазсан байсан. Тэгээд би үүрэгт ажлаа дуусгаад гомдол гаргасан. ... Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дэх тал/

 

Хохирогч Н.М-ын “... А-аас юу болсныг тодруулаад гэрт нь байж байхад ахлах ахлагч С.Д- над руу залгаад Б.Б- нь миний биед халдаад байна, хурдан гарч ир гэсэн.

Тэгээд би гүйж гарахад Б.Б- автомашины арын суудал дээр сууж байсан бөгөөд С.Д-, Б.Б- нь миний шаардлага эсэргүүцэж миний биед халдаж, толгой руу 2 удаа цохиж дух самардаж маажсан гэсэн.

Тэгээд автомашиныхаа арын хаалга онгойлготол миний урдаас эсэргүүцэл үзүүлээд тэгээд хөдөлгөөний хязгаарлах зорилгоор гавлах гэхэд эсэргүүцэж надтай ноцолдож байгаад миний гуянаас хазсан. Тэгэхээр нь би толгойг нь доош нь дарж байгаад С.Д-ын хамт гавлаж аваад эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дэх тал/,

 

Гэрч О.А-ы “ ... Тэгээд нөхөр бид хоёр олон жил хамт байгаагүй болохоор гэр бүлийн маргаанаар хоорондоо хэрэлдэж муудалцаад нэг нэгэн рүүгээ орилоод хэрүүл хийсэн. Тэгсэн манай хоёр хүүхэд уйлалдаад эхлэхээр нь за за хүүхдүүдийнхээ хажууд хэрэлдээд яахав гэж бодоод больсон. Тэгсэн манай нөхөр дахин уурлаад бие засах өрөөний хаалгыг өшиглөсөн. Тэгсэн манай нөхрийн дүү орж ирэхээр нь би шууд зөрөөд гарч яваад хажуу байрны сааданд очоод сууж байтал манай нөхрийн дүү над руу залгаад цагдаа ирчихлээ гэхээр нь би за за орлоо гээд гэр лүүгээ яваад орсон чинь манай нөхөр гэрт байхгүй хоёр цагдаа ороод ирчихсэн байсан.

... намайг юу болсон талаараа ярь гэхээр нь би болсон зүйлийн талаар хэлээд сууж байсан. Тэгсэн нөгөө цагдаагийн утас нь дуугараад авсан чинь нөгөө манай нөхрийг аваад гарсан цагдаа болж байна уу гээд залгаж байх шиг байсан. Тэгсэн манайд байсан цагдаа нь одоохон, одоохон гэсэн.

Тэгээд дахиад 3-5 минутын дараа ахиж утас нь дуугарсан. Тэгээд утсаа авсан чинь цаанаас нь нөгөө цагдаа нь гараад ир гээд байх чинь пизда чинь энэ чинь намайг цохиод байна гэж хэлж байгаа сонсогдсон. Тэгсэн нөгөө манайд сууж байсан цагдаа нөхөр чинь ингэж байна гээд намайг гаръя гээд хурдан гарсан чинь нөгөө цагдаа машиныхаа арын хаалганы хажууд зогсчихсон, дух нь шалбарсан бололтой байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29-30 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1911 дугаартай:

“...1. С.Д-ын биед баруун завжид шарх, цус хуралт, духанд зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 32-33 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б- нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнөр хорооллын ... дугаар байрны ... тоотод дуудлага мэдээллийн дагуу хуулиар хүлээсэн үүргээ буюу нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлж гүйцэтгэсэн цагдаагийн албан хаагч С.Д-ын эрх бүхий байгууллагад очиж шалгуулах шаардлагыг биелүүлэлгүй албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцэх явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн цагдаагийн алба хаагч С.Д-, Н.М- нарын хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулах зорилгоор албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн” гэмт хэргүүдийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч С.Д-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1911 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссаны дараа буюу хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд хохирогч С.Д-, Н.М- нар нь “Гомдол санал байхгүй” гэсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

   Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 3,400,000 төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ