Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/29

 

 

 

 

 

 

 

 

   2022          01          06                                     2021/ШЦТ/29

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Н.Энхболд,

Шүүгдэгч: Б.Ө- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.Ө-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000001961 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ө-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Ө- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2021 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ” зочид буудлын гадна Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт хороо хариуцсан цагдаа Б.Ц- тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн улмаар албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж түүний эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд шарх, зулгаралт, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ө- шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогчид 600.000 төгрөг төлж, уучлалт гуйсан. Анх мөрдөгчийн хажууд 300.000 төгрөг, дараа нь 300.000 төгрөг төлсөн. Гэм буруугийн хувьд маргахгүй байна” гэв.

Хохирогч Б.Ц- мөрдөн байцаалтад өгсөн: “...Дэслэгч Х- бид хоёр энгийн хувцастай үүрэг гүйцэтгэсэн. ...Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ” зочид буудлын орчимд хяналт тавьж ... улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байхад жолоочийн эсрэг талын хаалгыг үл таних эрэгтэй татаж онгойлгоод “таксийнд явах уу” гэсэн. Би “таксинд явахгүй” гэсэн чинь “үхсэнээ хийгээд зогсож байгаа юм бэ” гээд хаалга чанга хаагаад цаашаа явсан. ...Ө- нь буцаж дахиж ирээд хаалга онгойлгочихоод “таксийнд явахгүй бол үхсэнээ хийгээд зогсож байгаа юм бэ” гэж хэлсэн. Дэслэгч Х- бичиг баримтаа үзүүлээд “цагдаагийн алба хаагч байна, ажил арга хэмжээтэй байна, та явчихаа таксийнд явдаг машин бишээ” гэж хэлсэн. Ө- нь “пиздаанууд та нарын ажил гэж юу байдаг юм, энүүгээр дүүрэн архи зарж байхад юугаа харж байдаг юм, зайлцгаа” гэж хэлсэн. Машинаас буугаад Ө-д Х- бид хоёр дахиад бичиг баримтаа үзүүлэхэд Ө- “та нар тэгээд яах юм, үзэлцэх үү лаларуудаа” гэж Х-гийн куртикнээс бариад авсан. ...Ө- Х-гийн куртикнээс бариад зогсож байхаар нь гарыг нь салгаж болиулах гэж байхад хөлөөрөө миний зүүн хөлний гуя хэсэгт нэг удаа өшиглөсөн. Би та нар явчихаа гэж зогсож байсан чинь Ө- ирээд миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиод авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/, 

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ө- нь машинаас гарч ирсэн хоёр хүний шар царайтай нөхрийн нүд рүү нэг удаа цохисон. Дундуур нь ороод дүү Ө-ыг салгаж аваад байж байсан чинь цагдаа нар ирээд бид хоёрыг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19/,

Гэрч Б.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Машинаас бууж ирсэн хоёр хүний нэгэнтэй нь манай дүү Ө- барьцалдаж авсан. Намайг очоод салгаад Ө-ыг татаж байхад цохисон. ...Ө- тэнд байсан масктай залуугийн нүдэнд дээр цохисон, тэр зулаагийн нүд хавдаад улайсан байсан. Энэ залуу миний нүд рүү цохичихлоо шүү дээ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 21/,

Шинжээчийн 11726 тоот дүгнэлтэд: “...Б.Ц- биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд шарх, зулгаралт, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-н 25-26/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, илтгэх хуудас /хх-н 6/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 41-46/, хохирогчийн хүсэлт /хх-н 55/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Б.Ө- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2021 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ” зочид буудлын гадна Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт хороо хариуцсан цагдаа Б.Ц- тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн улмаар албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж түүний эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд шарх, зулгаралт, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Ц-, гэрч Б.Б-, Б.Тэгшжаргал нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Ө- нь хохирогч Б.Ц- ажил үүргээ гүйцэтгэж байхад нь түүний тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, улмаар нүүрэн тус газар нь цохиж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ө-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Б.Ц- нь Баянгол дүүргийн цагдаагийн газраас зохион байгуулсан “шаг” арга хэмжээнд энгийн хувцастай албан үүрэг гүйцэтгэж байсан ба албан үүрэг гүйцэтгэж байгаа талаараа шүүгдэгч Б.Ө-д удаа дараа хэлсэн бөгөөд шүүгдэгч нь согтуурсан үедээ хохирогчтой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж эсэргүүцсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгчийн хохирогчийн албан үүрэгтэйгээ холбогдуулан тавьсан шаардлагыг эсэргүүцэж, биелүүлээгүй, улмаар түүний нүүрэн тус газар цохисон үйлдэлийн улмаас хохирогч нь шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтэл авсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Ө- нь шүүх хуралдаанд хохирогч Б.Ц- хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, мөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол буюу гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Цэндэндамбын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Ц.Цэдэндамба нь мөрдөн байцаалтын шатанд “миний хохирлыг бүрэн барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт бичгээр /хх-н 55/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн 01 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргасан болно.

Улсын яллагч нь шүүгдэгч Б.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Б.Ө-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ө-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан Улаанбаатар хотын бүсчлэлээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар, торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож тус тус солихыг мэдэгдэж, шүүхээс оногдуулсан ялуудыг эдлүүлэхэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.     

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн”

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ыг Улаанбаатар хотын бүсчлэлээс 06 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан Улаанбаатар хотын бүсчлэлээс 06 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Ө-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  4. Шүүгдэгч Б.Ө- нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР