Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/269

 

 

 

 

 

 

 

2022             4           12                                        2022/ШЦТ/269

 

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Э.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Г.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Г овогт Г-ын М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205000001104 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Хөвсгөл аймаг Мөрөн сум ... дугаар баг .. гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг ... дугаар хороо ... хотхон ... байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овогт Г-ын М-

 

Шүүгдэгч Г.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 18-наас 19-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх Winsway бааранд Б.Н-ын нүүрэн тус газар пивоны шилээр цохих зэргээр халдаж түүний биед духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Г.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.Н-ын “2022 оны 02 дугаар сарын 18-наас 19-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Winsway нэртэй бааранд найз нарын хамт орсон. Уг бааранд орохоос өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.

Тэгээд уг бааранд ороод ширээн дээр суугаад 1 шил архи найз нартайгаа хувааж уугаад 3 шил пиво уусан. Тэгээд согтолттой байсан. Бүжиглээд ширээн дээр суугаад байсан байсан. Тэгээд бүжиглэх гэж алхаж байгаад гуйвахдаа хажуугийн ширээг түлхсэн. Тэгэхэд ширээний дээр байсан пиво нь ширээний хажууд сууж байсан эмэгтэй рүү асгарсан.

Тэгэхэд уг эмэгтэй пиво асгалаа гэж уурлаад энэ пиво хэн төлөх юм гээд мөн уурласан. Тэгээд намайг нойлын өрөө рүү ороход араас дагаж хэрүүл хийгээд байсан. Тэгээд би бүжиглэж байгаад ширээн дээр очиход уг эмэгтэй над руу ирээд намайг хэл амаар доромжлоод над руу гартаа барьсан байсан пивоны шилээ шидэж миний дух хэсэгт онож би газар ухаан алдаж унасан. Тэгээд сэргэхэд дух хэсгээсээ цус гарсан байсан. Босоод эргээд ухаан алдсан байсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэг дээр сэргэж оёдол тавиулсан.

... Эмнэлгийн байгууллагад хандсан. Эм авч уусан. Томографт харуулсан. Өөр эмчилгээ хийлгээгүй. Миний нийт эмчилгээний зардал 400,000 төгрөг болсон. Уг намайг цохисон М- эмчилгээний зардал 500,000 төгрөг өгсөн байгаа. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16 дахь тал/,

 

Гэрч Б.Б-ын “... манайд үйлчлүүлж байсан 2 өөр ширээний эмэгтэй нэгнийхээ пиво шүргэж унагаасны улмаас хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд нэг нь нэгнийхээ ширээн дээр байсан пивыг аваад урд нь очоод асгаж байгаад пивоны шилийг шидтэл нэгнийх нь дух хэсэгт цохиод цохиулсан эмэгтэй нь босож ирээд хоорондоо мөн барьцалдаж эхлэхээр нь салгасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дахь тал/,

 

Гэрч Д.Ө-гийн “... М-гийн хувцас норчихсон ширээн дээр байсан пиво хүн асгачихлаа гээд уурлачихсан сууж байсан. Тэгээд хажуу ширээний эмэгтэйчүүд рүү М- очоод маргасан. Тэгээд нэг эмэгтэй рүү нь пиво цацаж байна гэж харахад М- нэг эмэгтэй рүү нь пивоны шил шидээд толгойг нь оносон юм байна лээ. Уг М-гийн шидсэн пивоны шилэнд оногдсон эмэгтэй газар уначихсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3314 дугаартай:

“... 1. Б.Н-ын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 29-30 дэх тал/,

 

Г.М-гийн яллагдагчаар өгсөн “... Тэгээд би бүжиглэж байгаад ширээн дээрээ ирээд ганцаараа сууж байхад над руу пиво асгачихсан. Тэгэхэд нь би над руу ширээ түлхчихлээ гэж бодсон. Хажууд эмэгтэй хүмүүс сууж байсан. Тэгээд уг эмэгтэйчүүдийг ширээ над руу түлхэж пиво асгачихлаа гэж ойлгоод уг эмэгтэй дээр очоод маргасан. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор сайн болсон үйл явдлаа санахгүй байгаа. Орж гараад байгаа. Тэгээд маргаж байгаад согтуурхаад гартаа барьсан байсан пивоны шилээ уг эмэгтэй рүү шидсэн юм байна лээ. Нэг сэргэхэд цагдаа нар ирсэн байсан. Хажууд тэр бааранд байсан хүмүүс намайг хүн алчихлаа гээд орилоод байсан.

... би гэм буруугаа ухаарч эмчилгээний зардал болох 500,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 38 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Г.М-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

  

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3314 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах явцад хохирогч Б.Н-ын “... Миний бие М-тай сайн дурын үндсэн дээр эвлэрч М- миний хохирлыг бүрэн барагдуулж 500,000 төгрөг өгсөн тул надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ...” гэсэн хүсэлт /хэргийн 49 дэх тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.М- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

   Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

   Ийнхүү шийдвэрлэхдээ шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, одоогоор эрхэлсэн ажилгүй байх тул торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Г-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М-г торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.М- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ