Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82

 

 

 

 

 

 

 

 

 2022           02           14                                       2022/ШЦТ/82

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Ч.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Ч-ын С-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205000000058 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ... аймаг ... суманд төрсөн 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... оюутан, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүрэг ... хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ч-ын С-.

 

Шүүгдэгч Ч.С- нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандан центрийн 2 дугаар давхарт бааранд үл ойлголцох, хэрүүл, маргааны улмаас хохирогч Б.Х-тэй харилцан зодолдож улмаар түүний толгой тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Прокуророос Ч.С-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад шүүгдэгч Ч.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” хийсэн гэж үзэв. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.С- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай найз 23 цагийн үед Л-, Х- хоёр муудалцаад байхаар нь би очоод салгаж байсан. Намайг хэл амаар доромжлоод Х- намайг түрүүлж цохиод би буцаагаад цохисон. Тэгээд чихнээс нь цус гарсан” гэв.

 

Хохирогч Б.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн “Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандан центрийн 2 дугаар давхарт байрлах бааранд тайзны гэрэл, дууны ажилтнаар ажиллаж эхэлсэн бөгөөд манай Гандан центр баарны хамт олон 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагаас эхэлж шинэ жилийн баяр тэмдэглэсэн ба 23 цагийн үед би тайзан дээр дуу тавьж байтал өмнө нь бааранд зохион байгуулагч хийж байсан гэх Л- гэж залуу дуулна, микрофоноо өг гэхээр нь арай дуулах болоогүй гэтэл дуулна гээд надтай маргалдаад хэл амаар доромжлоод байхаар нь би маргалдаад байж байтал зөөгч С- хүрч ирээд Л-ыг өмөөрөөд намайг хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгэхээр нь тайзны хажууд С-ын шанаа хэсэг рүү нэг удаа цохитол С- намайг эргүүлээд цохиод тэгээд миний биед гэмтэл учирсан. Намайг тэд нар нийлээд зодох гээд дайраад байсан бөгөөд тэгээд хамт ажилладаг хүмүүс ирж болиулсан. Ийм л зүйл болсон. Тэгээд би ах Хосзул руу залгаад хэлтэл манай ах цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тэгээд Гэмтэл ороод чихэндээ 7-8 оёдол тавиулсан.

... Гандан центрт хамт ажилладаг зөөгч С- гэж залуу гараараа цохиж учруулсан. Намайг С-аас өөр хүн цохиж зодоогүй.

... Би одоо учирсан хохирлоо арилгуулж эмчилгээний зардлаа нөхөн төлүүлнэ. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг . /хэргийн 9 дэх тал/

 

Гэрч Э.С-ын “ ... Тэгтэл 22-23 цагийн үед манай бааранд өмнө зохион байгуулагч хийдэг байсан Л- шинээр ажилд орсон гэрэл, дууны ажилтан Х- гэх залуу хоёр маргалдаад байсан ба Х- Л-ыг нэг удаа нүүр лүү нь мангасдсан. Тэр үед манай хамт ажилладаг зөөгч С- очоод салгатал С-ыг Х- нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон ба С- тэр үед эргүүлээд Х-гийн толгой, нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр үед тогооч Төгөлдөр бас өөр ажлын хүмүүс очоод салгасан. Ийм л зүйл болсон ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13 дахь тал/

 

Гэрч Э.З-ын “ ... Х- гэх залуу зөөгч С-ын нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон ба тэр үед би очоод Х-, С- хоёрыг салгасан. Тухайн үед өөр ажлын хүмүүс очоод хамт салгасан. Ийм л зүйл болсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1305 дугаартай:

“1. Б.Х-гийн биед зүүн чихний дэлбээний угт шарх, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 16-17 дахь тал/

 

Ч.С-ын яллагдагчаар өгсөн “... 23 цагийн үед тайзны хажууд манайд өмнө зохион байгуулагч хийж байсан Л- дуу, гэрлийн ажилтан Х-тэй маргалдаад байсан. Тэгэхээр нь би очоод болиулах гэтэл Х- над руу дайраад миний нүүрэн тус газар цохиод авахаар нь би эргүүлээд Х-гийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгтэл манай ажлын хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд л Х-гийн биед нь гэмтэл учруулчихсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Х- тухайн үед нилээн согтуу байсан бөгөөд Л- бас нилээн согтуу байсан.

... Би уг нь Л-, Х- хоёрыг салгах гэтэл Х- над руу дайраад намайг цохиод авахаар нь эргүүлээд Х-г цохисон. Ийм л зүйл болсон. Х- бид хоёр өмнө нь ямар нэгэн хэрүүл маргаан огт хийж байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

          Дээрх нотлох баримтуудаар Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандан центрийн 2 дугаар давхарт бааранд тус газар тайзны гэрэл, дууны ажилтан хохирогч Б.Х-, зохион байгуулагчаар ажиллаж байсан Л- нарын хооронд үл ойлголцлын улмаас маргаан үүсжээ.

          Улмаар хохирогч Б.Х- нь Л-ын нүүрэн тус газар алгаараа самардах үйлдэл хийх үед уг үйл явдлыг харсан шүүгдэгч Ч.С- тэдгээрийг салгах явцад хохирогч Б.Х- нь шүүгдэгч Ч.С-ын нүүрэн тус газар цохиход шүүгдэгч Ч.С- нь хариу үйлдэл хийж хохирогч Б.Х-гийн эрүүл мэндэд зүүн чихний дэлбээний угт шарх, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн эрүүл мэнд болон хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учрах, эсхүл хор хохирол учруулах бодитой шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ... эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилжээ.

Нийгэмд аюултай халдлага бодитой эхэлсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд бодитой хүч хэрэглэсэн шинжтэй шууд заналхийлэл нь аргагүй хамгаалалт хийх хууль зүйн үндэслэл юм.

Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Х-гийн бусдын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан түүний зүй бус үйлдлийг таслан зогсоох гэсэн шүүгдэгч Ч.С-ын эсрэг илэрхий, хүч хэрэглэсэн довтолгоо хийж шүүгдэгч Ч.С-ын нүүрэн тус газар нь цохиж халдсан нь шүүгдэгч Ч.С-ын эрүүл мэнд болон хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учрах, эсхүл хор хохирол учруулах бодитой шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болсон бөгөөд хохирогчийн энэ үйлдэлд шүүгдэгч Ч.С- хариу үйлдэл хийсэн нь өөрийгөө хамгаалсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.С-ын хувьд тухай үед өөрийн зүгээс бусдын эсрэг ямар нэгэн өдөөн хатгалд хийсэн, хувийн таарамжгүй байдал үүсгэсэн, харилцан бие биенийхээ эрх чөлөө, бие махбодид халдах нөхцөл байдлуудыг үүсгээгүй байна.

 

Гэхдээ мөрдөн шалгах явцад хохирогч Б.Х- “ ... С- хүрч ирээд Л-ыг өмөөрөөд намайг хэл амаар доромжилоод эхэлсэн” /хэргийн 9 дэх тал/ гэж мэдүүлж байгаа боловч хэрхэн хэл амаар доромжилсон болох нь тодорхойгүй ба бусад гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч зүй бус үйлдэл гаргасан гэх байдал тогтоогдоогүй байна.

Тодруулбал, дээрх уг үйл явдлыг харсан анхдагч, шууд нотлох баримтууд болох гэрч Э.С-, Э.З- нарын мэдүүлгээр шүүгдэгч Ч.С- нь хохирогч Б.Х-г санаатай өдөөн хатгаж, түүнтэй хэрүүл маргаан үүсгэж, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөулийг бий болгосон нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан үндэслэл бий болсон гэж үзсэн болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-ын хохирогч Б.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж дүгнэж түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал бий болсон тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ч-ын С-ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай.

 

2. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ч.Сонибат баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ч.С-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.С-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ