Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2018/00171

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 05 өдөр             Дугаар 153/ШШ2018/00171                Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт оршин суух, ПЗ62052019 тоот регистрийн дугаартай, Мөөнө овогт Навааны Сандагдоржийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Сандагдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн, нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Сандагдорж нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг багт эцэг, эхийн хамт 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үхэрчнээр ажиллаж байгаад 1984 онд гэр бүл болж, мөн багтаа 1993 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тасралтгүй мал маллаж байсан ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Н.Сандагдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Сандагдорж нь 1978 оноос эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1993 оныг дуустал үхэрчнээр ажиллаж байсан. Түүний аав нь ахмад дайчин хүн байсан. Дайнд явахад нь Н.Сандагдорж ээжийнхээ хамт аавынхаа нэр дээр мал авч нэгдлийн мал маллаж байсан. Н.Сандагдорж нь 1980 оны 06 дугаар сард цэрэгт яваад 1983 оны 07 дугаар сард халагдаж ирсэн. Цэргээс халагдаад нэгдэлдээ ирж ажилласан. Давшилт нэгдэл 1993 онд тараад Давшилт ХХК болсон. Н.Сандагдорж нь нэгдлийн суурь дээр байгуулагдсан Давшилт ХХК-д мөн үхэрчнээр ажиллаж байсан. Иймд Н.Сандагдоржийг 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сар хүртэл, 1983 оны 07 дугаар сараас 1992 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд үхэрчнээр, 1993 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХХК-д үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Сандагдорж нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сар хүртэл, 1983 оны 07 дугаар сараас 1992 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд үхэрчнээр, 1993 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХХК-д үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 01 сарын 24-ны өдрийн 93 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Мянгад сумын 1978 оны мал тооллогын бүртгэлд Ч.Навааны мал тоолуулсан талаарх лавлагаа, 1979-1980 оны Н.Пүрэвдоржийн мал тоолуулсан талаарх лавлагаа,

-Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадын 1991-1992 онуудын 70-р дансны хуулбарууд,

-Н.Сандагдоржийн ажиллаж байхдаа шагнагдсан гэх 1983 оны Сайшаалын үнэмлэх, 1985 оны Баярын бичиг, Талархал, 1984 оны Диплом, 1988 оны Баярын бичиг,

-Гэрч Д.Түвшингийн “би Н.Сандагдоржийг 1978 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад сувай үхэрчнээр анх ажилд орж байхаас нь эхлэн 1981 онд цэрэгт яваад 1983 онд цэргээс ирж мөн нэгдэлдээ 1993 оныг дуустал үхэрчнээр ажиллаж байсныг мэднэ. 1992 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл тарсан ба Давшилт компани болсон. Давшилт компанид Н.Сандагдорж мөн үхэрчнээр ажиллаж байсан. Би 1971 оноос Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад анх ажилд ороод зоо техникч, хэсгийн ахлагч, бригадын дарга зэрэг ажлыг 1981 он хүртэл хийсэн. 1981-1985 оны хооронд Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад бригадын дарга, зоо техникч хийсэн. 1985-1994 он хүртэл Банкны салбарын эрхлэгч, тооцооны төвийн эрхлэгчээр ажилласан. Бид нар Ховд аймгийн Мянгад суманд хамт амьдарч, ажиллаж байсан. Тухайн үед нэгдлийн цалинг миний ажиллаж байсан банкаар дамжуулж авдаг байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Б.Мөнхөөгийн “Н.Сандагдорж нь 1978 онд Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн Давшилт нэгдэлд илгээлтээр мал маллаж байгаад 1994 онд нэгдэл тарах хүртэл үхэрчнээр ажилласан. Би мөн нэгдэлд мал маллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Н.Сандагдорж нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сар хүртэл, 1983 оны 07 дугаар сараас 1992 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагч Н.Сандагдорж нь 1993 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХХК-д үхэрчнээр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул дээрх хугацааны ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Хэрэгт хүсэлт гаргагч Н.Сандагдорж нь 1981 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нээлгэсэн гэх хөдөлмөрийн дэвтрийг хавсаргасан байх бөгөөд тус дэвтэрт бичигдсэн “Н.Сандагдорж” гэх нэр засвартай, энэхүү дэвтэр нь хүсэлт гаргагч Н.Сандагдоржийн хөдөлмөрийн дэвтэр мөн эсэх нь эргэлзээтэй байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мөөнө овогт Навааны Сандагдоржийн 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сар хүртэл, 1983 оны 07 дугаар сараас 1992 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагч Н.Сандагдорж нь 1993 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХХК-д үхэрчнээр ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА