Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/431

 

 

 

 

 

 

 

 

 

     2022          06           06                                     2022/ШЦТ/431                                

                                                                                                                     

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н-ийн Н-ад холбогдох эрүүгийн 22100 0000 0299 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Ууганбаяр, хохирогч З.Х, Б.Ш, С.Б, шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай эрэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт амьдрах, тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 48 дугаар байрны 44 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 704 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Н-ийн Н /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н нь хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр бусдад нийт 13.556.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч Н.Н нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Н.Н-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй байна. Би тавилга хийгээд 3-4 жил болж байна. Надад өөрийн гэсэн үйлдвэр байхгүй. Тавилгаа Like гээд цехэд хийдэг байсан. Би хохирогч нараас захиалга авах үед их өртэй байсан. Шинэ жилийн өмнө нэлээн их захиалга авсан байсан ба хил хаагдчихсан байсан учир хүндрэлтэй байсан. Би өмнөх ажлынхаа өрийг дараагийн ажлын мөнгөөр дарж явж байсан.

Би хохирогч нарт төлөх төлбөрөө төлөөгүй байгаа, гэхдээ төлж барагдуулна. Одоо захиалга гайгүй болж байгаа. Ийм асуудал болсон нь миний буруу. Намайг үнэхээр уучлаарай. Хохирлыг богино хугацаанд төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч З.Хгаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Цагаан сар болох гээд тавилга хийлгэх гээд яарч байсан. Фейсбүүкээр тавилга хийх зар хайхад “Mercury design” гэх нэртэй газар гарч ирсэн. Бусад газруудтай холбогдоход “баяраас өмнө амжихгүй” гэсэн. Харин шүүгдэгч “битүүний өмнөх өдөр гаргаж өгнө” гэсэн тул маргааш нь шүүгдэгчтэй хамт 100 айл явж материалаа сонгож 220.000 төгрөгөөр хавтан авсан.

Шүүгдэгч “Like” гэх нэртэй тавилгын үйлдвэр байгаа, тэнд хавтангаа зүснэ” гэж хэлээд очсон. Би “хэзээ зүсэж өгөх вэ” гэхэд “мөнгөө шилжүүлчихвэл маргааш зүснэ” гэж хэлсэн. Тэгээд би “манай тавилгыг хийж байна уу” гэж асуухад “1 дэх өдөр 100 айл амрах юм чинь 2 дахь өдөр хийнэ” гэж хэлсэн боловч 2 дахь өдөр нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Түүнээс хойш утас нь холбогдохоо больсон. Би шүүгдэгчид гал тогооны тавилгын урьдчилгаа төлбөрт нийт 2.856.000 төгрөг төлсөн. Одоо “Like” нэртэй тавилгын үйлдвэрт миний авсан хавтан байгаа гэж найдаж байна. Хохирлоо барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг, 

 

3. Хохирогч Б.Шгаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би шүүгдэгчид гал тогооны тавилга, шкаф хийлгэхээр тохирч, урьдчилгаа төлбөрт 4.950.000 төгрөг өгсөн байна. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хавьцаа байрандаа гал тогооны тавилга, ханын шкаф хийлгэх гэж явж байгаад шүүгдэгчтэй 100 айлд таарсан. Тавилга хийдэг гэхэд нь хэмжээ аваад хийгээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд манайд ирж хэмжээ аваад урьдчилгаа хэрэгтэй гэхэд нь эхлээд 900.000 төгрөг өгсөн. Дараа нь над руу залгаж “тавилга чинь бэлэн болох гэж байна” гэж хэлсэн. Тэгээд 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Би оноос өмнө шинэ тавилгатай болъё гэж бодсон боловч амжаагүй. Шүүгдэгч хийж өгөх гэж байна гэж явсаар сүүлд утсаа авахаа больсон. Шилжүүлсэн мөнгөө гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг,

 

4. Хохирогч С.Баас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би эхнэртэйгээ 100 айлд явж байгаад Н.Н-тай тааралдсан. Бид 3 тавилга хийлгэе гэж тохирсон. Шүүгдэгчтэй хамт “Зөгийн үүр” дэлгүүр лүү орж 2 өнгийн хавтан сонгосон. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай гэрт ирж хэмжилт хийсэн. Тухайн үед “гал тогооны тавилга, ханын стенк, үүдний шкаф хийлгэнэ” гэж Н.Н зургаа зураад гарсан. Би баримт хэрэгтэй гэхэд нэхэмжлэх хуудас гаргаж өгсөн. Нийт тавилгын зардал 8.300.000 төгрөг болсон. Үүнээс 70 хувийн урьдчилгаа хэрэгтэй гэхэд нь 5.700.000 төгрөгийг 10 дугаар хорооллын Хаан банкны тооцооны төвөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн.

Анх 7-10 хоногийн гүйцэтгэлийн хугацаатай гэж ярьсан. Манайх 12 дугаар сарын 06-ны өдөр байрандаа орох гэж байсан тул амжих юм байна гэж бодож байсан. Түүнээс хойш тавилга хийж өгөхгүй 3 сар болсон. Сүүлдээ утсаа авахаа больсон. 100 айл дээгүүр хайж явсан боловч олдоогүй тул Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Учирсан хохирлоо нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 22100 0000 0299 дугаартай хэргээс:

 

1. Эрүүгийн 22100 0430 0310 дугаартай хэргийг 22100 0000 0299 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоол (хэргийн 01-02 дахь тал),

 

2. “Mercury furniture design” тавилгын үйлдвэрийн захиалгын хуудасны хуулбар (хэргийн 09 дэх тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Хгийн хохирогчоор өгсөн:

“...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн фейсбүүкийн зар үзэж байгаад би өөрийн амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг хотхоны 87 дугаар байрны 17 тоот гэртээ гал тогооны тавилга хийх газруудыг судалж үзэхэд “Mercury Design” нэртэй хаягны 86015530, 86016531 дугаарын утас руу залгаж асуухад “цагаан сарын өмнө тавилга гаргаж өгнө” гэсэн. Тэгээд би 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Зөгийний үүр” нэртэй дэлгүүрийн хажууд байх “Like” гэсэн нэртэй тавилгын үйлдвэр дээр очоод дээрх утасны дугаар луу залгахад холбогдох боломжгүй байсан ба хэсэг хугацааны дараа над руу танихгүй дугаараас залгаад “Н.Н гэж хүн байна, тавилга хийдэг хүн байна, та манай үйлдвэр дээр ирсэн байна уу, би очиж байна” гэж хэлсэн.

Удалгүй над дээр ирээд “хоёулаа тавилгын материалыг сонгох хэрэгтэй байна” гэж хэлээд 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдээр явж үзэж байгаад Зөгийний үүр нэртэй дэлгүүрийн 1 давхраас 220.000 төгрөгөөр хавтан авсан. Тэгээд өөр дэлгүүрүүдээс материалаа захиалчихаад “маргааш таны захиалсан материалыг авна, мөнгө маргааш шилжүүлээрэй” гэж хэлээд салаад явсан. Орой нь Н.Н гэдэг хүн Б.Төмөр-Очир гэдэг хүнтэй хамт ирж, “тавилга хийх газрын хэмжээ авна” гээд хэмжээ авч, тавилгын өнгө сонгочихоод явцгаасан.

Ингээд би 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хаан банкин дахь Б.Төмөр-Очир гэх хүний 5100хххх52 тоот данс руу 2.856.000 төгрөг шилжүүлсэн ба утган дээр “Цэлмэг хотхон урьдчилгаа” гэж бичсэн. Хэсэг хугацааны дараа би 86016530, 86016531 дугаар луу залгасан боловч утсаа салгачихсан байсан. Like нэртэй газар луу залгаад асуухад “манайд Н.Н гэдэг хүн ажилладаггүй, хааяа орж ирж зүсвэр хийдэг” гэж хэлсэн болохоор би залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн газарт гомдол гаргаж байна. Би гомдолтой байна, хуулийн дагуу шалгаж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16-17 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Төмөр-Очирын гэрчээр өгсөн:

“...Би Н.Н.Н гэдэг хүнийг танина. Бид хоёр 2019 оны 12 дугаар сараас хойш хамтран тавилгын ажил хийж, би туслахаар нь ажилладаг байсан. Бид хоёр ямар нэгэн хуулийн этгээд, тавилгын үйлдвэр байхгүй. Хавтангаа зүсүүлээд өөрсдөө угсардаг, заримдаа захиалга өгсөн айлдаа угсарч өгдөг.

2022 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр Н.Н бид хоёр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг хотхоны 87 дугаар байрны 17 тоотод очиж тавилгын захиалга авсан. Тухайн тавилгыг 4.080.000 төгрөгөөр хийж өгнө гэж захиалга авсан, тавилгыг нь хийж өгөөгүй. Яагаад хийж өгөөгүй вэ гэхээр Н.Н бид хоёр З.Хгийн захиалгыг авахаас өмнө өөр 2 айлаас захиалга аваад дуусгаж өгөх гээд Халиунаагийн урьдчилгаа мөнгө болох 2.856.000 төгрөгийг ашигласан.

Н.Н миний Хаан банкин дахь 5100хххх52 тоот дансыг ашиглаж орлого зарлагыг хариуцдаг ба тодорхой хэмжээний мөнгийг Н.Н ашигласан. Миний карт түүнд байдаг юм. Халиунаа миний данс руу 2.856.000 төгрөг шилжүүлсэн ба үүнээс Н.Н надад “цалин, мөн машинаа засуулаарай, дээл авч өмсөөрэй” гэж 300.000 төгрөг бэлнээр өгсөн, бусдаар би энэ мөнгөнөөс авч ашигласан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 28 дахь тал),

 

- Мөн гэрчийн дахин өгсөн: “...Н.Н надад “нэг айл оны өмнө тавилга хийлгэмээр байна гэнэ, энэ айлын тавилгыг оны өмнө хийгээд өгөхөөс, урьдчилгаа мөнгө нь орж ирээгүй, өөрийнхөө мөнгөнөөс тавилгын материал хавтанг авчихлаа” гэж хэлж байсан, гэхдээ би хамт явж байгаагүй. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байх, би “Like” тавилгын үйлдвэрт очиход хавтан зүссэн байхаар нь асуухад “Н.Н өчигдөр үлдээгээд явсан, өглөө зүсвэрийг нь хийгээд тавьчихлаа” гэж хэлсэн. Тэгээд Н.Н ирэхээр нь “юун зүсвэр вэ, хэзээ хийж өгөх гэж байгаа вэ, он гарах гэж байхад амжих юм уу” гэхэд “хийж өгнө өө, урьдчилгаа мөнгө өгөөгүй, өөрөөсөө гаргачихлаа, мөнгөө асууж байгаад авна даа” гэж байсан. Би мөнгө төгрөгийн асуудалд нь оролцоод байдаггүй, тавилга угсрах үед нь хамт явдаггүй юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 92-93 дахь тал),

 

5. Ооёо овогтой Оргилболдын эзэмшлийн Хаан банкин дахь 5020хххх20 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тухай Мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 64-66 дахь тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Шгийн хохирогчоор өгсөн:

“...Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байх, 100 айл дээр барилгын материал цуглуулаад явж байгаад “тавилгын үйлдвэр хаана байдаг юм бэ” гэж хүнээс асуухад нэг хүн “би тавилга хийдэг юм” гэхээр нь утасныхаа дугаарыг солилцсон. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 86016530 утасны дугаараар холбогдож манай гэрт ирээд өөрийгөө Н.Н гэж танилцуулсан. Тэгээд гал тогооны тавилга болон ханын шкаф хийлгэхээр болоод үнэ ханшаа 7.000.000 төгрөгөөр тохирсон ба надад “урьдчилгаа өгөх ёстой, материалаа авдаг юм, урьдчилгаанд 5.000.000 төгрөг өгөөд, тавилга дууссаны дараа үлдэгдэл 2.000.000 төгрөгөө өгөөрэй” гээд хэмжээгээ авч, зураг зураад, өнгө материалаа сонгосон.

Mercury тавилгын дэлгүүр гэсэн захиалгын хуудас өгөөд “мөнгө төгрөгөө өгчихвөл хоёр хоногийн дотор хийж өгнө” гэж хэлсэн. Тухайн үед мөнгө бэлнээр өгөх боломжгүй байсан учраас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 900.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5542хххх42 тоот данснаас Б.Төмөр-Очир гэх хүний 5100хххх52 тоот данс руу шилжүүлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дээрх данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн. “Маргааш юм уу, нөгөөдөр очиж хийж өгье” гэхээр нь хүлээсэн боловч дахин ярихад “амжихгүй байна, дахин 2 хоног” гэж сунгасан боловч ирэхгүй, утсаа авахгүй байхаар нь цагдаад хандсан юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 86-87 дахь тал),

 

7. Болоож овогтой Шийриймаагийн эзэмшлийн Хаан банкин дахь 5542хххх42 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тухай Мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 109-112 дахь тал),

 

8. Хаан банкны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 29/459 дугаартай албан бичиг, Батсүх овогтой Төмөр-Очирын эзэмшлийн 5100хххх52 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн Мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 119-123, 124-125 дахь тал),

 

9. Эрүүгийн 22050 0292 1143 дугаартай хэргийг 22100 0000 0299 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 136 дугаар тогтоол (хэргийн 132-133 дахь тал),

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Бын хохирогчоор өгсөн:

“...Би 2021 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр барилгын материалын зах болох 100 айл худалдааны төвийн ойролцоо өөрийн гэртээ тавилга хийлгэхээр аж ахуй нэгж зэргийг судалж байсан. Тухайн үед би “Зөөгийн үүр” дэлгүүрийн баруун талд байх мужааны цех дээр Н.Н гэх тавилга хийдэг хүнтэй тааралдсан ба өөрийгөө “нэг тавилгын үйлдвэрт ажилладаг” гээд өөрийнхөө хийж байсан гэх тавилгын зургууд үзүүлсэн юм. Тэгээд би энэ залуугаар гал тогооны тавилгаа хийлгэхээр болоод 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай гэрт Н.Н нэг залуугийн хамт ирж, хэмжээ авсан ба явахдаа надад “Наран Ээвэр Трейд” ХХК гэсэн тамга тэмдэгтэй падаан дээр захиалгын баримт хийж өгөөд явсан.

Би 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тавилгын төлбөр болох урьдчилгаа 5.800.000 төгрөгийг 5018хххх05 дугаарын данс руу шилжүүлсэн. Тухайн үед Н.Н надад “танай тавилга 7-10 хоногийн дотор хийгдэнэ” гэж хэлж байсан юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 153-154 дэх тал),

 

11. “Falcon design” тавилгын үйлдвэрийн захиалгын хуудасны хуулбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хэргийн 169-170 дахь тал),

 

12. Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 50/1031 дугаартай албан бичиг, А.Мөнгөнцэцэгийн эзэмшлийн 5081хххх05 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 171-174 дэх тал),

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Нын яллагдагчаар өгсөн:

“... Би ял сонсгож яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 39-40, 101-102, 164 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 43 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 47 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 104 дэх тал), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 704 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримт (хэргийн 107-108, 181-182 дахь тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (хэргийн 191 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Нын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Н нь “тавилга хийж өгнө, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч С.Баас 5.800.000 төгрөг, хохирогч Б.Шгаас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 900.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 4.000.000 төгрөг, хохирогч З.Хгаас 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2.856.000 төгрөгийг тус тус Б.Төмөр-Очирын эзэмшлийн Хаан банкны 5100хххх52 тоот, А.Мөнгөнцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5081хххх05 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авсан атлаа тэдгээр хохирогч иргэдийн захиалсан тавилга эд зүйлсийг нь хийж өгөөгүй, урьдчилгаа төлбөр нэрээр шилжүүлэн авсан мөнгийг өөрийн хувийн хэрэглээнд ашиглах, өр төлбөрөө барагдуулах зэргээр захиран зарцуулж ашигласан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- “Mercury furniture design” тавилгын үйлдвэрийн захиалгын хуудасны хуулбар (хэргийн 09 дэх тал),

- хохирогч З.Х (хэргийн 16-17 дахь тал), хохирогч Б.Ш (хэргийн 86-87 дахь тал), хохирогч С.Б (хэргийн 153-154 дэх тал), гэрч Б.Төмөр-Очир (хэргийн 28, 92-93 дахь тал) нарын мэдүүлэг,  

- Ооёо овогтой Оргилболдын эзэмшлийн Хаан банкин дахь 5020хххх20 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тухай Мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 64-66 дахь тал),

- Болоож овогтой Шийриймаагийн эзэмшлийн Хаан банкин дахь 5542хххх42 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тухай Мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 109-112 дахь тал),

- Хаан банкны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 29/459 дугаартай албан бичиг, Батсүх овогтой Төмөр-Очирын эзэмшлийн 5100хххх52 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн Мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 119-123, 124-125 дахь тал),

- “Falcon design” тавилгын үйлдвэрийн захиалгын хуудасны хуулбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хэргийн 169-170 дахь тал),

- Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 50/1031 дугаартай албан бичиг, А.Мөнгөнцэцэгийн эзэмшлийн 5081хххх05 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 171-174 дэх тал) болон шүүгдэгч Н.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 39-40, 101-102, 164 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчлан тогтоосон.

 

Шүүгдэгч Н.Н нь “тавилга хийнэ, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч С.Баас 5.800.000 төгрөг, хохирогч Б.Шгаас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 900.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 4.000.000 төгрөг, хохирогч З.Хгаас 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2.856.000 төгрөгийг тус тус Б.Төмөр-Очирын эзэмшлийн Хаан банкны 5100хххх52, А.Мөнгөнцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5081хххх05 дугаарын дансаар шилжүүлэн авч, захиран зарцуулж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан ...эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Н.Ныг хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Хэргийн шүүгдэгч Н.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.  

 

Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч С.Бын эд хөрөнгөнд 5.800.000 төгрөг, хохирогч Б.Шгийн эд хөрөнгөнд 4.900.000 төгрөг, хохирогч З.Хгийн эд хөрөнгөнд 2.856.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь нотлогдсон бөгөөд шүүгдэгч Н.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 13.556.000 /арван гурван сая таван зуун тавин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.       

 

Шүүгдэгч Н.Н нь урьд ял шийтгүүлж байсан талаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 104 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар баримтууд (хэргийн 107-108, 181-182 дахь тал) тус тус хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүх, шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Над 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

- мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Н.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 /зургаа/ сарын хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт Н.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х овогт Н-ийн Н-ыгхуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Н-ад 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Н.Н-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 /зургаа/ сарын хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Н-аас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 13.556.000 /арван гурван сая таван зуун тавин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж,

- хохирогч З.Х-д 2.856.000 /хоёр сая найман зуун тавин зургаан мянга/ төгрөг,

- хохирогч Б.Ш-д 4.900.000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөг,

- хохирогч С.Б-д 5.800.000 /таван сая найман зуун мянга/ төгрөг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт Н.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Н.Н-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД