Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/306

 

 

 

 

 

 

2022            04           25                                       2022/ШЦТ/306

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Ч.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Ч-ын Г-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205002051129 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод ...  оны ... дугаар сарын ... -ны өдөр, халх, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ... ХХК-ны Баянгол дүүрэг 18 дугаар хороо ... -ын Irish пабад туслах тогооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Баруун ард аюуш 3 дугаар гудамж 66 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ч-ын Г-.

 

Шүүгдэгч Ч.Г- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...-ын ариун цэврийн өрөөнд хохирогч Г.Б-тай үл ялих зүйлээс болж маргалдан түүний биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд шарх, баруун чамархайн хуйханд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г- мэдүүлэхдээ: “Миний буруугаас болсон юм чинь өгөх мэдүүлэг байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ч.Г- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Г.Б-ын “... Тухайн өдөр миний ажилладаг байсан Би Кай эйч караокены шинэ жил болсон бөгөөд бид нар шинэ жилээ караоке дээрээ тэмдэглэсэн юм.

Тэгээд бид нар ууж идээд, шагнал, урамшуулал гардуулаад байж байгаад ер нь бүгдээрээ нэлээн согтчихсон хувцсаа сольж байсан. Тэгээд би тогооч болох Г- ахтай ариун цэврийн өрөөний хажууд юм ярьж зогсож байгаад ариун цэврийн өрөө рүү хамт ороод юм ярьж байхдаа бид хоёр маргалдаж эхэлсэн.

Тэгсэн чинь Г- ах намайг хавирч унагаасан. Тэгсэн чинь би дагзаараа хана мөргөөд унасан. Тэгсэн чинь Г- ах дээрээс хөлөөрөө хэд хэдэн удаа дэвссэн. Тэгээд байж байсан чинь манай ажлын хүмүүс орж ирээд Г- ахыг надаас салгаж авсан. Тэгээд ажлын залуу манай ахыг дуудаад намайг өгч явуулсан. Бид хоёр цуг нэг газар ажилладаг. Г- ах тогооч хийдэг. Би зөөгч хийдэг байсан юм.

... Яг юунаас болсноо бол сайн мэдэхгүй байна. Юм ярьж зогсож байгаад л маргалдаж эхэлсэн. Намайг унагааж дээрээс хөлөөрөө дэвссэн. Миний зүүн нүд хөхөрч язарсан. Хамар мурийсан. Эрүү хөндүүр болсон. Мөн дагзанд хаван үүссэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дахь тал/,

“... Надад цаашид хийлгэх шаардлагатай эмчилгээ байхгүй. Би тархины томографи зураг авхуулсан. Өөр ямар нэгэн эмнэлэгт хандаагүй. Миний уусан эм тариа болон тархины зурагны төлбөрийг бүгдийг нь Г- ах төлж барагдуулсан. Би эм тариандаа 450,000 төгрөгийг гаргуулж авсан. ..” гэсэн мэдүүлэг. /хэргийн 49 дэх тал/

 

Гэрч И.М-ын “... Тэгээд тэр хоёр хамт босоод өрөөнөөс гараад ариун цэврийн өрөөнд юм цохиж байгаа юм шиг чимээ гараад байсан. Тэгээд би караокены өрөөнөөс гарсан чинь ариун цэврийн өрөөнөөс Б-, Г- ах хоёр гараад ирчихсэн байсан. Тэгээд Б-ын нүүр нь хавдаад улайчихсан. Нүд нь хавдчихсан байсан. Г- ахын хүзүү нь улайчихсан байсан.

... Яг шинэ жил тарах гэж байхад тэр хоёр юм яриад сууж байсан бөгөөд тэгээд юм яриад сууж байхдаа тэр хоёр маргалдаж эхэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1231 дугаартай:

“... 1. Г.Б-ын биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд шарх, баруун чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 34-35 дахь тал/

 

Ч.Г-ын яллагдагчаар өгсөн “... тухайн үед манай ажлын зөөгч Б- намайг бусадтай юм яриад байж байтал яриан дундуур орж ирээд намайг үгээр өдөж байснаа хоёулаа ариун цэврийн өрөө оръё гэхээр нь би Б-ыг дагаад ариун цэврийн өрөө рүү ортол намайг өөр лүүгээ томорлоо, энэ тэр гээд бид хоёрын дунд маргаан үүстэл Б- миний өмсөж байсан хувцасны захаар заамдахаар нь би зөрүүлээд зүүн талын хацар руу нь баруун гараараа нэг цохиход Б- газарт унасан бөгөөд би уурандаа үргэлжлүүлэн түүний толгой руу нь хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөхөд манай ажлын хүмүүс орж ирээд бид хоёрыг салгасан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй.

... Би тухайн өдрийн маргааш нь Б-ыг дагуулж явж тархины зураг авхуулж, мөн эмчилгээндээ хэрэглээрэй гээд 400,000 төгрөгийг өгч барагдуулсан байгаа.

... Б- бид хоёрыг ариун цэврийн өрөө орж байх үед манай шинэ жилийн үйл ажиллагаа тарах гэж байсан учир бид хоёрын хажууд ямар нэгэн хүн байгаагүй. Харин бид хоёрыг ариун цэврийн өрөө орохыг харсан хүн байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-46 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Г- Г.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1231 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хэрэгт мөрдөн шалгах явцад хохирогч Г.Б- “... Надад цаашид хийлгэх шаардлагатай эмчилгээ байхгүй. Би тархины томографи зураг авхуулсан. ... Миний уусан эм тариа болон тархины зурагны төлбөрийг бүгдийг нь Г- ах төлж барагдуулсан. Би эм тариандаа 450,000 төгрөгийг гаргуулж авсан. ..” гэж мэдүүлсэн /хэргийн 49 дэх тал/ байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Г- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ч-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Г-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Г- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Г- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ч.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ