Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2016/0167

 

 

 

 

 

 

 

 

М.Э   нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч М.Э   нарыг оролцуулан Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч М.Э   гаргасан давж заалдах гомдлоор М.Э   нэхэмжлэлтэй, Булган аймгийн Боловсрол, соёлын газрын дарга, Биеийн тамир, спортын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. М.Э   2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...М.Э  ийг аймгийн Боловсрол, соёлын газрын Соёлын өв хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, Биеийн тамир, спортын газрын даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү” гэжээ.  

Хоёр. Хариуцагч Булган аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Д.Ц 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай Монгол улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар тогтоол, түүнд нийцүүлэн гаргасан аймгийн Засаг даргын 2015 оны А/42 дугаар захирамжаар Боловсролын газрыг Боловсрол, соёлын газар болгон өөрчилсөн.

Үүний дагуу Боловсрол, соёл шинжлэн ухааны сайдын 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1а/1369 тоот албан бичгээр аймгийн Боловсролын газарт зөвхөн соёлын арга зүйчийн нэг орон тоо болон цалингийн сан нэмэгдэж байгаа болно гэсэн чиглэл ирүүлсэн. Аймгийн Засаг даргын А/42 дугаар захирамжаар Соёл, спорт, аялал жуулчлалын газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтнийг чиг үүргийн дагуу тус газарт шилжүүлэхээр үүрэг болгосныг хэрэгжүүлэн хуучин манайд ажиллаж байгаад очсон Б.Б томилон ажиллуулж байгаа. Засгийн газрын тогтоол болон аймгийн Засаг даргын захирамжаар соёлын асуудал хариуцсан мэргэжилтнийг чиг үүргийн дагуу шилжүүл гэсэн. Соёлын өв, аялал жуулчлалын мэргэжилтэн гэсэн орон тоог шилжүүлэх тухай ямар ч заалт байхгүй. Энэ хоёр албан тушаалыг нэг чиг үүрэгтэй гэж үзэж болохгүй. Учир нь соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, соёлын өв хариуцсан мэргэжилтэн хоёр чинь шал хоёр өөр чиг үүрэгтэй мэргэжил юм.

Тэгээд ч соёлын асуудал хариуцсан мэргэжилтэнд тавигдах ерөнхий шаардлага нь Соёл урлагийн их сургууль төгссөн, бакалавр зэрэгтэй хүн байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч М.Э   нь Багшийн их сургууль төгссөн, багш мэргэжилтэй хүн.

Яагаад ч соёлын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр наад захын тавигдах шаардлага хангахгүй. Тэгээд ч манайд соёлын асуудал хариуцсан мэргэжилтний 1 орон тоо л нэмэгдсэн. Соёлын өв хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй. Соёлын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр хуучин манай байгууллагад ажиллаж байгаад Соёл, спорт, аялал жуулчлалын газар үүсэхэд чиг үүргийнхээ дагуу явсан хүнийг эргүүлээд авсан.

Нэхэмжлэгч М.Э  нь соёлын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр ажиллаж байгаагүй, энэ орон тоо цөөрөөгүй байхад шалгаруулалт явуулах шаардлага байхгүй.

Харин Соёл, спорт, аялал жуулчлалын газар татан буугдахад нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо байхгүй болсон учраас анхнаасаа өөр ажилд томилогдох эсвэл тэтгэмжээ авах асуудал яригдах байсан байх. Тэгээд ч төрийн байгууллага өөрчлөн байгуулагдах үед ажиллаж байсан хүмүүсийг ажлаас чөлөөлж, дахин томилгоо хийдэг учиртай. Гэтэл Биеийн тамир, спортын газрын дарга манай байгууллагад захиран тушаах шинжтэйгээр нэг ажилтныг шууд шилжүүлж, манай байгууллага түүнийг томилно гэсэн ойлголт байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Гурав. Хариуцагч Биеийн тамир, спортын газрын дарга А.Х 2015 оны 11 дүгээр сарын 27-ын өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 146 дугаар тогтоолоор Биеийн тамир, спортын газрыг татан буулгаж Соёл, спорт, аялал жуулчлалын газар болгон бүтэц орон тоонд өөрчлөлт оруулан, Аймгийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/253 дугаар захирамжаар Байгаль орчин, Боловсрол соёлын газраас 2 мэргэжилтэн шилжин ирж ажилласан.

2014 оноос Биеийн тамир, спортын газрын 22 орон тоон дээр соёлын 1, аяллын 1 орон тоо нэмэгдэж, нийт 24 орон тоотойгоор тус газар нь үйл ажиллагаа явуулж байсан байна. М.Э ийг томилохдоо аялал жуулчлалын мэргэжилтний орон тоон дээр ажиллуулах урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулахад мэргэжил тохирохгүй гэсэн дүгнэлт гарч байсан байна.

Тухайн үед аймгийн Засаг даргатай зөвшилцөн Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас соёлын өвийн мэргэжилтэн гэсэн орон тоон дээр Мэргэжлийн хяналтын газрын соёлын өвийн улсын байцаагч цалингийн төсөвтэйгээ 2015 онд шилжин очно гэсний дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/45 тоот тушаалаар М.Э  ийг соёлын өв, аялал жуулчлалын сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр түр 3 сарын хугацаагаар томилуулан ажиллуулж байсан байна.

Ингээд бүтэц орон тоонд өөрчлөлт орж чиг үүргийнх нь дагуу соёлын асуудал хариуцсан мэргэжилтэнг Боловсрол соёлын газарт, аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэнг Байгаль орчны газарт тус тус харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Дээрх Засгийн газрын тогтоолын дагуу М.Э “...Байгаль орчин аялал жуулчлалын газар, Боловсрол соёлын газар хоёрын аль руу нь шилжүүлэн ажиллуулах вэ” гэж асууж зөвшилцсөний үндсэн дээр “...Боловсрол соёлын газар руу шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу шилжүүлсэн. Ер нь соёлын өв хариуцсан мэргэжилтний орон тоо байхгүй байсан. 2015 оны 1 сараас энэ орон тоо батлагдах ёстой байтал М.Э  ийг 2015 онд 3 сар чөлөөтэй байсан хүний оронд ажиллуулж цалинжуулж байсан. Түүнээс биш соёлын өв хариуцсан мэргэжилтний орон тоо байгаагүй.

Иймд М.Э   нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй” гэжээ.

Дөрөв. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр:

“...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9, 71, 72 дугаар зүйлийг удирдлага болгон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн М.Э  ээс аймгийн Боловсрол, соёлын газрын даргад холбогдуулан Соёлын өв хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, Биеийн тамир, спортын газрын даргад холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин 7.675.787 /долоон сая зургаан зуун далан таван мянга долоон зуун наян долоон/ төгрөгийг гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Тав. Нэхэмжлэгч М.Э   2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Булган аймгийн Засаг даргын 2013 оны А/452 дугаар захирамжаар батлагдсан Соёл спорт, аялал, жуулчлалын газрын бүтцэд байгаа Соёлын өвийн мэргэжилтний орон тоон дээр аймгийн Засаг даргын удаа дараагийн хүсэлт шаардлагаар /Аймгийн музейн захирлын ажилд эгүүлэн томилогдсон шүүхийн шийдвэртэй/ ажилласан.

Энэ ажилд томилогдоод удаагүй байтал Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч Соёл, спорт аялал жуулчлалын яамыг татан буулгахдаа тухайн салбарт ажиллаж буй хүмүүсийг цомхтгох талаар асуудал хөндөлгүйгээр ажилтнуудыг чиг үүргийнх дагуу шилжүүлж ажиллуулахыг даалгасан.

Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2015 оны А/42 дугаар захирамжаар чиг үүргийнх дагуу шилжүүл гэсэн шийдвэр гарсан байдаг.

Шүүх нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ “...М.Э   нь Соёл, спорт аялал жуулчлалын газарт аймгийн Засаг даргын А/452 дугаар захирамжийн дагуу шинээр бий болсон Соёлын өв хариуцсан мэргэжилтний орон тоон дээр ажиллаж байжээ” гэсэн хэрнээ “...Соёл, спорт, аялал жуулчлалын газарт соёлын өв хариуцсан мэргэжилтний орон тоо, цалингийн сан байхгүй байсан нь хариуцагч гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна” гэжээ.

Боловсрол соёлын газарт “Соёлын өв хариуцсан мэргэжилтэн”-ийн орон тоо байхгүй” гэж дүгнэснийг учир дутагдалтай дүгнэлт гэж үзэж байна. Учир нь соёлын өвийн асуудал бол соёлын салбарын нэг томоохон асуудал үүнийг соёлын салбарт хамааралгүй мэт дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүгч шийдвэрийг үндэслэх хэсэгт “...Соёлын болон Соёлын өвийн тухай хуулийн заалтаас харахад Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, соёлын өв хариуцсан мэргэжилтний ажлын чиг үүрэг өөр өөр байхаар зохицуулжээ” гэжээ. Гэтэл энэ асуудал чиг үүргийн хувьд соёлын салбарын ажил.

Соёл, спорт аялал жуулчлалын газрыг байгуулахад орон тоог нь аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд батлахдаа “Соёл урлаг, аялал жуулчлалын алба”-тай энэ нь соёлын салбарыг хариуцсан 4, аялал жуулчлалын салбар хариуцсан 2 орон тоотой баталж, тухайн үед эдгээр орон тоон дээр хүмүүсийг авч ажиллуулж байсан. Харин тухайн газар татан буугдахад Боловсрол, соёлын газар яамны чиглэлийнхээ дагуу нэг ажилтныг авч ажиллуулах болжээ.

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн” гэж үзэх үндэслэл байхад шүүх М.Э   “Соёлын чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг хүлээлгээгүй” гэсэн дүгнэлт нь хууль буруу тайлбарлан хэрэглэлээ гэж үзэж байна.

Намайг соёлын тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж байсан, Боловсрол соёлын газар шилжих ёстойг гэрч Э тодорхой мэдүүлсэн.

Иймд Боловсрол,соёлын газар нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “...томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна” гэсэн шаардлагыг хангаагүйг тогтоож, соёлын мэргэжилтний ажлын байранд сонгон шалгаруулж авахыг даалган ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах хүсэлтийг минь ханган анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Зургаа. Хариуцагч Булган аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга А.Х 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2015 оны А/42 дугаар захирамжаар Соёл, спорт, аялал жуулчлалын газрыг татан буулгаж тус газарт ажиллаж байсан зарим мэргэжилтэн нарыг чиг үүргийн дагуу Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэнг Боловсрол соёлын газарт, Аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэнг Байгаль орчны газарт тус тус харьяаллын дагуу шилжүүлсэн.

Үүнтэй холбоотойгоор соёлын өв, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн М.Э хүсэлт гаргасныг үндэслэн Биеийн тамир, спортын газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 19-ний Б/01 дүгээр тушаалаар аймгийн Боловсролын газарт хүргүүлсэн.

М.Э  ийг шилжүүлсэн Биеийн тамир, спортын газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 19-ний Б/01 дүгээр тушаалд ямар нэгэн гомдол гаргаагүй бөгөөд уг тушаал нь хүчин төгөлдөр байгаа тул М.Э   манай байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгосон Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр баталж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч М.Э давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Булган аймгийн Сум дундын 4 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх тухай 703 дугаар захирамж, мөн өдрийн 127 дугаар гүйцэтгэх хуудсаас үзэхэд иргэн М.Э нэхэмжлэлтэй тус аймгийн Засаг даргад холбогдох, аймгийн музейн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4.538.489 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид харилцан тохиролцож М.Эрдэнэчимэгийг 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинд 1500000 төгрөг, мөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр тус тус эвлэрснийг шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 165/А захирамжаар баталжээ.

Гэвч нэхэмжлэгчийг музейн захирлын албан тушаалд бус, харин аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газарт Соёлын өв, аялал жуулчлалын сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 3 сарын хугацаагаар томилж ажиллуулсан болох нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/45 дугаар тушаалаар тогтоогддог бөгөөд тухайн үед удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу энэхүү тушаалыг гаргасан болох нь тус газрын даргаар ажиллаж байсан Г.Б;

-ийм үүрэг даалгаврыг, мөн бүтэц өөрчлөгдсөний дараа Боловсрол, соёлын газрын даргад М.Э авч ажиллуулах талаар чиглэл өгч байсан болох нь аймгийн Засаг дарга Д.Э шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 8 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2015 ны 2 дугаар сарын 9-ний өдрийн А/42 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Соёл, спорт, аялал жуулчлалын газрыг Биеийн тамир, спортын газар болгон өөрчилж, тус газарт ажиллаж байсан мэргэжилтнүүдийг чиг үүргийн дагуу шилжүүлэн ажиллуулахыг Боловсрол, соёлын газрын болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарт үүрэг болгосон байх тул Биеийн тамир, спортын газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн саналыг харгалзан үзэж 3 дугаар сарын 23-ны өдрөөс шинээр байгуулагдсан Боловсрол, соёлын газарт шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй, энэхүү тушаал нь дээр дурдсан Засгийн газрын тогтоол, Засаг даргын захирамжийг үндэслэж гарснаас гадна уг шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй байдаг.

Харин Боловсрол, соёлын газрын дарга Засаг даргын захирамжийг эс биелүүлж, зохих ажил, албан тушаалд томилохгүй байсантай холбогдуулан нэхэмжлэгчээс тус газрын даргад холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сум дундын 4 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хэрэг хянан шалгах ажиллагааны явцад өмнөх музейн захирлын албан тушаалд томилохоор харилцан тохиролцсоныг баталсан шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаатай холбогдуулан нэхэмжлэлээ татан авсан нь шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 766 дугаар захирамжаар нотлогддог.

Түүнчлэн Булган аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 394 дүгээр шийдвэрээс үзэхэд аймгийн Засаг даргаас түүнд Соёл, спорт, аялал жуулчлалын газарт ажиллах санал тавьж байсныг, шүүгчийн захирамжид заасан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1.5 сая төгрөгийг нэмэгдүүлж 3.0 сая төгрөг болгон олгосныг болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн Б/102 дугаар захирамжаар нэгэн зэрэг М.Эрдэнэчимэгийг музейн захирлын албан тушаалд томилж, ээлжийн амралт олгон, амралтын хугацаа дуусмагц ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Эдгээрээс дүгнэхэд, нэхэмжлэгчийн шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалаа эрхлэх эрх хэлбэрийн төдий хангагдсан, мөн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу ажиллаж байсан газар нь өөрчлөн байгуулагдсанаар цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих зэрэг хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг хариуцагчаас хязгаарласан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг Соёл, спорт, аялал жуулчлалын газарт томилогдон ажилласан байсан талаар дүгнэсэн атлаа тус газрыг татан буугдсанаас хойш Биеийн тамир, спортын газрын даргын тушаалаар түүнийг Боловсрол, соёлын газарт шилжүүлсэнтэй нь холбогдуулан тус газарт соёлын чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалд ажиллаж байсан нь эргэлзээтэй гэж, мөн соёлын асуудал хариуцсан болон соёлын өв, аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний ажиллах чиг үүрэг өөр гэж үзэн Д.Эрдэнэчимэгт ажил, үүргийн хуваариар соёлын асуудал хариуцах чиг үүрэг хүлээлгээгүй, бүтэц өөрчлөн байгуулагдахад нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр хасагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, цаашлаад ...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах боломжтой байжээ... гэсэн атлаа энэхүү баталгаагааг хариуцагчаас олгосон эсэхэд ямарч дүгнэлт хийлгүйгээр, нэхэмжлэгчийг соёлын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд ажиллаж байсан бол чиг үүргийнхээ дагуу ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг харгалзан мэдлэг, чадвар, ажлын дадлага туршлага зэргийг шалгаруулах боломж Боловсрол, соёлын газарт байжээ гэсэн нь ойлгомжгүй болжээ.

Хэдийгээр Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 382 дугаар тогтоолоор Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгахдаа уг тогтоолын 8-д татан буугдаж байгаа яамны холбогдох албан хаагчдын тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь хууль тогтоомжийн дагуу хамаарах яаманд шилжүүлэхийг холбогдох сайд, албан тушаалтанд даалгасан, мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын аймаг, нийслэлийн Засаг даргад нарт хүргүүлсэн 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1а/1369 дүгээр албан бичигт ...Боловсролын газарт зөвхөн соёлын арга зүйчийн нэг орон тоо болон цалингийн сан нэмэгдэж байгаа... гэсэн чиглэл өгсөн ч нэхэмжлэгчийн Төрийн албаны хуулиар болон шүүгчийн захирамжаар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, түүнийг урьд эрхэлж байсан адилтгах ажил, албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болно.

Үнэхээр орон тоо байхгүй, цалингийн сан хүрэлцэхгүй байх тохиолдолд нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулиар олгогдсон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг авах, эсхүл батлагдсан орон тоонд мэдлэг, ур чадвар, туршлага зэргээ шалгуулан өрсөлдөх эрхээ ийнхүү томилохгүй байгаагаас хэрэгжүүлэх боломжгүйд хүргэжээ.

Иймд шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан соёлын өв, хариуцсан мэргэжилтэнтэй адилтгах ажил, албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин Биеийн тамир, спортын газрын даргад холбогдуулж гаргасан 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэг үндэслэл бүхий байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Э Булган аймгийн Боловсрол, соёлын газарт өмнө эрхэлж байсан Соёлын өв хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаал, эсхүл түүнтэй адилтгах албан тушаалд томилохгүй байгаа тус газрын даргын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, зохих ажил, албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж, 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин 7.675.787 төгрөгийг Биеийн тамир, спортын газраас гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу М.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасантай холбогдуулан хариуцагч Боловсрол, соёлын газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН