Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 009

 

 Т.А, О.Р нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Ө даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЗ/89 дүгээр шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Т.А, О.Р нарт холбогдох эрүүгийн 1813003790012 дугаартай, 1 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, прокурор М.Фарида, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын  дугаар баг, Х багт оршин суух, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, О.Р /РД:00000/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1988 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүд, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багт оршин суух, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Ногооннуур сумын  дугаар багийн Засаг дарга ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т.А /РД:000000/ нар нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдринй 12 цагийн үед тус багийн нутаг дэвсгэр “Х” гэх газарт нохой буудсан гэх асуудлаар маргалдаж, улмаар харилцан зодолдсоноос хохирогч Т.А, О.Р нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЗ/89 дүгээр шүүгчийн захирамжаар:

“1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А, О.Р  нарт холбогдох, 1813003790012 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасугай.” гэж  шийдвэрлэжээ.

Прокурорын эсэргүүцэлд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд буцаасан үндэслэлүүд нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1. Хэргийг шалгах явцад яллагдагч О.Р болон түүний төрсөн ах О.Ө нар нь иргэн Х.Н, Б.Б нарын биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон үйлдэл нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул гэмт хэргийн шинжгүй зөрчлийн шинжтэй гэж үзэж уг үйлдлийг шалгуулахаар харьяаллын дагуу тус газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт шилжүүлсэн. Уг зөрчлийн холбогдох материалыг шилжүүлсэн тухай хэрэг бүртгэх тасгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 32/402 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 103 дугаар хуудас/ хэрэгт хавсаргасан. Уг зөрчлийг мөрдөгч нь хэрэгт хяналт тавьж байгаа прокурор болон тасгийн дарга нарт танилцуулж хянуулж, нийтийн хэв журам хамгаалах тасагт шилжүүлсэн болохоор уг зөрчлийн шийдвэрлэлт нь яллагдагч О.Р, Т.А нарын үйлдсэн харилцан зодолдсоны улмаас тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх эрүүгийн 1813003790012 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй буюу огт хамааралгүй байна.

2. Яллагдагч Т.А Н сумын 5 дугаар багийн Засаг дарга болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын бүх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тодорхой байгаа. Яллагдагч Т.А нь хэдийгээр албан тушаалтан байсан ч субъектийн хувьд албан хаагч байхаар томьёолсон буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтнуудыг хамааруулахаар тодорхой зааж өгсөн нийтийн албан тушаалтан холбогдох гэмт хэрэг үйлдээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна. Иймд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шийдвэрлэлтэд яллагдагч Т.А-ийн албан тушаалд томилсон эрхийн акт нь огт хамааралгүй. Шүүгч шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн байна. Яллагдагч Т.А-ийг Н сумын 5 дугаар багийн Засаг даргаар томилсон эрхийн акт нь уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзээд хэргийг буцаах үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна.

3. Яллагдагч Т.А болон түүний өмгөөлөгч С.Тилеуберди нарын шүүхийн хэлэлцүүлгийн үеэр гаргаж өгсөн гэрч Ө.А-ийн 3 дахь удаа өгсөн мэдүүлэг нь хэрэгт байхгүй байна гэх гомдол нь огт үндэслэлгүй байна. Гомдолд хавсаргасан гар утсанд буулгаж авсан гэх гэрч Ж.А-ийн мэдүүлэг нь хэзээ авагдсан нь тодорхойгүй, мэдүүлгийн дээд хэсгийг гараар далдалсан, уг хуудсыг хэргээс эсхүл зөрчлийн хэргээс алинаас нь авсан эсэх нь тодорхой бус байна. Мөн гомдолд хавсаргасан иргэн Ж.А-ийн тодорхойлолт гэх хуудаст: “...Р болон А нарын маргааны дагуу Д-т нэг удаа, С-д нэг удаа нийт хоёр удаа байцаалт өгсөн нь үнэн болно” гэх тодорхойлолт бичсэн байдаг. Гэрч Ж.А-ийн тодорхойлолтод бичигдсэнээр 2 удаа мэдүүлэг өгсөн нь хавтаст хэргийн 56, 169 дүгээр хуудаст авагдсаныг шүүгч анхаараагүй байна. Үүнээс үзэхэд яллагдагч А, түүний өмгөөлөгч С.Тилеуберди нарын шүүхийн хэлэлцүүлгээр гаргаж ирсэн баримт нь эргэлзээтэй байгаа ба хэрэг хянан шалгагдаж байсан хугацаанд Цагдаагийн газар болон Прокурорын газарт уг гомдлын талаар хандаагүй болно. Хэргийг шалгах явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхтэй холбоотой хууль зөрчсөн асуудал гараагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч О.Р, Т.А нар нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагийн үед тус багийн нутаг дэвсгэр “Х” гэх газарт нохой буудсан гэх асуудлаас болж маргалдан, улмаар харилцан зодолдож хохирогч О.Р, Т.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Анхан шатны шүүхийн шүүгч захирамждаа гурван үндэслэлээр мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийгэхээр прокурорт буцаажээ.

            1. Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас яллагдагч О.Р болон иргэн О.Ө нарын зөрчлийн шинжтэй гэх үйлдлийг шалгаж хэрхэн шийдвэрлэсэн талаарх шийдвэрийг хуульд заасан журмыг дагуу нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт хавсаргах гэжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу яллагдагч О.Р болон иргэн О.Ө нарын зөрчлийн шинжтэй гэх үйлдлийг шалгаж хэрхэн шийдвэрлэсэн нь О.Р, Т.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм. Энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

 

            2. Яллагдагч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө өөрийгөө “Н сумын 5 дугаар багийн Засаг дарга ажилтай” хэмээн мэдүүлсэн байх тул эрх бүхий этгээдээс багийн Засаг даргаар томилсон тухай эрхийн актыг хэрэгт хавсаргах гэжээ.

            Хавтаст хэргийн 70 дугаар хуудаст яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлд Т.Аийн биеийн байцаалтад эрхэлсэн ажил, хөдөлмөр гэдэгт Н сумын 5 дугаар баг “Я” багийн Засаг дарга ажилтай гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Т.А-ийн холбогдсон гэмт хэргийн ангилал нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг юм. Энэ гэмт хэргийн шинжид 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувь хүн хэн ч байж болох бөгөөд  нийтийн албан тушаалтан болон албаны чиг үүргээ гүйцэтгэх эрх бүхий албан тушаалтан нь энд хамааралгүй байна.

 

            3. Ж.А-ийг гэрчээр дуудаж мэдүүлэг авч мөрдөгч С.С, Ж.А нар гарын үсгээ зурсан гэх гэрчийн мэдүүлгийн хуулбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн бөгөөд О.Р, Т.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт гэрчээр дуудаж мэдүүлэг авсан эсэхийг прокурорын зүгээс шалгах шаардлагатай гэжээ.

            2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 7 дугаартай тайлбар гаргах тухай өмгөөлөгч С.Тилеубердийн албан бичигт “Тус 1813003790012, 1913000054 хоёр хэрэгт Ө.А гэрчээр мэдүүлэг өгсөн байсныг ялгаж салгахгүй андуурч гомдол гаргасан байна. Тухайн гэрч Ө.А өөрийн өгсөн гарын үсэг баталгаанд хэрэгт хоёр удаа байцаалт өгсөн гэж хэлсэн бөгөөд хоёр байцаалт хэрэг дотор байна” гэсэн тайлбараар батлагдаж байх тул нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй байна.   

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах үндэслэлтэй байна.

 

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЗ/89 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Т.А, О.Р нарт холбогдох 1813003790012 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.А, О.Р нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.Ө

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ