Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/326

 

 

 

 

 

 

  2022           04           29                                      2022/ШЦТ/326

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч М.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас  Б овогт М-ын А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205000001171 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2001 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймаг .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... оюутан,  ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сэлэнгэ аймаг Ерөө сум .... төвийн ...  дугаар гудамж ... тоотод оршин суух, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо ... дүгээр байр ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт М-ын А-

 

Шүүгдэгч М.А- нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт утсаар ярьж дарамталлаа гэх шалтгаанаар Г.Ц-ы нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд завжид шарх, уруулд цус хуралт, дээд зүүн 1-р шүдний хагас хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А- мэдүүлэхдээ: “Урьд мэдүүлэг өгсөн нэмж ярих зүйл байхгүй” гэв

 

Шүүгдэгч М.А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Г.Ц-ы “... 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн шөнө 03 цагийн үед хуурай ах С-ын хамт түүний гэр болох Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ... байрны 92 тоотод 0,75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи уугаад сууж байтал удалгүй гаднаас манай найз болох Н-, Э- нар орж ирсэн.

Ингээд бид дөрөв байж байтал Н- нэг хүнтэй утсаар өр авлагын асуудлаас болоод муудалцаад байхаар нь би утсыг нь аваад тэр хүмүүстэй нь ярихад өөдөөс та нар хүрч ирээд уулз гээд байсан. Хариуд нь та нартай очиж уулзаж чадахгүй, өөрсдөө ирвэл ир, зайл гэж хэлээд утсаа тасалсан.

Тэгсэн 05 цагийн үед Н-гийн утас дуугараад аваад ярьтал нөгөө муудалцаад байсан хүмүүс нь манай гэрийн гадаа хүрээд ирчихсэн байсан. Тэгэхээр нь Н-г зодчихож магадгүй гэж бодоод гэрт нь үлдээгээд Э-, С- хоёрыг дагуулаад бид гурав гадагш гарахад гадаа үл таних 8 эрэгтэй, 2 эмэгтэй нийт 10 хүн байж байсан.

Тэгсэн тэд нар дундаас А- гэдэг залуу гарч ирээд яагаад хүн дарамтлаад байгаа юм гэхээр нь би өрөө өгөх хүртэл чинь дарамтална гэх мэтээр хоорондоо муудалцаж байгаад болиод би дэлгүүр орж тамхи авчхаад эргээд гараад иртэл А- над дээр хүрч ирээд өөдөөс түлхэж холдуулж байснаа зүүн гараараа миний ам хэсэг рүү нэг удаа цохисон.

Тэрнээс болж миний үүдэн дээд 1 шүд хугарсан. Завж, уруул зэрэг ойр орчмын хэсгүүд нь шархалсан. Үүнээс өөрөөр бол намайг цохиж зодоогүй. Мөн тэнд байсан хүмүүс ч гэсэн хоорондоо цохилцож зодолдоогүй тэгэс хийгээд салцгаасан.

... Шүдээ янзлуулахад 1,200,000 төгрөг, аппарат зүүж тэгшлэхэд 2,400,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөг болно. Мөн өмнө тархи, аарцаг зэргээ томографикт харуулахад 340,000 төгрөг гаргасан. Ингээд нийт яг одоогийн байдлаар 3,940,000 төгрөгийг нэхэмжилж байна. Эдгээр зардлууд бүгд баримттай. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5-6 дахь тал/,

 

Гэрч Л.Э-ий “... Ингээд бид хэд хоёр талаас уулзаад үзтэл тэр хэд бага зэрэг муудалцах төлөв хандлагатайгаар бид хэдтэй яриа өрнүүлсэн. Тэгсэн манай найз Ц- ч гэсэн өөдөөс нь яг тиймэрхүү өнгө аясаар ярьчихсан болохоор бага зэрэг хэрэлдэж нэг нэгэн рүүгээ томорч байтал А- Ц-ыг түлхэж цаашлуулж байгаад баруун гараараа нэг удаа түүний нүүр хэсэг рүү цохиод унагааж байгаа харагдсан.

Тэгэхээр нь би гүйж очоод Ц-ыг босгох гэтэл амнаас нь цус гарчихсан байдалтай байхаар нь тэр хэдээс холдох санаатай Ц-ыг аваад алхаж явтал Ц- надтай сонин яриад байхаар нь анзаарч хартал шүд нь хугарчихсан байсан. Тэгээд цагдаа дуудсан ба цагдааг ирэх хооронд нөгөө залуучууд явчихсан. Ийм л зүйл болсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41-42 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4024 дугаартай:

“...1. Г.Ц-ы биед завжид шарх, уруулд цус хуралт, дээд зүүн 1-р шүдэнд хагас хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 12-13 дахь тал/,

 

М.А-ий яллагдагчаар өгсөн “... Би утсаар байнга холбоотой байж түүнд учруулсан хохиролд 1,150,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Энэ мөнгөө удахгүй төлж барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг  /хэргийн 35-36 дахь тал/зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч М.А- нь Г.Ц-ы биед халдаж түүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          Хохирогч Г.Ц-ы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4024 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

          Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хохирогч Г.Ц-ы “... 2022.04.14 өдөр миний Хаан банкны 5913170367 дугаарын данс руу 1,150,000 төгрөг шилжүүлж, надаас уучлалт гуйн хохирлыг бүрэн барагдуулсан. ...” гэсэн хүсэлт /хэргийн 53 дахь тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.А- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  М.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт М-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.А- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.А- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ