Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/44

 

 

 

 

 

 

 

    2022         01          13                                       2022/ШЦТ/44

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч А.Ариунаа, шүүгдэгч О.М-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч А овогт О-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2103003490005 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгчийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, А овогт О-ын М,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.М- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 20 минутын орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Туул голын гудамж, Цоглог хотхоны хойд замд Тоёота Королла маркийн 00-000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “..Жолооч дараах зүйлийг хориглоно. а/. тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган хүнийг зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Ег 16 /настай, эмэгтэй/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч О.М-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Е мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ...хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар гарч явахад миний баруун гар талаас машин ирж намайг мөргөсөн, би газар унасан. ...Жолооч над дээр хүрч ирээд ахыгаа уучлаарай миний араас машин сигналдаад арын машинаа харж байгаад харахгүй мөргөчихлөө гэж хэлсэн..” /хавтас хэргийн 22-23 дахь тал/ гэсэн,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай охиныг явган  хүний гарц дээр 00-000 ААА улсын дугаартай машины жолооч мөргөчихсөн байсан....” /хавтас хэргийн 27-28 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ц.Энхдалай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...94-03 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний тээврийн хэрэгсэл 2021 оны 10 дугаар сарын 30-ны өглөө намайг унтаж байхад миний машины түлхүүрийг надад хэлэлгүй авч гараад ийм асуудал болсон...”/хавтас хэргийн 37 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч О.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өглөө ...гэрт хадгалж байсан 0,5 литрийн архийг задалж 150 грамм орчмыг уучхаад 11 цагийн үед ахынхаа эзэмшлийн Тоёота Королла маркийн 00-000 ААА улсын дугаартай автомашиныг жолоодон Зайсангийн Цэлмэг хотхоны тэнд хүнтэй уулзах гээд явж байгаад Оргил худалдааны төвийн дундуур явдаг туслах замаар зүүнээс баруун тийш чиглэлд явж байгаа явган хүний гарцаар хүн гарч ирснийг харалгүй мөргөсөн...” /хавтас хэргийн 97 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10664 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.Егийн биед зүүн умдаг ясны дотор ирмэг сэлтэрсэн хугарал, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 50-51 дэх тал/ гэсэн,

- Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №161621 дугаартай дүгнэлтэд: “...1. Урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос, зогсоолын тоормос, дуут дохио, хурдны хайрцгийн ажиллагаа зэрэг нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагуудыг хангаж байна. Харин урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, дугуйн хээний гүн, стандартын шаардлага хангахгүй, зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй /гэрлийн цайр нар салхинд гандаж шарлаж бүдгэрч тохиргоо алагдсан байсан/ зүүн гар талын тоормосны гэрэл асахгүй, бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй, зүүн хойд гэрлийн бүрхүүл хагарсан, хойд буфер зүүн талдаа 20см орчим талбайд хагарч будаг халцарсан, урд буфер зүүн талдаа 15см орчим талбайд хагарч сэтэрсэн, хойд суудлууд хамгаалах бүс байхгүй, галын хор эмийн сан байхгүй байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.

...3. Уг автотээврийн хэрэгслийн дээрхи эвдрэл гэмтлүүд нь хэзээ яаж үүссэн эсэх, зам тээврийн осолд хэрхэн  нөлөөлөхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй.

...6. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй ба автотээврийн хэрэгслийн хурд, зам орчны нөхцөл байдал, цаг агаар зэргээс хамаараад тоормос мөр зам дээр үүснэ...”/хавтас хэргийн 59-65 дахь тал/ гэсэн,

 

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №336 дугаартай магадалгаанд: “...1. Тоёота Королла маркийн 00-000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан О.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно., Мөн дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй...” /хавтас хэргийн 69-70 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 5 дахь тал/,

-  Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 6-11 дэх тал/,

-  Хохирлын баримтууд /хавтас хэргийн 15-19 дэх тал/,

- Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 14-3а/3036 дугаартай албан бичиг /хавтас хэргийн 82 дахь тал/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /хавтас хэргийн 101 дэх тал/,

- Шүүгдэгч О.М-ын хувийн байдалтай холбоотойгоор гэрч М.Болортуяагийн мэдүүлэг /хавтас хэргийн 84 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 74 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 75-76 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтас хэргийн 86 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 87 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч О.М- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 20 минутын орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Туул голын гудамж Цоглог хотхоны хойд замд Тоёота Королла маркийн 00-000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “..Жолооч дараах зүйлийг хориглоно. а/. тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган хүнийг зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Ег 16 /настай, эмэгтэй/ мөргөж, эрүүл мэндэд нь зүүн умдаг ясны дотор ирмэг сэлтэрсэн хугарал, баруун ташаанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох насанд хүрээгүй хохирогч Г.Егийн “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ...хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар гарч явахад миний баруун гар талаас машин ирж намайг мөргөсөн, би газар унасан. ...Жолооч над дээр хүрч ирээд ахыгаа уучлаарай миний араас машин сигналдаад арын машинаа харж байгаад харахгүй мөргөчихлөө гэж хэлсэн..” /хавтас хэргийн 22-23 дахь тал/ гэсэн, 

Шүүгдэгч О.М-ын “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өглөө ...гэрт хадгалж байсан 0,5 литрийн архийг задалж 150 грамм орчмыг уучхаад 11 цагийн үед ахынхаа эзэмшлийн Тоёота Королла маркийн 00-000 ААА улсын дугаартай автомашиныг жолоодон Зайсангийн Цэлмэг хотхоны тэнд хүнтэй уулзах гээд явж байгаад Оргил худалдааны төвийн дундуур явдаг туслах замаар зүүнээс баруун тийш чиглэлд явж байгаа явган хүний гарцаар хүн гарч ирснийг харалгүй мөргөсөн...” /хавтас хэргийн 97 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10664 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Г.Егийн биед зүүн умдаг ясны дотор ирмэг сэлтэрсэн хугарал, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.../хавтас хэргийн 50-51 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд,

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 6-11 дэх тал/, Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 14-3а/3036 дугаартай албан бичиг /хавтас хэргийн 82 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

     Шүүгдэгч О.М- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болон зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болох нь хавтаст хэргийн 82 дугаар талд авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн “...О.М-ын мэдээллийг жолоочийн бүртгэлийн санд хянахад жолоочийн бүртгэлгүй (тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй) байна” гэсэн, албан бичиг, 12 дугаар талд авагдсан жолоочийг драйгер багажаар үлээлгэж үзэхэд “...О- овогтой М-ыг драйгер багаж ашиглах шалгахад 3,30 хувийн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч О.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч О-ын М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч О.М-ад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох  албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.М- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.

 

3. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Егийн эрүүл мэндэд зүүн умдаг ясны дотор ирмэг сэлтэрсэн хугарал, баруун ташаанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2,500,000 төгрөгийн хохирол төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. Шүүх хохирогчид учирсан гэмтэл, түүний насанд хүрээгүй зэрэг нөхцөлийг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2103003490005 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.М- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ганбаатар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт О-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй этгээд согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч О-ын М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч О.М-ад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч О.М- нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ганбаатарт 2,500,000 /хоёр сая, таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, насанд хүрээгүй хохирогч Г.Е, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн 2103003490005 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.М- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ганбаатар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР