Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/309

 

 

 

 

 

 

 

 2022            04           26                                      2022/ШЦТ/309

 

 

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч О.Б- түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Б овогт О-ын Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2203000170102 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ... аймаг ... суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, усны барилга байгууламжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг ... дугаар хороо ... дүгээр гудамж ... тоотод түр оршин суух, .... аймаг .... сум 5 баг Өндөрхаан шинэ дулаан ... дугаар гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, Б овогт О-ын. Б-

 

Шүүгдэгч О.Б- нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 11-ний 07 цаг 40 минутын орчимд “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн хойд замд “Honda” маркийн Сара загварын ... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараахи хариуцлага хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, 5.3 Гэрлийн бүрхүүл бүдэг асдаг болсон, 6.2 дуут дохио ажиллахгүй болсон, мөн дүрмийн 16.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 60 настай эмэгтэй Л.Оюунсүхийг мөргөж, улмаар амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б- мэдүүлэхдээ: “Манай гэрийн зүгээс гомдолтой байна. Аав, дүүгээс минь нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Оршуулгын зардлыг бүтэн өгөөгүй. Нэг удаа уулзахдаа 3 сараар хувааж хохирол төлбөрийг төлнө гэж хэлсэн боловч төлөөгүй. О.Б- нь өөрийгөө өндөр цалинтай гэж хэлсэн. Бидний зүгээс 10,200,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Сүүлд 5,000,000 төгрөгийг өгсөн” гэв.

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 6-8 дахь тал/

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 9-15 дахь тал/

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 18-26 дахь тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ийн “... 2021 оны 12 дугаар сарын 11-ний өглөө би гэртээ байж байтал 08 цаг 20 минутын үед над руу Цагдаагийн байгууллагаас залгаад ээжийг машинд дайруулсан, Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн төрсөн дүү Болормаагийн хамтаар Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиход ээжийг маань дайрсан гэх залуу надтай уулзсан.

... Тэгээд би тэр залуугийн хамтаар дотогшоо эмнэлэг рүү ороход ээжийн маань биеийн байдал маш хүнд байсан бөгөөд эмчилгээ хийгдэж байгаад удалгүй сэхээн амьдруулах тасаг руу ороод ойролцоогоор 13 цагийн үед нас барсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30 дахь тал/

“... Миний зүгээс талийгаачийн буяны ажлын зардалд баримтаар 10,200,000 төгрөгийн зардал гарсан байгаа. Уг хохирлыг нэхэмжилж байна. Манай гэр бүлийн зүгээс маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31 дэх тал/,

 

Б.Д-ы иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар өгсөн “... 2017 он хүртэл хувьдаа унаж хэрэглэж байгаад өөрийн охин Т-д өгч байсан юм. Т- ер нь бол энэ автомашиныг огт унадаггүй байсан бөгөөд компанийнхаа хашаанд байрлуулаад орхичихсон байсан юм. Тэгээд хэзээ ямар хүнд зарсныг нь бол мэдэхгүй. Ямар ч байсан нэр нь бол миний нэр дээр хэвээрээ байгаа. Ер нь бол уг автомашиныг хүнд зарсныг нь мэдээгүй учир би нэрээ шилжүүлээгүй байгаа юм. Би үнэлгээтэй танилцлаа. Надад автомашинтай холбоотой нэхэмжлэх зүйл бол байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 62 дахь тал/,

“... Би иргэний хариуцагчаар оролцож байгаа гэдгээ ойлгосон. Гэхдээ дээрх автомашиныг жолоодож явсан гэх залуу нь автомашиныг худалдаж авсан гэсэн тул тэр өөрөө бүх хариуцлагаа хүлээх болов уу гэсэн бодолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 65 дахь тал/

 

Гэрч Д.Т-гийн “ ... Тухайн Honda Capa маркийн ... УНЧ улсын дугаартай автомашин нь манай аав Д-ы эзэмшлийн автомашин байгаа юм. Ерөөсөө унадаггүй байж байхаар гээд би ажилдаа ойр зуур хэрэглэх гээд авчихсан байсан. Тэгээд манай нөхөр Түвшин нь өөрийн ажилчин Б-т зарсан юм шиг байна лээ. Би бас яг нарийн хэлж мэдэхгүй байна.

... Тухайн үед Honda Capa маркийн ... УНЧ улсын дугаартай автомашиныг манай нөхөр зарахдаа ямар нэгэн гэрээ хийгээгүй гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 69 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №74 дугаартай:

“... 1. Талийгаачийн биед тархи,цээж, хэвлийн эрхтний хавсарсан хүнд гэмтэл буюу их тархины дух, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун 3,4,5,6,7, зүүн 2,3,4,5,6-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины эдийн няцрал, цус хуралт, голтын цус хуралт, дэлүүний ялзрал, урагдал, зүүн бөөрний өөхлөгт цус хуралт, аарцаг ясны хугарал, духанд шарх, зулгаралт, дух, баруун, зүүн шанаа, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, зүүн мөр, баруун бугалга, баруун шуу, баруун гарын сарвуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн гарын сарвуу, баруун гуя, баруун шилбэ, зүүн ташаа, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, хамар, баруун, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх тархи, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаачид 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15 цаг 20 минутын үед цогцосны анхны үзлэг хийхэд нас бараад 2 цаг болсон байжээ.

6. Талийгаач нь АВО системээр В /III/ бүлгийн цустай байжээ.

7. Талийгаачийн цусанд 0,6 промилли, ходоодны шингэнд 1,8 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /79-81 дэх тал/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн №12599 дугаартай өвчний түүх. /хэргийн 175-181 дэх тал/,

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №999183 дугаартай:

“... 1. Honda Capa маркийн ... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал, стандартын шаардлага хангахгүй байна.

2. Дээрх урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -29.8 мм, тэнхлэг тохиргоо алдагдсан, хойд дугуйн тоормос зогсоогүй стандартын шаардлага хангахгүй, дуут дохио ажиллахгүй, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 5000 cd, ойр дээрээ 1800 cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 3700 cd, ойр дээрээ 1800 cd, /стандарт 10000-10000 cd/ байгаа нь стандартын шаардлага хангахгүй эдгээр гэмтэл нь тухайн осол гарахад нөлөөлсөн байх боломжтой байна.

3. Урд салхины шил гол хэсэгтээ хагарч цацарсан, копуд баруун урд хэсэг хонхойсон, урд нүүр хагарсан, урд буфер доош унжсан, дуут дохио ажиллахгүй, хянах самбар дээр тоормосны ABS ассан, урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -29.8 мм, тэнхлэг тохиргоо алдагдсан, хойд дугуйн тоормос зогсоогүй стандартын шаардлага хангахгүй, дуут дохио ажиллахгүй, зүүн гар талын тусгалын чадал хол ойр дээрээ 5000 cd, ойр дээрээ 1800 cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 3700 cd, ойр дээрээ 1800 cd, /стандарт 10000-10000 cd/ байгаа нь стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

Урд салхины шил гол хэсэгтээ хагарч цацарсан, копуд баруун урд хэсэгт хонхойсон, урд нүүр хагарсан, урд буфер доош унжсан эвдрэл гэмтэл нь тухайн ослын үед үүссэн байна. Бусад эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл болно.

4. Honda Capa маркийн ... УНЧ улсын дугаартай автотээврийн хэрэгслийн тоормосны системийн ажиллагаа хэвийн бус, зохих стандартын шаардлага хангахгүй байна. ... ” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлт. /хэргийн 97-102 дахь тал/,

 

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас. /хэргийн 103-105 дахь тал/,

 

Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №130 дугаартай:

“...1. Honda Capa маркийн ... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч О-ын Б-  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. 3.4 Жолооч дараахи хариуцлага хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

2. Явган зорчигч Лхамжавын Оюунсүх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 144 дэх тал/,

 

О.Б-ын яллагдагчаар өгсөн “... Би хохирогчид одоогийн байдлаар ямар нэгэн хохирол барагдуулж өгөөгүй байгаа. Цаашид баримтаар гарсан хохирлыг бүрэн барагдуулж өгнө. Тухайн үед санамсар болгоомжгүй үйлдэгдсэн хэрэгт маш их харамсаж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 158 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч О.Б- нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 11-ний 07 цаг 40 минутын орчимд “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн хойд замд бүрэн бус тээврийн хэрэгсэл буюу стандартын шаардлага хангаагүй Honda Сара маркийн ... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.Оюунсүхийг мөргөж түүний биед тархи, цээж, хэвлийн хавсарсан хүнд зэргийн гэмтэл учирсны улмаас  нас барсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч О.Б- нь Honda Сара маркийн ... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.Оюунсүхийг мөргөсний улмаас түүний амь нас хохирсон нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсонгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хохирогч Л.Оюунсүхийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрт хавтаст хэрэгт авагдсан баримтаар 10,200,000 төгрөг /хэргийн 35-59 дэх тал/ тогтоогдсон бөгөөд шүүгдэгчээс 5,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-д төлсөн /хэргийн 160 дахь тал/ үлдэгдэл төлбөрийн төлөхийг зөвшөөрсөн байх тул үлдэгдэл 5,200,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэлээ.

Ингэж шийдвэрлэхдээ шүүгдэгч О.Б-ын жолоодож явсан Honda Сара маркийн ... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэл нь Б.Д-ы нэр дээр бүртгэлтэй боловч уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч О.Б-т худалдан борлуулсан болох нь  хэрэгт авагдсан гэрч Д.Т-, иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар өгсөн Б.Д-ы мэдүүлэг, шүүгдэгч О.Б-ын “ ... Д-ы хүүхдээс 2020 онд 2,000,000 төгрөгөөр худалдаж аваад одоо төлөлт нь дууссан. Шилжүүлэг хийж амжаагүй байгаа” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд уг тээврийн хэрэгслийг Б.Д- нь худалдан борлуулж шүүгдэгч О.Б-ын өмчлөлд шилжүүлсэн байх бөгөөд зөвхөн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгүүлээгүй үндэслэлээр Б.Д-д иргэний хариуцлага хүлээлгэх боломжгүй юм.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”,  гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгаас 5,000,000 төгрөгийг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн О.Б-ын жолоочийн В ангилалын №1219744 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт О-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар О.Б-т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар О.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, О.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн О.Б-ын жолоочийн В ангилалын №1219744 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар О.Б-аас 5,200,000 төгрөг гаргуулж Чингэлтэй дүүрэг ... дугаар хороо Хандгайтын ... дугаар гудамж ... тоотод оршин суух Б овогт Э-ын Б-д олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол авсан О.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ