Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/418

 

 

 

 

 

 

 

 2022           05           25                                       2022/ШЦТ/418

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Б.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б овогт Б-ын Х-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2210000000038 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Да хүрээ худалдааны төвд автомашины сэлбэгийн худалдаа эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг ... дугаар хороо ... гудамж ... тоотод оршин суух,

урьд Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил 1 сарын хугацагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЗ/189 дугаартай захирамжаар торгох ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлсэн, Б овогт Б-ын Х-.

 

Шүүгдэгч Б.Х- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хороо хариуцсан олон нийтийн цагдаа, цагдаагийн дэслэгч Э.Г-, Б.Б-, эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаа О.Б- нарыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Мишээл экспо худалдааны төвийн орчим үүрэг гүйцэтгэж байхад нь тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж хэл амаар доромжилж, мөрдөсийг нь авч шидэн, нүүр рүү нь мөргөж Б.Б-, О.Б-, Э.Г- нарын хурууг хазаж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэж, хүч хэрэглэсэн,

Мөн 2021 оны 12 дугаар сарын 15-наас 16-ний өдөр шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Мишээл экспо худалдааны төвийн орчим үүрэг гүйцэтгэж байсан эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаа О.Б-ыг албан үүргээ гүйцэтгэж байхад тавьсан шаардлагыг нь эсэргүүцэх явцдаа хүч хэрэглэн толгойгоороо мөргөж, мөрдөсийг нь авч шидэн, зүүн гарын чигчий хурууг хазаж, биед нь зүүн гарын чигчий хуруунд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Андууд панасоник гэх бичигтэй байрны 1 давхарт байх шар айргийн газраас гарахдаа хамт архи уусан Б.О-ыг шалтгаангүйгээр цохиж өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.О- мэдүүлэхдээ: “Тухайн шөнө Мишээл экспогийн хоолны газар бид нар пиво уугаад сууж байсан. Тэр газар Х-той танилцсан. 12 цагт хаана гэж байсан. Үргэлжлүүлээд явбал нээлттэй газар юу байна гээд хайхад Х-ын ахынх нь газар андуудын тэнд байдаг гэж хэлсэн. Бид хоёр түрүүлээд очиж газраа үзэж байя гээд явсан. Андуудад очиход Х-ын ахынх нь газар хаалттай байсан. Хажуу талд нь нээлттэй газар байсан бөгөөд тийшээ орсон. Бид хоёр бие биедээ нэг нэг юм авч өгсөн. Гарах болоход намайг барьж зодсон. Хамрын эмчилгээ, тархины зураг авахуулах зэргийг иргэний журмаар нэхэмжилнэ. Мөн өнгөрсөн 4 дүгээр сард ажилдаа яваагүй 7 хоног гэртээ байсан” гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Э.Г-ийн “ ... Түүнээс хойш дэслэгч Б-, ахлагч Ж- бид нар тухайн газраа эргүүл хийж нөгөө залуучууд бууж ирээд нөгөө Х- гэх залуу Мишээл экспо төв дотор шууд тамхи асаагаад татсан боль гэсэн шаардлага тавьсан чинь та нар намайг яах юм банди нар минь гэж шаардлага эсэргүүцэж хэл амаар доромжлоход цагдаагийн дэслэгч Б-ыг ойртох үед Х- гэх залуу нүүр, шанаа хэсэг рүү нь 1 удаа толгойгоороо мөргөхөд гарыг нь өчиж халдлагыг зогсоогоод цагдаагийн машин руу хүргэхээр авч явж байхад хоёр согтуу найз нь ирээд мөн бид нарын хувцаснаас зуурчхаад явуулахгүй шаардлага биелүүлэхгүй байсан.

Тэгээд байж байтал Х- гэх залуу дэслэгч Б-ын нүүр лүү дахиад мөргөсөн. Мөн хантаазыг нь мөрдөстэй нь татаж салгасан ба эрүүлжүүлэх байрны Арцат 121 чиглэлийн автомашиныг дуудсан ба фургон автомашин ирээд Х- гэх залууг фургон автомашинд суулгах гэж байтал миний баруун чигчий хурууг нэг удаа хазсан. Тэгээд би арагшаа ухарсан чинь эрүүлжүүлэх байрны цагдаа Б-ын хурууг мөн хазаж гэмтээсэн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 7-8 дахь тал/

 

Хохирогч Б.Б-ын “... 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орой 20 цагаас 04 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Мишээл экспо төвийн орчим эргүүл хамгаалалтын газрын цагдаа, цагдаагийн ахлагч Ж-, олон нийтийн цагдаа Г-ийн хамт үүрэг гүйцэтгэсэн. ... Тамхиа хая аа энд тамхи татах хориотой гэтэл танай баячуудын газар яасан их хуультай юм бэ, чи намайг барах уу банди минь гэж хэлсэн. Тэгээд тамхиа унтраахгүй татаад өөдөөс томроод зогсоод байхаар нь тамхиа дахин унтрааж хаяхыг шаардсан. Удаа дараа хэлсэн боловч тоохгүй янз янзын үгээр хэл амаар доромжлоод байсан. Би удаа дараа шаардлага тавилаа таньд би хууль ёсны шаардлага тавьж байна, удаа дараа хэллээ, биелүүлэхгүй бол биеийн хүч тусгай хэрэгсэл хэрэглэхээс өөр арга байхгүй шүү гэж хэлэхэд эрийн муу цагдаа лалрын банди минь хүрээд ир, нэвт хутга шаана шүү гэж хэлэхээр нь яваад очсон. За намайг гавла гэж хэлээд өөдөөс 2 гараа өгсөн. Тэр үед гавлаад аваад дагуулаад гарсан. ... Тухайн үед Х- гэх залуу гавтай байсан ба миний уруулын дээд тал руу мөргөсөн. Хоёр удаа баруун гуя руу өшиглөсөн. Зүүн гарын ар хэсэгт хазсан. Тэгээд хэлтсийн жижүүр рүү залгаж нэмэлтээр алба хаагч явуулаарай шаардлага эсэргүүцээд байна гэж хэлсэн. 20 минутын дараа Арцат 120 ирсэн бөгөөд эрүүлжүүлэх саатуулах байрны фургон машинтай хоёр алба хаагч ирээд тус 3 хүнийг эрүүлжүүлэх рүү авч явах гэтэл шаардлага эсэргүүцэж олон нийтийн цагдаа Г-, эрүүлжүүлэх байрны цагдаа Б- нарын гарыг Х- гэх залуу хазсан. ... Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 223-224 дэх тал/

 

Хохирогч О.Б-ын “... 2021 оны 12 дугаар сарын 15-наас 16-ны өдөр шилжих шөнө томилгооны дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд жижүүрийн цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан. ... Би очоод та нар цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээд хэлтэс рүү хамт явчих гэж хэлэхэд урдаас үгийн зөрүүгүй Х- гэх залуу ална шүү гэж хэлсэн.  Нөгөө хоёр залууг нь машинд суулгасан байсан бөгөөд Х- гэх залуу машин суухгүй намайг авч явах гээд байгаа юм, авраарай би чамайг ална гэж хэлээд байсан. Намайг мөргөөд байсан. Машин дотор суугаад камер өшиглөөд унагаасан. Х- гэх залуу миний нэр болон хувийн дугаар мөрдөсийг аваад шидсэн. ... Тэр үед Х-ыг автомашины руу оруулах үед машин дотор миний зүүн гарын чигчий хурууг хазаж гэмтээсэн. Тэгээд автомашинд суулгаад эрүүлжүүлэх саатуулах байранд авчирч эрүүлжүүлсэн. ... Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 228-229 дэх тал/

 

Хохирогч Б.О-ын “... 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орой 18 цагийн үед миний бие нь найзтайгаа Мишээл экспогийн Gem draft нэртэй хоолны газарт хоол идээд билльяард тоглож байгаад Х- гэх залуутай /үл таних/ танилцаад бид нар хамт тоглоцгоосон. Энэ үед манай найз гэр рүүгээ яваад би үлдээд билльяардаа үргэлжлүүлээд тоглосон. 00 цагийн үед тухайн газар нь хаахаар болоод Х-той хамт такси бариад Андуудад Panasonic гэсэн бичигтэй байрны нэг давхарт нэрийг нь мэдэхгүй шар айргийн газарт орж 50 граммаар нэг нэг коньяк нэртэй архи, Яагер нэртэй архи 50 граммаар нэг нэг ууцгаасан. Энэ газраас гаръя гэж хэлээд 02 цагийн үед гарах үед Х- нь ямар нэгэн шатгаангүй унагаагаад өшиглөөд толгой руу цохиод зодоод эхлэсэн. Тэгээд унаж тусаад зам руу гараад такси бариад /таксины дугаарыг нь санахгүй байна/ гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэгэхэд миний зүүн талын нүдний хөмсөг сэтэрч хавдсан. Хэнгэрэг өвдөөд байсан. Х- гэх залуутай ямар нэгэн байдлаар муудалцсан, маргалдсан ямар ч асуудал байгаагүй бөгөөд бид хоёр энгийн яриа өрнүүлээд хэвийн байдалтай байхад намайг яагаад зодох болсон талаар мэдэхгүй байгаа юм. Өөрөөс нь маргааш өдөр нь асуухад би юу ч санахгүй байна гэж хэлж байсан. Тухайн үед Х-ын найз нь гэх залуу бид хоёрыг салгасан. Юу болсон талаар нь сайн мэдэж байгаа. ... Миний зүүн хөмсөг сэтэрч, нүд хавдсан. 6-7 оёдол тавиулсан. Чих өвдөж байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой байна. Эмчилгээний зардлуудаа нэхэмжилнэ. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ..” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 39-40 дэх тал/

 

Гэрч Х.Ч-ынийн “... гурван эрэгтэй хүн тамхи татаад зогсож байхад 3 цагдаагийн алба хаагч орж ирээд тухайн 3 иргэнд тамхи татах хориотой гэж хууль ёсны шаардлага тавихад үл биелүүлээд байсан. Цагдаагийн алба хаагчид тухайн 3 иргэний хамт Street гудамжнаас гарахад урт үстэй залуу нь цагдаа нарыг үг хэл амаар ална гээд занаад байсан. Тэгтэл цагдаа нарын өөдөөс эсэргүүцээд байхаар нь гавлаад нэмэлтээр бас цагдаа нар ирээд авч явах гэхэд тэр урт үстэй нь нэг цагдаагийн толгой хэсэг рүү нь мөргөж, цагдаа нарын гараас нь хазаж автомашин руу орохгүй гээд эсэргүүцэж байгаад арай гэж оруулаад аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 28-29 дэх тал/

 

Гэрч Т.С-ын “... Ингээд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 3 алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байсан бөгөөд 23 цаг 55 минутын үед тус газарт үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг хаалгаад явж байсан. Би гадаа хаалтан дээр зогсож байсан. Дотроос 3 цагдаагийн алба хаагчийн хамт нэг урт үстэй 25-30 орчим насны залуу маргалдаж гарч ирсэн. Тэр урт үстэй залуутай хамт явсан 2 залуу түрүүлээд гараад ирсэн. Урт үстэй залуу гарч ирээд цагдаагийн алба хаагч болох Б-ыг чи хувцсаа тайлчих, хоёулаа үзье гэж хэлсэн. Тэрийг орилж чарлаад байхаар нь манай 6 хамгаалагч ирсэн. Бид хэд цагдаад туслахаар очсон боловч тэр залуус дийлдэхгүй цагдаагийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хэл амаар банди нараа үзэх үү гэх мэт хараалын үгүүд хэлж байсан. Цагдаа гавлах гэсэн боловч эсэргүүцээд гараа бултаж гаргаж ирээд хоёулаа үзэх үү гэх мэтээр хэлээд мөн хамт явсан хоёр нь орж ирээд найз яагаад байна гээд цагдаагаас салгаж түлхээд байсан. Тэр урт үстэй залуу бол хэрүүл маргааны эх үүсвэрийг тавьсан. Тэгээд урт үстэй залуу нэг цагдаагийн албан хаагчийн гарыг хазаад нөгөө хоёр найзаа дэвэргээд байсан. Манайх хяналтын камерын бичлэгтэй. Бүгд бичигдсэн байгаа. Манай хамгаалагч нар тэр залуусыг агсам согтуу тавиад цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж байхаар нь гавлахад нь тусалж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 32-33 дахь тал/

 

Гэрч Ц.Н-ынгийн “...Тэгээд сууж байгаад ахиад нэг шил архи авсан ба түүнийг нь уугаад сууж байтал Бат-Ирээдүй, Х- нар маргалдсан. Маргалдаж байгаад ширээн дээрээс шилэн аяга унасан ба цагдаа нар орж ирээд олон нийтийн газар биеэ зөв авч явах талаар сануулаад гараад явсан ба шар айргийн газар хаагаад бид нар бүгдээрээ гарцгаасан. Би түрүүлээд гарчихсан гадаа тамхи татаад зогсож байтал Х-ыг дагуулаад гараад ирсэн ба Х-ыг цагдаа нар авч явж эрүүлжүүлнэ гэхээр нь Ц- бид хоёр явуулахгүй гэж цагдаа нартай маргалдсан бөгөөд намайг цагдаа нар гавлаад фургон машины ар тал руу суулгасан ба Х- бол цагдаа нартай нэлээн маргалдсан бөгөөд цагдаа нартай зодолдсоныг бол хараагүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 36-37 дахь тал/

 

Гэрч Л.Ц-ын “... Тэгээд цагдаа нар намайг болон Н-ын, Х- бид гурвыг эрүүлжүүлэх байранд авчрахад нь ухаан орсон. Бид гурвыг нэг камерт оруулсан ба Х- орилж хашхираад хаалгыг нь нүдээд байсан. Цагдаа нар ирээд Х-ыг гавласан ба Х- цагдаа нарыг хараагаад байсан. Мөн хаалга толгойгоороо мөргөөд байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 40-41 дэх тал/

 

Гэрч Б.Ж-ын “... Б.Х- гэх иргэнд дэслэгч Б- тамхи энд татаж болохгүй, гарч тат гэж хэлсэн боловч эсэргүүцэж тамхиа татсаар байсан. Харин нөгөө хоёр залуу нь Х- гэх залууг машинд суулгах гэж байхад найзыгаа буюу Х-ыг суулгахгүй гэж бид нарыг хувцаснаас татаж түлхэж байсан. ... Харин Х- гэх залуу миний харснаар хоёр цагдаагийн хурууг хазаж нэг цагдааг мөргөж гэмтэл учруулсан. Нөгөө хоёр залуу нь бол цагдаагийн алба хаагчдыг цохиж зодсон зүйл бол байхгүй. Харин шаардлага эсэргүүцэж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 48-50 дахь тал/,

“... Тухайн шөнө дэслэгч Б.Б-, дэд ахлагч О.Б-, олон нийтийн цагдаа Э.Г- нарын биед халдсан нэг залуу түүний хоёр найз нь миний биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Урт үстэй нэлээн согтуу залуу нь цагдаагийн алба хаагч нарын биед халдсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 232-233 дахь тал/

 

Гэрч Ц.Б-ийн “... би Ц-ыг дагуулаад түрүүлээд гарсан. Араас Н-ын, Х- хоёр араас явж байсан ба нэг эргээд харахад Х-, Мишээл экспо төвийн зааланд тамхи асаачихсан явж байсан. Би Ц-ыг гаргачхаад эргээд орсон чинь өөдөөс цагдаа нар Х-ыг гавлачихсан Н-ынг дагуулчихсан гараад ирсэн ба Б.Х-, Л.Ц-, Ц.Ц- нар согтсон байсан учраас цагдаа нарын тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцээд байсан. Тэгтэл цагдаа нар Б.Х-, Л.Ц-, Ц.Ц- нарыг авч явна гэж хэлсэн. Тэгтэл Ц-, Ц- хоёр Х-ыг явуулахгүй гээд цагдаа нартай маргалдаж шаардлагыг нь биелүүлэхгүй байсан. Тэгтэл тэр хоёрыг бас гавласан. Удалгүй цагдаагийн фургон машин ирсэн. ... Би Х-ыг цагдаа нарыг цохиж зодохыг бол хараагүй. Би тэр үед нь тэндээс 1 дүгээр хэлтэс рүү явчихсан байсан ба цагдаа нар Б.Х-, Л.Ц-, Ц.Ц- нарыг намайг байх хугацаанд бол цохиж зодсон зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 53-55 дахь тал/

 

Гэрч Ц.М-гийн “... Х- билльяард тоглож байсан нэг залуутай танилцаад тэр залуугийн нэрийг О- гэж байсан. Тэгээд тэр газар хаах болоод Х-, О- хоёр Андуудын урд шар айргийн газарт очиж сууна гээд тэр хоёр такси бариад түрүүлээд явсан. Тэгтэл Т-, С-, Ж-, Н-ын нар нь гэр рүүгээ хариад би Х-ын араас Андуудын урд талын Эдинбург гэдэг газар очсон. Тэр газарт Х-, О- хоёр виски уугаад сууж байсан. Бид гурав тамхилах гээд гараад тэнд бас тамхи татаад зогсож байсан хүмүүстэй О-, Х- хоёр маргалдаж муудалцаад би тэр хоёрыг машинд суулгах гэхэд О-ын цүнх болон гар утас нь газар унаад би эд зүйлсийг нь газраас аваад машиндаа хийсэн. Тэгтэл Х- баруун гараараа О-ын нүүр лүү цохиход О-ын хөмсгөөс цус гараад эхэлсэн. Тэгээд Х-, О- хоёр хоорондоо зууралдаж ноцолдоод би тэр хоёрыг салгах гээд хүчрэхгүй байсан. Тэгтэл О- зугтаагаад явсан. Тэгээд би Х-ыг аваад гэрт нь хүргэж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 45-46 дахь тал/

 

Цагдаагийн дэслэгч О.Б-, Б.Б-ын биед үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №830 дугаартай:

“1. О.Б-ын биед зүүн гарын чигчий хуруунд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 154-155 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №708 дугаартай:

“1. Э.Г-ийн биед баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 158-159 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №707 дугаартай:

“1. Б.Б--н биед зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 162-163 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5424 дугаартай:

“1. Б.О-ын биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч, мурийлт, зүүн хацар, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн хөмсөгт язарсан шарх, баруун гуя, баруун сарвуу, цээж, зүүн шуу, бүсэлхий, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2022.04.05-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /2 дахь хавтаст хэргийн 49-50 дахь тал/

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/234 дугаартай ажлаас чөлөөлж, томилох цагдаагийн цол олгох тухай тушаал. /2 дахь хавтаст хэргийн 7-8 дахь тал/

 

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/116 дугаартай иргэн Б.Г-ийг олон нийтийн цагдаагаар ажиллуулах тухай тушаал. /2 дахь хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/04 дугаартай албан тушаалд томилж, цагдаагийн цол олгох тухай тушаал. /2 дахь хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн “... Б.О-ын зүүн нүд хөхөрч хавдсан, зүүн нүдний хэсэгт цагаан өнгийн маарлаар боосон, зүүн талын хацрын хэсэгт мөн хавдартай байсныг тэмдэглэлд тусгав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /2 дахь хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

 

Б.Х-ын яллагдагчаар өгсөн “... Бид нар шар айргийн газраас гарч явж байхдаа би Мишээл экспо төв дотор тамхи асаагаад татаж байтал ахиад цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд надад тамхиа гарч тат гэж хэлсэн. Тэгээд маргаан гарсан бөгөөд би тамхиа гарч тат гэхээр нь эсэргүүцсэн байх гэж бодож байна. Би түүнээс хойш болсон асуудлаа сайн санахгүй байгаа бөгөөд эрүүлжүүлэх байрны өрөөнд ухаан орсон. Би хоёр найз болох Н-ын, Ц- нартай хамт байж байсан. Харин Б-э байхгүй байсан.

... Э.Г-, О.Б-, Б.Б- нартай уулзаж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байгаа. Нэмж хэлэхэд би өөрийн буруугаа ойлгож гэмшиж байгаа. Э.Г-, О.Б-, Б.Б- нартай эвлэрсэн. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ... “гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 178-181 дэх тал/,

“... Би 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр шилжих шөнө 02 цагийн үед тэр өдөр танилцсан О- гэх залууг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ зодож биед нь гэмтэл учруулсан байсан. Тухайн үед миний бие их хэмжээний согтолттой байсан учраас болсон асуудал болон ямар шалтгаанаар О-тай маргалдсан талаараа санахгүй байна. ... Гэхдээ надад О-ыг зодно гэсэн бодол байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 60-61 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Мишээл экспо худалдааны төвийн орчим утаат тамхи татах явцад олон нийтийн газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах үйл ажиллагааг буюу хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн албан хаагч Б.Б-ын “зөвшөөрөгдөөгүй цэгээс бусад газарт тамхи татлаа” гэсэн шаардлагыг биелүүлээгүйн улмаас түүнийг цагдаагийн алба хаагч Б.Б-, О.Б-, Э.Г-, О.Б- нар эрх бүхий байгууллагад очиж шалгуулах шаардлагыг тавихад цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас болон гарын сарвууг хазах зэргээр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчийн О.Б-ын эрүүл мэндэд зүүн гарын чигчий хуруунд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Мөн шүүгдэгч Б.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Андууд Panasoniс гэсэн бичигтэй байрны 1 давхарт байх шар айргийн газраас гарахдаа хамт архи уусан Б.О-ыг шалтгаангүйгээр цохиж өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.

          Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Х- нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Б- “... Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй ...” /1 дэх хавтаст хэргийн 228-229 дэх тал/ гэж, хохирогч Э.Г- “... Надад одоо санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж, хохирогч Б.Б- “... Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1 дэх хавтаст хэргийн 223-224 дэх тал/ гэж тус тус мэдүүлсэн, түүнчлэн хэрэгт хохирогч Э.О-ын эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбогдон гарсан зардлын баримт авагдаагүй байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

Гэхдээ хохирогч Э.О- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, ялын нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 80 хоногийг нэмж нэгтгэн 2 жил 2 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээнх зөвшөөрсөн байдал,цагдаагийн алба хаагч нарт учруулсан хохирол, хор уршийг төлж барагдуулсан, мөн өөрийнх нь торгуулийн ял оногдуулж өгнө үү, хохирогч Б.О-ын хохирлыг бүрэн барагдуулж өгнө гэсэн хүсэлт зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн 3,600,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, Б.Х- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүний биед учруулж үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 3,600,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Х-ыг торгох ялыг 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Х- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Х- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.О- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ