Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Базарханд |
Хэргийн индекс | 187/2022/0034/Э |
Дугаар | 2022/ШЦТ/37 |
Огноо | 2022-01-01 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/37
2022 01 10 2022/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч Д.О, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Аззаяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л овогт Д-ийн О-т холбогдох эрүүгийн 21100 1290 0952 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 702 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 960.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Л овогт Д-ийн О /РД:хххх/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.О нь:
1. “3х6 хэмжээтэй хүлэмж худалдана” гэсэн зар байршуулж, иргэн Н.А-гийн хүлэмж худалдан авах гэсэн хэрэгцээг далимдуулан “1 сарын дотор ирнэ” гэж төөрөгдөлд оруулснаар иргэн Н.А- нь 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймаг, Баруун Урт сум, 1-р баг, Жавхлант таун 101 тоот гэрээсээ цахим гүйлгээ ашиглан Хаан банкны 503343хх93 тоот данс руу 1.150.000 төгрөгийг шилжүүлсэн буюу Н.А-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 1.150.000 төгрөгийг шилжүүлж авсан,
- дээрх аргаар Л.Дг хуурч, төөрөгдөлд оруулснаар Л.Д нь 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Хайрхан 8-111 тоот дахь гэртээ байхдаа Хаан банкны 503343хх93 тоот данс руу 900.000 төгрөгийг шилжүүлсэн буюу Л.Дг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 900.000 төгрөгийг шилжүүлж авсан,
- Д.Яг дээрх аргаар хуурч, төөрөгдөлд оруулснаар 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Д.Я нь Баянзүрх дүүргийн 28-р хороо, Хужирбулан 1 дүгээр хэсэг, 1-21 тоот дахь гэртээ байхдаа Хаан банкны 503343хх93 тоот данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн буюу Д.Я-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 1.000.000 төгрөгийг шилжүүлж авсан,
- Г.Э-г дээрх аргаар хуурч, төөрөгдөлд оруулснаар нь 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Г.Э нь Баянзүрх дүүргийн 26-р хороо, 208-80 тоот дахь гэртээ байхдаа Хаан банкны 503343хх93 тоот данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн буюу Г.Эг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 1.000.000 төгрөгийг шилжүүлж авсан,
- Ж.Б-г дээрх аргаар хуурч, төөрөгдөлд оруулснаар Ж.Б- нь 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 3-р багийн 3-р хэсэг, 168 тоот дахь өөрийн гэртээ байхдаа Хаан банкны 503343хх93 тоот данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн буюу Ж.Б-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 1.000.000 төгрөгийг шилжүүлж авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Өөрийн гэм буруу болон хэргийн үйл баримтан дээр маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нарт хохирол бүрэн төлж барагдуулсан.
Би угсардаг хүлэмж хийдэг юм. Хохирогч нараас захиалга авсан боловч хил хаалттай байсан учир бараа материал ирэхгүй удаад хүлэмжийг нь хийж өгөөгүй. Би прокуророос гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа, хэргийн харъяалал дээр маргахгүй тул шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,
Хоёр: Эрүүгийн 21100 0000 0886 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.А-ы хохирогчоор өгсөн:
“...Би 2 жилийн өмнөөс Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Жавхлант таун 101 тоот гэрийнхээ эдлэн газарт хүлэмжит мод болон хүнсний нарийн ногоо тарьж эхэлсэн. Энэ ажлаа цааш өргөжүүлэхээр фейсбүүкээр мэдээлэл харж байгаад Дуламсүрэн Оюунбаатар гэсэн хаягтай хүн “хүлэмжийн аж ахуй эрхлэгч” гэх группт “орос хүлэмжний захиалга авна” гэсэн зар нийтэлсэн байхаар нь утасны дугаараар нь холбогдоод, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр асууж лавлахад “3х6 харьцаатай хүлэмжийн үнэ нь 1.150.000 төгрөгөөр орж ирдэг, манайх урьдчилгаа 100 хувь авч байж бараагаа нийлүүлнэ” гэж хэлсэн.
2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Д.О яриад “та өнөөдрийн дотор захиалгаа хийж, 100 хувь төлбөрөө төлбөл 2021 оны 4 дүгээр сард орж ирнэ” гэхээр нь би 5033хххх93 дугаартай данс руу өөрийн 5644хххх11 дугаартай данснаас мобайл банк ашиглан 1.150.000 төгрөгийг шилжүүлсэн.
2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн үед Д.Оын 98201516 дугаарын утас луу залгаж бараагаа асуух гэхэд утас нь дуудаж байгаа хэрнээ авахгүй байсан. 3 хоногийн дараагаас дахин залгаад “миний захиалсан бараа яасан бэ, хэзээ ирэх вэ” гэхэд “арай болоогүй байна, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш бараа бууна, барааг чинь ирэхээр нь хэлнэ” гэхээр нь би ярих байх гэж бодсон. Ингээд ярихгүй байхаар нь 2021 оны 5 дугаар сар гаргаад “миний захиалсан бараа ирээгүй юм уу, юу болж байна вэ” гэж зурвас үлдэхэд хариу бичээгүй. ...Үүнээс хойш нэг ч удаа холбоо бариагүй, утсаа аваагүй, зурвас бичихэд нэг ч удаа хариу өгөөгүй тул би цагдаад хандсан.
...Би цагдаагийн байгууллагад хандсаны дараа нэг хүн залгаж “Д.Оын өмгөөлөгч нь байна, хохирлыг чинь барагдуулъя” гээд миний дансыг аваад, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1.150.000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 55-56 дахь тал),
2. Нацаг овогтой Амартайвангийн эзэмшлийн Хаан банкин дахь 5644хххх11 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 12 дахь тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Дгийн хохирогчоор өгсөн:
“...Би ...Цагдаагийн байгууллагад хандах болсон шалтгаан нь 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр фейсбүүк дэх “Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн групп”-т Д.О гэдэг хүн “орос хүлэмжний захиалга авна” гэсэн зар тавьсан байхаар нь 98201511 дугаарын утас руу залгахад “3х6 харьцаатай хүлэмж 1.300.000 төгрөг болно” гээд, “урьдчилгаа 900.000 төгрөг өгчих, үлдэх мөнгийг хүлэмжээ авахдаа өгч болно” гэхээр нь тохирсон юм.
Тэгээд би түүний 5033хххх93 гэсэн данс руу 900.000 төгрөгийг интернет банкаар шилжүүлсэн. Тухайн үед надад “2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд хүлэмж бэлэн болно” гэхээр нь 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хүлээж байгаад, 98201511 дугаар луу залгахад “удахгүй болчихно, хил дээр жаахан асуудалтай байна” гэж хэлсэн. Тэгээд хэд хоног хүлээсэн ба сүүлдээ утсаа авахгүй байхаар нь “мөнгөө авъя” гээд зурвас бичихэд хариу өгөхгүй, миний дуудлагыг авахгүй байхаар нь цагдаад хандсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 76-77 дахь тал),
- мөн хохирогчийн дахин өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай эхнэр н.Болортуяагийн Хаан банкин дахь 5009хххх63 тоот данс руу 900.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй ээ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 78 дахь тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ягийн хохирогчоор өгсөн:
“...Би фейсбүүк дэх хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн группт юм сонирхоод байж байхад Дуламсүрэн Оюунбаатар гэх нэртэй хаягнаас “хүлэмж зарж байна” гэсэн зар тавьсан байхаар нь холбогдоод, “3х6 хэмжээтэй хүлэмж захиалъя” гэхэд “та урьдчилгаа мөнгөө өгөөд захиалж болно” гэж хэлсэн.
2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр миний тэтгэвэр буусан байсан болохоор Хаан банкны 5039хххх22 тоот өөрийн данснаас 5033хххх93 тоот данс руу 800.000 төгрөгийг шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлчихлээ гэхэд “хүлэмж 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр бэлэн болно” гэхээр нь “за” гээд өнгөрсөн.
Ингээд энэ өдрөөс хойш мессеж бичихээр хариу ирэхгүй, залгахаар утсаа авахгүй байсан бөгөөд дахин дахин залгахад 2 удаа утсаа аваад “би хүлэмжээ ирэхээр нь аваачиж суурьлуулаад өгнө, та сууриа бэлдэж байгаарай” гэхээр нь би сууриа бэлдчихээд хүлээгээд байсан боловч алга болчихсон. ...Ингээд миний мөнгийг өгөхгүй, хүлэмжээ ч өгөхгүй байгаа болохоор би цагдаад хандсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 93 дахь тал),
5. Дагмид овогтой Янжмаагийн эзэмшлийн Хаан банкин дахь 5039хххх22 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 95 дахь тал),
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Эгийн хохирогчоор өгсөн:
“...Би 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дуламсүрэн Оюунбаатар гэх фейсбүүк хаягтай хүнтэй “орос хүлэмж зарна” гэсэн зарын дагуу холбогдсон. Тэгээд 3х8 хэмжээтэй хүлэмж нь 1.650.000 төгрөгөөр авахаар болоод, тухайн өдөр нь урьдчилгаа мөнгө болох 1.000.000 төгрөгийг Хаан банкны 5033хххх93 гэсэн Д.Оын данс руу шилжүүлсэн ба надад “сарын дотор хүлэмжийг авчирч өгч, суурьлуулж өгнө” гэж тохирсон ба үлдэгдэл 650.000 төгрөгийг тэр үед төлөхөөр болсон.
Тэгээд 4 дүгээр сарын үед би Д.О луу залгахад миний утсыг аваагүй, сүүлдээ миний дуудлагыг салгаад байдаг болсон. Мессеж бичихээр хариу бичихгүй байсан. Ийм учраас цагдаагийн байгууллагад хандах болсон юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 110-111 дэх тал),
7. Дуламсүрэн овогтой Оюунбаатарын эзэмшлийн Хаан банкин дахь 5033хххх93 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 39-45, 174-180 дахь тал),
8. Жамъянжав овогтой Байгалмаагийн эзэмшлийн Хаан банкин дахь 5675хххх80 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 142 дахь тал),
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Б-гийн хохирогчоор өгсөн:
“...Би өөрийн фейсбүүк хаягнаас “Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид” гэх группт орж сонирхоход Дуламсүрэн Оюунбаатар гэх хүн “Орос поликрабонат, 3х6 харьцаатай хүлэмж 1.350.000 төгрөгөөр зарна” гэсэн зар байнга оруулдаг байсан. Тэгээд би найдвартай юм байна гэж бодоод 2021 оны 4 дүгээр сард 99886166 дугаар луу залгаж “танай хүлэмж байгаа юу” гэхэд “хүлэмж байгаа, одоо зарагдаж дуусах гээд байна, хурдлахгүй бол дахин олдохгүй шүү” гэж хэлсэн.
2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би дахин залгаад “би хүлэмж авахаар шийдлээ” гэхэд “Улаанбаатар хотоос явуулна, урьдчилгаа 1.000.000 төгрөг” гэхээр нь би өөрийн 5675хххх80 тоот данснаас Дуламсүрэн Оюунбаатар гэх хүний 5033хххх93 тоот данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш би 99886166 дугаар луу байнга залгаж холбогдож байсан ба ярих болгонд “эгчээ, арай болоогүй байна, удахгүй явуулна” гэдэг байсан. Сүүлд 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ярихад “маргааш орой Сэлэнгэ явах вагоны тээшинд хийнэ” гэж хэлээд одоог хүртэл ирүүлээгүй, залгахад утсаа авахгүй байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 146 дахь тал),
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Оын яллагдагчаар өгсөн:
“... Би ял сонсгож яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би дээрх хүмүүсийн хохирлыг бүрэн барагдуулсан байгаа, надад маргах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 61-62, 126 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч А.Хажидмаагийн мэдүүлэг (хэргийн 128 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 25, 183 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 217 дахь тал) шийтгэх тогтоолын хуулбар баримт (хэргийн 218-223 дахь тал), шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол (хэргийн 224 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн, прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт (хэргийн 196 дахь тал) гаргаснаар 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаартай прокурорын тогтоолоор хүсэлтийг хүлээн авч хангасан, прокуророос шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, (хэргийн 199-200 дахь тал) эрүүгийн 21100 1290 0952 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Оын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.О нь цахим хэрэгсэл ашиглан өөрийн “Дуламсүрэн Оюунбаатар” нэртэй фейсбүүк хаягнаас “Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид” группт “Орос хүлэмж зарна” гэсэн зар байршуулан, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдрийн хооронд хохирогч Н.А-гаас 1.150.000 төгрөг, хохирогч Л.Дгаас 900.000 төгрөг, Д.Ягаас 1.000.000 төгрөг, Г.Эгээс 1.000.000 төгрөг, Ж.Б-гаас 1.000.000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны 5033хххх93 дугаарын дансаар шилжүүлэн авч, хувийн хэрэглээндээ захиран зарцуулж ашигласан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
- хохирогч Н.А- (хэргийн 55-56 дахь тал), хохирогч Л.Д (хэргийн 76-77, 78 дахь тал), хохирогч Д.Я (хэргийн 93 дахь тал), хохирогч Г.Э (хэргийн 110-111 дэх тал), хохирогч Ж.Б- (хэргийн 146 дахь тал) нарын мэдүүлэг,
- Нацаг овогтой Амартайвангийн эзэмшлийн Хаан банкин дахь 5644хххх11 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 12 дахь тал),
- Дагмид овогтой Янжмаагийн эзэмшлийн Хаан банкин дахь 5039хххх22 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 95 дахь тал),
- Жамъянжав овогтой Байгалмаагийн эзэмшлийн Хаан банкин дахь 5675хххх80 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 142 дахь тал),
- Дуламсүрэн овогтой Оюунбаатарын эзэмшлийн Хаан банкин дахь 5033хххх93 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 39-45, 174-180 дахь тал) болон шүүгдэгч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 61-62, 126 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчлан тогтоосон.
Шүүгдэгч Д.О нь цахим хэрэгсэл ашиглан өөрийн “Дуламсүрэн Оюунбаатар” нэртэй фейсбүүк хаягнаас “Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид” группт “Орос хүлэмж зарна” гэсэн зар байршуулан 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдрийн хооронд хохирогч Н.А-гаас 1.150.000 төгрөг, хохирогч Л.Дгаас 900.000 төгрөг, Д.Ягаас 1.000.000 төгрөг, Г.Эгээс 1.000.000 төгрөг, Ж.Б-гаас 1.000.000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны 5033хххх93 дугаарын дансаар шилжүүлэн авч, хувийн хэрэглээндээ захиран зарцуулж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хуурч, ...цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан ...эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Оыг хуурч, ...цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
“Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Н.А-гийн эд хөрөнгөд 1.150.000 төгрөг, хохирогч Л.Дгийн эд хөрөнгөд 900.000 төгрөг, Д.Ягийн эд хөрөнгөд 1.000.000 төгрөг, Г.Эгийн эд хөрөнгөд 1.000.000 төгрөг, Ж.Б-гийн эд хөрөнгөд 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь нотлогдсон бөгөөд шүүгдэгч Д.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн болох нь түүний Депозит дансны хуулга (хэргийн 130-131 дэх тал) баримтуудаар нотлогдсон байна. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Д.О нь урьд ял шийтгүүлж байсан талаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 25 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар баримтууд (хэргийн 218-223 дахь тал) тус тус хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүх, шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд нь түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.О нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр баривчлагдаж, шүүхэд хэргийг хянан хэлэлцсэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд сэжигтнээр (хэргийн 34 дэх тал) нийт 02 /хоёр/ цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу тэдний эдлэх ялын хугацаанд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй дүйцүүлэн оногдуулсан торгох ялаас нь хасаж тооцсон болно.
Энэ хэрэгт Д.Оын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Түүнчлэн прокуророос хэргийг тус шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэгт тус тус заасан шүүхийн харьяалал зөрчсөн нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн яллах болон өмгөөлөх талууд шүүхийн харьяаллын асуудлаар маргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэсэн журмын дагуу Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л овогт Д-ийн О-т холбогдох эрүүгийн 21100 1290 0952 дугаартай хэргийг тус шүүх эцэслэн шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Л овогт Д-ийн О-ыг “хуурч, ...цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.От 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Оын хойшлуулшгүйгээр баривчлагдсан 02 /хоёр/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй дүйцүүлэн нийт 30 /гуч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000 /гучин мянга/ төгрөгийг түүнд энэ тогтоолоор оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас хасаж тооцон Д.Оын эдэлвэл зохих торгох ялын хэмжээг 420 /дөрвөн зуун хорь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 420.000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ял гэж тогтоосугай,
4. Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Энэ хэрэгт Д.Оын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД