Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 71

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
ШИЙТГЭХ ТОГТООЛ

2016 оны 10 сарын 14 өдөр                                    Дугаар 70                                          Баруун-Урт

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
    Улсын яллагч Б.Очбадар,
    Шинжээч эмч С.Эрдэнэцэцэг
    Гэрч М.Бат-Өлзий
    Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр
    Шүүгдэгч Б.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халтур овгийн Баяртбаатарын Анхбаярт холбогдох 201617000231 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

    Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн харьяат, 1990 оны 08 дугаар сарын 18-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын карказын мужаан мэргэжилтэй, эхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эгч дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 12-16 тоотод амьдрах, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ЖЯ90081875 регистртэй, Халтур овгийн Баяртбаатарын Анхбаяр
       
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Б.Анхбаяр нь согтуурсан үедээ 2016 оны 07 сарын 26-ны шөнө 05 цагийн үед  Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Баатархуягийг орон сууцны дунд хүмүүс зодолдоод байна гэх дуудлагын дагуу очиж, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байх үед нь хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний өмсөж явсан цамцыг урж, улмаар бие махбодид нь зүүн гарын 3, 4 дүгээр хурууны 3 дугаар үений шивнүүрийн хугарал, 5 дугаар хурууны 3 дугаар үений шивнүүрийн толгойн хэсгийн цууралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    - Шүүгдэгч Б.Анхбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 сарын 25-ны өдөр ажлынхаа хүмүүстэй Энхжин бааранд ороод баар хаасны дараа бид нар үргэлжлүүлэн уусан. Шөнийн 5 цагийн үед манай ажлынхан хоорондоо муудсан. Тэгээд цагдаа ирээд намайг авч явсан. Би цагдааг гэмтээе гэж бодоогүй. Намайг 5-6 удаа цохисон. Намайг зүгээр авч явсан бол би зүгээр байх байсан. 5 шил архи 2 пивийг 10 хүн хувааж уусан, тухайн өдөр манай ажлын хүний төрсөн өдөр болж байсан. Тухайн үед манай нэг найз шил шидсэн. Тэгсэн Баатархуягийг татаад хажуу тийш нь болгоход цамц нь урагдсан... гэв. 

          - Хохирогч Б.Баатархуяг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:          Би 2016 оны 07 сарын 25-наас 26-ны хооронд 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн юм. 2016 оны 07 сарын 26-ны үүрээр 05 цагийн үед дугаараа нууцалсан утаснаас орон сууцны гол хүмүүс зодолдоод байна гэсний дагуу ахлах ахлагч М.Бат-Өлзийгийн хамт очиход 10 гаруй хүн хоорондоо зодолдож байхаар нь очтол зугтаасан. Тэгэхээр нь хоёр залууг бариад автал Анхбаяр гэх цэнхэр сорочкин цамцтай намхан нуруутай туранхай бор залуу нь ам руу салаавч өгөөд, албаны хагас ханцуйтай цагаан цамцныг ураад товчийг тасалсан. Тэгээд гарыг нь өчөөд машинд оруулах гэтэл эсэргүүцэж миний өөдөөс мөргөхөөр нь 2 удаа алгадсан чинь “ чи намайг зодлоо “ гээд буух гэхээр нь энгэрээс нь заамдаж аваад “ наанаа сууж бай, очдог газраа очоод асуудлаа шийд “ гэтэл гар дээр дарахад гар эвгүй болсон. Эмнэлэгт нэн даруй үзүүлэхэд зүүн гарын дунд гурван хуруу хугарсан байна гэсэн. Надад гаргах санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээнд болон цамцны төлбөрт 250.000 төгрөг өгсөн.. гэх мэдүүлэг / хх-н 10-12  /,

    - Гэрч Б.Буянбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Улаанхүү, Амарбаяр нар хоорондоо маргалдаад байхаар нь Анхбаяр бид хоёр салгаад Улаанхүүг гадагшаа аваад гартал Амарбаяр дахин гарч ирж маргалдаад, Анхбаяр бид хоёр салгаад байж байхад цагдаа нар ирсэн. Тэгээд нэг цагдаа Анхбаярыг бариад авахаар нь уулзах гээд очиход уг цагдаагийн цамцны товчийг Анхбаяр ураад хаясан байсан. Тэгээд цагдаа нь “ чи төрийн цагдаагийн хувцасанд хүрдэг хэн бэ чи “ гэхэд “ надад бас эрх байдаг “ гээд хоорондоо маргалдаад зууралдаад байсан. Тэгээд бид хоёрыг суулгаад цагдаа намайг 3-4 удаа алгадаад мөн Анхбаярыг цохисон. Цагдаа руу авч явж байхад Анхбаяр цагдаагийн өөдөөс маргалдаад байхаар нь боль гэж хэлсэн. Цагдаагийн гарыг яаж гэмтээснийг бол мэдэхгүй... гэх мэдүүлэг / хх-н 19 х /,
        
           - Гэрч М.Бат-Өлзий мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 сарын 26-ны үүрээр 04 цагийн үед хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирсний дагуу цагдаа Баатархуягийн хамт очиход 10 гаруй залуучууд хооронд маргалдаж байсан ба Баатархуяг 2 залууг нь барьж аваад машинд суулгасан. Машинд орж ирээд Анхбаяр гэх залуу нь Баатархуягтай муудаад “ чи муу намайг барьлаа, бусдыг нь барьж чадахгүй байж ”  гээд өөдөөс нь эсэргүүцээд ноцолдоод байсан. Тэгээд замд явж байхад Баатархуяг гар эвгүй болчлоо гэж байсан. Уг хоёр залууг эрүүлжүүлэх байранд аваачиж өгчихөөд эмнэлэгт очиж үзүүлэхэд Баатархуягийн зүүн гар хугарсан байна, өглөө ирж зургаа авахуул гэж байсан. Анхбаяр нь их омогтой залуу байсан, шаардлага эсэргүүцээд Баатархуягтай ноцолдоод байсан... гэх мэдүүлэг / хх-н 20 х /,

    - Гэрч Г.Октябрь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 сарын 26-ны өглөө 05 цагийн үед жолооч Бат-Өлзий, дуудлага хүлээн авагч цагдаа дэд ахлагч Баатархуяг нар 2 залууг авч ирсэн. Анхбаяр нь “ зүгээр байсан хүнийг барьлаа, хүн хорьсон хүнийг барилаа “ гээд бахираад байсан. Өмнө нь юу болсон талаар мэдэхгүй, Баатархуяг тухайн 2 залууг авч ирэхдээ зүүн гараа  бариад явж байсан. Баатархуяг хэлэхдээ Анхбаяр гэх залуу нь өөдөөс эсэргүүцээд байхаар нь заамдсан чинь гаран дээр дарахад гар эвгүй болсон гэж байсан. Мөн Баатархуягийн албаны цагаан цамцны энгэрийн товчнууд байхгүй байсан... гэх мэдүүлэг / хх-н 16 х /,


    - Гэрч Ш.Буянтогтох мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 сарын 25-ны өдөр архи уугаад Амармэнд, Наранбаяр нар хоорондоо маргалдаад бахираад байсан чинь цагдаа ирэхээр нь зугтаж байгаад баригдсан. Анхбаяр нь цагдаа Баатархуягийн гарыг гэмтээсэн талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг / хх-н 14  х /,

    - Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 349 тоот актын дүгнэлтэнд: 1.Б.Баатархуягийн биед зүүн гарын 3, 4 дүгээр хурууны 3 дугаар үений шивнүүрийн хугарал, 5 дугаар хурууны 3 дугаар үений шивнүүрийн толгойн хэсгийн цууралт бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ. /хх-н 24 х /

    - Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 24-ний өдрийн 026 тоот актын дүгнэлтэнд: 1.Шинжилгээнд ирүүлсэн цагаан цамцны баруун энгэрийн халаасанд 10.5 см, 10.3 см хэмжээний ханзралтууд үүссэн байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн цагаан цамцны баруун мөрдөсний оруулганы 1 ширхэг товч, энгэрийн 3 ширхэг товч унасан байна. 3.Дээрх товч унасан болон халаасанд үүссэн ханзралтууд нь татаж, чангаах хүчний үйлчлэлийн улмаас үүссэн байна. 4.Шинжлэгдэж буй хувцасанд үүссэн ханзралтууд болон товчны унасан байдал нь бүгд шинээр үүссэн байна... гэжээ. /хх-н 29 х /

    - Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол,  хувцасанд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг / хх-н 6-9, 30  х/

    - Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд даргын 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 58 дугаартай тушаал, хавсралтын хамт / хх-н 39, 41 х /

    - Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргын 2016 оны 07 сарын 25-ны өдрийн ажлын хэсэг, эргүүл жижүүрийн томилолт

    - Саатуулагдсан хүний бүртгэл, Баривчлагдсан хүний хувийн хэрэг / хх-н 44-46 х / 
    - Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 30-ны өдрийн 57 дугаартай Шийтгэвэр / хх-н 47 х /

-    Б.Анхбаярын урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-н 62 х /

-    Эд зүйлийн үнэлгээ / хх-н 63 х /

    - Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн ажлын албаны 2016 оны 08 сарын 05-ны өдрийн тодорхойлолт. /хх-29 х /

    -  Б.Анхбаярын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар. /хх-н  48 х /

          - Хохирогч Б.Баатархуягийн 2016 оны 10 сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн “  Миний бие Б.Анхбаяртай эвлэрсэн, түүнээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй шүүх хуралдаанд суухгүй” гэх хүсэлт  зэрэг болно.

    Шүүгдэгч Б.Анхбаяр нь согтуурсан үедээ 2016 оны 07 сарын 26-ны шөнө 05 цагийн үед  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг 36 дугаар байрны гадна тус аймгийн Цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Баатархуягийг “ орон сууцны дунд хүмүүс зодолдоод байна”  гэх дуудлагын дагуу очиж, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байх үед нь хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний өмсөж явсан цамцыг урж, улмаар бие махбодид нь зүүн гарын 3, 4 дүгээр хурууны 3 дугаар үений шивнүүрийн хугарал, 5 дугаар хурууны 3 дугаар үений шивнүүрийн толгойн хэсгийн цууралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Анхбаярын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Баатархуяг, гэрч Б.Буянбат, М.Бат-Өлзий, Г.Октябрь, Ш.Буянтогтох, Б.Сундуй, П.Амармэнд Ө.Наранбаяр нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 349, 26 тоот актууд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 
    
    Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Б.Анхбаяр нь цагдаагийн дэд ахлагч Б.Баатархуягийг орон сууцны дунд зодолдсон хүмүүсийг салгаж Б.Анхбаяр, Б.Буянбат нарыг цагдаагийн газарт хүргэхээр машинд суулгахад хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний өмсөж явсан цамцыг урж, гарыг нь дарж нь зүүн гарын 3, 4 дүгээр хурууны 3 дугаар үений шивнүүрийн хугарал, 5 дугаар хурууны 3 дугаар үений шивнүүрийн толгойн хэсгийн цууралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь гэрч Б.Буянбатын  “ нэг цагдаа Анхбаярыг бариад авахаар нь уулзах гээд очиход уг цагдаагийн цамцны товчийг  Анхбаяр ураад хаясан байсан. Тэгээд цагдаа нь чи төрийн цагдаагийн хувцасанд хүрдэг хэн бэ чи гэхэд надад бас эрх байдаг гээд хоорондоо маргалдаад зууралдаад байсан ” гэх, гэрч М.Бат-Өлзийгийн “Анхбаяр гэх залуу их омогтой залуу байсан. Шаардалга эсэргүүцээд, Баатархуягтай муудаад чи муу намайг барьлаа, бусдыг нь барьж чадахгүй байж гээд өөдөөс нь эсэргүүцээд ноцолдоод байсан. Тэгээд замд явж байхад Баатархуяг гар эвгүй болчлоо гэж байсан. Уг хоёр залууг эрүүлжүүлэх байранд аваачиж өгчихөөд эмнэлэгт очиж үзүүлэхэд Баатархуягийн зүүн гар хугарсан байна, өглөө ирж зургаа авахуул гэж байсан” гэх, гэрч Г.Октябрийн “Баатархуяг тухайн 2 залууг авч ирэхдээ зүүн гараа бариад явж байсан. Баатархуяг хэлэхдээ Анхбаяр гэх залуу нь өөдөөс эсэргүүцээд байхаар нь заамдсан чинь гаран дээр дарахад гар эвгүй болсон гэж байсан” гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдоно.
     Б.Анхбаяр нь цагдаагийн албан хаагч Б.Баатархуягийг нийгмийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам сахиулах хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байгааг мэдсээр атлаа уг үйл ажиллагааг эсэргүүцэн хүч хэрэглэн хувцсыг нь уран, гарыг нь цохиж хүндэвтэр гэмтэл учруулан, гэмт хэргийг шууд санаатайгаар үйлджээ.

    Хохирогч Б.Баатархуяг нь тухайн үед Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт мэдээлэл хүлээн авагч-цагдаагаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын 2016.06.16-ны өдрийн 58 тоот тушаал, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан 2016.07.25-ны өдрийн Ажлын хэсэг, эргүүл жижүүрийн томилолтоор тогтоогдоно. 
    
    Иймд шүүгдэгч Б.Анхбаярт холбогдох мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-д заасан “ төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглсэн эсэргүүцэж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Б.Анхбаяр нь дээрх үйлдлээрээ захиргааны журамд халдсан, гэмт хэргийн улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан зэрэг тухайн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон мөн гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хэрэг үйлдэгдсэнээс хойш Б.Баатархуягыг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь мөн асуудлаар маргалдаж муудалцан  эрүүлжүүлэгдэж, шүүхээс 07 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээж байсан зэрэг шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзвал түүнд баривчлах ял шийтгэл оногдуулах үндэстэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан шударга ёсны зарчимд нийцнэ. 

Шүүгдэгч Б.Анхбаярт ял оногдуулахад гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх, харин согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдлууд болно.
Тэрээр тухайн шөнө архи уусан байснаа хүлээн зөвшөөрөх ба энэ нь гэрч Б.Буянбат, Ө.Наранбаяр, П.Амармэнд нарын ” 2016.07.25-ны орой ажлынхаа залуучуудтай архи уусан. Анхбаярын согтолт гайгүй байсан” гэх адил мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдоно.
 
          Шүүгдэгч Б.Анхбаяр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэрээр хохирогч Б.Баатархуягт учирсан эмчилгээний зардал болон цамцны төлбөрт 250.000 төгрөгийн нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Баатархуяг нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэдгээ шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ дурджээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн хагас ханцуйтай цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Баатархуягт эгүүлэн олгоно. 


Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халтур овгийн Баяртбаатарын Анхбаярыг төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шүүгдэгч Б.Анхбаярыг 03/ гурван/ сар 10/ арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “ цагаан өнгийн хагас ханцуйтай, мөрдөсний оруулгатай, энгэртээ 2 ширхэг халаастай, доогуураа  манжектай “ цамц 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч буюу Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт дуудлага хүлээн авагч цагдаа Б.Баатархуягт эгүүлэн олгосугай.

    4. Ялтан Б.Анхбаяр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэрээр хохирогч Б.Баатархуягт учирсан эмчилгээний зардал болон цамцны төлбөрт 250.000 төгрөгийн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Баатархуяг нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Анхбаярт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар уг тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН