Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/261

 

 

 

 

 

 

 

      2022          04          07                                     2021/ШЦТ/261

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Иргэдийн төлөөлөгч: Б.Бат-Очир,

Улсын яллагч: М.Амарзаяа,

Шүүгдэгч М.Н-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар М.Н-ид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105005200404 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Н-, ...... тоот регистртэй, 

  1. Шүүгдэгч М.Н- нь 2021 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “99” нэртэй караокены гадаа иргэн Г.Ц-ийн нуруу, толгойн тус газар руу гараараа цохиж хүч хэрэглэн довтолж Самсунг Жи-7 болон нокиа загварын гар утас, арьсан цүнх зэргийг хууль бусаар, илээр авч 210.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн,
  2. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоот 1-1б тоот хашаанд П.Д-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “утсаар чинь яриад өгье” гэж итгэл төрүүлэн хуурч Самсунг А-50 загварын гар утсыг шилжүүлэн авч 505.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
  3. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “зар мэдээллийн нэгдсэн групп” гэх хуудсанд “тэмээ, хүнс авна” гэсэн зарыг байршуулсан О.У-т цахим хэрэгсэл ашиглан “тэмээ хүнс зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр урьдчилгаа нэрийдлээр 300.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Сангийн 16-8 тоотод байхдаа Хаан банкны 5016563426 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
  4. Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 9-11 тоотод оршин суух Б.Ц-гаас аймгийн зарын нэгдсэн группт “үхэр авна” гэж байршуулсан зарыг ашиглан “Gonchig Gonchig” фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглан “үхэр зарж байгаа, маргааш Мянгат сумаас Ховдод аваачиж өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр урьдчилгаа нэрийдлээр 550.000 төгрөгийг Хаан банкны 5016563426 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
  5. 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн урсгал зар мэдээ гэх зарын хуудсанд “идэшний тэмээ, адууны захиалга авна” гэх зар байршуулан, цахим хэрэгсэл ашиглан Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн Нарлагийн 7-1 тоотод  оршин суух А.Э-т 2 тэмээ, 1 адууны мах зарахаар итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдчилгаа нэрийдлээр 2.000.000 төгрөгийг Хаан банкны 5084115804 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
  6. Өмнөговь аймгийн Манлай сумын зарын группт “Moogii Moogii” гэх нэрээр “вагончик зарна” гэх зар байршуулан цахим хэрэгсэл ашиглаж Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий 1 дүгээр багийн Хархошуу гэх газарт оршин суух Л.О-д итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр урьдчилгаа нэрийдлээр 3.000.000 төгрөгийг Хаан банкны 5024985879 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
  7. Өмнөговь аймгийн зарын группт “металл хайгч зарна” гэх зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян 4 дүгээр багийн Хутагтын 3-314 тоотод оршин суух М.Б-д “металл хайгч зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 550.000 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Хаан банкны 5629181442 дугаарын дансаар шилжүүлсэн авч залилсан,
  8. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын зарын группт “Monhoo Moogii” гэх фэйсбүүк хаягаар “гэрийн мод зарна” гэх зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 22-6 тоотод оршин суух В.Д-д итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө урьдчилгаа нэрийдлээр 500.000 төгрөгийг Хаан банкны 5622057874 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
  9. Хэнтий аймгийн зарын группт “Bogii Boogii” гэх фэйсбүүк хаягаар “вагончик зарна” гэх зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан, Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар ангийн Бүрээт гэх газарт оршин суух Г.Г-д “хямдхан чингэлэг зарна, мөнгө шилжүүлээрэй” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 2.000.000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хаан банкны 5040056517 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
  10. Дорноговь аймгийн зарын группт “гэр зарна” гэсэн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн 205-3 тоотод оршин суух Б.Ч-ид “5 ханатай Монгол гэрийг 1.0 сая төгрөгт зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 400.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хаан банкны 5629152159 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
  11. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын зарын группт “Moogii Moogii” гэх фэйсбүүк хаягаар “5 ханатай гэр, хайгч зарна” гэх зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Хөөврийн 5-511 тоотод оршин суух Х.Б-д “авах хүмүүс зөндөө байна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 300.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны 5622057874  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
  12. Цахим хэрэгсэл ашиглан Moogii Moogii гэх фэйсбүүк хаягнаас “монгол гэр зарна” гэсэн зар байршуулан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багийн Зүүн Суу 3-329 тоотод оршин суух Ц.Б-од “хүүхдийн эмчилгээний мөнгө нэхээд байна, гэрээ хямдхан зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 450.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны 5629152159  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
  13. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын зарын группт “металл хайгч авна” гэсэн зар байршуулсан Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын шандын 1 дүгээр багийн Дэнжийн 2-2 тоотод оршин суух Б.А-д цахим хэрэгсэл ашиглан “7000 маркийн металл хайгч зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 1.000.000 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хаан банкны 5597044112 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
  14. Өмнөговь аймгийн зарын нэгдсэн групп дээр “отрын сууц яаралтай авна” гэсэн зар байршуулсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Гурвсансайханы 22-19 тоотод оршин суух У.Ц-д “ Bi ooriinhooroo, Bi ooriinhooroo” цахим хэрэгсэл ашиглан “нүүдлийн сууц зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 1.500.000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкны 5629152159 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
  15. Булган аймгийн зарын цэг нэгдсэн группт “Болор Болор” гэх фэйсбүүк хаягнаас “зөөврийн вагончик зарна” гэх зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6г-7-6 тоотод оршин суух Ч.Ш-т “материалын үнээр зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 3.000.000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны 5959273369 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
  16. Ховд аймгийн нэгдсэн группт “Eegii eegii” гэх гэх фэйсбүүк хаягнаас “яаралтай гэр зарна” гэсэн зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан, Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 6-8 тоотод оршин суух Э.Л-д “яаралтай мөнгөний хэрэг гараад хямдхан өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 400.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны 5629181442 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
  17. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын узель зарын группт “Bat-Erdene Eegii” нэртэй фэйсбүүк хаягнаас “зөөврийн сууц зарна” гэх зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн Есөн гэх газарт оршин суух иргэн М.Н-т “хямдхан сууц зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 3.000.000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 3.000.000 төгрөгийг Хаан банкны 5037087597 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
  18. Ховд аймгийн зарын групп дээр “гэр авна” гэж зар байршуулсан Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 5-41 тоотод оршин суух У.Б-д “хямдхан гэр зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 700.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны 5629152159 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
  19. Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын зарын группт “явуулын орон сууц хямд зарна” гэх зар байршуулан, цахим хэрэгсэл ашиглан, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн Баян дөхөм гэх газарт оршин суух Н.Г-т “яаралтай мөнгөний хэрэг гараад хямдхан өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 3.000.000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны 5025358235 дугаарын дансаар шилжүүлэн авч, цахим хэрэгсэл ашиглаж, итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 18 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт 22.695.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон,

20. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах” тухай захирамжийг биелүүлэх албан үүрэгтэй цагдаа, цагдаагийн дэслэгч Г.Ж-г 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр цахилгаан станцын хажууд “цагдан хорих 461 дүгээр ангид хүргэх гэж байна” гэж эсэргүүцэж, чулууг зэвсгийн чанартайгаар ашиглан, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Н- шүүх хуралдаанд: “...Бүх үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Г.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “99” нэртэй Баянгол дүүргийн нийтийн караокед ажлынхаа эгчтэй хамт сууж байсан юм. 22 цагийн орчимд дуулж байхад ширээн дээр үл таних 2 залуу ирээд суугаад байсан. Эгч бид хоёр явах гээд байж байхад нэг залуу нь “сууж бай, пиво авч өгье” гээд нэг пиво авч өгсөн. Тэгээд уугаад сууж байтал нагац ах, нөхөр хоёр дуудаад явъя гээд ажлын эгчийг Толгойт хүргээд өгчих гэж хэлээд нагац ах хүргэж өгөхөөр болоод явсан. Би буцаж орж ирээд нөгөө залуутай юм яриад сууж байхад манай нөхөр гаднаас орж ирээд явья гэхэд нь яваагүй үлдсэн юм. Тэгээд тэр залуутай хамт гараад явснаа санаж байна. Намайг хамт явъя гээд би үгүй гэхэд намайг цохисон. Тэгээд нөхөр лүүгээ залгатал гар утас булаагаад аваад явсан. Нацагдорж нь миний цүнхийг булаахдаа нуруу, толгой руу нэг удаа цохисон. Би гомдолтой байна. Миний хохирол мөнгийг өгөөгүй байгаа. Хохирол мөнгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 9-11/,

Хохирогч П.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 02 сарын 26-ны өдөр 14 цаг өнгөрч байхад өмнө нь гэрээ бариулж байсан зүс таних Нацагдорж гэх хүн манай гэрт ирээд “энд хүний гэр барьж өгөх гэж байгаа юм, утас нь холбогдохгүй байна, миний утасны цэнэг дуусчихлаа, утсаа өгч байгаач” гэхээр нь өөрийн Самсунг А-50 маркийн гар утсаа өгсөн юм. Тэгээд манай хашаанд утсаар хүнтэй ярьж байсан. Нэг харсан чинь байхгүй байхаар нь өөрийнхөө дугаар луу залгасан чинь холбогдох боломжгүй болсон байсан. Тухайн үед миний утас цэнэгтэй байсан... Би гар утсаа 2021 оны 02 сарын 07-ны өдөр Тэди төвөөс 530.000 төгрөгөөр авч байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 54/,

Хохирогч О.У-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2020 оны 12 сарын 27-ны өдөр фэйсбүүкээр “Гурвантэс сумын зар мэдээллийн нэгдсэн групп” гэсэн хуудсанд “тэмээ хүнс авна, утас 95898928” гэсэн зарыг байршуулсан. 2020 оны 12 сарын 28-ны өдөр 80490405 дугаарын утаснаас нэг эрэгтэй хүн над руу залгаж “тэмээ хүнсээ авсан уу, би тэмээ хүнс зарна, 2-3 тэмээ хүнс зарах гэж байгаа юмаа, танай Гурвантэсээс 2 тэмээ авахаар надтай хүн ярьсан байгаа” гэж хэлсэн. Би түүнээс хэдэн настай тэмээ вэ, хэдээр зарах вэ гэж асуухад тэр 4 настай тэмээ, 600.000 төгрөг гэж хариулсан. Мөн тэр хүн хэлэхдээ аймгаас мах нядалгааны хоёр гурван хүн авчирсан, мал янзлуулж байгаа, дахиад хоёр гурван тэмээ зармаар байна, чи авах хүн сураглаж байгаарай, мал янзалж байгаа хүмүүс буцах гээд намайг яаруулаад байна гэж хэлсэн. Мөн тэр хүн өөрийгөө Ноён сумын урд байдаг малчин хүн, намайг танихгүй хүн гэж байхгүй гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны 5016563426 тоот данс руу би махны урьдчилгаа болох 300,000 төгрөгийг хийсэн. 2020 оны 12 сарын 29-ний өдөр надтай утсаар ярихдаа “машин эвдэрчихлээ, маргааш нөгөөдрөөс хүнсийг чинь аваад оччих байхаа, намайг сум руу постоор оруулахгүй байна, өөрсдөө постон дээр ирж махаа аваарай” гэж хэлсэн. Би алдсан 300,000 төгрөгөө эргүүлж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 116-117/,

Хохирогч Б.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би гомдолтой байна, залилуулсан 550,000 төгрөгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх 2-н 113/,

Хохирогч А.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр фэйсбүүк үзэж байтал “Дундговь аймгийн урсгал зар мэдээ” гэх олон нийтийн группт “Идэшний тэмээ, адууны захиалга авна 89955524” гэсэн зар байхаар нь би хямдхан мах олдож магадгүй гэж бодоод тухайн дугаар луу өөрийнхөө утаснаас холбогдтол нэг эрэгтэй хүн байсан. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас 70 км-т 7 тэмээ, 1 адуу байгаа гэхээр нь бүдүүн тэмээг нь 700.000 төгрөгөөр, бага тэмээг нь 500,000 төгрөгөөр, адууг нь 150.000 төгрөгөөр авахаар тохиролцож урьдчилгаа мөнгө шилжүүлчих гээд надад 5084115804 дугаарын данс өгөхөөр нь би өөрийн 5450333508 дугаарын данснаас 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэх үед Сарангэрэл гэх хүний нэр гарч ирж байсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 137/,

Хохирогч Г.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогт-Цэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс Илрүүлэлт-Оргодол нэгдсэн арга хэмжээний хүрээнд ажиллахаар 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн үед эрэн сурвалжлагдаж байсан Мөнхбатын Нацагдоржийг Дарь эхийн Өргөн мандал гэх хүнсний дэлгүүрийн орчмоос дайчлан баривчилсан. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр Өмнөговь аймагт үйлдэгдсэн хэргүүдийн талаар Нацагдоржоос мэдүүлэг аваад 10 сарын 18-ны өдөр өөрийн хувийн тоёото приус 41 маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг бүрийн тусгай хэрэгсэлтэй хорих 461 дүгээр ангид Нацагдоржийг хорихоор авч явсан. Орой 22 цагийн үед ТЭЦ 4-ийн замаар явж байхад Нацагдорж нь “байцаагчаа өнөөдөр би хоол идсэнгүй, одоо ороод хоол идэж чадахгүй” гэж гуйхаар нь зам дагуу байрлах хүнсний дэлгүүр лүү ороод цуйван аваад машин дотор гавыг нь тайлаад идүүлсэн. Тэгээд машинаа хөдөлгөөд ТЭЦ-ийн дөнгөж зүүн гар талд явж байтал Нацагдорж гэнэт миний ам руу нэг удаа хатуу зүйлээр цохисон. Тэгээд дахиад зүүн талын шанаа хэсэгт нэг удаа цохитол толгой манараад хувцаснаас нь татсан уу, чулуунаас барьсан уу хальт барьж авахдаа гараа зүссэн. Нацагдорж машинаас буугаад зам хөндлөн урагшаа гараад гүйсэн. Нацагдорж нь өөрийг нь цагдан хорих гэж байна гэсэн шалтгааны улмаас миний биед халдсан. Толгойн томографикийн зураг авахуулсан, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх 3-н 82/

Хохирогч Л.О-ы мөрдөн байцаалтад өгсөн “...Манай эхнэр фэйсбүүк зар дээрээс Манлай сумын нэгдсэн зар гэх группээс вагончик зарна гэх гарчигтай зарын доор коммент бичээд авья гээд утасных нь дугаар луу манай эхнэр залгахад намайг Алтангэрэл гэдэг Алтнаа гэж дуудаж болно. Өмнө жил 9.6 сая төгрөг авч байсан, хүүхэд маань түлэгдээд мөнгөний хэрэгтэй байгаа учир 6.0 сая төгрөгөөр зарж байна гэж хэлсэн. Мөнгөнийхөө хагасыг миний данс руу шилжүүлчих гээд дансаа мессежээр явуулсан. 5024985879 данс руу 3.0 сая төгрөгийг өөрийнхөө 5360418090 дугаарын данснаас шилжүүлсэн. Moogii Moogii гэх нэртэй морины зурагтай хаягтай хүн байсан” гэсэн мэдүүлэг /хх 3-н 184/

Хохирогч М.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн зарын групп дээр металл хайгч худалдаж авна гэсэн зар мэдээлэл байршуулсан. Гэтэл Нацагдорж гэсэн фэйсбүүк хаягнаас металл хайгч зарна гэсэн зар байршуулаад утасны дугаар тавьсан байхаар нь дугаар луу залгаж холбогдоход нэг эрэгтэй хүн авахаар нь би “металл хайгч ямар үнэтэй юм” гэж асуухад 2.600.000 төгрөгөөр зарна гэхээр нь би авна гэж хэлээгүй утсаа салгасан. Тэгээд орой 17 цагийн үед уг дугаараас залгаад металл хайгчаа авсан уу гэж асуухаар нь би 2.500.000 төгрөгт хайгч авах гэсэн юмаа, хямдхан хайгч авмаар байна гэж хэлсэн чинь нөгөө хүн би тэгж хайгчаа өгөхгүй ээ гэж хэлээд утсаа салгасан. Маргааш өглөө 9 цаг өнгөрч байхад нөгөө залуу залгаад би ой 8 сартай хүүхдээ түлээд Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм, 2.550.000 төгрөгт металл хайгчаа өгье, хүүхэд эмчлүүлээд мөнгөний хэрэг байна, та эхний ээлжинд 550.000 төгрөг явуулаач гэхээр нь би за хүүхэд чинь түлэгдээд хэцүү байгаа бол урьдчилгаа явуулья, хайгчаа найдвартай унаанд явуулаарай гэсэн чинь би Ханбогд хооронд такси таньдаг найдвартай явуулна. Та хайгчаа аваад үлдсэн мөнгөө шилжүүлээрэй гэж тохиролцоод над руу данс явуулахаар нь би мөнгө шилжүүлсэн. Орой 18 цагийн үед нөгөө залуу би хайгчаа авчирах гээд хөдөө гэрлүүгээ явлаа гээд 88536550 гэсэн дугаарын утсан дээр байна гэж хэлээд явсан. Түүнээс хойш холбогдоогүй” гэсэн мэдүүлэг /хх 3-н 247/

Хохирогч В.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн зарын нэгдсэн групп дээр 5 ханатай гэр зарна гэж Monhoo Moogii гэсэн хаягнаас зар оруулсан байхаар нь утсаар холбогдож гэрийг нь авахаар тохирч 5622057874 дугаарын Хаан банкны данс руу 2 удаа 250.000 төгрөг, нийтдээ 500.000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх 4-н 81/

Хохирогч Г.Г-ы мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Boogii Boogii гэх фэйсбүүк аккуантаас байршуулсан “яаралтай хямд вагончик зарна, авах нь дугаараа үлдээнэ үү” гэх зарын дагуу холбогдож вагончик худалдан авахаар тохиролцон 2.0 сая төгрөгийн урьдчилгааг Хаан банкны данс руу шилжүүлж, үлдэгдэл 4.0 сая төгрөгийг вагончик ирсэн даруйд төлөхөөр тохиролцсон. Урьдчилгаа мөнгө шилжүүлсэн үеэс хойш тухайн хүний утас нь холбогдохгүй болсон учир би цагдаагийн байгууллагад хандсан юм. Би өөрийн залилуулсан 2.0 сая төгрөгийг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна” гэсэн мэдүүлэг /хх 4-н 161/

Хохирогч Б.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Фэйсбүүк дээр 5 ханатай монгол гэр зарна, 1.0 сая төгрөг гэсэн зарын доор би өөрийн утасны дугаараа үлдээсэн. Миний дугаар луу нэг эрэгтэй хүн залгаад “гэр авна гэсэн үү” гэж асуухаар нь тиймээ гэж хэлсэн. Урьдчилгаа 400.000 төгрөг 5629152159 данс руу шилжүүлчих, манай хүүхэд түлэгдэлттэй Улаанбаатар хотод эмчлэгдэж байгаа гэж хэлсэн. Би Мөнхтуяа гэх данс руу 400.000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх 4-н 238-239/

Хохирогч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр фэйсбүүк рүү орсон чинь Moogii Moogii гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас “монгол гэр зарна” гэсэн зар оруулсан байсан. Би уг хаяг руу чат бичсэн чинь над руу жи-мобайлын утаснаас залгаад “Дундговь аймгийн Адаацаг суманд байдаг хөдөөний хүн юм. Хүүхэд түлэгдээд Улаанбаатар хотод эмчлүүлэхээр аваад явсан. Эмчилгээний мөнгө нэхээд байна” гэж хэлсэн. Тэгээд над руу хэд хэдэн хүн залгаад “би Дундговиос дөхүүлээд өгье” гэхээр нь 450.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 6 сарын 1-ний өдрөөс эхлээд нөгөө жи-мобайлын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь Дундговь аймгийн Адаацаг суманд очоод эмнэлэг цагдаа дээр очоод Гочигийн Мөнхбаатар гэдэг хүн амьдардаг уу гэхэд тийм хүн байдаггүй гэсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн. Би Өмнөговь аймгийн Цогт Цэций сумаас Дундговь аймгийн Адаацаг сум хүртэл ирж очих 800 км явсан зардлын мөнгө 150.000 төгрөг, залилуулсан 450.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх 5-н 46-47/

Хохирогч Х.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Ханбогд сумын нэгдсэн зар дээр “гэр зарна” гэсэн байсан. Утасны дугаар тавиагүй, харин утсаа үлдээнэ үү гэсэн байсан учир өөрийн 88099485 гэсэн дугаарыг үлдээхэд 80001755 дугаараас оройн 21 цагийн үед залгаад “та гэр сонирхож байна уу” гэхэд сонирхоё гэхэд би Жавхлант багт байна. Намайг Мөнхбаатар гэдэг. Гэрээ 1.0 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь очиж үзэх үү гэж асуухад үзээд байх юм байхгүй, сайхан гэр байгаа гэж хэлэхээр нь маргааш очиж үзнэ, холбогдоорой гэж хэлсэн. Тухайн өдрийн орой 23 цагийн өнгөрч байхад би маргааш сумын төв дээр аваад ир, шууд авна гээд мессэж бичээд үлдээсэн. Маргааш нь тухайн дугаар луу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд өдөр залгаад эгч нь гэрийг чинь авна гэж хэлэхэд “авах хүмүүс зөндөө байна, хүмүүс урьдчилгаа өгөөд байгаа” гэхээр нь би урьдчилгаа өгнө гэж хэлэхэд би тэр хүмүүст юу гэж хэлэх юм, энэ хүмүүс бараг авчихлаа гэхээр нь би одоо урьдчилгаа хийчихье гэж хэлэхэд 5622057874 гэсэн данс өгөхөөр нь 300.000 төгрөг шилжүүлсэн. Би алдсан мөнгөө олж авмаар байна, үнэхээр их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх 5-н109/

Хохирогч Б.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би нөхөртэйгөө ярилцаж байгаад фэйсбүүк дээр хайгч зарна гэсэн зарлал оруулсан. Орой 22 цаг өнгөрч байхад 80001755 гэсэн дугаараас залгаад “хайгч хайж байгаа юм уу, надад 7000 маркийн металл хайгч байгаа гэсэн. Манай нөхөр Батбаяр тэр хүнд маргааш ярилцая гэж хэлээд утсаа тасалсан. Тэгтэл тэр хүн маргааш нь залгаад “яаралтай мөнгөө шилжүүлээч, хүүхэд маань маш их түлэгдсэн учир хагалгаанд орох гэж байгаа” гээд урьдчилгаа мөнгөө шилжүүлээч гэсэн. Тэгээд хүргэн Энхжаргалыг түр мөнгөө зээлээч гээд Мөнх-Эрдэнэ гэх надад өгсөн 5629181442 данс руу мөнгөө шилжүүлээд ярьсан чинь нөгөө хүн хөдөө явлаа гэсэн. Тэгээд утас нь холбогдохоо больсон” гэсэн мэдүүлэг /хх 5-н 196/

Хохирогч У.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Цэкү нэртэй фэйсбүүкээр “Өмнөговь аймгийн зарын нэгдсэн групп дээр “Отрын сууц яаралтай авна” гэсэн зар тавьсны дараа миний фэйсбүүкийн мессенжерт “bi ooriinhooroo bi ooriinhooroo” нэртэй фэйсбүүк хаягнаас “байна уу, маш яаралтай хямд өгнө, эзний дугаар 98130321, намайг зар тавиадах” гэсэн юм гэсэн чат ирэхээр нь би тухайн дугаар луу нь залгасан боловч холбогдох боломжгүй байсан. Тэгээд би тэр даруйдаа “дугаар нь холбогдохгүй байна” гэж бичтэл хөдөө байгаа сүлжээнд гарах байх, дугаараа үлдээ, би зургийг нь явуулья гэхээр нь би өөрийн 89480518 дугаараа бичиж үлдээсэн. Хэсэг хугацааны дараа зарах отрын сууцны зургийг явуулахаар нь би боломжийн үнэтэй л байвал авна даа гэхэд өөрсдөө 7.0 саяд авч байсан, за за өөрсөдтэй нь ярь гэхээр нь би за, за авна шүү гэсэн хариу илгээсэн. Бид хоёр тухайн үед отрын сууцны талаар нэг хэсэг чат бичилцсэн. Харин чатандаа тухайн отрын сууцаа Цогт-Овоо сумын төвөөс хойх нь хөдөө байгаа гэж хэлж байсан. Тэгсэн 98130321 дугаараас над руу нэг эрэгтэй хүн залгаад “чи отрын сууц сонирхож байгаа хүн мөн үү, манай хүүхэд түлэгдээд хот руу явсан, яаралтай мөнгөний хэрэг гараад, хүүхдээ фэйсбүүк хаяг дээр зар тавь гэж хэлсэн юм. Чи тэр ярьсан хүн нь мөн үү гэж асуухаар нь тийм байна гэхэд чи авахаар бол надад шатахууны мөнгө болох 1.5 сая төгрөгийг манай эхнэр Мөнхзаяагийн данс руу шилжүүлчих. Би 6 сарын 5-ны өдөр Даланзадгад сум руу аваад очье гэхэд би тэгье гэж хэлсэн. Тэгээд би Мөнхзаяагийн данс руу 1.5 сая төгрөгийг үеэл Мөнхнасангийн данснаас шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх 6-н 20/

Хохирогч Ч.Ш-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багт гэртээ байхдаа өөрийн гар утасны Хаан банкаар 5959273369 дугаарын данс руу 3.0 сая төгрөгийг шилжүүлсэн. Данс эзэмшигч нь Ангарагдорж гэж гарч ирсэн” гэсэн мэдүүлэг /хх 6-н 94/

Хохирогч Э.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Надад 400.000 төгрөгийн хохирол учирсан, хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх 6-н 192/

Хохирогч М.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байхдаа фэйсбүүк үзэж байгаад “Өмнөговь Гурвантэс сумын узель” гэсэн зар даар “Bat-Erdene Eegii” нэртэй фэйсбүүк хаягнаас зөөврийн сууц зарна гэсэн зарын дагуу фэйсбүүк чатаар мессэж бичиж байгаад зар дээр тавьсан 98130321 гэсэн дугаар луу залгахад холбогдохгүй байсан. Орой 98130321 дугаараас залгаад “сууц авна гэсэн үү, манай хүүхэд түлэгдээд яаралтай эмчилгээнд орох болоод сууцаа хямдхан өгөх гэж байгаа гэхээр нь сууцыг чинь авья гэхэд би сууцыг чинь маргааш хүргээд өгнө, урьдчилгаа 3.0 сая төгрөгийг шилжүүл гээд 5037087597 данс өгөхөөр нь данс руу нь мөнгө шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх 7-н 73/

Хохирогч У.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэр зарна гэсэн зар байршуулсан байхаар нь авья гэж утасны дугаараа тавьсан. 3 хоногийн дараа залгаж гэр авах хүн мөн үү гэхээр нь тиймээ гэж хэлсэн. Мөнгөний хэрэг гараад 1.0 сая төгрөгөөр зарах гэж байгаа, Ховд аймгийн Хар булаг гэх газарт байгаа гэж хэлсэн. Урьдчилгаа 700.000 төгрөг шилжүүлчихээч манай хүүхэд түлэгдээд Улаанбаатар хотод хагалгаанд орох гээд, мөнгөний хэрэг гарчихлаа гээд эхнэр Мөнхзаяагийн данс гээд данс өгсөн. 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь залгаад үлдэгдэл 300.000 төгрөгөө өгөөч гэхээр нь чи гэрээ ачиж авчирч өгч байж үлдэгдэл мөнгөө ав гэж хэлсэн. Тэрнээс хойш холбоо бариагүй” гэсэн мэдүүлэг /хх 7-н 182/

Хохирогч Н.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр фэйсбүүк үзэж байгаад Цогт Цэций сумын зар дээр “явуулын сууц зарна” гээд 98130321 гэсэн утасны дугаар тавьсан байхаар нь тухайн дугаар луу 8 сарын 10-ны өдөр залгаж хаана байгаа талаар асуухад “Цогт Цэций сумаас холгүй байгаа” гэж хэлсэн. 9.0 сая төгрөгөөр зарна гэхээр нь би худалдаж авахаар болсон. Явуулын сууц ирэхэд мөнгийг нь бэлнээр өгөхөөр тохиролцсон. Тухайн залуу өнөөдөр яаралтай мөнгийг нь өгөх хэрэгтэй байна. Манай хүүхэд 80% түлэгдээд, өнөөдөр хагалгааны өдөр учир мөнгө хэрэг болоод байна гэхээр нь 9.0 сая төгрөг өгөх боломжгүй. Сууцаа өгсөн хойно нь өгнө гэхэд 3.0 сая төгрөг шилжүүлчих, маргааш өглөө 11 цаг гэхэд Сүлжээ гэх газар хүргэж өгнө гэхээр нь би 5025358235 гэсэн Дэжид нэртэй данс руу 3.0 сая төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь хүргэж өгнө гэж хэлээд түүнээс хойш утас нь холбогдохгүй болсон. Фэйсбүүк хаяг нь Бат-Эрдэнэ Ээгий гэх англиар бичсэн хаяг байсан” гэсэн мэдүүлэг /хх 8-н 23/

Гэрч А.Отгонзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн “...80490405 дугаар миний нэр дээр байдаг. Эзэмшигч нь би боловч ашиглаж байгаа хүн нь хамтран амьдрагч Нацагдорж байгаа юм. Хаан банкны 5016563426 дугаарын данс нь миний данс байгаа юм. Нацагдорж нь “цагдаагаас яриад байна, асуудалд орчихлоо. Одоо нөгөө хүмүүсээ хайж олно гэж хэлсэн учраас тоогоогүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 123-124/,

Гэрч Д.Оюунбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Миний дүү Отгонзаяа нь 2020 оны 9 дүгээр сард надтай хамт хөдөө гэрт байж байгаад Улаанбаатар хот орж ажил хийнэ гээд явсан. Отгонзаяа нь Нацагдоржтой хамт Өмнөговь аймгийн Ноён суманд ажилд орно гэж яваад нэг сар орчим болсон. Отгонзаяа, Нацагдорж нар ямар нэг малын мах зардаггүй юм...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 138/,

Гэрч Б.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “...Сарангэрэл миний төрсөн ээж байгаа юм. Тухайн үед би ээжийн дансны картыг ашиглаж байсан. Тухайн өдөр 10-11 цагийн үед ээжийн найз болох Отгоо гэх айлд байсан. Фэйсбүүк үзэж байтал “6 буудал, 7 буудалд ойрхон дансаа түр ашиглуулаад 30,000 төгрөг шагналд нь авах хүн байна уу” гээд нэг зар явж байхаар нь зарынх нь дагуу утсаар нь залгаад 6 буудал дээр уулзсан. Тэр хүн нэг хүнтэй утсаар яриад ээжийн 5084115804 тоот дансыг өгсөн. Утсаар ярьж байгаа хүн нь 10-20 минутын дараа данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Ярьсны дагуу би 6 буудлын зүүн талын автобусны буудал дээр байрлах нэг дэлгүүрт ороод Хаан банкны АТМ-ээс 1.000.000 төгрөгийг 2 тусад нь аваад тэр залууд өгөөд, шагнал болох 30.000 төгрөгийг аваад салцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 142-143/,

Гэрч Ц.Шинэбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Нацагдорж үерхдэг охинтойгоо уулзчихаад ирье гэж хэлж гараад 2 цаг орчмын дараа над руу яриад уух юм аваад гараад ирээч гэхээр нь би гараад очтол цагдаад баригдчихсан цагдаатай хамт зогсож байсан. Би буцаад байрлуугаа орсон. Нацагдоржийг цагдаа аваад явсан. Маргааш өглөө нь Нацагдорж цагдаагийн алба хаагчийн хамт гэрээрээ ирсэн бөгөөд цэнэглэгчээ аваад гарсан. Би явсных нь дараа Нацагдоржийн гар утас руу юу болж байна, хаана байна гэж мессэж бичихэд хариу ирэхгүй байж байгаад 00:08, 02:19 минутын үед над руу 2 удаа залгасан. Дуудлагыг нь аваад ярихад “би баригдчихсан байна” гэж хэлсэн. Дараа нь ярихдаа “би нөгөө цагдааг чинь цохиж унагаагаад зугтчихлаа, намайг дөрвөн зуун хэд гэсэн бэ анги руу хорино” гэсэн, ...намайг хайж наад түрээсийн байранд чинь очиж магадгүй болохоор наана чинь очиж болохгүй байна” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 3-н 62/,

Гэрч Б.Бямбадолгорын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрийн гадаа байж байхад “виза карт байна уу жижүүр ээ” гэж асуусан. Надад виза карт байхгүй, манай нөхрийн карт байгаа гэхэд түр хэрэглүүлээч, цалингаа авчихаад өгье гээд дансны дугаар аваад виза карт авч явчихаад цалингаа авчихаад эргүүлээд аваад ирсэн. Тухайн залуу нь манай нийтийн байрны 1 давхрын 9 тоот өрөөнд амьдардаг. Манай нийтийн байранд бүртгэл байдаг. Тухайн үед Нацагдорж гэгч нь өөрийн нэр регистрийн дугаараа буруу өгсөн байсан. Манай нөхөр Алтангэрэлийн карт байсан” гэсэн мэдүүлэг /хх 3-н 200/

Гэрч Д.Жамъяандоржийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 22 цагийн үед 5040056517 тоот данс руу 5301540029 дугаарын данснаас 2.0 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь үнэн. Би тухайн өдөр ай фоне 11 про маркийн гар утсыг зарна гэсэн зарыг фэйсбүүкэд байршуулахад 80333350 дугаараас нэг хүн холбогдсон юм. Уг хүн миний утсыг авахаар тохиролцож 2.0 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Харин утас авахаар ирээд утсаа үзсэний дараа миний хайж байсан утас биш байна, би ай фоне 11 про макс гэж бодоод байсан юм. Андуурсан байна гэж хэлээд мөнгөө буцааж авахаар болсон. Би буцаагаад шилжүүлчихье гэхэд би такситай явж байна гэхээр нь Ханын материалын ойролцоо байх Хаан банкны АТМ-ээс 300.0, 1.0 сая, 700.0 төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 178-р хуудас/,

Гэрч Б.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Хаан банкны 5629152159 дугаарын дансыг ашигладаг. 2021 оны 5 дугаар сарын сүүлээр 32-н тэнд нийтийн байр түрээслэдэг байсан. Тухайн байрны 7 номерыг түрээслэдэг байсан ах нэг удаа дансанд чинь мөнгө шилжүүлээд аваадахья гэж хэлээд картыг минь авч яваад эргүүлж авчирч өгөөгүй. Тэр үед нүүх гээд хаалгыг нь тогшиход хүнгүй байхаар нь нийтийн байрны хүнд 7 номерын хүн ирвэл миний картыг авчхаарай гэж хэлээд явсан. Дараа нь 2021 оны 8 дугаар сард Сансарын клонкын ТҮЦ-нд сууж байхад гаднаас орж ирэхээр нь би барьж аваад та миний картыг ашиглаж мөнгө авсан байна. Таныг цагдаа дуудаж өгнө гэж хэлтэл миний гарыг түлхэж цохиод гараад зугтаасан. Би картаа хүчингүй болгуулан солиулсан” гэсэн мэдүүлэг /хх 5-н 4/

Гэрч Н.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай баз хүргэн Батбаяр, бэр эгч Алдармаа нар манайд ирээд “түр мөнгө зээлж хүн рүү шилжүүлээд өгөөч” гэхээр нь яах гэж байгаа юм гэхэд “металл хайгч авах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд урьдчилгаа мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна гээд надад данс өгсөн. Отгонзаяа гэх хүний Хаан банкны данс байсан” гэсэн мэдүүлэг /хх 5-н 198/

Гэрч Г.Ангарагдоржийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 10-ны үед Улаанбаатар хотод Монелд эгч Сорцэцэгийнд хамт амьдардаг байсан. Миний амьдарч байсан газар нь нийтийн байр байсан. Тухайн үед хажуу талын өрөөнд амьдарч байсан Нацагдорж гэх хүн “виза картаа ахдаа түр хэрэглүүлээч” гэхээр нь би хэрэглүүлсэн. Би 3.0 сая төгрөгийн гүйлгээг огт хийгээгүй. Нацагдорж нь 80115043 дугаарын утастай байсан” гэсэн мэдүүлэг /хх 6-н 104-105/

Гэрч И.Өнөрмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай хүүхэд Дөлгөөн нь гар утсаа зарах гээд гар утасны хар зах гэсэн фэйсбүүк хуудсан дээр зар байрлуулсан байсан. Тэгтэл “Bat-Erdene Eegii” гэх фэйсбүүк хаятай үл таних хүн чатаар холбогдоод ах нь одоо очиж гар утсыг чинь авья, зараа устгачих, одоо гэрээсээ гарлаа гэж хэлсэн гэсэн. ...Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Нарлаг дэнж худалдааны төв дээр ирээд утсыг чинь үзээд байж байя, чи мөнгөө аваад гараад ир гэхээр нь манай хүүхэд АТМ ороод 3.0 сая төгрөг авч өгсөн гэсэн. Тэр залуу өөрийгөө хамранд явж байгаад ирсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 7-н 82/

Гэрч Т.Азбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Жи-мобайлаас 2020 оны намар өөрийн хувийн хэрэглээнд хэрэглэхээр 98130321 дугаарыг худалдаж авч байсан. Уг дугаарыг зарахаар болоод Монгол Монгол гэсэн хаягнаас Жи-мобайлын утас дугаар авна, хөдөө явах гэсэн юмаа гээд зар үлдээсэн байсан. Тухайн үед цар тахалтай холбоотой худалдааны төв ажиллахгүй байсан. Өөрийн Azbileg Azaa гэсэн фэйсбүүк чатнаас Монгол Монгол гэсэн нэршилтэй фэйсбүүкээр чатлаад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо 32-н автобусны буудлын хойд талд судалт төвийн урд зогсоол дээр уг дугаарыг үүрийнхээ хамт аваачиж өгсөн. Бэлнээр 10.000 төгрөг авсан. Тухайн үед миний машины хойд талын хаалгаар орж ирж суугаад надад мөнгө өгөөд уг утасны дугаарыг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх 7-н 90/

Гэрч Д.Дэжидийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны Бишрэлт пабыг ажиллуулдаг. 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр манай пабаар байнга үйлчлүүлдэг нэг залуу эгчээ би картаа орхичихсон байна, манай ах мөнгө шилжүүлж байгаа юмаа, таны дансанд хийлгээд авчихья, та картнаасаа гаргаад өгөөч гэхээр нь за гэсэн чинь удалгүй 3.0 сая төгрөг ороод ирсэн. Тэгэхээр нь АТМ-ээс авч өгтөл та тооцооныхоо мөнгийг эндээс авчих гээд 70 орчим мянган төгрөг болсныг би аваад үлдсэн мөнгийг аваад гарсан. Түүнээс хойш орж ирээгүй” гэсэн мэдүүлэг /хх 8-н 26/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд “...2 гэж дугаарласан эрэгтэй хүн миний гар утсыг авсан Нацагдорж гэх хүн мөн байна. ...3 гэж дугаарласан гэрэл зураг дээрхи хүн мөн байна. Би дээрх хүнийг олон удаа харж байна. Харин бусад гэрэл зураг дээрх хүмүүсийг урьд өмнө нь харж байгаагүй юм байна. ...1 дүгээр баганы 3 дахь зураг буюу 3 гэсэн дугаартай зураг дээр байгаа хүн миний хаан банкны виза картыг ачв явсан нийтийн байранд байсан ах мөн байна гэж Мөнхбатын Нацагдоржийн гэрэл зургийг заав” гэжээ /хх 1-н 81-84, 5-н 9-10, 27-29/,

Шинжээчийн 10110 тоот дүгнэлтэд: “...Г.Ж--н биед зүүн гарын хуруунд шарх, 1 шүдний булгарал, буйланд цус хуралт, зүүн чихний дэлбэн, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид 1 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5% нөлөөлнө. Дээрх гэмтэлийг хүн өөрөө өөртөө учруулсан эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн мэдүүлэг /хх 3-н 84-85/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 3-н 120-121/,  

Хохирогчийн өргөдөл /хх 1-н 2, 112, 2-н 1, 129, 3-н 123, 177, 240, 4-н 79, 154, 232, 5-н 33, 100, 190, 6-н 7, 180, 7-н 177, 8-н 12/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 23-25, 67-68, 7-н 67/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 49, 109, 131, 3-н  176, 239, 153, 5-н 32, 99, 189, 6-н 5, 86, 182, 8-н 11/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 211-220, 3-н 202-213, 4-н 20-29, 33-35, 37, 52, 5-н 19, 7-н 11-21/, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх 2-н 20-28, 39, 41-68, 130, 147, 3-н 178, 219, 241, 250, 4-н 1-4, 93, 108-113, 118-132, 233, 242-244, 5-н 37, 50-56, 102, 121-122, 125-158, 215-222, 6-н 181, 201-204, 211-248, 7-н 105, 191, 195-197, 8-н 32-33/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 2-н 125-126, 3-н 171-172, 233-234, 4-н 69-70, 151, 224-225, 5-н 26-27, 93-94, 181-182, 6-н 81-82, 177-178, 7-н 167-168/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-н 189-190/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 3-н 67-74/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-н 184-188/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 7-н 7-10/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Н-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж ...ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

Хохирогч Г.Ж-гийн “Тэц-н дөнгөж зүүн гар талд явж байтал Нацагдорж гэнэт миний ам руу нэг хатуу зүйлээр цохисон. ...Нацагдорж машнаас буугаад зам хөндлөн урагшаа гараад гүйсэн” гэж мэдүүлжээ.

Шүүгдэгч М.Н- нь хохирогч Г.Ж-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа түүнийг хатуу зүйлээр цохисон үйлдлийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. 

Зэвсэг, тусгалайн бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж “иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамруулж ойлгоно. Зэвсэг нь галт хүйтэн, хийн, үйлдвэрийн гар хийцийн аль нь ч байж болно.

Тусгайлан бэлтгэсэн зэвгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгох ойлголт юм.

Хохирогчийн дээрх мэдүүлэг болон зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг тайлбарласан тайлбараар шүүгдэгч М.Н- нь ямар нэгэн байдлаар зэвсэг хэрэглээгүй, тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа ба тухайн үед өөрт тааралдсан хатуу зүйл буюу чулуугаар хохирогчийг цохиж зугтаасан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хэдийгээр хатуу зүйл буюу чулуугаар шүүгдэгч нь хохирогчийг цохисон асуудал тогтоогдож байх боловч тухайн чулууг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл хангахгүй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч М.Н- нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоот 1-1б тоот хашаанд П.Д-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “утсаар чинь яриад өгье” гэж итгэл төрүүлэн хуурч Самсунг А-50 загварын гар утсыг шилжүүлэн авч 505.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “зар мэдээллийн нэгдсэн групп” гэх хуудсанд “тэмээ, хүнс авна” гэсэн зарыг байршуулсан О.У-т цахим хэрэгсэл ашиглан “тэмээ хүнс зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр урьдчилгаа нэрийдлээр 300.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Сангийн 16-8 тоотод байхдаа Хаан банкны 5016563426 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 9-11 тоотод оршин суух Б.Ц-гаас аймгийн зарын нэгдсэн группт “үхэр авна” гэж байршуулсан зарыг ашиглан “Gonchig Gonchig” фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглан “үхэр зарж байгаа, маргааш Мянгат сумаас Ховдод аваачиж өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр урьдчилгаа нэрийдлээр 550.000 төгрөгийг Хаан банкны 5016563426 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн урсгал зар мэдээ гэх зарын хуудсанд “идэшний тэмээ, адууны захиалга авна” гэх зар байршуулан, цахим хэрэгсэл ашиглан Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн Нарлагийн 7-1 тоотод  оршин суух А.Э-т 2 тэмээ, 1 адууны мах зарахаар итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдчилгаа нэрийдлээр 2.000.000 төгрөгийг Хаан банкны 5084115804 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- Өмнөговь аймгийн Манлай сумын зарын группт “Moogii Moogii” гэх нэрээр “вагончик зарна” гэх зар байршуулан цахим хэрэгсэл ашиглаж Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий 1 дүгээр багийн Хархошуу гэх газарт оршин суух Л.О-д итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр урьдчилгаа нэрийдлээр 3.000.000 төгрөгийг Хаан банкны 5024985879 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- Өмнөговь аймгийн зарын группт “металл хайгч зарна” гэх зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян 4 дүгээр багийн Хутагтын 3-314 тоотод оршин суух М.Б-д “металл хайгч зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 550.000 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Хаан банкны 5629181442 дугаарын дансаар шилжүүлсэн авч залилсан,

- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын зарын группт “Monhoo Moogii” гэх фэйсбүүк хаягаар “гэрийн мод зарна” гэх зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 22-6 тоотод оршин суух В.Д-д итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө урьдчилгаа нэрийдлээр 500.000 төгрөгийг Хаан банкны 5622057874 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

- Хэнтий аймгийн зарын группт “Bogii Boogii” гэх фэйсбүүк хаягаар “вагончик зарна” гэх зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан, Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар ангийн Бүрээт гэх газарт оршин суух Г.Г-д “хямдхан чингэлэг зарна, мөнгө шилжүүлээрэй” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 2.000.000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хаан банкны 5040056517 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

- Дорноговь аймгийн зарын группт “гэр зарна” гэсэн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн 205-3 тоотод оршин суух Б.Ч-ид “5 ханатай Монгол гэрийг 1.0 сая төгрөгт зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 400.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хаан банкны 5629152159 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын зарын группт “Moogii Moogii” гэх фэйсбүүк хаягаар “5 ханатай гэр, хайгч зарна” гэх зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Хөөврийн 5-511 тоотод оршин суух Х.Б-д “авах хүмүүс зөндөө байна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 300.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны 5622057874  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- Цахим хэрэгсэл ашиглан Moogii Moogii гэх фэйсбүүк хаягнаас “монгол гэр зарна” гэсэн зар байршуулан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багийн Зүүн Суу 3-329 тоотод оршин суух Ц.Б-од “хүүхдийн эмчилгээний мөнгө нэхээд байна, гэрээ хямдхан зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 450.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны 5629152159  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын зарын группт “металл хайгч авна” гэсэн зар байршуулсан Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын шандын 1 дүгээр багийн Дэнжийн 2-2 тоотод оршин суух Б.А-д цахим хэрэгсэл ашиглан “7000 маркийн металл хайгч зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 1.000.000 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хаан банкны 5597044112 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- Өмнөговь аймгийн зарын нэгдсэн групп дээр “отрын сууц яаралтай авна” гэсэн зар байршуулсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Гурвсансайханы 22-19 тоотод оршин суух У.Ц-д “ Bi ooriinhooroo, Bi ooriinhooroo” цахим хэрэгсэл ашиглан “нүүдлийн сууц зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 1.500.000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкны 5629152159 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- Булган аймгийн зарын цэг нэгдсэн группт “Болор Болор” гэх фэйсбүүк хаягнаас “зөөврийн вагончик зарна” гэх зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6г-7-6 тоотод оршин суух Ч.Ш-т “материалын үнээр зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 3.000.000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны 5959273369 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- Ховд аймгийн нэгдсэн группт “Eegii eegii” гэх гэх фэйсбүүк хаягнаас “яаралтай гэр зарна” гэсэн зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан, Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 6-8 тоотод оршин суух Э.Л-д “яаралтай мөнгөний хэрэг гараад хямдхан өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 400.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны 5629181442 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын узель зарын группт “Bat-Erdene Eegii” нэртэй фэйсбүүк хаягнаас “зөөврийн сууц зарна” гэх зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн Есөн гэх газарт оршин суух иргэн М.Н-т “хямдхан сууц зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 3.000.000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 3.000.000 төгрөгийг Хаан банкны 5037087597 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- Ховд аймгийн зарын групп дээр “гэр авна” гэж зар байршуулсан Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 5-41 тоотод оршин суух У.Б-д “хямдхан гэр зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 700.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны 5629152159 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын зарын группт “явуулын орон сууц хямд зарна” гэх зар байршуулан, цахим хэрэгсэл ашиглан, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн Баян дөхөм гэх газарт оршин суух Н.Г-т “яаралтай мөнгөний хэрэг гараад хямдхан өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 3.000.000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны 5025358235 дугаарын дансаар шилжүүлэн авч, цахим хэрэгсэл ашиглаж, итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 18 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт 22.695.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, депозит дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

- Шүүгдэгч М.Н- нь 2021 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “99” нэртэй караокены гадаа иргэн Г.Ц-ийн нуруу, толгойн тус газар руу гараараа цохиж хүч хэрэглэн довтолж Самсунг Жи-7 болон нокиа загварын гар утас, арьсан цүнх зэргийг хууль бусаар, илээр авч 210.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Ц-ийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

- Шүүгдэгч М.Н- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах” тухай захирамжийг биелүүлэх албан үүрэгтэй цагдаа, цагдаагийн дэслэгч Г.Ж-г 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр цахилгаан станцын хажууд “цагдан хорих 461 дүгээр ангид хүргэх гэж байна” гэж эсэргүүцэж, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

- Мөн Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Ж-ы мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч М.Н- нь нийт 18 удаагийн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Мөн хохирогч Г.Ц-ийн нуруу, толгойн тус газар цохиж хүч хэрэглэн довтлон гар утас, арьсан цүнх зэргийг дээрэмдэн 210.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цагдаагийн дэслэгч Г.Ж-г албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Н-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан”,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцсэн”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байна.

Байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн шинж нь тооны хувьд 3 буюу түүнээс дээш үйлдэгдсэн байх, дахин давтан буюу байнгын шинжтэй байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг залилах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн буюу байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдлүүдийн арга нь ижил, олон дахин давтагдах шинжтэй зэрэг нь гэмт хэргийн дээрх шинжийг мөн хангаж байна гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Н- болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй ба улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч М.Н-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

 

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч М.Н- нь залилах, дээрэмдэх, хууль сахиулагчийг эсэргүүцэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй ба хавтаст хэрэгт авагдсан хохирлын тооцоо, эд зүйлийн үнэлгээ зэргээр шүүгдэгчээс нийт 23.495.000 төгрөг гаргуулж,

Хохирогч Г.Ц-эд 210.000 төгрөг, хохирогч П.Д-д 505.000 төгрөг, О.У-т 300.000 төгрөг, хохирогч Б.Ц-д 550.000 төгрөг, хохирогч А.Э-т 2.000.000 төгрөг, хохирогч Г.Ж-д 130.000 төгрөг, хохирогч Л.О-д 3.000.000 төгрөг, хохирогч М.Б-д 550.000 төгрөг, хохирогч В.Д-д 500.000 төгрөг, хохирогч Г.Г-д 2.000.000 төгрөг, хохирогч Ц.Б-од 450.000 төгрөг, хохирогч Б.Ч-ид 400.000 төгрөг, хохирогч Х.Байгальмаад 300.000 төгрөг, хохирогч У.Ц-т 1.500.000 төгрөг, хохирогч Б.А-д 1.000.000 төгрөг, хохирогч Ч.Ш-т 3.000.000 төгрөг, хохирогч Э.Л-д 400.000 төгрөг, хохирогч М.Н-т 3.000.000 төгрөг, хохирогч У.Б-д 700.000 төгрөг, хохирогч Н.Г-т 3.000.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Г.Ж-гийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан ба хавтаст хэрэгт компьютер томографикийн зураг авахуулсан баримтаас өөр баримт хавсаргаагүй тул хохирогч Г.Ж- нь хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар “7 жил хорих ял”, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил, 3 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 3 сар хорих ял тус тус оногдуулж, нийт 11 жил 01 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч “тус зүйл ангиудад заасан доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч М.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Н-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, зэргийг харгалзсан улсын яллагчийн оногдуулсан хорих ялаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус  оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч М.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жил хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял /30 хоног/ нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил 01 сарын хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялд шилжүүлэн тооцсон болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, хор аюулын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон 171 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

2.3. Бусад асуудал

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, 2108004590529, 2128000190366, 2136000170084, 2122000030063, 2105020191693, 2129002010133, 2129001451439, 2126000920267, 2108000001669, 2111006281296, 2129001601298, 2129001390132, 2128001100127, 2128001360129, 2115002590285, 2136000900107, 2111010070083, 2136000960031, 2129002120451 тоот хэргүүдийг нэгтгэсэн, хэрэгт тусгаарласан хэрэггүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Н-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч М.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаархуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” гэм буруутайд,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Н-ийг 5 жил хорих ялаар,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалт зааснаар оногдуулсан 5 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял /30 хоног/ хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 08 жил 01 сар хорих ялаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Н-ид оногдуулсан 8 жил, 01 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ийн урьд цагдан хоригдсон 171 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-оос нийт 23.495.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Ц-эд 210.000 төгрөг, хохирогч П.Д-д 505.000 төгрөг, О.У-т 300.000 төгрөг, хохирогч Б.Ц-д 550.000 төгрөг, хохирогч А.Э-т 2.000.000 төгрөг, хохирогч Г.Ж-д 130.000 төгрөг, хохирогч Л.О-д 3.000.000 төгрөг, хохирогч М.Б-д 550.000 төгрөг, хохирогч В.Д-д 500.000 төгрөг, хохирогч Г.Г-д 2.000.000 төгрөг, хохирогч Ц.Б-од 450.000 төгрөг, хохирогч Б.Ч-ид 400.000 төгрөг, хохирогч Х.Байгальмаад 300.000 төгрөг, хохирогч У.Ц-т 1.500.000 төгрөг, хохирогч Б.А-д 1.000.000 төгрөг, хохирогч Ч.Ш-т 3.000.000 төгрөг, хохирогч Э.Л-д 400.000 төгрөг, хохирогч М.Н-т 3.000.000 төгрөг, хохирогч У.Б-д 700.000 төгрөг, хохирогч Н.Г-т 3.000.000 төгрөг тус тус олгосугай.
  5. Хохирогч Г.Ж- нь хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, 2108004590529, 2128000190366, 2136000170084, 2122000030063, 2105020191693, 2129002010133, 2129001451439, 2126000920267, 2108000001669, 2111006281296, 2129001601298, 2129001390132, 2128001100127, 2128001360129, 2115002590285, 2136000900107, 2111010070083, 2136000960031, 2129002120451 тоот хэргүүдийг нэгтгэсэн, энэ хэрэгт тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-ид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОТГОНБАЯР

    

   ШҮҮГЧИД                                  Л.ОДОНЧИМЭГ

                                                           

Ц.МӨНХ-ЭРДЭНЭ