Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар   2022/ШЦТ/117

 

 

 

 

 

 

 

    2022         02          22                                       2022/ШЦТ/117

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, шүүгдэгч Б.Г-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С- овогт Б-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2110018550041 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль Орчин Ойн инженер мэргэжилтэй, Магнай трейд ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, С овогт Б-ийн Г,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г- нь 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Фермер хүнсний захын урд байрлах Шунхлай шатахуун түгээх газрын орчим иргэн Э.Б-ын гээгдүүлсэн байсан “Самсунг Эс20” загварын гар утсыг олж авч, улмаар бусдын эзэмшил, өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшиж бага бус хэмжээнээс дээш төгрөгийн буюу 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Г-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хүний эд зүйл олбол Цагдаагийн байгууллагад хүргэж өгдөг гэдгийг сайн ухаарлаа, хүүхдүүддээ ч энэ талаар сайн захиж хэлж байгаа, тухайн утсыг ломбардад тавьж мөнгийг нь хувийн хэрэгцээнд зарцуулсан байсан, Цагдаагийн байгууллагаас ярихад нь ломбардаас аваад хохирогчид хүлээлгэж өгсөн...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Э.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би таксигаар Зайсан хилл хүргүүлэх зорилгоор төв зам дагуу явсаар “Шунхлай” шатахуун түгээх газрын хажууд такси барихаар явж байхад машин зогсож байсан тул тэр хавьд утсаа хаясан байх боломжтой. ...Би алдсан утсаа бүрэн хүлээж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” / хавтас хэргийн 12 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Э.Хишигбуян мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хүү Түвшинбаяр аавынхаа ажилд хамт яваад буцаж ирэхдээ гар утас олоод гэртээ авчирсан...” /хавтас хэргийн 18 дахь тал/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч Г.Түвшинбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би гар утсыг орой болсон байхад замын хажуу талын ногоон байгууламж дээрээс олсон. ...Би унтраалгүй байж байгаад маргааш нь гэр рүүгээ аваад явсан...” /хавтас хэргийн 20 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр хүү Түвшинбаярыг харах хүн байхгүй байсан тул би ажил руугаа дагуулан явсан. ...Ажлаа хийж байхад хүү Түвшинбаяр гар утас олсон гэхээр нь би гадаа хүйтэн байна, дотор ороод унтаж бай гэсэн. ...Маргааш нь гэр рүүгээ явж байхад олсон гэх гар утсаа надад үзүүлсэн, ...хүүгийн чөлөөт бөхийн дугуйлангийн төлбөрийг төлөх хэрэгтэй байсан тул олсон гэх гар утсыг ломбардад 80,000 төгрөгийн барьцаанд тавьсан....” / хавтас хэргийн 59 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд

 

- Өргөдөл / хавтас хэргийн 5 дахь тал/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хавтас хэргийн 23 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 27 дахь тал/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 50-51 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Г-ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 43 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтас хэргийн 44 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтас хэргийн 62 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Шүүгдэгч Б.Г- нь 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фермер” хүнсний захын урд байрлах “Шунхлай” шатахуун түгээх газрын орчим иргэн Э.Б-ын гээгдүүлсэн байсан “Самсунг Эс20” загварын гар утсыг олж авч, улмаар бусдын эзэмшил, өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшиж бага бус хэмжээнээс дээш төгрөгийн буюу 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Б-ын “...Би таксигаар Зайсан хилл хүргүүлэх зорилгоор төв зам дагуу явсаар “Шунхлай” шатахуун түгээх газрын хажуугаас таксинд суухаар явж байхад нэг машин зогсож байсан тул тэр хавьд утсаа хаясан байх боломжтой. ...Би алдсан утсаа бүрэн хүлээж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” /хавтас хэргийн 12 дахь тал/ гэсэн, гэрч Э.Хишигбуянгийн “...Манай хүү Түвшинбаяр аавынхаа ажилд хамт яваад буцаж ирэхдээ гар утас олоод гэртээ авчирсан...” /хавтас хэргийн 18 дахь тал/ гэсэн, насанд хүрээгүй гэрч Г.Түвшинбаярын “...Би гар утсыг орой болсон байхад замын хажуу талын ногоон байгууламж дээрээс олсон. ...Би унтраалгүй байж байгаад маргааш нь гэр рүүгээ аваад явсан...” /хавтас хэргийн 20 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Б.Г-ийн “...Ажлаа хийж байхад хүү Түвшинбаяр гар утас олсон гэхээр нь би гадаа хүйтэн байна дотор ороод унтаж бай гэсэн. ...Маргааш нь гэр рүүгээ явж байхад олсон гэх гар утсаа надад үзүүлсэн, ...хүүгийн чөлөөт бөхийн дугуйлангийн төлбөрийг төлөх хэрэгтэй байсан тул олсон гэх гар утсыг ломбардад 80,000 төгрөгийн барьцаанд тавьсан....” /хавтас хэргийн 59 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хавтас хэргийн 23 дахь тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 27 дахь тал/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 50-51 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйлсийг гээгдэл эд хөрөнгө гэх ба өмчлөгчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж ашиглах нь гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч Б.Г- нь хохирогч Э.Б-ын гээгдүүлсэн гар утсыг олсон боловч өмчлөгчид нь эсхүл Цагдаагийн байгууллагад өгөлгүйгээр дур мэдэн захиран зарцуулж, барьцаанд тавьж, өөрийн хэрэгцээнд ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутай тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Г-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Б.Г- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Б.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй байдал нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч Б.Г- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-ын эд хөрөнгөд 1,300,000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эд хөрөнгийг биед байдлаар буцаан өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2110018550041 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С- овогт Б-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Г-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Г-эд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2110018550041 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР