Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/356

 

 

 

 

 

 

 

 2022           05           10                                       2022/ШЦТ/356

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч Б.Ууганбаяр,

шүүгдэгч Х.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Т овогт Х-ын Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205003251154 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ... -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... өргөөнд хурлын лам ажилтай, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, дүү, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг ... дугаар хороо Жаргалант ... дугаар гудамж ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Х-ын Э-.

 

Шүүгдэгч Х.Э- нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн тайга нэртэй караокены орчимд П.Г-г зодож биед нь тархины доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, чихэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Х.Э- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч П.Г-гийн “... 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр шилжих шөнө миний бие өөрийн автомашинаараа халтууранд явж байгаад шөнийн 05 цагийн үед Баянбүрдийн тойрог орчимд явж байтал хоёр эмэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоод авахад Баянгол дүүргийн Бичил хороолол орно гэж хэлэхээр нь тухайн хоёр эмэгтэй хүний хэлсний дагуу Бичил хороололд байрлах Мөнгөн тайга нэртэй караокены гадна очиж зогсоход уг хоёр эмэгтэйн нэг нь миний гар утсаар караоке дотор байгаа хүн рүү залгаж таксины мөнгө гаргаж ирээд өгчих гэж хэлсэн.

Удалгүй караокеноос нэг залуу гарч ирээд миний сууж байсан жолооч талын цонхон дээр ирснээ намайг чи чинь 1 дүгээр хороололд байдаг бааранд байнга орж ирдэг залуу байна, чамайг ална шүү гэхээр нь би тухайн эрэгтэй хүнд би тэгж баар саваар үйлчлүүлж явдаг хүн биш гэж хэлтэл тухайн эрэгтэй хүн цонхны онгорхой хэсгээр гараа оруулж ирээд миний баруун талын нүд рүү нэг удаа цохингуутаа машины хаалга онгойлгоод намайг машинаас буулгах гэсэн боловч би хамгаалалтын бүс зүүсэн байсан учир намайг машинаас булгаж чадаагүй.

Тэгээд үргэлжлүүлэн миний цээж рүү хөлөөрөө нэг удаа тийрээд үснээс үстэж байгаад толгой руу дагз, чих хэсэг рүү нилээн хэдэн удаа цохиод байхаар нь арай хийж утсаараа цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өсгөн бөгөөд цагдаа ирэхээс өмнө намайг зодсон эрэгтэй хүн яваад өгсөн.

... Эмчилгээний зардал болох 170,000 төгрөгийн хохирлоо барагдуулмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дахь тал/,

 

Гэрч Ц.Н- “... Бичил хороололд очоод С- таксины жолоочийн гар утсаар найз руугаа залгаад таксины мөнгө гаргаж ирээд өг гэхэд CU дэлгүүрээс эрэгтэй хүн гарч ирээд таксины жолоочийг харснаа чи бааранд ордог биздээ гэх утгатай юм хэлтэл таксины жолооч эрэгтэй үгүй ээ, би бааранд ордоггүй гэхэд нөгөө гарч ирсэн залуу таксины жолоочийн хаалганы цонх онгорхой байж байсан чинь гараараа нүүр лүү нь хэд хэдэн удаа цохих шиг болоод хаалгыг нь онгойлгоод хөлөөрөө 1-2 удаа өшиглөөд байхаар нь бид нар таксины жолоочийг зодоод байсан эрэгтэйг салгахад нөгөө залуу доошоо уруудаад яваад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31 дэх тал/,

 

Гэрч С-ын “... М- найз гэх караокеноос гарч ирсэн залуу таксины жолоочийн толгой руу нэг удаа цохиод, хаалгыг нь онгойлгоод бие рүү нь нэг удаа өшиглөөд байхаар нь арай хийж салгахад таксины жолоочийг зодоод байсан эрэгтэй зам дагаад алхаад явчихсан.

... Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор сайн харагдаагүй ч гэсэн хоёр нүднийх нь аль нэг талынх нь хөмсөг хавдсан байсан шиг санагдаж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1664 дугаартай:

“1. П.Г-гийн биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 40-41 дэх тал/,

 

Х.Э-ын яллагдагчаар өгсөн “... би таксины жолооч дээр явж очоод надад наад хоёр эмэгтэй хүн чинь хамаагүй, наад хоёр эмэгтэй хүнээсээ мөнгөө ав гэж хэлтэл таксины жолооч эрэгтэй намайг чи чинь West гэдэг нэртэй бааранд ажилладаг хүн мөн үү, намайг танихгүй байна гэж асуухаар нь би тийм, би West бааранд ажилладаг, чамайг ч бас харж байсан юм байна, чамд би бацаандахгүй байх гээд бид хоёр маргалдаж байгаад би тухайн эрэгтэй хүний нүүр лүү нь гараараа цохих гэхэд бултангуутаа онож цохиорой гэхээр нь миний уур хүрээд хаалгыг нь онгойлгож байгаад хөлөөрөө жолооч эрэгтэйн биеийн хажуу хэсэг рүү нэг удаа өшиглөөд, үргэлжлүүлэн баруун гараараа баруун талынх нь чих рүү нь 2 удаа цохиод байж байтал хүмүүс бид хоёрыг салгасан. ... Би нэлээн согтолттой байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 55 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Х.Э- нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж П.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          Хохирогч П.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1664 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

          Хэрэгт мөрдөн шалгах явцад хохирогч П.Г-гийн “... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 57 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Э- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Х.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Х-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Э-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Э- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ