Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/272

 

 

 

 

 

 

 

2022             4           12                                        2022/ШЦТ/272

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Д.Д-, Д.О- тэдгээрийн өмгөөлөгч М.Энхжаргал, Ш.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас П овогт Д-ын Д-, Б овогт Д-ын О- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202000800047 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, Т- дуу бичлэгийн студид туслах продюсер ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянгол дүүрэг ... дугаар хороо ... байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, П овогт Д-ын Д-.

 

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжмийн зохиолч мэргэжилтэй, Т- дуу бичлэгийн студид хөгжмийн зохиолч ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг ... дугаар хороо .... байр 1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-ын О-

 

Шүүгдэгч Д.Д-, Д.О- нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 10-наас 11-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо Тайм центрийн 6 дугаар давхар 602 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ -ын агууламжтай нийт 310.4995 цэвэр жинтэй нойтон ургамал буюу өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж улмаар уг өвсийг ахуйн газ, хуванцар сав зэргийг ашиглан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.0574 грамм цэвэр жинтэй шавар болгон бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 7-15 дахь тал/

 

Хүний биед үзлэг хийсэн “... Д.О-гийн өмсөж явсан хувцас эд зүйлийг нэг бүрчлэн тайлж гараар тэмтэрч үзэх байдлаар үзлэг явуулахад хар өнгийн куртикны баруун талын гадна халааснаас шавар мэт зүйл наасан цэнхэр өнгийн асаагуур байсныг 1 гэж дугаарлан, мөн халааснаас хуйлж бөөрөнхийлсөн мөнгөлөг цаас түүний дотор хуйлсан ягаан өнгийн чихрийн цаас байсныг 2 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр хураан авлаа. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 16-20 дахь тал/,

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “... Д.О-г ... 5 дугаар бага буюу THC /Марихуан/ илэрсэн” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 21-23 дахь тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 24-26 дахь тал/,

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “... Д.Д- ... 5 дугаар бага буюу THC /Марихуан/ илэрсэн” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 27-29 дэх тал/,

 

Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 366 дугаартай эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн 42 дахь тал/,

 

Нэгжлэгээр хураан авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 43 дахь тал/,

 

Эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 44-46 дахь тал/,

 

Гэрч Э.М-ын “ ... Манай студид байнга хамтран ажилладаг О-, Д-, Ж- нар байдаг юм. Би байнга байдаггүй гадуур, дотуур их явдаг. Кино зураг авалтад их явдаг юм. ... Манай студиэс мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын төрлийн өвс болон хэрэглүүрүүд гарсанд маш их гайхсан. Би хэрэг болсны маргааш орой нь болсон асуудлыг сонссон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 55-56 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 670 дугаартай:

“ ... 1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Д.Д- 2022.01.11 гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг болно” гэсэн дүгнэлт. /хэргийн 62-63 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 672 дугаартай:

“...1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Д.О-  2022/01/11 гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 67-69 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 673 дугаартай:

“...1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. №1 гэж дугаарласан зиплок ууттай, шавар мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн асаагуур, №2 гэж дугаарласан зиплок ууттай мөнгөлөг өнгийн тугалган цаас, ягаан өнгийн бохирлогдсон цаас зэрэг дээж тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг болно.

1 гэж дугаарласан зиплок ууттай, цэнхэр өнгийн асаагуурт наалдсан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.0173 грамм дээж байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 72-75 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 674 дугаартай:

“...1.2 Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. №1 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн хажуу талд нь шавар мэт зүйл наалдсан цагаан өнгийн асаагуур, №2 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн нэг хэлбэрийн шатсан тортог бүхий зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №3 гэж дугаарласан цэнхэр өнгийн тагтай хуванцар нойтон ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан шар өнгийн тагтай fuze tea гэсэн бичигтэй хуванцар савтай ургамал мэт зүйл, №7 гэж дугаарласан улаан өнгийн тагтай хуванцар савтай нойтон ургамал мэт зүйл, №8 гэж дугаарласан таггүй дотор тал нь бараан өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар сав, №10 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн AX1312713 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, №11 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн ургамал мэт зүйл, №12 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн шар өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон асаагуур, №14 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тал притка, №15 дугаарласан зиплок уутанд хийсэн NJ3018240 серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт №16 гэж дугаарласан бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн аяга тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг болно. №9 гэж дугаарласан 4 ширхэг улаан, цэнхэр өнгийн хэрэглэсэн ахуйн газ, №13 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй.

3.4 Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн цагаан өнгийн асаагуурын хажуу талд наалдсан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.0574 грамм, №3 гэж дугаарласан цэнхэр өнгийн тагтай хуванцар савтай нойтон ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 61.2441 грамм, №4 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 88.4 грамм, №5 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 58.4 грамм, №6 гэж дугаарласан шар өнгийн тагтай Fuze tea гэсэн бичигтэй хуванцар савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 70.0 грамм, №7 гэж дугаарласан улаан өнгийн тагтай хуванцар савтай нойтон ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 90.2 грамм, №11 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 3.4995 грамм байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 78-89 дэх тал/,

 

Д.Д-ий яллагдагчаар өгсөн “... Тэгээд хүн өвс авах уу гэхээр нь сонирхоод худалдаж аваад өөрсдийн ажил дээрээ авчирч бага багаар хэрэглэсэн юм. Өвсийг бол тамхи шиг ороож татаж хэрэглэдэг, эсвэл бонго буюу саванд хийгээд тугалган цаас тогоо хэлбэрээр хийж түүн дотроо өвсөө хийгээд шатааж гаанс маягаар татаж хэрэглэдэг юм. Шаврыг нь бол уг өвснөөс гаргахдаа ундааны саванд хийж ахуйн газ ундааны сав руугаа шахаж оруулаад өвсөө норгоод шингэнийг нь шүүж аваад халуун усанд хийж ууршуулж шаврыг гаргаж авдаг юм. Уг өвснөөс Очко бид хоёр хэрэглэдэг байсан. Өөр ямар нэгэн хүн энэ талаар огт мэдээгүй юм.

... Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Хэргийг хөнгөнөөр түргэн шуурхай шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 219-220 дахь тал/,

 

Д.О-гийн яллагдагчаар өгсөн “ ... Тухайн үед Д- бэлэн мөнгө байна уу гээд надад байгаа 20,000-30,000 төгрөгийг аваад өөрийн мөнгөтэй нийлүүлээд тэр хүнд өгсөн юм.

Бид хоёр тэр өвсийг аваад өөрсдийн ажил болох Т- дуу бичлэгийн студид авчирсан. Тэгээд студийн тагтан дээр нуугаад бага багаар гаргаж ирээд бид хоёр хэрэглэдэг болсон юм. Тэгээд хэрэглэж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 10-ны орой цагдаа нарт баригдсан юм.

... Миний биеэс гарсан шаврыг бол өөрсдийн олж авсан өвснөөс гаргаж авсан. Өвсийг ундааны хуванцар саванд хийгээд өвсөө ахуйн газаар шахаад ууршуулдаг.

Ууршуулахад өвс нь үлдээд дээр нь тортог шавар шиг зүйл гарч ирэхээр нь тэрийг хусаж аваад тугалган цаасан дээр тавиад доороос нь төөнүүлж шатааж гарсан утааг нь мөнгө хуйлж байгаад амаараа сорж хэрэглэдэг юм. Тэгж хэрэглэсний дараа инээд хүрч, тайвширдаг тухайн үедээ маш сонирхолтой мэдрэмж төрдөг. Уг мэдрэмж нь 10-20 минут л орчим болдог юм. Шавар гаргах ажлыг бол Д-өө бид хоёр хоёулаа гар бие оролцож хийдэг юм.

... Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Хэргийг хөнгөнөөр түргэн шуурхай шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 228-230 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

       Шүүгдэгч Д.Д-, Д.О- нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 10-наас 11-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо Тайм центрийн 6 дугаар давхар 602 тоотод байрлах Т- дуу бичлэгийн студид Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ -ын агууламжтай нийт 310.4995 цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж улмаар делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.0574 грамм цэвэр жинтэй шавар болгон бэлтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.Д-, Д.О- нар нь бүлэглэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ -ын агууламжтай өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж улмаар делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай шавар болгон бэлтгэсэн өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн үндсэн хоёр шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд шүүгдэгч Д.Д-, Д.О- нар нь гэмт хэргийн улмаас учруулсан, хор уршигт төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал, Ш.Мягмарцэрэн нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Д-, Д.О- нарын гэмт хэрэг нь “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг” үйлдсэн гэмт хэрэг бөгөөд нийгмийн хор аюул ихтэй тул өмгөөлөгч нарын гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн авах боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулинд заасан “тэнсэх” гэдэг нь “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн” гэдэг нөхцөл байдлыг шаардах бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт энэ нөхцөл байдал байхгүй тул “тэнсэх” боломгүй юм. 

Харин шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа №1 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн хажуу талд нь шавар мэт зүйл наалдсан цагаан өнгийн асаагуур, №2 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн нэг хэлбэрийн шатсан тортог бүхий зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №3 гэж дугаарласан цэнхэр өнгийн тагтай хуванцар нойтон ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан шар өнгийн тагтай fuze tea гэсэн бичигтэй хуванцар савтай ургамал мэт зүйл, №7 гэж дугаарласан улаан өнгийн тагтай хуванцар савтай нойтон ургамал мэт зүйл, №8 гэж дугаарласан таггүй дотор тал нь бараан өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар сав, №9 гэж дугаарласан 4 ширхэг улаан, цэнхэр өнгийн хэрэглэсэн ахуйн газ, №11 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн ургамал мэт зүйл, №12 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн шар өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон асаагуур, №13 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №16 гэж дугаарласан бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн аяга зэргийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, №10 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн AX1312713 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, №14 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн NJ3018240 серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт тус тус даалгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Д-, Д.О- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П овогт Д-ын Д-ийг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Б овогт Д-ын О-г бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Д-, Д.О- нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Д.Д-, Д.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Д-, Д.О- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа

№1 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн хажуу талд нь шавар мэт зүйл наалдсан цагаан өнгийн асаагуур,

№2 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн нэг хэлбэрийн шатсан тортог бүхий зүйлээр бохирлогдсон тугалган цаас,

№3 гэж дугаарласан цэнхэр өнгийн тагтай хуванцар нойтон ургамал мэт зүйл,

№4 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл,

№5 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл,

№6 гэж дугаарласан шар өнгийн тагтай fuze tea гэсэн бичигтэй хуванцар савтай ургамал мэт зүйл,

№7 гэж дугаарласан улаан өнгийн тагтай хуванцар савтай нойтон ургамал мэт зүйл,

№8 гэж дугаарласан таггүй дотор тал нь бараан өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар сав,

№9 гэж дугаарласан 4 ширхэг улаан, цэнхэр өнгийн хэрэглэсэн ахуйн газ,

№11 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн ургамал мэт зүйл,

№12 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн шар өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон асаагуур,

№13 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас,

№16 гэж дугаарласан бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн аяга зэргийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

№10 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн AX1312713 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт,

№14 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн NJ3018240 серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт тус тус даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Д-, Д.О- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ