Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/295

 

 

 

 

 

 

 

 2022            04           20                                      2022/ШЦТ/295

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Б овогт Б-ын Д-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205004771107 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ... оны .. дугаар сарын ... -ны өдөр ... аймаг .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашигт малтмал баяжуулалтын инженер мэргэжилтэй, ... ХХК-д баяжуулалтын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг ... дугаар хороо Шинэ яармаг хороолол ...  дугаар байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Д-.

 

Шүүгдэгч Б.Д- нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104б байрны 108 тоотод өөрийн төрсөн дүү болох Б.А-ын хамтран амьдрагч хохирогч Ё.А-ын “түүний төрсөн дүүд хаалга онгойлгож өгөөгүй” гэсэн шалтгаанаар нүүрэн тус газар нь 3-4 удаа өшиглөж, гараараа 2-3 удаа толгой хэсэгт нь цохиж хохирогч Ё.А-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зовхи, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д- мэдүүлэхдээ:

“Ажлаа тараад явж байтал 120-ын автобусны буудал дээр манай дүү зогсож байтал А-ын ээж дээр очно гээд явж байсан. Тухайн үед би хохирогчийг зодно гэсэн бодол байгаагүй. Бид хоёрын хооронд маргаан болсон юм. Миний өөдөөс хэгжүүрхээд чаддаг юм бол үзье гээд утсаар ярихаар нь гэрт нь очтол хаалгаа онгойлгоогүй. Тэгэхээр нь би хаалгыг нь өшиглөсөн. Цаана нь хүүхдүүд нь уйлаагүй. Хүүхэлдэйн кино үзэж байсан” гэв.

Шүүгдэгч Б.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Ё.А-ын “... 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн гэр болох Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104б байрны 108 тоотод хоёр хүүхдээ хараад гэртээ амарч байсан. Тэгсэн оройн 20 цагийн үед манай гэрийн хаалгыг хэн нь мэдэгдэхгүй хүн өшиглөөд байсан.

Тэгэхээр нь хаалга дээр очоод хэн бэ гэсэн чинь чамайг ална гэсэн. Тэгэхээр нь би хэн юм бэ нэрээ хэл гэхэд танай эхнэр А-ын ах байна, хаалгаа тайл, чамайг ална шүү гээд хаалга өшиглөсөн. Тэгээд би хүүхэдтэйгээ байна гэсэн чинь бүр жийж өшиглөөд байсан. Тэр үед манай хоёр хүүхэд зогсолтгүй уйлж эхэлсэн. Ингээд аргагүйн эрхэнд хаалгаа нээсэн.

Тэгсэн манай эхнэрийн төрсөн ах Д- надтай ямар нэгэн зүйл ярилгүйгээр миний фудволкны хоолой хэсгээс угзарч татаад намайг газар дөрвөн хөллүүлж унагаасан. Тэгээд миний толгойн үс хэсгээс гараараа татаж гуталтай баруун хөлөөрөө миний дух хамрын гол хэсэгт 3-4 удаа өшиглөсөн.

Тэгээд үргэлжлүүлж толгойн зулай, дагз хэсэг рүү гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Би яг хэдэн удаа гэдгийг санахгүй байна. Тэр үед манай охин болох Маралжингоо хажуу талаас хүрээд ирсэн чинь цаашаа байж бай гээд миний хэвлий хэсэг рүү баруун хөлөөрөө хоёр удаа өшиглөөд яваад өгсөн юм.

Намайг цохиж зодож байхдаа ямар нэгэн зүйл огт яриагүй. Миний нүүр болон толгойн зулай хэсэгт хавдаж гэрээсээ гарч чадахааргүй болсон. Тэгээд хоёр хоног гэртээ хэвтэж байгаад цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандсан юм.

Миний дух болон зүүн нүд хэсэг тэр чигтээ хөхөрч хавдсан. Мөн хамар хугарсан байна. Би Натул гээд эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн.

Би Д-ыг огт ойлгоогүй. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эхнэр А-ын гар утасны чатыг уншихад манай байрны хажуу талын байрны залуу нөхөртөө битгий хэлээрэй, хоёулаа гоё уулзъя гэсэн утгатай мессэж бичсэн байсныг би уншсан.

... Тэгсэн 13 цагийн үед үсний шампунь авна гээд хажуу талын байрны дэлгүүр явсан. Тэгээд гэртээ ирээгүй. Орой 19 цагийн үед гэрийн хаалга зөөлөн цохисон.

Би тэр үед нь хоёр хүүхдэдээ хоол өгөөд бие засуулаад байж байсан юм. Тэгээд хаалга онгойлгож өгөөгүй гээд яваад өгсөн. А-ын ах Д- намайг ямар шалтгаанаар зодсоныг мэдэхгүй байна. Миний бодож байгаагаар хаалга нээж өгөөгүй гэж тэгсэн байх.

... Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Би эмчилгээний зардалд баримтаар 418,250 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дахь тал/

“Миний учирсан нийт хохирлыг Д- бүрэн барагдуулсан байгаа. Иймд надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дэх тал/

 

Гэрч Д.Г-ынийн “... 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлаа тараад явж байхдаа охин дүү болох А-ынтай 120 дугаар автобусны буудал дээр таарсан байсан. Тухайн үед А-ын нь гэрийнхээ хувцастай явж байсан ба ах болох Д- болсон асуудлыг нь асуугаад А-ынатай утсаар холбогдоход янхан, гичий, дүүгээ аваад зайл гэх зэргийн үг хэрэглэсэн гэсэн.

Тэгэхээр нь ах нь дүүгээ өмөөрч чи ямар олон үгтэй юм, хоёулаа уулзъя гэхэд А-ына хүрээд ир гэртээ байна, учраа олъё гэх зэргийн юм хэлсэн гэсэн.

Тэгээд Д- очиж уулзаад манай дүүг яагаад гэрийн хувцастай нь явуулаад байгаа юм гэхэд битгий хуц, чи яах юм гэх утгатай зүйл ярьж надад ойлгуулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-19 дэх тал/

 

Гэрч Б.А-ын “... 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гар утас авахад нь би хэнтэй ч чат, мессэж бичээгүй, чи шалгаад үз гэх зэргээр маргаан үүссэн. Тухайн үед надтай ноцолдоод тэгээд миний хоолойг маш хүчтэй боосон. Би боолтонд ороод амьсгал авч чадахгүй болохоор нуруу хэсэгт нь маажиж тавиулсан. Ерөнхийдөө сүүлийн хоногуудад дандаа хэрүүл зодоонтой байсан. Би цагдаа дуудлаа гэхээр гайгүй болдог юм.

... А-ына архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ хүмүүстэй ууддаггүй. Гэртээ ганцаараа уудаг. 0,75 граммын архийг ганцаараа уучхаад бүүр их согтуу болдоггүй хүн юм.

... 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө босоод би хоёр хүүхдэдээ хоолыг нь хийж өгөөд ууртай байсан учир шампунь ойр зуурын юм авахаар дэлгүүр гарсан. Тухайн үед миний зүүн хэвлий хэсэгт хатгуулаад байсан тул ер нь дэлгүүр орохоо больё, эмнэлэг оръё гээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Халдвартын орчин сайтай Гоо даль эмэгтэйчүүдийн эмнэлэг рүү 12 цагийн үед очсон байх.

... Тэгээд 10-15 минут хаалга тайлж өгөөгүй. Би олон удаа цохисон. Би доод талынхаа дэлгүүрийн хүний утсаар А-ына руу залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би ээжийнд очъё оруулахгүй юм байна гээд ээжтэй утсаар ярьсан.

... Хан-Уул дүүргийн 120-ын автобусны буудлын ертөнцийн зүгээр баруун талд нь А-ынад гомдоод автобус хүлээж зогсож байсан. Тэгсэн араас нэг хүн надад хүрсэн. Эргээд харахад манай ах болох Д- юу хийгээд зогсож байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би ахдаа А-ына надад хаалга онгойлгож өгөөгүй, ийм учир би ээжийнх рүү явах гээд автобус хүлээж зогсож байна гэсэн чинь намайг таксидаад яв гээд мөнгө өгсөн.

Манай ах бид хоёрын харилцааг тийм сайн мэдэхгүй ч ер нь хэрүүлтэй байгааг анзаарсан байсан. Тэгээд ах муудалцсаныг мэдчихсэн. Тэгээд би ээжийнд очоод байж байхад А-ын ээж нь над руу залгасан. Д- ах чинь А-ын зодсон байна гэсэн. Тэгээд би мэдсэн. Түүнээс би ахад янз бүрийн зүйл яриагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-29 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1798 дугаартай:

“...1. Ё.А-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зовхи, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5. Энэ гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 31-32 дахь тал/

 

Б.Д-ын яллагдагчаар өгсөн “Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө ажлаас гараад оройны 20 цагийн үед явганаар 120-ын автобусны буудал дээр явж байхад манай төрсөн дүү болох А-ын гэрийнхээ хувцастай зогсож байсан юм.

Тэгээд ямар асуудлаас болж ийм байдалтай байгаа талаар асуухад ахаа намайг А-ына гэртээ оруулахгүй байна гэх зүйлийг ярьж ээжийнд очиж хонолоо гэсэн.

Тэгэхээр нь би за гээд таксинд суулгаж өгөөд А-ын нөхөр болох А-ын 99797399 дугаарт өөрийн 88032713 дугаараас хамгийн анх удаа утсаар холбогдоод манай дүүг А-ын яагаад гэрийнхээ хувцастай 120-ын автобусны буудал дээр явж байгааг асуухад чамд ямар хамаатай юм гэсэн.

Тэгэхээр нь надад яагаад хамаагүй байдаг юм гөлөг минь гэхэд чи намайг гөлөг гэдэг хэн бэ гээд хэрүүл маргаан эхэлсэн.

... Би А-ынад хандаж ингэж хэрүүл хийж байхаар уулзаж зодолдох уу гэхэд А-ына чаддаг юм би хүрээд ир гэсэн.

Тэгсэн А-ына гарч ирэхээр нь би баруун гараа атгаж байгаад хоёр удаа цохисон юм. Тэгсэн А-ына газар унасан. Тэр үед нь би хэвлий хэсэгт нь зүүн гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Мөн баруун гараа атгаж байгаад нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Дахин цохиж зодоогүй. Би №1798 дугаартай дүгнэлттэй уншиж танилцлаа. Тухайн гэмтлийг би цохиж зодож үүсгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

... Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Би дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-43 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Д-ын Ё.А-ын биед халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          Хохирогч Ё.А-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1798 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

          Мөрдөн шалгах явцад хохирогч Ё.А-ын “... Миний учирсан нийт хохирлыг Д- бүрэн барагдуулсан байгаа. Иймд надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн хүсэлт /хэргийн 74 дэх тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Д- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ