Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 71

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
ШИЙТГЭХ ТОГТООЛ

2016 оны 10 сарын 14 өдөр                                Дугаар 71                                          Баруун-Урт

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч Д.Баттулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,
Шүүгдэгч Е.Баасанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Е.Баасанжаргалд холбогдох 201617000187 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн харьяат, 1983 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах нарын хамт Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг, Цагаан-Овоо гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 сарын 29-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар 2.703.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, регистрийн дугаар ЛМ83102118, Модчин овгийн Егнэнгийн Баасанжаргал 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр /:

    Яллагдагч Е.Баасанжаргал нь 2016 оны 06 сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8-р багт оршин суух иргэн М.Энхсүхийн байшингийн хаалганы цоожийг эвдэн орж нэвтрэн филифс маркийн 32 инчийн зурагтыг хулгайлан бусдад 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
     
           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

- Шүүгдэгч Е.Баасанжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 06 сарын 13-нд гэр рүүгээ явж байгаад Энхсүх ахынхаар ороод гарья гэж бодоод орсон. Тухайн үед согтуу байсан. Энхсүх ахын гэр цоожтой байхаар нь хаалгыг нь онгойлгож ороод зурагтыг нь авсан. Архины мөнгө болох юм авчихъя гэж бодоод зурагтыг авсан. Хохирогчтой уулзаж уучлалт гуйсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй гэв. 

- Хохирогч М.Энхсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Эрдэнэцагаан сумын 3 дугаар багт мал маллаж амьдардаг. Манай нэг гэр Эрдэнэцагаан сумын төвд байдаг. Би 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр сумын төв дээр байдаг гэртээ ирэхэд гэрийн цоож эвдэж ороод зурагт аваад явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандахад цагдаагийн байгууллага удалгүй олж өгсөн. 32 инчийн филифс маркийн ЛСД зурагт байсан. Зурагтаа буцаагаад авсан болохоор нэхэмжлэх зүйл болон гаргах санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 14 х /,

- Гэрч Б.Байгальхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Е.Баасанжаргал нь манай малыг маллаад 2 жил гаруй болж байна. Малд нүдтэй, ажилд сэтгэлээсээ ханддаг, даруухан ааш зантай, хүнд үгүй гэж хэлдэггүй. Манай малчин болоод архи согтууруулах ундаа бараг хэрэглэдэггүй... гэх мэдүүлэг /хх-н 15 х /,
 
- Гэрч С.Бямбажаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: Е.Баасанжаргал нь их даруухан, зөөлхөн ааштай. Хүний үгээр хар бор ажил хийж амь зуудаг. Баасанжаргал нь хөдөө эгчийнх дээрээ байдаг, эгч нь түүнд ам сайтай байдаг” гэх мэдүүлэг /хх-16 /

-    Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургууд /хх- 6-10 / 

-    Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл. 2016.06.18 /хх-н 11/ 

-    Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /хх-н 12 х /

-    Эд зүйлийн үнэлгээ. Эрдэнэцагаан сум. /хх-н 18 х /

-    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 22 х /

-    Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, фото зураг /хх-н 40-42 х /

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 12 сарын 29-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хх-н 24-25 х / 

-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2016.07.02-ны өдрийн 2/209 тоот тодорхойлолт /хх-н 63 х /,

- Е.Баасанжаргалын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-н 20 х / зэрэг болно.


Шүүгдэгч Е.Баасанжаргал нь 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 14.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8-р багт байрлах иргэн М.Энхсүхийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж Филифс маркийн 32 инчийн, хар өнгөтэй, хавтгай дэлгэцтэй өнгөт зурагтыг хулгайлан 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Е.Баасанжаргалын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Энхсүхийн мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ, Эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тухай тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.   

          Хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл, шүүгдэгч Е.Баасанжаргал нь архи уух мөнгө олох зорилгоор эзэнгүй айлд хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар хулгайлсан болох нь шүүгдэгч Е.Баасанжаргалын “ Энхсүх ахын гэр цоожтой болохоор нь архины мөнгө болох юм авчихъя гэж бодоод зурагтыг авсан” гэх, хохирогч М.Энхсүхийн “ Би 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр сумын төв дээр байдаг гэртээ ирэхэд гэрийн цоож эвдэж ороод зурагт аваад явсан байсан. эгээд би цагдаагийн байгууллагад хандахад цагдаагийн байгууллага удалгүй олж өгсөн” гэх мэдүүлгүүдээр тогтоогдоно. 

Шүүгдэгч Е.Баасанжаргалд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Е.Баасанжаргалыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

    Е.Баасанжаргал нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирч нөхөн төлөгдсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, айлын малж хариулж амьдардаг, хувьд ногдох эд хөрөнгөгүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдал болон тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан түүнд эд хөрөнгө хураахгүйгээр 03 сар 10 хоногийн баривчлах оногдуулахаар тогтоолоо.

           Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 
                                   
          Е.Баасанжаргал нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу түүний хулгайлсан 32 инчийн Филифс маркийн зурагт хохирогч М.Энхсүхэд буцаан олгогдсон, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. 

    Хохирогч М.Энхсүхэд учирсан хохирол бүрэн арилсан, шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй тул Е.Баасанжаргалын өмчлөлийн Нокиа 2610 маркийн гар утсыг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016.09.21-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгоно. 


Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
    
1. Шүүгдэгч Модчин овгийн Егнэнгийн Баасанжаргалыг орон байранд нэвтэрч бага бус хэмжээний хохирол учруулан бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Е.Баасанжаргалыг эд хөрөнгө хураахгүйгээр 03/ гурван / сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

     3. Ялтан Е.Баасанжаргал энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас хохирогч М.Энхсүхэд учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хулгайлагдсан эд зүйлс хохирогчид буцаан олгогдсон, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан шүүгдэгч Е.Баасанжаргалын өмчлөлийн Нокиа 2610 маркийн гар утсыг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016.09.21-ний өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Е.Баасанжаргалд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдний төлөөлөгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН