| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2019/0053/Э |
| Дугаар | 008 |
| Огноо | 2019-05-10 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 008
Х.Н-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЗ/93 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Х.Н-д холбогдох эрүүгийн 1913000650066 дугаартай, 1 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, прокурор Х.Өрен, хохирогч Б.Г нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1994 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, ам бүл-4, эцэг, эх, эхнэрийн хамт Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар багт оршин суух, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн А сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Г-гийн малыг хариулж яваад 8 тооны бог мал хулгайлан авч явж, бусдад өгөх өр төлбөртөө өгч, зарж борлуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЗ/93 дугаар шүүгчийн захирамжаар:
“1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Н-д холбогдох 1913000650066 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасугай.” гэж шийдвэрлэжээ.
Прокурорын эсэргүүцэлд: “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт бүхий хохирогч Б.Г-гийн “...Манайх А сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ш” гэх газарт өвөлждөг юм. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хотонд байсан бог малаа тоолоход 8 тооны ямаа, 1 тооны хонь нийт 9 тооны бог мал дутсан юм. Би алга болсон бог малыг 5 өдөр ойр орчмын айлуудаас хайгаад олоогүй, тэгээд сумын цагдаад тэмдэглүүлсэн. Миний хулгайд алдсан 9 тооны бог малын 7 эм ямаа, 1 сэрх, 1 хонь, нийт 9 тооны мал байсан ба зүүн чихэнд догол имтэй, баруун чихний урд талаас нь сэтэрхий имтэй, тамгагүй юм.” гэх мэдүүлэг, гэрч С.Б-ын “Тэгээд Х.Н 11 дүгээр сарын 22-ны өдөр над руу утсаар ярьж, та хаана байна, би хөдөө мал хариулж байна. Танд өгөх ёстой ямаа малыг чинь өгье гэж надыг дуудсан. Тухайн үед би А сумын 2 дугаар багт мал, мах цуглуулж байсан болохоор Х.Н-д би танай газарт ойрхон явж байна, удахгүй цагийн дараа очно гэж хэлээд, өдрийн 13 цагийн үед Х.Н-гийн мал хариулж байсан газарт өөрийн Уаз-469 маркийн машинаар очиж, Х.Н надад өөрийн ямаа мал гэж малын сүргээс 8 тооны /эм/ ямаа мал барьж өгсөн нь үнэн.” гэх, гэрч Т.Х-ын “Х.Н Б.Г-гаас 8 тооны ямааг малын бэлчээрээс хулгайлсан гэж хэлсэн” гэх мэдүүлгүүд нь хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэнийг нотлохоор байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/Ш3/93 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийн үндэслэл болгосон бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн идэвхтэй үйлдлийн шинж нь “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд нь хууль, гэрээ, албан тушаалын үндсэн дээр олгогдсон итгэмжлэл, албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар хууль бусаар тэдний өмчийг авах үйлдлийн шинж байдлаар хуульд тусгагджээ. Түүнчлэн дээрх гэмт хэрэг нь өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байгаа этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр илрэхээр байна. Эд хөрөнгө завших үйлдлийн аргыг Улсын Дээд шүүхийн тайлбарт бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүй байх, гэмт этгээд өмчлөгчид нь үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон байдаг гэж тус тус тайлбарлажээ. Дээрх хууль хэрэглээний явц дахь шүүхийн практик судлахад “Завших” үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар олж авч өөрийн үзэмжээр захиран зарцуулах санаагаа хэрэгжүүлж эхэлснээр уг үйлдлийн бүрдэл төгсдөг бол “Үрэгдүүлсэн” үйлдэл нь эд хөрөнгийг худалдах, бэлэглэх гэх мэт хэлбэрээр алга болгосноор үйлдлийн бүрдэл төгсдөг байна. Харин Х.Н-гийн бусдын эд хөрөнгийн тодорхой хэсгийг тастаж бусдад зарж борлуулсан үйлдэл нь шинээр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэрэг нь хуучин 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэрэг бүхий “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэрэгтэй дүйцэж байгаа ба шинэчилж хуульчилж өгөхдөө үрэгдүүлэх үйлдлийг энэ зүйлээр гэмт хэрэгт тооцохгүй болсон бөгөөд шинэ эрүүгийн хуулийн 17.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргээр зүйлчилж, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хуульчилжээ. Түүнчлэн Х.Н нь Б.Г-гийн малыг итгэмжлэн хариуцаж үүрэг хүлээсэн субъект биш ба хохирогч Б.Г-гийн хувьд өөрийн эзэмшлийн малаа бусдад итгэмжлэн хариуцуулж өгөөгүй, түр хариулж байхыг хүсэн захиж орхисон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй юм. Яллагдагч Х.Н нь иргэн Б.Г-гийн малыг хараа хяналтгүй орхисон байдлыг нь далимдуулж мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох нууц далд аргаар, амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор шунахайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг үйлдсэн байна. Иймд Х.Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЗ/9З дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Х.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн А сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Г-гийн малаас 8 тооны бог мал хулгайлан авч бусдад өгөх төлбөрөө өгч, зарж борлуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Х.Н-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг” мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй байна.
Прокуророос яллагдагч Х.Н-г 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн А сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Г-гийн малыг хариулж яваад 8 тооны бог мал хулгайлан авч бусдад өгөх төлбөрөө өгч, зарж борлуулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.Н-г бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан нь үндэслэлгүй бөгөөд шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Учир нь яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан байх боловч шүүгдэгч Х.Нг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг нотлох хангалттай баримт нотолгоо биш гэж дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Г-гийн “Яагаад гэвэл Х гэдэг ахын залууд хэлээд “миний малыг нэг өдөр хариулаад өгөөч” гэж хэлсэн. Тухайн өдөр надад сумын төв орох ажил гарсан байсан. Тэгээд бог малыг Х-ын хүүхэд нь өөрийнхөө малтай цуг хариулсан юм. Тэгэхэд миний малыг Х-ын хүүхэд хариулж байгаад бусдад зарсан гэж бодож байна.” гэж мэдүүлсэн. Мөн давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн өгсөн тайлбартай холбогдуулан тодруулан асуусан асуултад “Мал бэлчээрт байсан. Би төв орж хүүхдээ авахаар түр хугацаагаар Х-ын ахын хүүхдэд захисан. Х.Н-д тэр өдөр түр хугацаагаар хариулж байгаач гэж орхисон. Харж байгаарай гээд үлдээсэн. Тухайн өдөр өөрийн малтай манай малыг нийлүүлээд хариулж байсан.“ гэж мэдүүлсэн.
Гэрч С.Бын “Н 11 дүгээр сарын 22-ны өдөр надруу утсаар ярьж та хаана байна би энэ өдөр хөдөө мал хариулж байна танд өгөх ёстой ямаа малыг чинь өгье гэж намайг дуудсан. Тухайн үед би А сумын 2 дугаар багт мал мах цуглуулж байсан болохоор Х.Н-д би танай газарт ойрхон явж байна, удахгүй цагийн дараа очино гэж хэлээд өдрийн 13 цагийн үед Х.Н-гийн мал хариулж байсан “Х” гэх газарт өөрийн машинаар очиж Х.Н надад өөрийн ямаа мал гэж малын сүргээс 8 тооны эм ямаа барьж өгсөн нь үнэн.” гэж мэдүүлсэн.
Дээрх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаас үзэхэд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Н-гийн гэмт үйлдлийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Мал хулгайлах” гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна.
Учир нь хохирогч Б.Г, гэрч С.Б-ын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хохирогч Б.Г нь өөрөө хүсч өмч хөрөнгөө сайн дураараа түр хугацаагаар шилжүүлсний дараа 8 тооны ямааг авсан нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийн шинж байгаа гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мал хулгайлах гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд шүүгдэгч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд юмс нь гэмт халдлагад өртөх үед эзэмшигч, өмчлөгчийн мэдэлд байсан эд хөрөнгө, эд юмсыг авсан нь нууц далд аргаар буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүгчийн захирамжид заагдсан “шүүгдэгчийн уг үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг тодруулах”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлох” шаардлагатай гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасан ба улсын яллагч мал хулгайлах гэмт хэрэгт ялласан нь үндэслэлгүй, мал хулгайлах гэмт хэрэг гарсан эсэх, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоож чадаагүй буюу шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогоогүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэх нь зүйтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЗ/93 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/01 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Д.МӨНХӨӨ
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжтай холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Х.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн А сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Г-гийн малаас 8 тооны бог мал хулгайлан авч бусдад өгөх төлбөрөө өгч, зарж борлуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдА нийцсэн бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангасан байна.
Прокуророос яллагдагч Х.Н-г 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн А сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Г-гийн малыг хариулж яваад 8 тооны бог мал хулгайлан авч бусдад өгөх төлбөрөө өгч, зарж борлуулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Г-гаас авсан тэмдэглэлд “Яагаад гэвэл Х гэдэг ахын залууд хэлээд “миний малыг нэг өдөр хариулаад өгөөч” гэж хэлсэн. Тухайн өдөр надад сумын төв орох ажил гарсан байсан. Тэгээд бог малыг Х-ын хүүхэд нь өөрийнхөө малтай цуг хариулсан юм. Тэгэхэд миний малыг Х-ын хүүхэд хариулж байгаад бусдад зарсан гэж бодож байна.” гэж мэдүүлсэн.
Гэрч С.Б-аас авсан тэмдэглэлд “Н 11 дүгээр сарын 22-ны өдөр над руу утсаар ярьж та хаана байна би энэ өдөр хөдөө мал хариулж байна танд өгөх ёстой ямаа малыг чинь өгье гэж надыг дуудсан. Тухайн үед би А сумын 2 дугаар багт мал мах цуглуулж байсан болохоор Х.Н-д би танай газарт ойрхон явж байна, удахгүй цагийн дараа очино гэж хэлээд өдрийн 13 цагийн үед Х.Н-гийн мал хариулж байсан “Х” гэх газарт өөрийн машинаар очиж Х.Н надад өөрийн ямаа мал гэж малын сүргээс 8 тооны эм ямаа барьж өгсөн нь үнэн.” гэж мэдүүлсэн.
Дээрх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаас үзэхэд прокуророос шүүгдэгч Х.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Мал хулгайлах” гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна.
Учир нь хохирогч Б.Г, гэрч С.Б-ын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хохирогч Б.Г нь өөрөө хүсч өмч хөрөнгөө гэмт этгээдэд сайн дураараа түр хугацаагаар шилжүүлсний дараа 8 тооны ямааг авсан нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мал хулгайлах гэмт хэргийн шинжид заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” өөрөөр хэлбэл хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөх үед эзэмшигч, өмчлөгчийн мэдэлд байх ойлголтыг хамааруулах бөгөөд хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.
Иймд анхан шатны шүүгчийн захирамжид заагдсан “шүүгдэгчийн уг үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг тодруулах”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлох” шаардлагатай гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ.
Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт бөгөөд шүүх, прокурор нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахиж, зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол хэргийг шүүх өөрийн санаачилгаараа прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны байх зарчимд нийцсэн байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгэхээр прокурорт буцаах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 2019/ШЗ/93 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Нд холбогдох 1913000650066 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 5/01 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Д.МӨНХӨӨ