Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/453

 

 

 

 

   2022          06          07                                     2021/ШЦТ/453

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд,

Улсын яллагч: С.Энхтуул,

Шүүгдэгч: Ц.Х-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Х-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000001273 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Х-, ..... тоот регистртэй,

  Шүүгдэгч Ц.Х- нь 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 12-103в тоот гэртээ эхнэр Б.М-тай “гадуур архи ууж явлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохих, хүчтэй түлхэж толгойн ар хэсгээр нь гутлын шүүгээ мөргүүлэх, үснээс нь зулгаах, биеийн бусад хэсэгт нь цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд дух яс, баруун ухархайн дээд хана, дотор хананы хугарал, баруун духны суурийн хэсгийн няцрал, хүзүүний 4-р нугалмын арын сэртэн, мэдрэл суваг, хүзүүний 5-р нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, дагзны хуйхны шарх, баруун дээд 2-р шүд, баруун доод 4-р шүдний эмтэрэл, хоёр нүдний зовхи, хүзүү, зүүн мөр, бугалга, баруун дал, хоёр гуянд цус хуралт, баруун нүдний алимны цус харвалт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Х- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч М.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр би нөхөр 2 хүүхдийн хамт гэртээ байж байгаад 10 цагийн үед ажилдаа явчихаад буцаж гэртээ 13 цаг өнгөрөөгөөд ирсэн. Тэгээд би нөхөр хүүхдүүдээ хараад байж байгаарай гэж хэлээд 14 цаг 30 минутанд буцаад ажилдаа явсан. Тэгээд би ажил дээрээ байж байгаад 18 цагийн үед нөхөртэй утсаар ярьсан чинь 2 хүүхдээ аваад дүүгийнхээ гэрт оччихсон байна гэж байсан. Тэгээд би ажил дээрээ байгаад 22 цагийн үед нөхөртэйгөө гар утсаар яриад “би оройтно шүү, чи хүүхдүүдтэйгээ унтаж байгаарай” гээд ярьсан чинь нөхөр “дүүгийнхээсээ яваагүй байна, одоо гэртээ харих гэж байна” гэж байсан. Тэгээд тэрнээс хойш байн, байн над руу залгаад уурлаад хаагуур яваад байгаа юм хурдан ирээч гээд залгаад байсан. Тэгээд би 02 цаг 30 минут гээд гэртээ ирсэн чинь манай нөхөр буйдан дээр унтаж байсан. Ширээн дээр архины шил байсан. Тэгээд би орондоо ороод шууд унтаад өгсөн. Тэгээд унтаж байсан чинь гэнэт нөхөр намайг орноос үсдэж унагаагаад үснээс тавилгүй чирээд том өрөө рүү чирч оруулсан. Тэгээд би цаг харсан чинь 04 цаг өнгөрч байсан. ...тухайн үед би цаг харсан, яагаад гэвэл унтлагын өрөөнөөс том өрөө рүү орох үед ханан дээр том цаг байдаг юм. Нөхөртөө зодуулах үед би 2 удаа ухаан алдсан. Энхнийх нь шкаф мөргөж унасныхаа дараа, 2 дахь нь ариун цэврийн өрөөндөө цусаар бөөлжсөнийхөө дараа ухаан алдсан. 2 дахь удаагаа ухаан алдаж сэрээд гар утсаа авах гээд унтлагын өрөө ороод орон дээрээ утсаа авсан чинь нөхөр араас дагаж ирээд надаас миний гар утсыг булаагаад авчихсан. Тэгээд би утсаа авъя, ганц ярьчихъя гэсэн чинь яриулаагүй... Тэгээд Хатанбаатараас ядаж намайг эмнэлэгт хүргээд өг, эсвэл түргэн дуудаад өг гэсэн чинь Хатанбаатар миний утсыг надад өгөөд чи зөвхөн миний дүү рүү залга гээд өөрийн төрсөн дүү болох М- руу хажууд харж байгаад залгуулсан. Тэгээд залгаж байх үедээ утасны цаг харахад 07 цаг өнгөрч байсан. Хатанбаатар өмнө нь зодож байсан удаа бол байхгүй. Гэхдээ архи уугаад агсан согтуу тавьж, орилж чарлаж байсан үе бол байдаг” гэсэн мэдүүлэг /хх-н 31-33, 168-170/,

Насанд хүрээгүй гэрч Х.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би тэр үед унтаж байгаад чимээ гараад байхаар нь сэрсэн чинь манай аав, ээжийг орноос татаж унагаагаад тэгээд ээжийг түлхсэн чинь ээж толгойгоороо гутлын шүүгээ мөргөсөн. Тэгээд аав, ээжийг үснээс нь зулгаагаад чирж байгаад гараараа нүд рүү цохичихсон. Тэгээд дараа нь аав, ээжийг үснээс нь зулгаагаад 00 руу орж нүүрээ угаа гээд чирээд байсан. Тэгээд ээж нүүрээ угаачихаад гарч ирсэн чинь аав дахиад хацар руу нь гараараа цохисон. Ээжийн хамарнаас цус гараад байсан. Тэгээд цусаар бөөлжсөн. Аав, гэртээ 2 шил архи уусан. Аав, ээжийг өмнө нь зодож байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Гэрч Ц.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө би гэртээ унтаж байсан чинь үүрээр 06  цагийн үед байх Х- ахын эхнэр М- эгч өөрийнхөө утсаар над руу залгаад “манай гэрт хурдан хүрээд ирээч” гэж хэлээд утсаа салгачихсан. Тэгээд би босоод шууд Х- ахын гэрт яваад очсон чинь Х- ах том өрөөнийхөө буйдан дээр сууж байсан. Тэгээд 2 хүүхэд нь ирээд ээж унтлагын өрөөнд байгаа гэж хэлсэн. Тэгээд би унтлагын өрөө рүү нь орсон чинь М- эгч орондоо хэвтэж байсан бөгөөд намайг орж ирэхийг хараад босож ирсэн чинь М- эгчийн толгойноос цус гараад хатчихсан, нэг нүд нь хөхөрч хавдаад тагларчихсан байсан. Тэгээд М- эгч намайг тэврээд Сувдаа эгчийгээ эмнэлэгт хүргээд өгөөч гэсэн. Тэгээд би Х- ах дээр очиж уурлачихаад М- эгчийг аваад ГССҮТ-рүү авч явсан. Тэгээд ГССҮТ дээр ирээд би М- эгчийг үүрч оруулан үзүүлсэн. Тэгээд М- эгч шууд тэндээ хэвтсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 100-102/,

Шинжээчийн 8435 тоот дүгнэлтэд: “...Б.М--н биед дух яс, баруун ухархайн дээд хана, дотор хананы хугарал, баруун духны суурийн хэсгийн няцрал, хүзүүний 4-р нугалмын арын сэртэн, мэдрэл суваг, хүзүүний 5-р нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, дагзны хуйхны шарх, баруун дээд 2-р шүд, баруун доод 4-р шүдний эмтрэл, хоёр нүдний зовхи, хүзүү, зүүн мөр, бугалга, баруун дал, хоёр гуянд цус хуралт, баруун нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-н 36-37/,

Шинжээч эмч О.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Духны яс, баруун ухархайн дээд хана, дотор хананы хугарал, баруун духны суурин ясны няцрал, баруун нүдний зовхины цус хурал, алимны цус харвалт гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хүзүүний нугаламын арын сэртэн, мэдрэл суваг, хүзүүний 5 дугаар нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, дагзны хуйхны шарх, хүзүүний цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тодруулбал тухайн хэсэгт хатуу зүйлээр цохих, мөн хязгаарлагдмал бус гадаргуутай, мохоо зүйл дээр унах үед үүсэх бөгөөд гараар цохих үед үүсэх боломжгүй. Баруун дээд 2 дугаар шүд, баруун доод 4 дүгээр шүдний эмтрэл нь мөн мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн нүдний зовхины цус хуралт нь баруун нүдний зовхины цус хуралт шилжсэний улмаас илэрсэн байх боломжтой. Зүүн мөр бугалга, баруун дал, хоёр гуяны цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн мэдүүлэг /хх-н 178/,

Яллагдагчаар Ц.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Эхнэрийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 48-51, 164-167/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5/, хохирлын баримтууд /хх-н 82-85/, хохирогчийн хүсэлт /хх-н 107/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Ц.Х- нь 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 12-103в тоот гэртээ эхнэр Б.М-тай “гадуур архи ууж явлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохих, хүчтэй түлхэж толгойн ар хэсгээр нь гутлын шүүгээ мөргүүлэх, үснээс нь зулгаах, биеийн бусад хэсэгт нь цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд дух яс, баруун ухархайн дээд хана, дотор хананы хугарал, баруун духны суурийн хэсгийн няцрал, хүзүүний 4-р нугалмын арын сэртэн, мэдрэл суваг, хүзүүний 5-р нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, дагзны хуйхны шарх, баруун дээд 2-р шүд, баруун доод 4-р шүдний эмтэрэл, хоёр нүдний зовхи, хүзүү, зүүн мөр, бугалга, баруун дал, хоёр гуянд цус хуралт, баруун нүдний алимны цус харвалт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.М-, гэрч Ц.М-, насанд хүрээгүй гэрч Х.У-ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ц.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас эхнэр Б.М-ыг зохиж, зодон шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Х- нь хохирогч Б.М-ыг цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Х- болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, эмчилгээний зардал болон бусад хохирлыг барагдуулсан гэсэн хүсэлт /хх-н 107/ гаргасан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгчид хүнд гэмтэл учирсан тул түүний хохирол, хор уршигийн талаар жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 12.000 нэгж буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч  торгох ял оногдуулах саналыг дэмжиж торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн ялын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Ц.Х-ын  үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан улсын яллагч болон өмгөөлөгч нарын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12.000 нэгж буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-т оногдуулсан 12.000 нэгж буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдав.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-ыг 12.000 нэгж буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-т оногдуулсан 12.000 нэгж буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР