Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00277

 

Д.Цэнддоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 132/ШШ2019/00388 дугаар шийдвэр,

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр магадлалтай,

 Д.Цэнддоржийн нэхэмжлэлтэй,

С.Энхтүвшинд холбогдох,

20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Цэнддоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2009 оны 2 дугаар сарын 5-ны өдөр энэ танхимд мал эмнэлгийн байшингийн өмчлөгч тогтоох шүүх хуралдаан болсон юм. Газрын гэрчилгээ хуурамч, хууль бусаар өмчлөх эрх авсан шүүх хуралдаан болсон. Шүүх хүлээн авч хянан хэлэлцээд. Н.Нарангэрэл шүүгч Энхтүвшинтэй мал эмнэлгийн байшинг хувааж авахаар шийдвэрлэж харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан. Шүүх хуралдааны дараа шууд Н.Нарангэрэл шүүгчийн өрөөнд орж тохиролцсон. Шүүгчийн захирамж 7 хоногийн дараа гарсан. Түүнээс хойш одоо болтол авч чадаагүй. Манай эгч нас барчихлаа гэх мэтээр шүүх хуралдаанд ирэхгүй олон тайлбар өгсөн нь бүгд худлаа гэж бодож байна. Би мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр ажилладаг байсан. Төрийн өмчийн хорооноос мал эмнэлгийн байшинг хувьчлах талаар мэдэгдсэн байдаг юм.Тухайн үед өдрийн сонин дээр зар нь гардаг байсан. Б.Бат-Эрдэнэ гэдэг хүн хувьчилж Энхтүвшинд өгсөн гэдэг. Энэ хүнээс нотлох баримт авмаар байна. Б.Бат-Эрдэнэ гэдэг хүний газрын гэрчилгээтэй байсан. Энэхүү гэрчилгээ нь хуурамч байсан.Тухайн үеийн газрын даамал Жамьян гэж хүн байсан. Б.Бат-Эрдэнэ нь мал эмнэлгийн байшингийн өмчлөгч биш байхад Жамьян нь хуурамч гэрчилгээ гаргаж өгсөн юм. Өмчлөгч нь 3 хүнээр дамжиж ирсэн. Энэ талаар хэргийн материалд зөндөө нотлох баримт гаргаж өгсөн байгаа гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн Гурванбулаг сумын Хулст багийн Толь хэсгийн 4-67 тоотод оршин суугч С.Энхтүвшин миний бие 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймаг дах Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан Д.Цэнддоржийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлд дурдсан мал эмнэлгийн байшингийн дагалдах саравчны хана, түүний байрлаж байгаа газрын гэрчилгээний хамт бүрдүүлэн гаргуулах тухай, мал эмнэлгийн байшингийн тал мөнгө болох 20 000 000 төгрөг гаргуулах тухай "Худалдааны гэрээ" байгуулсан гэх гэрээ нь миний гарын үсгийг дуурайлган зурсан хууль бус гэрээ байна. "Шим" буюу "ЭЧС" компаний захирал Д.Бат-Эрдэний өмчлөлд байсан Булган аймгийн Гурванбулаг сумын Мал эмнэлгийн байшингийн өмчлөлийн талаарх түүхийг дор дурдсанаар санаж байгаагаараа тайлбарлаж байна. Үүнд:

1. 1998 онд Д.Цэнддорж нь Гурванбулаг сумын Мал эмнэлгийн тасгийн эрхлэгч малын эмчээр ажиллаж байсан. Тухайн үед Мал эмнэлгийн хувьчлал Булган аймагт болж Д.Цэнддорж нь тэр үеийн "Шим" буюу "ЭЧС" компанийн хүмүүсээс мөнгө авна гэж тохиролцож дуудлага худалдаанд орж "Шим" буюу "ЭЧС" компанийн захирал Б.Бат-Эрдэнэ нь тус сумын мал эмнэлгийг дуудлага худалдааны анхны үнэ болох 700000 худалдаж, хувьчилж авсан байдаг. "Шим" буюу "ЭЧС" компанийн захирал Д.Б.Бат-Эрдэнэ нь Д.Цэнддоржтой тохиролцон тодорхой хэмжээний мөнгө өгнө хэмээн дуудлага худалдаанд оролцуулж, үнэ хаялцахгүйгээр "Шим" буюу "ЭЧС" компанийн Д.Б.Бат-Эрдэнэ нь сумын мал эмнэлгийг дуудлага худалдааны анхны үнээр худалдаж авсан гэсэн яриа гарсан байсан. Цэнддорж нь эхлээд Шим компаний хүмүүсийг чухам хэнийг шүүхэд өгснийг мэдэхгүй шүүхэд өгөөд заргалдаад байна гэнээ гэж дуулдаж байсан сүүлдээ тэр хүмүүсээс мөнгө авч чадахгүй болохоор намайг шүүхэд өгч эхэлсэн нь үнэхээр үнэнд нийцэхгүй асуудал юмаа.

2. Сумын Мал эмнэлгийн байшин нь 1970 онд чулуугаар баригдсан 17x7 харьцаатай байшин байдаг. Тухайн байшинг миний бие 2004 онд хаалга цонх байхгүй хана дээвэртэй байхад нь 1 500 000 төгрөгөөр "Шим" буюу "ЭЧС" компаний захирал Д.Б.Бат-Эрдэнээс худалдан авч, газрын гэрчилгээг авч байсан. Байшинг худалдаж авах зорилго бол би өөрөө хувийн мал эмнэлэг байгуулж байр сав байхгүй байсан болохоор зориулалтын байр юмдаа гэсэн байдлаар худалдаж авсан.

3. Д.Цэнддорж нь 2009 онд уг Мал эмнэлгийн байшинг авах зорилгоор намайг Булган аймгийн сум дундын анхан шатны шүүхэд хандсан байсан. Шүүх хурал болох уед Д.Цэнддоржийн өмгөөлөгчөөр оролцож байсан Д.Эрдэнэтогтох шүүх хурлыг хойшлуулах санал тавьж, шүүх хурал болоогүй юм. Шүүх хуралдаанаас гараад Д.Цэнддоржтой тааралдаж, мал эмнэлгийн байшингийн өмчлөлийн талаар үнэн зөвийг ярилцан ойлголцож дахин уг мал эмнэлгийн байшинтай холбоотой гомдол, хүсэлт гаргахгүй хэмээн Булган аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Нарангэрэлийн өрөөнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Цэнддорж"...за тэгвэл саравчийг хэн авсан тэрийг надад олж өг эсвэл банкнаас надад 3 000 000 төгрөгийн зээл авч өг" гэсэн асуудал ярьсан байдаг.

Тухайн үед миний бие Д.Цэрэндоржид хэлэхдээ "...энэ байшинг худалдаж авсан нь чамд огт хамааралгүй шүү дээ. Харин чи "Шим" буюу "ЭЧС" компаний захирал Д.Б.Бат-Эрдэнэтэй тохиролцож дуудлага худалдаанд оролцсон мөнгө төгрөгөө тэр хүмүүстэйгээ ярь тэр саравч хэн авсан тухай чамд ярьж хэлье банкнаас зээл авч өгөх боломжгүй би өөрөө зээлтэй гэдгээ хэлсэн. Мал эмнэлгийн байшинд дагалдах чулуугаар барьсан дээвэртэй саравч байсан. Намайг байшин худалдаж авахаас өмнө "Шим" буюу "ЭЧС" компаний захирал Д.Б.Бат-Эрдэнэтэй манай сумын иргэн Т.Батчулуун найз байсан тул түүний эгч Т.Чулуунбат нь тухайн саравчны дээврийг буулгаж авсан гэдгийг Д.Цэнддоржид хэлсэн. Мөн Д.Цэнддорж нь Булган аймгийн Шүүхийн Эвлэрүүлэн зуучилахад дээрх асуудлаар өргөдөл гаргасан байдаг бөгөөд шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Элбэгзаяа бид хоёрын асуудлыг шийдвэрлэх зорилгоор уулзаж, харилцан ярилцах үед би тохиролцох асуудал надад байхгүй, мал эмнэлгийн байшин нь миний хууль ёсны өмчлөлд байдаг гэдгээ хэлсэн. Одоо Тухайн саравчны ханыг тус сумын иргэн Х.Батдоржийнх хашааны тал болгон ашиглаж байна.

4. Мал эмнэлгийн байшинг 1970 онд чулуугаар баригдсан бөгөөд намайг худалдаж авахад хаалга, цонх байхгүй байсан тул шинээр хаалга, цонх хийсэн.бусад дотор засвар хийж амжаагүй байгаа. Одоо өвс, тэжээл хадгалах зориулалтаар ашиглаж байна.

5. "Шим" буюу "ЭЧС" компаний захирал Д.Бат-Эрдэний 2000.01.25-ны өдрийн Мал эмнэлгийг хувьчилж авсан 0506013 дугаартай газрын гэрчилгээ мөн өөрийн мал эмнэлгийн нэр дээр болгосон 2006.09.13-ны өдрийн 0087469 дугаартай газрын гэрчилгээ, 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 000056856 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус эх хувиараа байгаа болно. Иймд Д.Цэнддоржийн гэрээний гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлд дурдсан саравч, мал эмнэлгийн байшинтай холбоотой худалдааны гэрээ нь С.Энхтүвшин миний гарын үсгийг дуурайлган зурсан хуурамч бичиг баримт, нэхэмжлэлд дурдсан мал эмнэлгийн байшин нь хууль ёсны дагуу Гандгайт мал эмнэлгийн нэр дээр байдаг тул нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 132/ШШ2019/00388 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч С.Энхтүвшингээс мал эмнэлгийн дагалдах саравчны хана байршиж байгаа газрын гэрчилгээ болон 20 000 000 /хорин сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Цэнддоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр магадлалаар: Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч Д.Цэнддорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Д.Цэнддорж би 2009 оны 2 сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон юм. Уг шүүх хурал нь Булган аймгийн Гурванблэг сумын мал эмнэлгийн байшингийн өмчлөгчийг тогтоох шүүх хурал болсон. Шүүх хурлаар хариуцагч С.Энхтүвшин хуурамч газрын гэрчилгээ, хуурамч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бусадтай хуйвалдаж гаргуулж мал эмнэлгийн байшинг хууль бусаар өөртөө авсан асуудлыг авч хэлэлцсэн. Нэхэмжлэгч Д.Цэнддорж намайг өмгөөлж байсан О.Эрдэнэтогтох өмгөөлөгч шүүх хуралд мал эмнэлгийн газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хуурамч эсэхийг шалгуулах хүсэлт тавьсныг шүүх хүлээн авч 65-р захирамж гаргасан. Яг тэр мөчид шүүх хуралд оролцож байсан хариуцагч С.Энхтүвшин нь би алуулах юм байна. Би шүүх хурлаас татгалзаж байна. Мал эмнэлгийн байшингаа зүгээр ав эсвэл талыг нь зүгээр ав хэмээн тохиролцож санал тавьсан. Тэр саналыг нь хүлээн авч шүгч Нарангэрэлийн өрөөнд хариуцагч С.Энхтүвшингийн хамт орж мал эмнэлгийн байшингаа 2 хувааж авахаар тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ тухай хариуцагч С.Энхтүвшин анхан шатны шүүхэд өгсөн хариу тайлбартаа мэл эмнэлгийн байшингийн өмчлөлийн талаар үнэн зөвийг ярилцаж ойлголцож дахин уг мал эмнэлгийн байшинтай холбоотой гомдол хүсэлт гаргахгүй хэмээн Булган аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Нарангэрэлийн өрөөнд орж гарын үсгээ зурж баталгаажуулсан гэж хариу тайлбартаа бичиж нотолж өгсөн. Ер нь тэр тохиолдолд гарын үсгийг зурж баталгаажуулдаг вэ? Гэхээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн 74-р зүйлийн 74.3-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсгээ зурж баталгаажуулсан байна гэжээ. Тэр бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан тэр гэрээ нь шүүхэд хадгалагдаж байхдаа хавтас хэргээс алга болсон. Харилцан тохиролцсоны баталгаажуулсан гэрээ нь алга болоод байхад Булган аймгийн шүүх нь анхан, давж заалдах шатны шүүх хурал хийж буруу шийдвэр гаргаад байна. Нотлох баримтыг шүүх дээр устгачхаад шүүх хурал хийж болох уу?, шүүх зөв шийдвэр гаргах уу? Энэ ер нь шүүх байгууллага мөн үү? Булган аймгийн шүүх нь 2 талын харилцан тохиролцож баталгаажуулан хялбаршуулсан журмаар шийдсэн хэргийг шүүх захирамж гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэх байтал анхан шатны шүүх хурал хийж давхар гүйцэтгэл хийж хуулийг завхрууллаа. Хууль ёсны явдал мөн үү? Мөн Булган аймгийн шүүх нь 2 гэрээний тухай ярихад 1 гэрээний тухай ярьж байна гэж ойлгож шүүхийн шийдвэрээ гаргасан. Энэ нь буруу шийдвэр гаргахад нөлөөлсөн. 2 гэрээ байсан. 1 дэх гэрээ нь хариуцагч С.Энхтүвшингийн хариу тайлбартаа бичсэн Нарангэрэл шүүгчийн өрөөнд ороод харилцан тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан гэрээ. 2 дахь гэрээ нь Булган аймгийн Булган суманд байх шар дэлгүүрийн гуанзанд хийсэн гэрээ. Одоо хуурамч үнэн гэж маргалдаад байгаа гэрээ. 1 лэх гэрээ нь хавтаст хэргээс алга болсон. 2 дахь гэрээ нь гарын үсэгийн шинжилгээгүй орхиж шийдвэрлэсэн. 1 дэх гэрээ нь шүүгчийн өмнө шүүгчийн нүдэн дээр харилцан тохиролцож хийсэн гэрээ, албан ёсны гэрээ. 2 дахь гэрээ нь шүүгчийн дэргэд хийгээгүй гэрээ албан бус гэрээ байсан. Ер нь шүүх 2 гэрээний учрыг олоогүй 1 гэрээ гэж андууран буруу шийдвэр гаргасан. Хариуцагч С.Энхтүвшин давж заалдах шатны шүүх хурал дээр гарын үсэг хуурамч гээд байгаа гэрээний дагуу тохиролцсон тухайгаа яриад байхад шүүгч нар анхаараагүй байсан. Одоо Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тайлбар гаргаж өгсөн хариуцагч С.Энхтүвшингийн хариу тайлбарын дагуу доорх нотлох баримтуудыг шүүхэд өгсөн болно. 1.хариуцагч С.Энхтүвшин нь Шим буюу ЭЧС компани захирал Д.Б.Бат-Эрдэнэ нь мал эмнэлгийн байшингаа хувьчилж авсан гэж худлаа ярьсан. Д.Б.Бат-Эрдэнэ гэдэг хүн Шим компани захирлаар хэзээ ч ажиллаж байгаагүй үл хөдлөх хөрөнгийн газрын ажилтан Раднаасэд гаргаж өгсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн Д.Б.Бат-Эрдэнэ гэдэг хүн хувьчилж авсаныг гэрчлэх хувьчлалын баримт бичиг хариуцагч С.Энхтүвшин нь гаргаж өгөөгүй байгаа. Учир нь тийм баримт бичиг Д.Б.Бат-Эрдэнэдий нэр дээр байхгүй. Энэ нь намайг гүтгэсэн хэрэг юм. 2.Хариуцагч С.Энхтүвшин нь Цэнддорж намайг банкны 3 сая төгрөг зээлж авч өг гэж худал тайлбар хийсэн. Энэ нь эсрэгээр С.Энхтүвшиний өөрөө мал эмнэлгийн байшинг .....банкинд 3 сая төгрөгний барьцаанд тавьж зээл авсан байсан бөгөөд нотлох баримтыг шүүхийн захирамж гаргуулж .... банкнаас авч шүүхэд нотлох баримт болгож өгсөн. 3.Шим буюу ЭЧС компани захирал Д.Б.Бат-Эрдэнэ 2000.1.25 өдрийн мал эмнэлгийн байшинг хувьчилж авсан гэх 0506013 дугаартай газрын гэрчилгээг хуурамчаар үйлдсэний нотлох баримтыг шүүх гаргаж өгсөн. Ач холбогдолгүй өгөөгүй. Шим компани захирал Д.Б.Бат-Эрдэнэд олгосон монгол улс газар эзэмших гэрчилгээ дугаар 0506013. Энэ гэрчилгээг хуурамчаар үйлдсэн бөгөөд Д.Б.Бат-Эрдэнэ нь монгол улсын аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших гэрээ нь дээр гарын үсгээ зураагүй, мөн Д.Б.Бат-Эрдэнэ газар хүссэн өргөдөл байхгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Д.Бат-Эрдэний нэр дээр байхгүй байсан. Өөрөөр хэлбэл Д.Б.Бат-Эрдэнэ газар эзэмших гэрчилгээ гарч байхад өөрийн биеэр байхгүй байсан байна. Энэ нь С.Энхтүвшин хуурамчаар үйлдсэний нотолгоо юм. 4.С.Энхтүвшин нь мал эмнэлгийн байшинг зүгээр авсныг иргэн Баасансүрэн гэрчилсэн баримт шүүхэд байгаа. 5.Хариуцагч С.Энхтүвшин нь мал эмнэлгийн байшинг өөрөө засварласан гэж гэрч гаргаж худлаа гэрчлүүлсэн. С.Энхтүвшин нь ядууруулыг бууруулах сангаас их хэмжээний мөнгийг мал эмнэлгийн байшинг засварлана гэж аваад мал эмнэлгийн байшинг засварлаагүй хувьдаа завшсан. Үүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүхийн захирамжинд эд хөрөнгө завшаагүй байна гэж сонин, хачин шийдвэр гаргасан. 6.Хариуцагч С.Энхтүвшин нь шүүх хурлын товыг зарлаад, албадан ирүүлэх 3 удаа шийдвэр гаргаад байхад анхан шатны шүүх хурлаас зугтсаар хуралд ороогүй. Уг нь заавал шүүх хуралд оролцуулах ёстой байсан. 7.Энэ хэргийг ахиж шийдвэрлүүлэхээр 2015 оны 11 сарын 20-ны өдөр эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа явуулсан юм. Энэ өдөр гаргасан протокол нь үнэн зөвийг бичсэн дэлгэрэнгүй байсан юм Дэлгэрэнгүй протоколд гарын үсэг нь мөн бишийн тухай ярилцаж С.Энхтүвшин нь тохиролцсон юм гэж ярьсан, гарын үсгээ сандран зурж байсан. 3 янзаар зурж байсан, 3-р эмнэлгийн эмчээс мал эмнэлгийн байшинг авсан юм гэж надтай юм ярьсан протокол байсан. Гэтэл энэ протоколд гарын үсэг зуруулж авснаас хойш 10 хоногийн дараа туслах оюунчимэг нь утсаар дуудаж хагас дутуу бичсэн протокол дээр гарын үсэг зуруулах гэсэн. Би зурахгүй гэхэд протокол нотлох баримт болохгүй зүгээр зурчих гэсэн тэгээд зурсан. Гарын үсгээ зурж байхад өрөөнд сэжиг бүхий хүн зогсож байсан. Энэ үйлдэл нь 2015 оны 11 сарын 20-ны өдөр гарсан дэлгэрэнгүй үнэн бодит протоколыг өөрчилж хагас дутуу протокол болгосон үйлдэл байсан. Үүнийг зуучлагч Элбэгзаяа, өмгөөлөгч Даваасүрэн, Д.Цэнддорж намайг оролцуулсан шүүгч нарыг зөвлөгөөн хийж протокол сольсон хүнийг олох хэрэгтэй гэж хүсэлт шүүхэд өгөхөд хүлээж аваагүй. 8.Хариуцагч С.Энхтүвшин нь хувьчлалын дараа мал эмнэлэгт байсан эм тариа, эд хөрөнгийг хууль ёсоор авсан байсныг Т.Чулуундорж гэрчилдэг бөгөөд цагдаад өг гэж шаарддаг байсан. Энэ тухай С.Энхтүвшин хууль бусаар авсан эд хөрөнгө, эм тариаг нотлох баримтыг анхан шатны шүүхэд нотлох баримт болгож, өгсөн боловч анхан шатны шүүх хурлын шийдвэрт өмч хөрөнгө завшаагүй байна гэж тусгасан юм. Мөн С.Энхтүвшин нь хариу тайлбартаа Н.Нарангэрэл шүүгчийн өрөөнд орж тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан юм гэж бичээд байхад анхан шатны шүүх нь хариуцагч амаар болон бичгээр хүлээн зөвшөөрөхгүй байна гэж шүүхийн захирамжуудаа утгаагүй зүйл тусгав. Мөн хариуцагч С.Энхтүвшин их тохир олдсон тухайгаа шүүгч нарын дэргэд яриад байхад шүүх нь амаар хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байна гэж шүүхийн шийдвэртээ хачин жигтэй зүйл тусгав. Шүүх нотлох баримтуудыг нь устгаж хавчаад нэхэмжлэгч нотлох баримт гаргаж өгөхгүй байна гэж шүүхийн шийдвэртээ сонин хачин зүйл тусгав. Ер нь энэ шүүх үү юу вэ? Хариуцагч С.Энхтүвшин нь худал ярьж, хуурамч бичиг баримт үйлдэж, тохиролцсоноосоо бултаж, эргэж буцан зальдаж байхад шүүгч нар үнэмшиж итгэсээр байв. Үүнд амташсан хариуцагч С.Энхтүвшин урамшиж улам худал ярьж хуурсаар өөрийн талд шийдвэрийг амжилттай гаргууллаа. Ахин өөр иргэнийг зальдахаар цааш явлаа гэжээ.

 ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэлийн талаар:

а) Нэхэмжлэгч Д.Цэнддорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2009 оны 2 дугаар сарын 5-ны өдөр мал эмнэлгийн байшингийн өмчлөгч тогтоох шүүх хуралдаан болж С.Энхтүвшинтэй мал эмнэлгийн байшинг хувааж авахаар шийдвэрлэж, харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан боловч одоо болтол авч чадаагүй. Иймд Мал эмнэлгийн дагалдах саравчны хана байрлаж байсан газрын гэрчилгээ болон 20 000 000 төгрөгийг хариуцагч С.Энхтүвшингээс гаргуулна гэжээ.

 б) Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолж 2009 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн Худалдааны гэрээ гэх баримтыг гаргажээ. Уг бичмэл баримтад зурагдсан гарын үсгийг хариуцагч С.Энхтүвшин өөрийн гарын үсэг биш гэж маргаж шүүх гарын үсгийн хэвийг тогтоолгохоор шинжээч томилсон, уг баримт нь эх хувь биш гэсэн үндэслэлээр дүгнэлт гараагүй байна.

в) Хэрэгт баримтаар Нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 05- ны өдрийн 92 дугаар захирамж авагджээ. (хх-11)

Захирамжид Д.Цэнддорж нь С.Энхтүвшинд холбогдох мал эмнэлгийн байшингийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж шийдвэрлэсэн байх ба дээр дурдсан талуудын хооронд үйлдсэн Худалдааны гэрээгэх баримт цаг хугацааны хувьд шүүгчийн захирамж гарсан огноотой нэг байна.

Мөн энэхүү баримтыг үйлдсэнээр Д.Цэнддорж нэхэмжлэлээс татгалзсан гэж тухайн хэрэг маргаанд өмгөөлөгчөөр ажиллаж байсан гэх О.Эрдэнэ-Очир 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Тодорхойлолт баримтаар үйлдсэн нь хэрэгт авагджээ. (хх-6)

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааны талаар:

а). Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Цэнддорж мал эмнэлгийн тасгийн эрхлэгч байсан, тухайн үед өмч хувьчлал явагдахад Б.Бат-Эрдэнэ, Д.Цэнддоржтой хэлэлцэн тохирсны үндсэн дээр Б.Бат-Эрдэнэ нь байшинг хувьчлалаар худалдан авч улмаар С.Энхтүвшинд худалдсан, Д.Цэнддорж, С Энхтүвшин нарын хооронд энэ асуудлаар 2009 онд шүүхэд маргаан үүсэж нэхэмжлэлээс татгалзаж шийдвэрлэгдэж байсан үйл баримтууд нь нэхэмжлэгчийн одоо гаргаж буй шаардлагатай хэрхэн холбоотой болохыг шүүх тодруулах шаардлагатай байжээ.

Өөрөөр хэлбэл талуудын үйлдсэн Худалдааны гэрээ гэх баримт нь хуульд заасан шаардлагыг хангасан баримт байх ба уг баримтад нотариатын баталгаажуулалтын бүртгэл хэрхэн хийгдсэн, уг баримтын эх хувь хэнд үлдсэн болон О.Эрдэнэ-Очир, Б.Бат-Эрдэнэ нараас маргааны үйл баримтын талаар тодруулах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай бөгөөд ингэснээр нотлох баримтын бодит хууль зүйн үндэслэл тогтоогдох юм.

б).Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ч, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасны дагуу шүүгч эдгээр үүргийг танилцуулахын хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг нь тайлбарлан таниулах үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо 2 удаа гэрээ хийсэн байхад 1 гэрээ гэж ойлгож шийдвэрээ гаргасан нь буруу 1 дэх гэрээ нь хариуцагч С.Энхтүвшингийн хариу тайлбартаа бичсэн Нарангэрэл шүүгчийн өрөөнд ороод харилцан тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан гэрээ. 2 дахь гэрээ нь Булган аймгийн Булган суманд байх шар дэлгүүрийн гуанзанд хийсэн гэрээ юм гэжээ.

Энэ тайлбараас үзэхэд нэхэмжлэлээс татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаар захирамж бүхий хэрэгт Талуудын эвлэрлийг баталсан гэрээ байгаа эсэхийг шүүх тодруулаагүй, ач холбогдол бүхий байдлыг анхаараагүй байна.

Иймд шүүх Д.Цэнддоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлээгүйгээс гадна хэрэгт авагдсан нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл хэрхэн тогтоогдож байгаа түүнийг шүүхээс үнэлсэн тухайг шийдвэрт заагаагүй алдаа гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн буруу, хэргийг бүхэлд нь хянан үзэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Дурдсан үндэслэлээр хэргийн нотлох баримтыг буруу үнэлсэн гэх агууллагаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5- д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 132/ШШ2019/00388 дугаар шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Цэнддоржоос хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

                  ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                         П.ЗОЛЗАЯА

                                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Г.АЛТАНЧИМЭГ

                                             ШҮҮГЧ                                             Х.СОНИНБАЯР

                                                                                                       Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                       Д.ЦОЛМОН