Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2344

 

 

 

 

 

 

 

 

 

МТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2017/02103 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч МТ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э ХХК -д холбогдох

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 223 660 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Сэржээхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Энхжавхлан, Б.Оюунсувд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Оюундэлгэр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч МТ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Э ХХК -тай байгуулсан 15/16 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. 15/16 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу зээлээр авсан барааны төлбөрийг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор компанийн дансанд шилжүүлэх эсхүл бэлнээр төлж барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна. Иймд 15/16 тоот гэрээний 3.3, 5.1-д заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 155 773 900 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул 50 хувьд хүргэж зогсооход 77 886 950 төгрөг болж байна. Иймд бидний гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 155 773 900 төгрөг, алданги 77 886 950 төгрөг, нийт 233 660 850 төгрөгийг Э ХХК -аас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э ХХК  шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюундэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э ХХК  нь МТ ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 15/16 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г харилцан тохиролцож байгуулсан. Энэхүү гэрээний дагуу Э ХХК  нь МТ ХХК-иас нийт 251 773 900 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүн худалдан авснаас нийт 106 000 000 төгрөгийг төлсөн. Хамгийн сүүлд 2017 оны 08 дугаар сарын 15-нд 10 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр 145 773 900 төгрөг байна. МТ ХХК нь бидэнтэй алданги авахгүй байхаар тохиролцсон бөгөөд бид МТ ХХК-тай үндсэн төлбөрийн үлдэгдэл дүнгээр тооцоо нийлж, акт үйлдэж байсан болно. Иймд бид нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алданги төлбөр гэх 77 886 950 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин гэрээний үлдэгдэл төлбөр болох 145 773 900 төгрөгийг нэхэмжлэгчтэй эвлэрэн тохиролцож хуваарь гарган хэсэгчлэн болон бартераар төлөх хүсэлтэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх заасныг баримтлан Э ХХК -аас гэрээний төлбөрт 145 773 900 төгрөг, алдангид 72 886 950 төгрөг, нийт 218 660 850 төгрөгийг гаргуулан МТ ХХК-д олгож, үлдэх 5 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 326 255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 251 254 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Сэржээхүү давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...МТ ХХК нь гэрээний алдангийн төлбөрт төлөгдөөгүй үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний буюу 77 886 950 төгрөгийг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу Э ХХК -иас гэрээний алдангийн төлбөрт 72 886 950 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч МТ ХХК нь хариуцагч Э ХХК -д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 155 773 900 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 77 886 950 төгрөг, нийт 233 660 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 223 660 850 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “алдангийн талаар тохиролцоогүй тул үндсэн төлбөрөөс бусдыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

            Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэж үзсэн нь үндэслэлтэй.

 

Зохигчид 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр худалдагч нь газрын тосны бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот дахь агуулахаас тухай бүр харилцан тохиролцсон үнээр худалдах, худалдан авагч нь бүтээгдэхүүний үнийг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 10-13/

 

Талууд худалдсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанар, бүтээгдэхүүн авсан огноо, төлбөр төлсөн огноо, төлсөн үнийн дүн болон 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаарх үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй.

 

            Зохигчдын үйлдсэн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт”-д 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хариуцагч талын худалдан авсан гэх 155 773 900 төгрөгийн үнэ бүхий түлштэй холбоотой баримт үйлдсэн байх ба уг тооцоо нийлсэн баримтад заасан төлбөрийн хугацааг хариуцагч тал хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анз төлөхөөр тохиролцоо хийсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Уг тооцоо нийлсэн баримтад 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийн талаар заасан байна.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гэрээний үндсэн төлбөрт шаардсан 155 773 900 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 10 000 000 төгрөгийг хасч тооцсон нь зөв боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан үндсэн төлбөрөөс алданги тооцон хариуцагч Э ХХК -иас 72 886 950 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

            Хэргийн 10 дугаар талд авагдсан 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15/16 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.1 дэх хэсэгт “Энэхүү гэрээг талууд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулав” гэж худалдах, худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан, гэрээний 3.3 дахь хэсэгт “худалдан авагч нь энэ зүйлийн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох”-оор заасан, мөн уг гэрээнд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх нийт үнийн дүнгийн хэмжээ, тооцоо нийлэх үндэслэлүүдийн талаар тусгагдсан байна.

 

            Дээрх гэрээний агуулгаас үзвэл өмнө нь нийлүүлэгдсэн байгаа бараа бүтээгдэхүүнд энэ гэрээний нөхцөл хамаарахгүй гэсэн заалт байхгүй байх тул 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн үеийн хариуцагчийн үүрэгт уг үүрэг үүссэнээс хойш байгуулагдсан гэрээний нөхцлөөр алданги тооцох үндэслэлгүй юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2017/02103 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК -иас гэрээний төлбөрт 145 773 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТ ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 77 886 950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Э ХХК -ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 522 385 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                        Б.НАРМАНДАХ

 

                                                                                     Д.ЦОГТСАЙХАН