Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/34

 

 

 

 

 

 

 

   2022          01          10                                     2021/ШЦТ/34

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Б.Солонго,

Шүүгдэгч: Н.О- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.О-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105023411950 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Н.О- нь 2021 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Панда дэлгүүрийн орчим хохирогч М.Д-ыг зодож, түүний биед хамрын ясны хугарал, зүүн гарын бугуйд зулгаралт, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.О- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч М.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дүү М- бид хоёр 2021 оны 11 дүгээр сарын 03-ны орой ажлаа тараад байж байсан чинь М- руу Н- залгаад тэр хоёр уулзахаар тохирсон. ...Панда дэлгүүрийн орчим явж байсан чинь Н- найзын хамт өөдөөс хүрээд ирсэн. ...О- над дээр хүрч ирээд “юу байна Даваа” гэж асуухаар нь “тайван байна” гэж хэлсэн чинь О- гараа саваад миний эгц урдаас нүүр хэсэг рүү алгадсан. ...би нүүрээ дараад байж  байсан чинь О- намайг хөлөөрөө хавсарч унагаагаад нүүр дээр хөлөөрөө дэвсэж зодсон. ...дүгнэлтээр урчуулсан гэмтлийг О- миний эрүүл мэндэд учруулсан. Би 180.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн байгаа. ...Хагалгаанд орох зардал нь 3.500.000 төгрөг болох юм байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

Гэрч Ж.Золбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Панда дэлгүүрийн урд гудамжинд очсон чинь Д-, М-, Н- нар байсан. ...О-, Д- дээр очоод түүний толгойн шанаа хэсэг рүү нь гараараа алгадаад хөлөөрөө хавсарсан чинь Д- нүүрээ дараад газар сууж харагдсан. ...Д-ын эрүүл мэндэд О- халдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 21/,

Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...О- Д-ын шанаа хэсэг рүү нь гараараа алгадах үед би М-тай барилцаж авсан. ...Золбаяр хүрч ирээд салгасан. ...миний эрүүл мэндэд халдсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

Гэрч Б.Н- мөрдөн байцаалтад өгсөн: “...Би цонхоор хараад сууж байсан чинь найз залуу О- Д-ыг гараараа цохиж харагдсан. ...Б-, М- гэх залуутай барилцаж авсан чинь Золбаяр дундуур нь ороод салгаж харагдсан. Би найзын хамт машинаас буугаад найз залуугаа болиулсан. Тэгээд салаад явцгаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 27/,

Шинжээчийн 11025 тоот дүгнэлтэд: “...М.Д-ын биед хамрын ясны хугарал, зүүн гарын бугуйнд зулгаралт, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-н 30-31/,

Яллагдагчаар Н.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Д-ыг гараараа алгадаад хөлөөрөө хавсарсан чинь тэр газар унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 48-49/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 53-63/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Н.О- нь 2021 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Панда дэлгүүрийн орчим хохирогч М.Д-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, түүний биед хамрын ясны хугарал, зүүн гарын бугуйд зулгаралт, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Д- мэдүүлэг, гэрч Ж.Золбаяр, М.Б-, Б.Н- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Н.О- нь хохирогч М.Д-тай маргалдаж улмаар түүнийг зодож шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.О-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Тухайн хэрэг болох үед хүмүүс хоорондоо маргалдсан, зөрчилдсөн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч Н.О- нь хохирогч М.Д-ыг зодож цохисон үйлдэлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.О- нь шүүх хуралдаанд хохирогч М.Д-т гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч М.Д- нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээ хийлгэсэн 180.000 төгрөг, хагалгаанд орох 3.500.000 төгрөг тус тус нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт эмчилгээ хийлгэсэн, мөн цаашид хагалгаанд орох талаарх нотлох баримт авагдаагүй бөгөөд цаашид хэдэн төгрөгийн хохирол гарах эсэх нь тодорхойгүй байх тул хохирогч нь хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй дурдсугай.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Н.О-н үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч М.Д- нь хохирол, хор уршгийн талаархи баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР