Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 201

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 15-17 тоотод оршин суух, 1994 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОМ94060302, Хольдог овогт Сүрэнжавын Однэмэхийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 18-19 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ЕЙ90110716, Шалбаг овогт Зуунгаагийн Жаргалсайханд холбогдох,

       Гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Однэмэх, хариуцагч З.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч С.Однэмэх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Однэмэх миний бие 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Шалбаг овогт Зуунгаагийн Жаргалсайхантай гэр бүл болж 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин Ж.Ариунцэцэг, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүү Ж.Батзориг нарыг төрүүлж элэг бүтэн амьдарч байсан. 2014 оноос эхэлж нөхөр З.Жаргалсайхан архи ууж агсам тавьж, гэрийнхээ эд хөрөнгийг устгана гэж айлгадаг, мөн намайг зодно гэж дайрдаг болсон. Би өөрөө хурдан хөдөлгөөнтэй тул зугатааж амиа хамгаалдаг бөгөөд “Гэр орноо шатааж, та гурвыг гудамжинд гаргана” гэж айлгаад гэрийнхээ хөшиг шатааж байсныг би унтрааж байсан. Согтуу үедээ миний ээж аавын нэрээр намайг дууддаг, янз бүрийн үгээр доромжилдог. Би энэ байдлыг удаан тэвчиж ирсэн. Цаашдаа тэвчээр барагдаж З.Жаргалсайхантай амьдрах боломжгүй тул 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа. Бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаангүй. Бид хоёр харилцан тохиролцоод хүүгээ З.Жаргалсайхан, охиноо би өөрийн асрамждаа авахаар болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэжээ.

       Хариуцагч З.Жаргалсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие З.Жаргалсайхан нь 2012 онд С.Однэмэхтэй гэр бүл болж 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр охин Ж.Ариунцэцэг, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүү Ж.Батзориг нар төрсөн. Бид өнгөрсөн хугацаанд аз жаргалтай амьдарч ирсэн. 2017 оны хавраас эхлэн эхнэрийн маань ааш зан нь эрс өөрчлөгдөж уурлан, хэл амаар доромжилж байсан. 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эхнэр Улаанбаатар хот руу явчихсан. Би эхнэрийнхээ саналыг хүндэтгэж, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ эхнэр маань намайг гээд эргээд ирвэл би хүлээгээд авахад бэлэн байна. Бид хоёр харилцан тохиролцоод би хүүгээ өөрийн асрамжид, охиноо ээжийнх нь асрамжид үлдээхээр болсон. Охихоо ээжид нь хүргээд өгсөн. Бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

      Нэхэмжлэгч С.Однэмэх нь хариуцагч З.Жаргалсайханд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

       С.Однэмэх нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

      Иргэн С.Однэмэх, З.Жаргалсайхан нар 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болж, 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр бүртгүүлсэн ба тэдний дундаас 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр охин Ж.Ариунцэцэг, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүү Ж.Батзориг нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаанууд зэргээр тогтоогдож байна.

       Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2017 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

    Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг шүүх цуцалж шийдвэрлэж байгаа боловч  эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.

      Нэхэмжлэгч С.Однэмэх, хариуцагч З.Жаргалсайхан нар эд хөрөнгийн маргаангүй талаар тайлбар гаргасан байх тул эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй. Мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.

     Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож хүү Ж.Батзоригийг эцэг З.Жаргалсайханы асрамжид, охин Ж.Ариунцэцэгийг эх С.Однэмэхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн байна.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Однэмэхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Жаргалсайханаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Однэмэхэд олгох нь зүйтэй байна.

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч С.Однэмэх нь “өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шалбаг овогт Зуунгаагийн Жаргалсайхан, Хольдог овогт Сүрэнжавын Однэмэх нарын гэрлэлтийг цуцалсугай.

     2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр охин Ж.Ариунцэцэгийг эх С.Однэмэхийн асрамжид, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Ж.Батзоригийг эцэг З.Жаргалсайханы асрамжид тус тус үлдээсүгэй.

    3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

       4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдсугай.

      5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Однэмэхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Жаргалсайханаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Однэмэхэд олгосугай.

     6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.БОЛОР