Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/327

 

 

 

 

 

 

 

2022           05           02                                        2022/ШЦТ/327

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Д.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Д-ын М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205003801249 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-д механикч ажилтай, ам бүл 5, эх, ах, эгч, дүү нарын хамт Багануур дүүрэг ... дүгээр хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг ... дугаар хороо ... дүгээр байр .. тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-ын М-.

 

Шүүгдэгч Д.М- нь 2021 оны 10 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хархорин худалдааны төвд хохирогч Э.Б-ын гээгдүүлсэн I phone X загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 835,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Д.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Э.Б-ын “... Би 2021 оны 10 дугаар сард Баянгол дүүрэг 20 дугаар хорооны нутагт байх Хархорин зах дээр худалдаа хийх зорилгоор явж байгаад өөрийнхөө I phone X загварын гар утсаа алга болгосон юм.

Тухайн үед халааснаас алга болсон. Хулгайд алдсан, гээгдүүлсэн гэдгээ мэдэхгүй байсан. Надад бол сэжиглэсэн хүн байхгүй.

Би гар утсаа 2021 оны 04 дүгээр сард Теди худалдааны төв дээрээс 950,000 төгрөгөөр авч байсан, хар өнгөтэй, емэй код нь 334871091136032 юм. Би гар утсаа 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсан. Одоо бүрэн ажиллагаатай, эвдрэл гэмтэлгүй, хүлээн авсан болохоор надад одоо ямар нэгэн санал байхгүй.

Миний гар утсыг Д- овогтой М- гэх хүн олж авсан гэсэн. Намайг facebook чатаар нууц кодоо өгчих гэж тухайн үед над руу чат бичиж байсан. Гэмтлийн эмнэлгийн орчимд явж байгаад олж авсан гэсэн. Би тухайн үед Гэмтлийн эмнэлгийн орчмоор явснаа огт санахгүй байгаа. Олон сар болсон болохоор санахгүй байна. Бас гээсэн алдсанаа ч мэдэхгүй байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-23 дахь тал/,

 

Дамно ХХК-ны БГ2-22-35 дугаартай “I phone X загварын гар утсыг 835,000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 38-39 дэх тал/

 

Д.М-ийн яллагдагчаар өгсөн “... Би 2021 оны 10 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн Гэмтлийн эмнэлгийн хойд замаар Саппоро чиглэлд алхаж явтал Мөнгөнгүүр эмнэлгийн харалдаа урд явган хүний замын хажуу талын шороон дээрээс I phone X загварын гар утас олсон.

Тухайн гар утсыг газраас аваад Цамбагаравт байдаг ажил дээрээ очоод утас нь асахгүй болохоор нь симийг нь өөрийнхөө гар утсанд хийж үзээд эзнийх нь гар утасны дугаарыг нь олж мэдээд өөрийн facebook хаягаас уг дугаарыг нь хайж үзтэл Э.Б- гэсэн facebook хаяг гарч ирэхээр нь уг хаяг руу утсаа зарчхаач энэ чиний утас мөн үү, 300,000 төгрөгөөр энэ гар утсаа зарчих гээд чат бичсэн чинь миний чат руу уг хаягаас үгүй гэж чат ирсэн.

Би хариуд нь тэр хүнд утасны ID кодоо өгчих 150,000 төгрөг өгье гэж хэлсэн тэгтэл үгүй гар утсаа авъя гэхээр нь би хариу бичээгүй байж байгаад би Багануурт хөдөө байна гэж хэлсэн. Над руу тэр хүнээс олигтой хариу чат ирээгүй. Надад гар утас нь 2-3 сар болсон юм. Тэр үед миний өөрийн гар утас эвдэрчихсэн байсан болохоор уг олсон гар утасны эзэн надад гар утсаа хямд зарчих юм болов уу гэж бодоод өөртөө гар утсыг нь байлгаж байсан юм. Би тэр үед гар утас худалдаж авах санаатай байсан юм.

... Би үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-50 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.М- нь Э.Б-ын гээгдэл эд хөрөнгө болох I phone X загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 835,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          Хохирогч Э.Б-д I phone X загварын гар утсаа гээгдүүлсний улмаас 835,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ны БГ2-22-35 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

          Хэрэгт мөрдөн шалгах явцад хохирогч Э.Б-д I phone X загварын гар утсыг биет байдлаар хүлээлгэсэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр /хэргийн 81 дэх тал/ тогтоогдсон, мөн хохирогчоор “Би гар утсаа 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсан. Одоо бүрэн ажиллагаатай, эвдрэл гэмтэлгүй, хүлээн авсан болохоор надад одоо ямар нэгэн санал байхгүй” гэж мэдүүлсэн /хэргийн 22-23 дахь тал/ байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.М- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М-ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.М- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.АЛТАНХУЯГ