Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/27

 

 

 

 

 

 

 

 

   2022          01          06                                     2021/ШЦТ/27

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Н.Энхболд,

Шүүгдэгч: Ш.А- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.А-эд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000001887 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш.А-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Ш.А- нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэс-8” журмын хашаан дотор хохирогч Б.Ж-тэй маргалдаж улмаар биед нь халдан чулуугаар толгойн тус хэсэгт цохиж, түүний эрүүл мэндэд нь дагзанд шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.А- шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Б.Ж- шүүх хуралдаанд: “...Би Баянгол дүүргийн журмын хашаанд ажилладаг. Тухайн өдрийн өмнөх өдөр нь ослоор орж ирсэн тээврийн хэрэгсэл журмын хашаанд хоносон юм. Тэгээд тухайн өдөр тээврийн хэрэгслээ хаалгаар гаргах гээд манай нэг ахтай маргалдаж байсан. Тэгээд би салгах гэж байгаад энэ ахтай маргалдсан. Би машин тойроод гүйхэд гартаа чулуу барьж байгаад миний урдаас толгой руу цохисон. Тэгэхэд миний толгой хагарч, куртик урагдсан. Би куртикний мөнгөө нэхэмжилж байна. Шүүгдэгчийн өгч байгаа 200.000 төгрөгийг аваад надад өөр нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэв.

Хохирогч Б.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэс-8, Тэс-11” журмын хашаанд ажил үүргээ гүйцэтгээд байж байх үед урьд шөнө нь зам тээврийн ослоор манай хашаанд тоёота премио маркын цагаан өнгийн машин орж ирсэн байсан ба тэр машины жолооч гэх ах урд талын цоожтой хаалгаар гарна гээд байсан ба “манай урд хаалгаар гаргахгүй байгаа хойд хаалгаар гарна уу” гэхэд заавал урд хаалгаар гарна гээд манай ажлын ах Б-тай маргалдаад байсан ...Б- ах руу нөгөө ах цаанаас уурлаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би очоод болиулах гээд тэр ах дээр очсон чинь хүүхэд нь хажуунаас орж ирээд миний хоолойг боогоод ааваас хол бай гэсэн. Тэгэхээр нь би хүүхдийг нь зөрүүлээд боосон. Тэгэхэд тэр залуу намайг 2 удаа хацар руу гараараа цохисон, тэгсэн чинь аав нь ирээд миний дээрээс дараад газарт унагасан ба хүүхэд нь миний цээжин бие хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд би газраас босч ирээд хүүхэдтэй нь ахиад барилцаад авсан чинь аав нь гэх эрэгтэй газраас чулуу аваад намайг хөөсөн. Тэгэхээр нь би ачигч машиныг 2-3 удаа тойрч зугтсан боловч тэр ах намайг бариад авсан ба миний толгой руу чулуутай гараараа 1 удаа цохисон. Тэгээд цаанаас манай ажлын ах нар ирээд салгаад байж байсан чинь миний толгойноос цус урсаад эхэлсэн. Тэгээд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...жолооч Б- ахтай Ж-ийн толгойг хагалдаг ах маргалдаад байсан ба Ж- дундуур нь орж салгасан. Тэгээд тэнд байсан хүүхэд болон бас хамт явж байсан хүмүүс над руу дайраад манай бусад ажилчид руу дайраад байсан. Тэр үед аав нь над руу дайраад маргалдаж байхад аавынх нь аав гэх өвгөн таягаараа миний толгой руу 2 удаа цохисон. Тэгээд маргалдаж байхад цаана Ж- дээр очоод таягаараа цохиод байсан, өвөөг нь Ж-өөс холдуулахад аав нь газраас чулуу бариад Ж-ийг машин тойроод хөөгөөд гүйгээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10/,

Шинжээчийн 10737 тоот дүгнэлтэд: “...Б.Ж-ийн биед дагзанд шарх, духанд зулгарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно” гэжээ /хх-н 41-42/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 22-31/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 55-62, 66-68/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Ш.А- нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэс-8” журмын хашаан дотор хохирогч Б.Ж-тэй маргалдаж улмаар биед нь халдан чулуугаар толгойн тус хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Ж-ийн мэдүүлэг, гэрч Б.Х-ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ш.А- нь хохирогч Б.Ж-тэй журмын хашаан дотор үл ялих зүйлээс болж маргалдан улмаар чулуугаар толгойн тус газар нь цохиж, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Тухайн хэрэг болох үед хүмүүс хоорондоо маргалдсан, зөрчилдсөн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч Ш.А- нь хохирогч Б.Ж-ийн толгойн тус газар нь чулуугаар цохисон үйлдэлийн улмаас хохирогч нь шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтэл авсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ш.А- нь шүүх хуралдаанд хохирогч Б.Ж-д гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ж-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Б.Ж- нь шүүх хуралдаанд куртикны мөнгө 200.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь тухайн мөнгийг хохирогчийн данс руу шилжүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирогч нь 200.000 төгрөг аваад гомдол саналгүй гэсэн болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялын дүгнэлт гаргасан, хохирогч Б.Ж- ял шийтгэлийн талаар хэлэх зүйлгүй гэсэн болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Ш.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.А-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдалын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-ийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.А-эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР