Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0268

 

 

 

 

 

 

 

 

Иргэн Д.Э  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 121 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Э  гаргасан давж заалдах гомдлоор Д.Э  нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д.Э 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 26-ний өдрийн А/64 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан  хариу тайлбартаа:

“...Тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Арцатын задгайд 2011 оноос Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасныг тус тус зөрчиж буусан айл өрхүүдийг албадан нүүлгэх, газар чөлөөлөх ажлыг 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/64 дүгээр захирамжаар зохион байгуулсан.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/17 дугаар тогтоол нь Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна” гэж заасан газар ашиглах тухай хүсэлтийг тухайн хорооны иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, газар ашиглах гэрээ байгуулж байхаар зохицуулсан тогтоол юм.

Засаг дарга нь төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэгч бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 56, 57, 59 дүгээр зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд 2013 оны А/64 дүгээр захирамжийг гаргасан.

Иймд иргэн Д.Э  гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав. Гуравдагч этгээд “Г у” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Манай компани Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам гэдэг газар аялал жуулчлалын зориулалтаар 1.5 га газрыг 2011 онд зохих хууль журмын дагуу эзэмшихээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гэрчилгээ авч тус яам, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргатай 4 талт гэрээ байгуулан жил бүрийн газрын төлбөрт 11.880.000 төгрөг, 2015 оныг дуустал 47.520.000 төгрөг төлөөд байна.

Манай эзэмшлийн талбайд зуны улиралд зөвшөөрөлгүй 3-4 айл түр ирж буудаг, намар нь нүүдэг байсан ба 40 айл багтах ямарч боломжгүй юм. Мөн иргэн Д.Э тэнд амьдарч байгаагүй бөгөөд хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхний хуулбар дээр “Хан-Уул дүүргийн16 дугаар хороо Буянт-Ухаа 24 дүгээр гудамж, 64 тоот” гэсэн хаягтай байна. Гэтэл тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 18 гудамж 9 дүгээр хэсгийн задгайд гэж хаягаа худлаа бичсэн нь нэхэмжлэлийг буцаах хангалтай үндэслэл мөн.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 26-ний өдрийн А/64 дүгээр захирамж хуулийн дагуу гарсан тул хүчингүй болгох үндэслэлгүй байна. Тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А/17 дугаар тогтоол нь Засаг даргын А/64 дүгээр захирамжаас сүүлд гарсан байх ба агуулга нь “...хүсэлт гаргасан иргэн аж ахуйн нэгжийн хүсэлтийг тухайн хорооны иргэдээр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж газар ашиглах гэрээ байгуулахыг Засаг даргад даалгасан” байх тул энэ 2 шийдвэрийг хоорондоо зөрчилтэй гэж үзэх үндэслэлгүй юм.

Иргэн Д.Э захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, түүний эрх ашиг ямар ч байдлаар зөрчигдөөгүй, харин өөрөө хууль зөрчсөн байх ба Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/295 дугаар тушаал нь түүний нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүй.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаал, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 2011/184 дүгээр гэрчилгээ, түүний хавсралт нь хуульд нийцсэн тул хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Дөрөв. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 121 дүгээр шийдвэрээр:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн а, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч Д.Э  гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Тав. Нэхэмжлэгч Д.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Д.Э миний бие Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 18 дугаар гудамж, 9 дүгээр хэсгийн задгайд ам бүл 4, 6-18 насны гурван хүүхдийн хамт амьдардаг. “Асгат-Халиун” ХХК-д сахиулаар ажилладаг. Мөн “У, у-А” ТББ-ын тэргүүнээр ажилладаг. Хүүхдүүд маань Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 114, 41 дүгээр сургуулийн 1-6 дугаар ангид сурдаг. Том хүү “А” дээд сургуульд суралцдаг. Нөхөр маань 2015 оны 5 дугаар сард өвчний улмаас нас барсан. Өрх толгойлсон эмэгтэй.

Би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр болж шүүхийн шийдвэр хариуцагчийн талд гарч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон. Дээрх шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байна. Учир нь 2011 оноос 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл дээрх газар дээр амьдарч байсан ба 2013 оны 7 дугаар сараас амьдарч байсан газрынхаа яг өмнө талд нь байршилтай “А Х” ХХК-д сахиулаар өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч байна.

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 18 дугаар гудамж 9 дүгээр хэсгийн задгайд 2011 оноос хойш гэрэл цахилгаангүй, хаягжилтгүйн улмаас /4 дүгээр хорооны Засаг даргад тус хороонд бүртгүүлэх хүсэлтээ удаа дараалан тавьдаг байсан боловч Төрийн тусгай хамгаалалтай газар хэмээн огт хүлээн авдаггүй бөгөөд дээд шатны байгууллагад удаа дараалан өргөдөл хүсэлтээ өгдөг байсан/ нийгмийн төрөл бүрийн үйлчилгээг авч чадахгүй ялгаварлан гадуурхагдаж 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 3 жил гаруй болсон.

Энэхүү амьдрах хугацаандаа Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан төр, захиргааны байгууллагад удаа дараалан газар ашиглах хүсэлтээ гаргасан боловч хуулийн хугацаанд хариу өгдөггүй байсан. Хан-Уул дүүргийн Засаг даргын А/64 дүгээр захирамж нь тус газар нутагт газар албадан чөлөөлөх хүчин төгөлдөр эрх зүйн акт биш гэж үзэж байна.

Яагаад гэвэл 4 дүгээр хорооны Арцат 18 дугаар гудамж 9 дүгээр хэсгийн газар нутаг нь Тусгай хамгаалалтай газар нутагт хамаардаг бөгөөд дан гац Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар газрыг албадан чөлөөлөхгүй. Төр, захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон албаны бусад холбогдох албан тушаалтан, тухайн орон нутгийн Засаг дарга нарын хамтарсан шийдвэр гарсан нөхцөлд тэрхүү шийдвэр, сайдын тушаалыг үндэслэл болгож тухайн газрыг чөлөөлнө хэмээн байгаль орчны тухай холбогдох хууль тогтоомжид заасан байх бөгөөд энэхүү хуулийн заалтыг хангасан эрх зүйн баримт биш.

Харин 4 дүгээр хорооны Засаг дарга Т.Г-О болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай газар нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б, бусад мэргэжилтэн, Богдхан уулын Хамгаалалтын захиргааны газрын болон дүүргийн Газрын албаны дарга нар нь сэм хуйвалдан үгсэн нийлж дээрх захирамжийг үндэслэл болгон Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл, хүсэлт, тодорхойлолт гаргаж 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хууль бус газар албадан чөлөөлөлт явагдаж иргэн миний хууль ёсны ашиг сонирхол, хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл хийгдсэн.

Гэтэл маргаан бүхий захирамж нь нийтийн эзэмшил газрын зам талбайд орц, гарц хаасан хашаа, граж, гэрийг албадан буулгах гэсэг утга бүхий захирамж юм. 4 дүгээр хорооны Засаг дарга Т.Ган-Одын 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 85 тоот Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны газрын дарга асан Д.Шинэхүүгийн 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 133 тоот Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст, 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 09/335 тоот Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Л.Отгонбаатар нарын гаргасан албан хүсэлтүүдийг, А/64 дүгээр захирамжийг үндэслэн иргэн миний алдар нэр, нэр төрд халдан гүтгэн доромжлон гэр бүл, үр хүүхдийн маань хуулиар хамгаалагдсан эрхийг эрх мэдэл албан тушаалаа ашиглан ноцтой зөрчсөн.

Энэхүү хариуцлагагүй үйлдэл дээр холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах хүсэлтээ удаа дараа өгч байсан боловч удирдах шатны дээд байгууллагаас ямар ч хариуцлага тооцоогүй. 2016 оны 1 дүгээр сарын 11-нд Авилгатай тэмцэх газарт дээрх албан тушаалтнуудыг аж ахуй нэгж, компаниудаас авилга, хээл хахуул авсан байх хэмээн хардаж байгаа тул шалгаж өгөх хүсэлтээ гарган шалгуулж байгаа.

2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан Д.О, дэд сайд асан Б.Т, Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газрын дарга асан Т.Э нарын албаны хүмүүстэй уулзаж одоогийн мөрдөгдөж буй хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх талаар харилцан ярилцаж, 4, 11 дүгээр хорооны иргэдийг албадан нүүлгэх ямар нэгэн үйл ажиллагааг хоёр талаас явуулахгүй болохыг тохиролцож, харилцан ойлголцолд хүрсэн тухай Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г 2013 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 1/139 тоот “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгээр баталгаажуулж өгсөн байдаг.

Миний гэр бүлийн болон үр хүүхдийн маань хууль ёсны эрх, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт, Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.4.1, 1.4.2, 1.4.4-т заасныг тус тус зөрчсөн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Э маргаан бүхий актаар албадан чөлөөлсөн газрын талаар маргах эрхгүй...” гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэгэнт маргах эрхгүй болох нь тогтоогдсон гэж үзвэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгохоос бус нэгэнт “маргах эрхгүй” нэхэмжлэгчийн тухайд маргаан бүхий актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэсэн дүгнэлтүүд нь хоорондоо шалтгаант холбоогүй, үндэслэл муутай болжээ. Гэвч энэ нь давж заалдах гомдлыг хангах, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна гэж дүгнэв.

Хариуцагчаас гаргасан бичгийн болон анхан шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас тус тус үзэхэд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/64 дүгээр захирамжийн хүрээнд тус дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын Арцатын задгайд 2011 оноос зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдийг албадан буулгах ажлыг зохион байгуулсан гэж тайлбарлах боловч уг захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж, нийтийн эдэлбэрийн газарт эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр барьсан хашааг хуулийн дагуу албадан буулгаж, газар чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээр гаргуулж, газрыг хэвийн байдалд оруулан, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч, газрын харилцааны албанд үүрэг болгосон байдаг.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд заасан эрхийн хүрээнд дүүргийн хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг таслан зогсоох зорилгоор гаргасан дээрх захирамжийн үйлчлэл зөвхөн нэхэмжлэгчид чиглэгдээгүй, иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т “нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг ойлгохоор, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай, зэрэг газар хамаарна” гэж тус тус заажээ.  

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд дархан цаазат газар болон түүний хамгаалалтын дэглэмийг тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгчийн 2011 оноос хойш амьдарч байсан гэх газар нь Газрын тухайн хуульд заасан нийтийн эдэлбэрийн бус, харин энэ хуульд заасан дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаардаг, тийм ч учраас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Ш баталсан 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн удирдамжийн хүрээнд газар албадан чөлөөлөх ажиллагаа явагдсан байна.

Уг нь Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх үүргийг дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хүлээлгэснээс бус Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгээгүй байдаг.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр нь Засаг даргын захирамж уу, эсхүл захирамжийг хэрэгжүүлэх явцад гаргасан бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа юу гэдгээс шалтгаалж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлогдох учиртай.

Түүнчлэн нэхэмжлэгчийн гэр, хашааг албадан чөлөөлсөн тухайн газарт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах 2011 оны 12 дугаар 30-ны өдрийн 2011/184 тоот гэрчилгээ, 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээний дагуу “Газар ундарга” ХХК-д ашиглах эрх үүссэн, мөн тус компаниас 2012-2014 онд газрын төлбөр төлж байсан зэрэг баримтаас үзэхэд тухайн газар нь нийтээр ашиглахаар тогтоогдсон нийтийн эдэлбэрийн газарт хамаарахгүй, аль 2011 оноос хойш бусдын эзэмшил, ашиглалтад олгогдсон газар байна.

Давж заалдах гомдолд дурдсанчлан Засаг даргын захирамжийг утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэж үзэх үндэслэлгүй, харин уг захирамжийг хэрэгжүүлэх явцад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл энэ нь уг захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1-д зааснаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байгууллага, хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавих эрхтэй”, гэвч захирамжийн агуулгаас үзэхэд энэ эрхийн хүрээнд гаргасан гэж дүгнэх боломжгүй байх тул захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэгчийн гэр, хашааг албадан чөлөөлсөн гэх тайлбар, үйлдэлтэй холбогдуулан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн энэхүү хуулийн заалтыг баримталсан хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.  

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт 12 дугаар сарыг “125” дугаар сар гэж техникийн алдаатай бичигдсэн байгааг тэмдэглэв.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 121 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаас “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1...” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Э  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН